Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 38

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С.Д-т холбогдох эрүүгийн 1 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 19 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 1-2 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдож байсан, бие эрүүл гэх, ЖМ9 регистрийн дугаартай, З овогт С.Д.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний хооронд Дорнод аймагт иргэн Ц.Оюунжаргалд мал зарна гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10 удаагийн үйлдлээр нийт 3270000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ц.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Арын гашуун” гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллан мөн хажуугаар нь мал худалдан авч борлуулдаг юм. Манай төрсөн дүү Ц.Мөнхжаргал нь 2018 оны 08 дугаар сарын эхээр Д гэх хүүхэнтэй үерхэж байгаа гээд манайхаар ирсэн түүнээс хойш манайхаар Д нь манай дүүгийн хамтаар хааяа ирэх болсон. Мөн манайд өөрийнхөө 2 настай охинтойгоо ирээд манай аав, ээжийг, аав, ээжээ гээд дуудаад их дотно байсан. Д нь өөрийнхөө аавыг Чойбалсан суманд их малтай Сумъяа гэж хүн байгаа гэж хэлж байсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр та адуу авч байгаа юм бол манай аав олон тооны даага зармаар байна гэж байна. Би хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм, мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би манай бэр болж байгаа юм байна гэж бодоод нэг дааганы мөнгө буюу 270,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Мөнхжаргалын дансанд хийхэд дараа нь манай дүү Мөнхжаргал, Д-т нэг дааганы мөнгийг өгсөн гэж хэлсэн. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танихгүй дугаараас Д над руу залгаад хүүхдийн цэцэрлэгийн юм дутчихлаа та дахиад нэг дааганы мөнгө өгөөч гэхээр нь за гээд дансны дугаараа явуулчих гэхэд 5012064078 тоот ХААН банкны Ариунтунгалаг гэх хүний дансны дугаар явуулахаар нь тухайн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа дахин 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д над руу залгаад манай эгчийн хүүхдийн сургалтын төлбөр нь дутаад байна, та нэг дааганы мөнгө явуулаач гэхээр нь за дансаа явуул гэхэд 5012064078 тоот дансны дугаар явуулахаар нь тухайн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Д манай аав хуриманд явах гэсэн чинь мөнгө хэрэгтэй болчихлоо та надад дахин нэг дааганы мөнгө явуулаач гэхээр нь “за дансаа явуул” гэхэд 5418056851 тоот дугаарын данс явуулахаар нь тухайн данс руу нь шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д над руу залгаж мөн дахин нэг дааганы мөнгө болох 300,000 төгрөгийг 5418101001 тоот дансаар авсан. Тухайн үедээ би чи хоёр хоногийн өмнө 5 даага авчирна гэсэн яасан бэ? гэхэд аав хуримнаас ирээгүй байна ирэхээр нь аавын машин, ахын машин хоёртай машинтай даагануудаа аваад очно гэсэн. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр над руу залган аав маань хөдөө 2 азарга адуугаа алдчихлаа хайгаад олохгүй байна гэнээ, түлш, бензиний мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд надаас та дахин 1 дааганы мөнгө явуулаач гэхээр нь би өмнө өгсөн дааганы мөнгөнүүдээ аваагүй байхад яагаад худал яриад байгаа юм бэ? гэхэд манай аав алдсан адуугаа олчихоод шууд аваад очно гэсэн гэхээр нь би 1 нэг дааганы мөнгө болох 300,000 төгрөгийг 5411047027 тоот данс руу шилжүүлсэн. Улмаар эхнэрийн хамтаар Хэрлэн сумын 7 дугаар баг 39-41 тоотод байх аавындаа очиход Д манай аавынд ирчихсэн манай аав, ээж хоёртой юм яриад сууж байсан. Тэгээд надаас мөнгө гуйгаад байхаар би бэлэн байсан 150,000 төгрөг өгөөд үлдсэн 150,000 төгрөгийг Дын аавынх нь гэх 5421099084 тоот дансанд шилжүүлсэн. Улмаар Д мөнгө аваад гэрээс гараад явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орчим Д руу залгаад нөгөө найман даагаа авах гэсэн юм гэхэд манай аавын машин нь эвдэрсэн байна, янзалчихаад аваад очно гэсэн. ...тэгээд би өөрийн төрсөн дүү Мөнхжаргалаас Д-ын аавынх дугаарыг олж өг гэхэд Сумъяа гэх хүн байдаг, 88503979 дугаартай утас барьдаг гэж олж өгөхөөр нь тухайн дугаар руу нь залгаж 8 даага, 2 үрээгээ авах гэсэн талаар ярихад Д-ын аав нь би хүнээс мөнгө аваагүй наад асуудлын талаар чинь мэдэхгүй гэхээр нь танай охин чинь авсан гэхэд наад луйварчиндаа яах гэж мөнгө өгсөн юм бэ? гэхээр нь би луйвардуулсан юм байна гэж мэдсэн. Д нь надаас 8 дааганы мөнгө болох 2,370,000, хоёр үрээний мөнгө 900,000 төгрөг нийт 3,270,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Ц.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д манай нөхрөөс даага өгнө гэж олон удаагийн давтамжтайгаар  мөнгө авсан. Даагаа авъя гэхээр олон шалтаг хэлдэг байсан. Адуу мал нь алга болсон, машин эвдэрсэн, аав байхгүй байна гэх зэргээр худлаа хэлдэг байсан. Сүүлд гэрт нь очиход аав нь гээд нэг настай хүн байхаар нь би болсон явдлыг хэлэхэд Д-ын аав нь “Д адуу мал зарна гэж та нааас мөнгө авсныг мэдээгүй. Надад адуу мал зарж байна гэж хэлээгүй. Та нараас авсан мөнгийг нь өгч чадахгүй, өгдөг газарт нь өгөөд шалгуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Э.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд Д миний утас руу залгаад ороод ир гээд байхаар нь би гэрт нь ороход Д гэртээ 2 хүүхдийн хамтаар байсан. Д нь надад банкны карт байхгүй байна. Таны данс руу мөнгө хийлгээд авъя гээд дансаа өгчих гэхээр нь би дансаа өгөхөд миний дансанд 150,000 төгрөг орсон. Д нь газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг хүнээс мөнгө авч байгаа юм гар утсаа ломбарданд тавьсан утасны маань хугацаа дууссан байгаа тул гар утсаа авах гэж байгаа юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

-Хохирогч Ц.Оюунжаргалын мэдүүлэг /хх-ийн 15-16/

-Гэрч Ц.Наранжаргалын мэдүүлэг /хх-ийн 19/

-Гэрч Э.Хулангийн мэдүүлэг /хх-ийн 25/

-Хаан банкны дансны хуулга /хх-ийн 23-38, 48/

-Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 76-77/

-Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 81/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний хооронд хохирогч Ц.Оюунжаргалд “мал зарна” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10 удаагийн үйлдлээр нийт 3270000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би тухайн үед өөрийн малаа зарна гэж хэлсэн, Чойбалсан суманд надад мал байхгүй. Би Оюунжаргал гэх хүнээс даага, үрээ авч өгнө гэж 10 удаагийн үйлдлээр нийт 3270000 төгрөг авсан...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66/, хохирогч Ц.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь өөрийнхөө аавыг Чойбалсан суманд их малтай Сумъяа гэж хүн байгаа гэж хэлж байсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр та адуу авч байгаа юм бол манай аав олон тооны даага зармаар байна гэж байна. Би хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би манай бэр болж байгаа юм байна гэж бодоод нэг дааганы мөнгө буюу 270,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Мөнхжаргалын дансанд хийхэд дараа нь манай дүү Мөнхжаргал, Д-т нэг дааганы мөнгийг өгсөн гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танихгүй дугаараас Д нь над руу залгаад хүүхдийн цэцэрлэгийн юм дутчихлаа та дахиад нэг дааганы мөнгө өгөөч гэхээр нь за гээд дансны дугаараа явуулчих гэхэд 5012064078 тоот ХААН банкны Ариунтунгалаг гэх хүний дансны дугаар явуулахаар нь тухайн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа дахин 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...5012064078 тоот дансны дугаар явуулахаар нь тухайн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Д манай аав хуриманд явах гэсэн чинь мөнгө хэрэгтэй болчихлоо та надад дахин нэг дааганы мөнгө явуулаач гэхээр нь “за дансаа явуул” гэхэд 5418056851 тоот угаарын данс явуулахаар нь тухайн данс руу нь шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д над руу залгаж мөн дахин нэг дааганы мөнгө болох 300,000 төгрөгийг 5418101001 тоот дансаар авсан. ... Мөн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ...300,000 төгрөгийг 5411047027 тоот данс руу шилжүүлсэн. Улмаар эхнэрийн хамтаар Хэрлэн сумын 7 дугаар баг 39-41 тоотод байх аавындаа очиход Д манай аавынд ирчихсэн манай аав, ээж хоёртой юм яриад сууж байсан. Тэгээд надаас мөнгө гуйгаад байхаар би бэлэн байсан 150,000 төгрөг өгөөд үлдсэн 150,000 төгрөгийг Д-ын аавынх нь гэх 5421099084 тоот дансанд шилжүүлсэн. Улмаар Долгол мөнгө аваад гэрээс гараад явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орчим Д руу залгаад нөгөө найман даагаа авах гэсэн юм мал хэрэгтэй байна гэхэд манай аавын машин нь эвдэрсэн байна янзалчихаад аваад очно гэж хэлдэг. ... Д нь надаас 8 дааганы мөнгө болох 2,370,000, хоёр үрээний мөнгө 900,000 төгрөг нийт 3,270,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Ц.Наранжаргал /хх-ийн 19/, гэрч Э.Хулан /хх-ийн 25/ нарын мэдүүлэг болон  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Д-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ц.Оюунжаргал нь шүүгдэгч С.Д-оос 8 даага, 2 үрээний үнэ 3270000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба энэ мөнгийг шүүгдэгч нь авсан болохоо хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байх тул шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулан хохирогч Ц.Оюунжаргалд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Улсын бүртгэлийн Г-0611 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг Хэрлэн гудамжинд байрлах 5000 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт ногдох хувийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний мэдээллийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч З овогт С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг 1/нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй,  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг шүүгдэгчид мэдэгдэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч С.Д-ыг зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Д-оос 3270000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунжаргалд олгосугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Улсын бүртгэлийн Г-061 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг Хэрлэн гудамжинд байрлах 5000 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт ногдох хувийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний мэдээллийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЭНХБААТАР