Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 228

 

 

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 дугаар

сарын 15-ны өдөр                             Дугаар  228                                          Баруун-Урт 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Жаргалант гол 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, /РД:ЛА87022614, утасны дугаар 99158302/ Умбаа овогт Энхбатын Энхсайханы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 60-н айлын орон сууцны 4-41 тоотод оршин суух, /РД:ЛЮ53021274, утасны дугаар 99519480/ Амбагай овогт Гомбын Сүхээд холбогдох 

 

“Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000399724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Энхсайхан, хариуцагч Г.Сүхээ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Энхсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Green town” хотхоны Б блокын 2-23 тоот 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ 000399724 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хамт гаргуулж авсан нь банкнаас орон сууцны зээл хөөцөлдөхөд зөрчил үүсгэж байгаа учир 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Сүхээтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, тус орон сууцыг миний нэр дээр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000399724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Г.Сүхээ нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн “Green town” хотхоны Б блок 2-23 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээг Э.Энхсайхантай 2016 оны 05-р сарын 02-ны өдөр байгуулсан юм. Мөн гэрээ байгуулсан өдрөө 000399724 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан нь нэхэмжлэгчээс банкны зээл хөөцөлдөхөд зөрчил үүсгэж байгаа нь үнэн болно. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг орон сууцны төлбөрөө төлөхөөс өмнө урьдчилан гаргуулсан нь алдаа болж байна. Иймд уг байрны талаар хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000399724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгч Э.Энхсайхан бид хоёр харилцан тохиролцож шийдсэн болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Энхсайхан нь хариуцагч Г.Сүхээд холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000399724 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг орон сууцны төлбөрөө төлөхөөс өмнө урьдчилан гаргуулсан нь нотлогдож байх бөгөөд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн “Green town” хотхоны Б блок 2-23 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000399724 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар хоорондоо харилцан тохиролцсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй, хариуцагч Г.Сүхээ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр төлөх хэлбэрийг “банкны зээлээр” гэж тусгасан бөгөөд гэрээ нь талуудын аль алиных нь хүсэл зоргийн илэрхийлэл байдаг тул худалдан авагч Э.Энхсайхан нь орон сууцыг банкны зээлээр худалдан авах хүсэлтэй, худалдагч Г.Сүхээ нь тухайн төлбөрийн хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч талууд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж худалдан авагчийн Э.Энхсайханы нэр дээр шилжүүлсэн боловч гэрээний гол нөхцөл болох гэрээгээр тохирсон үнэ төлөгдөөгүй, зээл авахаар банкинд хандсан боловч банкнаас эрхийн шилжүүлэлт хийгдсэн буюу гэрээний үүргийн биелэлт хангагдсан тул зээл олгох боломжгүй гэсэн нь талуудын өгсөн нэхэмжлэл болон тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулан эрхийн бүртгэлийг шилжүүлсэн нь талуудын хүссэн банкны зээлд хамрагдах боломжийг хааж байгааг талуудын хэн аль нь мэдээгүй тул талуудын төсөөлөл буруу байсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сүхээгээс 375 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхсайханд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар Гомбын Сүхээ, Энхбатын Энхсайхан нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Green town” хотхоны Б блок 2-23 тоотод байрлалтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.Сүхээгийн нэр дээр шилжүүлж, нэхэмжлэгч Э.Энхсайханы нэр дээрх өмчлөх эрхийн 000399724  дугаартай гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Сүхээгээс 375 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ