Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01175

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01175

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01751 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ТӨХК-д холбогдох,

2,476,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 1989 оны 7 дугаар сард Бад ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт хэвийн нөхцөлөөр гарахад эрчим хүчний салбарт ажилласан 32.3 жилийн үндсэн цалингийн дунджаар тооцоод 24,768,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон. Гэхдээ тэтгэмжийг шилжүүлэхдээ тэтгэмжийн үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн. Энэ талаар тодруулахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж заасан байна.

Иймд үндэслэлгүйгээр суутгаж авсан 2,476,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А-т олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж 24,768,000 төгрөгөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2-т ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасны дагуу 10 хувийн татвар тооцон суутгасан тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна.

Байгууллагын хамтын гэрээний дагуу олгож буй 24,768,000 төгрөг нь хуульд тусгайлан заасан тэтгэмж биш учраас хувь хүний орлогын албан татвар суутгасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХК-д холбогдох 2,476,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Б ТӨХК нь хамтын гэрээний дагуу олгосон нэг удаагийн тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан зааснаар олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлнө. гэж заасан татвар авахыг хуулиар хориглосон орлого байтал татвар авсан нь хууль зөрчсөн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад хууль зөрчин татвар авч миний эрхийг зөрчсөн тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тоолох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь татвараас чөлөөлөгдөх орлогоос суутгасан 2,476,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хамтын гэрээнд зааснаар эрчим хүчний салбарт ажилласан жилийн тэтгэмж 24,768,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дээрх тэтгэмжийг олгохдоо 2,476,800 төгрөг суутгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөдөлмөрийн харилцааны нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүй гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгожээ.

Ийнхүү тэтгэмж олгохдоо 2,476,800 төгрөг суутгасан хариуцагчийн үйлдэлд нэхэмжлэгч маргаж буй нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

А- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамтын гэрээний дагуу олгож буй тэтгэмжийг хүлээн авсан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах гурван сарын хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 гэснийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ