| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0360/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/28 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Хохирогч З.Э.Г-,
Гэрч Д.Оюунтуяа,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-,
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр - аймгийн - сумын төвд иргэн З.Э.Г-ийг зүүн нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр - аймгийн - сумын төвд согтуурсан үедээ иргэн З.Э.Г-ийг зүүн нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би он сараа сайн санахгүй байна. Хөдөө Дэвүүр гэх газар айлд байж байгаад сумын төв рүү мотоциклиор ирсэн юм. Тэгээд хөдөө гарах гээд явж байхад найз Даваадорж таараад бид хоёр 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад хөдөө явахдаа болиод буцаад ахындаа очиж унтах гээд явж байхад сумын төвийн Батсүх ахын дэлгүүрийн үүдэн дээр манай хүргэн Түмэнбаяр, Ганбаа ах, Зоригоо ах гурав байж байгаад Зоригоо ах дуудахаар нь би буцаад очиход Зоригоо ах шилтэй Соёрхол нэртэй архи шилээр нь өгөөд “уу” гээд өгөхөөр нь “би уухгүй” гээд буцааж өгсөн. Тэгээд байж байтал Зоригоо ах намайг гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авахаар нь чимээгүй байж байсан чинь Зоригоо ах дахиад намайг энгэр дээрээс заамдаж аваад хашааны модон хайс руу 2-3 толгойгоороо мөргүүлэхээр нь би уур хүрээд Зоригоо ахыг тонгойж байхад нь нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Тэр үед Зоригоо ах газарт унаад үлдсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 51 дүгээр хуудас/,
Хохирогч З.Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...тухайн үед бид гурав миний авч явж байсан Соёрхол архийг хувааж уугаад сууж байтал танил Н.Б- мотоцикльтой согтуу бидний хажуугаар явж байхад би даллаж түүнийг дуудсан. Н.Б- бид нар дээр ирэхэд оройн 20 цаг болж байсан. Н.Б-, Түмэнбаяр, Ганболд бид дөрөв миний авчирсан 0.5 граммын Соёрхол архийг тойруулж сууж байсан чинь Н.Б- хүргэн Түмэнбаяртай маргалдаж байсан ба би тэр хоёрын дундуур ороод Н.Б-ийг “ахын дүү боль” гэж хэлтэл миний муу хадаастай зүүн гарнаас татаж унагаагаад миний нүд рүү болон толгой руу орос бакалаараа 3-4 удаа өшиглөсөн. Би тухайн үед нүдээ дараад унасан. Унахад миний нүднээс цус гарч байсан. Тэр үед Н.Б-, Ганболд хоёр яваад өгсөн байсан. Тэгээд манай хүү Сүх-Эрдэнэ мотоцикпьтой хүн зогсоогоод ээж дээрээ очоод намайг хэлсэн байсан. Удалгүй манай эхнэр Оюунтуяа над дээр гүйгээд иртэл миний нүднээс цус гараад гарын алган дээр нүдний цөгцгий асгарсан байсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 дугаар хуудас/,
Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Тухайн өдөр манай хүү болох Э.Г- сумынхаа таньдаг хүмүүстэйгээ хамт архи уусан юм шиг байгаа юм. Би тухайн үедээ гэртээ байсан юм. Орой эхнэр нь утсаар залгаад “манай нөхөр хүнд нүдүүлсэн байна” гэж анх сонссон. Галт сумаас хот явж байгаа фургон машинаар эхнэртэйгээ хамт явсан. Хотод очоод эмч нарт үзүүлсэн чинь “нүднийх нь шингэн байхгүй болсон байна, яаралтай хагалгаанд оруулна” гээд хотод очсоныхоо маргааш нь нүдэндээ хагалгаанд орж оронд нь шаариг гэсэн байх нэг оруулдаг юм суулгасан гэсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Д.О-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 13-ын өдөр намайг колонк дээрээ ээлжиндээ гарч ажилтай байхад 18 цаг 30 минутын үед манай нөхөр Э.Г- ажлаасаа тарж ирлээ гэж ирээд 4 настай хүү Сүх-Эрдэнийг аваад явсан. Түүнээс хойш болох үед ажил дээрээ байж байхад 2-р багийн Засаг дарга Ганболдын хүү бас нэг хүү хоёр манай хүү Сүх-Эрдэнийг мотоцикльтой дундаа хийчихсэн авчирч өгөөд “танай нөхрийг хүн зодож байхад нь салгачихаад ирлээ. Танай хүний нүд нь аймар болсон байна” гэж хэлсэн. …Манай нөхөр нүдэээ дараад ёолоод сууж байсан тэгэхээр нь би “яасан бэ”. гээд гарыг нь аваад харахад алган дээр нь уйланхайтай хальстай юм гараад ирсэн. Мөн тэр нүдний доод хэсэг рүү цус нэлээд гарсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…манай сумын Зоригоо гээд залуу согтуу ирээд “ганц юм байна, хувааж уух уу” гэхээр нь би “үгүй” гээд байж байхад манай хадам дүү болох Хуягаа ирээд удалгүй Зоригоо Хуягаа хоёр маргалдаад Зоригоо нь толгойгоор нь сараалжин хашаа мөргүүлээд байсан. Тэгээд нөгөө хоёрыг салгах гээд очиход Зоригоо газарт уначихсан байсан. Тэгэхээр нь би “Зоригоо яасан бэ, зүгээр үү” гээд суган доогуур нь гараа хийгээд татаж босгох гэтэл зүүн нүднээс нь цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 2 цагийн үед намайг гэртээ байхад Э.Г-ийнд аваачиж үзлэг хийлгэсэн юм. Тэр үед Э.Г- нэлээд согтуу байсан ба биеийг нь үзэхэд зүүн нүднээс нь цус гарч байсан. Тэгээд өөрөө согтуу байсан болохоор гараараа дараад сайн харуулахгүй байсан. Би хамгийн анх цагдаа ханд тэгээд би үзэе гэдгээ хэлж байсан” гэх мэдүүлэх /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11198 дугаартай: “1. З.Э.Г-ийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, агуулагдахууны гадагшлалт гэмтэл, зүүн нүдний алим мэс заслаар авагдалт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмжээг тогтоох хүснэгтийн 7-31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,З.Э.Г-ийн өвчний түүх, эмчлүүлэгчийн анамнез, мэс заслын тэмдэглэлийн хуулбар 34-40 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018.11.15, 2019.01.09-ний өдрийн өдрийн 217, 06 дугаартай “ам бүл 1, өөрийн гэсэн гэр оронгүй, харж хандах ах дүүгүй иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, иргэний үнмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Эрүүгийн 1838006420381 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтуурсан үедээ хохирогч З.Э.Г-ийн зүүн нүд рүү өшиглөсний улмаас зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, агуулагдахууны гадагшлалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч З.Э.Г-, гэрч Д.О-а, Л.Т- нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна.
Шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоос 1.300.000 төгрөг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд хохирогч З.Э.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт 20.390.152 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч эмчилгээний зардал, эмийн үнэ 80.000, 68160,10.800, 431.760, 68.158, 1.500,4.650, 12.600, 400, 7.000, 1.150, 1.500. 800, 6.500, 3,900, 1.650, 3.800, 10.325, 15.400, 1.500, 800, 6.500, 6.000, 6.450, 30.500, бүгд 783.273 төгрөг/хх-ийн 68-р тал/, замын зардал 435.000 төгрөг/хх-ийн 99 дүгээр хуудас/, ор, хоног, шилэн нүд хийлгэсэн үнэ зарлагын баримтаар 270.000 төгрөг, 150.000 төгрөг, 80.000 төгрөг, тийз, эмийн үнэ 44.000 төгрөг, 44.000 төгрөг, 61.910 төгрөг /хх-ийн 101-102-р тал/ бүгд 1.806.273 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгчийн хохирогчид төлсөн 1.300.000 төгрөгийг хасаж тооцон 506.273 төгрөгийг шүүгдэгч Н.Б-аас гаргуулж, хохирогч З.Э.Г-т олгох нь зүйтэй.
Хохирогчийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, тээврийн хөлс, /хх-ийн 61-67-р тал/ малчны зээл, орон сууцны хөлсөлсөн зардал /хх-ийн 69,100-р тал/ нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна.
Харин хохирогч З.Э.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал, 18.583.879 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн - дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-аас 506.273 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-т олгож, хохирогч Э.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал, 18.583.879 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838006420381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР