Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1349

 

    “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400 000 ам.долларыг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-иас гэрээний торгууль 20 000 ам.доллар буюу 40 401 200 төгрөг гаргуулахыг хүссэн “ХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тайлбарт:

Арабын нэгдсэн Эмират Улсын "Х" ХХК нь Оросын Холбооны Улсын хөрөнгө оруулалттай "ХХХ" ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс битум худалдан авах гэрээ байгуулахаар санал солилцож байсан. Энэ үедээ нэхэмжлэгч талаас алдаатай гүйлгээ хийсний улмаас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 400 000 ам.долларыг хариуцагчийн Худалдаа Хөгжлийн Банк дахь 409033778 тоот данс руу шилжүүлсэн. Алдаатай гүйлгээ хийснийг мэдсэн даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр банкинд мэдэгдсэн боловч гүйлгээ хийгдэж, банкны мэдлээс гарсан байсан. Бид энэ хариуг авсан даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Вюзанинтай цахим шуудангаар холбогдож, талуудын хооронд хэлэлцэж байсан гэрээ байгуулагдаагүй, манай компани алдаатай гүйлгээний улмаас танай компанийн дансанд 400 000 ам.долларыг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн тухай хүсэлтийг явуулсан. Гэвч хариуцагч талаас буцаан шилжүүлээгүй, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин мэдэгдсэн боловч мөн буцааж шилжүүлээгүй. Иймд бидний хариуцагчийн данс руу андуурч шилжүүлсэн 400 000 ам долларыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК-ийн тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зевшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь бид андуурч шилжүүлсэн тул буцаан өгнө үү, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулж өгнө үү гэсэн байна. Андуурал явагдсан байх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал битумийг худалдан авахаар, хариуцагч тал битумийг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан. Гэрээг Москва хотод Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай, толгой компани болох "ХХХХ" ХХК-ийн захирал болон Арабын нэгдсэн Эмират улсын тухайн үеийн захирал компанийн тамгыг авч явж байсан Бернд Шмидт нар байгуулсан.

Хэлцлийн дагуу ямар банкинд мөнгийг шилжүүлэх тухай харилцан утсаар болон захидлаар ярилцаж байсан бөгөөд "ХХХХ" ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани болох "ХХХ" ХХК"-ийн данс руу шилжүүлэхээр болж, гэрээний дагуу төлбөрийг хүлээн авах дансыг өгсөн. Хэрвээ андуурал байсан бол дансны дугаарыг мэдэх боломжгүй. Мөн гэрээнд заагдсан үнийн дүнгийн хэмжээний мөнгө байдаг нь андуураагүй гэдгийн баталгаа юм. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө шилжиж орж ирсэн өдөр нь Оросын холбооны улсын Ангарск хотоос битумийг зохих тээврийн хэрэгсэлд ачиж Монгол Улс руу илгээсэн.

2014 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр Оросын холбооны улсын гаалиар нэвтэрч, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсад ирсэн. Барааг хэн буулгах, хүлээн авах, хэн худалдах авах асуудал яригдсан. Хэрэгт үүнийг нотлох хариуцагч талаас гаргаж өгсөн талуудын хооронд байгуулагдсан Орос, Англи хэл дээрх гэрээ, Монгол хэлээр орчуулсан баримт, тээврийн дагалдах хэрэгсэл зэрэг баримтууд байгаа.   

Гаалиар бараа нэвтрээд орж байх үед нэхэмжлэгч талаас Бернд Шмидт болон санхүүгийн ажилчид нь хариуцагч талын Москвад байрлах компани руу захидал бичсэн. Монгол Улсад зам барих зорилгоор барааг худалдаж авах гэж байсан Монгол Улсын компани болилоо гэж байна, тэгэхээр бид битумыг худалдан авах боломжгүй боллоо, мөнгөө буцаан шилжүүлнэ үү гэж  утсаар хэлсэн. Гэхдээ компанийн тамга тэмдэгтэй мэдэгдэл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр анх удаа очсон. Эхлээд утсаар мэдэгдсэн үе нь ч хэтэрхий хоцорсон асуудал байсан учраас нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу 10 хувиар тооцож уг 400 000 ам.долларыг торгуулийн төлбөрт авч, мөнгийг буцааж өгөхгүй гэдгээ хариуцагч компани илэрхийлсээр ирсэн.

Гэрээний нийт үнийн дүн 4 000 000 ам.долларын бэлтгэн нийлүүлэлт хийх гэрээ байдаг. Бид шилжиж ирсэн үнийн дүнд тохирох барааг илгээсэн боловч явуулсан барааг өөрсдөө аваагүй тул барааг яаралтай худалдах шаардлагатай болж, "ХХХХХХ" ХХК, “ХХХХХХ" ХХК-д борлуулсан. Хамгийн гол нь ачиж ирсэн автомашин нь битумийг тодорхой темпратурт барих зориулалт бүхий онцлогтой тээврийн хэрэгсэл байсан. Хэрэв цаг агаар хүйтэрвэл битум царцаж, машинаас салгах боломжгүй болж автомашинаа эвдэх эрсдэлтэй байсан учраас бид битумийг хэн авъя гэсэнд нь өгч аюулаас аврагдсан.

400 000 ам.доллар биш, 420 000 ам.долларын торгууль тооцох ёстой тул зөрүү 20 000 ам.долларыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээгээ баримтлавал уг маргаан нь Монгол Улсын иргэний хэргийн шүүхээр бус, Москва хотын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм. Мөн нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх дээр анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХд итгэмжлэл өгсөн хүнийг тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх дээр эргэлзэж байна.

Хэрэг үүсгэхээс өмнө ХХХХд олгосон итгэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийг өөр шүүгч хүлээн авахаас татгалзаж байсан. Ганцхан сарын дотор итгэмжлэл олгох эрх бүхий этгээд яагаад солигдсон нь эргэлзээтэй. Хэрэгт үүнтэй холбоотой шүүгчийн захирамж бий. Харин дараа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгалгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт:

"ХХ" ХХК нь "Х" ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр "Бараа нийлүүлэлтийн гэрээ"-г байгуулсан. Гэрээний 1.1-д талууд уг гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн нөхцлийн дагуу худалдах, худалдан авах үүрэгтэй. Нийт нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тооцоолсон өртөг 20 000 000 доллар байна" гэж тохиролцсон. Гэрээний 1 тоот хавсралтаар автозамын зориулалттай 4000 тонн наалдамхай битумыг 2014 оны 9-10 capд тонн-ийг нь 1050 ам.доллараар худалдах, барааны нийт үнэ 4 200 000 ам.доллар байх, барааны төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон. Мөн хавсралтад тусгасан барааны үнийг хэсэгчлэн болон бүхлээр нь төлөөгүй тохиолдолд худалдагч хавсралтын 4.2-т заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль авах, хавсралтад заасан барааны төлөвлөсөн ачилтаас худалдан авагч татгалзах үед худалдан авагч худалдагчид хавсралтад заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр тус тус   тохиролцсон.

Гэрээний нийт дүн 4 200 000 ам.доллар байсан гэж үзэж, үүний 10 хувьтай тэнцэх торгууль 420 000 ам.доллар шилжүүлэх ёстой байсан тул манай компанийн дансанд шилжүүлсэн 400 000 ам.долларыг хасаад үлдэх 20 000 ам.доллар буюу 40 401 200 төгрөгийг "Х" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарт:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч талыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон нэхэмжлэгч тал хоёрын хооронд үүрэг үүсээгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа хэлцэл нь Иргэний хуулийн 39.1-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл, 56.1.8-т зааснаар эрх бүхий этгээдийн хийгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хэргийн 108-111 дүгээр талд Дубайн эдийн засгийн хөгжлийн хэлстийн тодорхойлолт байгаа ба нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Санжай Жейн нь 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа нь харагдаж байна. Ерөнхий захирал нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй цорын ганц этгээд байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасантай энэ нь нийцэж байгаа. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн асуудал байхгүй юм.

Харин манай компани битумыг авахаас татгалзсан учраас өөр компаниудад худалдсан гэж тайлбарлаж байгаа тухайд бид мөнгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өгч эхэлсэн. Гэтэл битум 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс ачигдаж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хилээр гараад 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авагч нар нь хүлээгээд авчихсан байдаг. Тэгэхээр 3 өдрийн дотор худалдсан нь бодит байдал дээр тохирохгүй байна. Ер нь бол хариуцагч хохирсон зүйл байхгүй бөгөөд 400 000 ам.долларыг жилээр тоологдох хугацаанд ашигласан. Иймд өгсөн зүйлээ буцааж авмаар байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч  “ХХ” ХХК-иас 400 000 ам.долларыг гаргуулж, “Х” ХХК-д олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн  65.1.1-д зааснаар “Х” ХХК-иас гэрээний торгууль 20 000 ам доллар буюу 40 401 200 төгрөг гаргуулах тухай “ХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 128 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХ” ХХК-иас 4 128 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар "ХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас гаргуулж буцаан олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд "шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17640 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

"ХХ" ХХК болон "Х" ХХК-ийг төлөөлж Бернд Шмидт нар Оросын Холбооны Улсын Москва хотод гэрээ байгуулсан нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 222/155-MN дугаартай "Бараа нийлүүлэлтийн гэрээ"-гээр нотлогдож байгаа.

Гэрээний 1.1. Талууд уг гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн нөхцлийн дагуу худалдах, худалдан авах үүрэгтэй. Нийт нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тооцоолсон өртөг 20 000 000 доллар байна" гэж тохиролцсон.

Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль 420 000 ам.доллар төлөх үүрэгтэй гэж манай тал үзэж байгаа бөгөөд шилжүүлсэн 400 000 ам.долларыг суутгаад үлдэгдэл 20 000 ам.долларыг "Х" ХХК нь гэрээний дагуу хариуцах ёстой.

Нэхэмжлэгч "Х" ХХК нь дээрх гэрээг байгуулаагүй гэж одоо маргаж байгаа бөгөөд хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 409033778 тоот дансанд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 400 000 ам.долларын гүйлгээгээ андуурагдаж хийгдсэн, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байх атлаа нэхэмжлэлд хавсаргасан мөнгөний гүйлгээний баримтад “222/155-MN тоот гэрээний дагуу шилжүүлэг хийж байна" гэж бичсэн байгааг үзвэл талууд гэрээг байгуулсан, түүний дагуу төлбөрийг шилжүүлсэн гэдэг нь давхар нотлогдож байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...авто замын наалдамхайг ачуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч данс андуурч шилжүүлсэн 400 000 ам.доллараа хариуцагчаас шаардах эрхтэй байна" гэж дүгнэсэн.

Хариуцагч тал 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр арван долоон машин нийт 386 200 тонн битүмыг ОХУ-ын Ангарск хотоос ачуулан илгээсэн болохоо нотолсон ачаа тээврийн дагалдах баримт бичгүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан тул өөр компаниудад борлуулсан болохоо мэдэгдэж байгаа билээ.

Мөн Бараа нийлүүлэлтийн гэрээний 7 дугаар зүйл буюу "Маргааныг зохицуулах журам" гэсэн заалтын 7.1-д "энэхүү гэрээ, үүнтэй холбогдон гарч байгаа бүх маргааныг гарах эсвэл гэрээтэй холбоотой аливаа маргааныг Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу Москва хотын Арбитрын шүүхээр авч хэлэлцэнэ" гэж заасан бөгөөд Монгол Улсын шүүхийн харъяаллын маргаан биш байх тул ИХШХШТХ-н 13.2 зүйлд заасан хуулийн заалт болон мөн хуулийн 65.1.1- зүйл, 117.1 зүйлүүдээр тус тус хэргийн харьяаллыг зохицуулсаныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй харьяаллын бус маргаан шийдвэрлэлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

 Нэхэмжлэгч “Х” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 400 000 ам.доллар буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ХХ” ХХК эс зөвшөөрч, гэрээний торгууль 20 000 ам.доллар буюу 40 401 200 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч "ХХ" ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсаныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй, шүүхийн зохигчдын ирүүлсэн нотлох баримт болоод хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “400 000 ам.долларын гүйлгээ алдаатай болсон, талуудын хооронд хэлэлцэж байсан гэрээ байгуулагдаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй учраас гэрээгээр үүрэг үүсээгүй” гэж тайлбарлажээ.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 409033778 дугаарын дансанд 400 000 ам долларын гүйлгээ хийсэн, тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч "ХХ" ХХК-д 400 000 ам.долларыг буцаан шилжүүлэхийг мэдэгдэж байсан нь банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

Тэрээр нэхэмжлэгч нь “400 000 ам долларыг буцаан шилжүүлэхийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шаардсан байхад хариуцагч "ХХ" ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Оросын Холбооны Улсын Иркутск хотоос ачуулсан нефтийн өтгөн наалдамхай буюу битумыг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд "ХХХХХХ" ТӨХК, "ХХХХХХ" ХХК, "ХХХХХХХХ" ХХК тус тус хүлээн авсан, хариуцагч гэрээний дагуу бараа нийлүүлээгүй, гэрээнээс учирсан хохиролгүй” гэж маргадаг боловч шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой харилцааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм. Учир нь зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн автозамын зориулалттай нефтийн өтгөн наалдамхай буюу битум 4 000 тонн, нэг тонн-ыг нь 1 050 ам доллараар  2014 оны 9-10 дугаар сарын хооронд нийлүүлэх гэрээ, түүнтэй холбогдон гарч байгаа бүх маргааныг Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу Улаанбаатар хотын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд гэрээгээр тохиролцсон байна.  

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой нэхэмжлэл бүхий уг хэргийг Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх маргаан гэж гомдол гаргасныг анхан шатны шүүх давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ гэж үзсэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн тогтоол хэрэгт авагдсан. Маргааны харъяаллын талаарх гомдлыг шүүх эцэслэн шийдсэн байх тул Давж заалдах шатны шүүх дахин хянах, шүүхээр тогтоосон асуудлаар дахин дүгнэлт өгөх боломжгүй юм.  

 

Шүүх 400 000 ам долларыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод                          хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.     

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн бараа нийлүүлэх гэрээний 2.6 дахь хэсэгт заасныг үндэслэн 420 000 ам доллар торгуульд төлөх ёстой гэж нэхэмжлэгчийн шилжүүлсэн 400 000 ам долларыг торгуульд суутган зөрүү 20 000 ам доллар гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг шүүх Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх маргаан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээний дагуу торгууль болон хохирол шаардах эрхтэй эсэх нь Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх маргаан учраас Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх эрхгүй болно.    

 

Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 400 000 ам долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр бус байдал, түүнтэй холбогдон үүсч болох гэрээний нэмэгдэл үүрэг, хохирол шаардах эрхэд нөлөөлөхгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч "ХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 128 750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ