Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00776

 

Булнайн-Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00116 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн  691 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Булнайн-Ар ХХК,

Хариуцагч : О.Мөнгөнсүх,

Хариуцагч : О.Оюунчимэг,

Үндсэн нэхэмжлэл : 14.700.000 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл:  7.310.200 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч О.Оюунчимэгийн төлөөлөгч Д.Оргилын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, хариуцагч О.Мөнгөнсүх, О.Оюунчимэгийн төлөөлөгч Д.Оргил, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 онд Евролайн ХХК-иас шилжүүлэн авч, холбоотой аливаа гэрээ хэлцэл, түүний эрх үүрэг, бусад үйл ажиллагаа зэргийг мөн адил шилжүүлэн авсан. Үүний дагуу нэг талаас иргэн О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нар, нөгөө талаас Евролайн ХХК хооронд байгуулсан 2015.9.25-ны өдрийн 09/01 дугаартай Обьект хамгаалах гэрээний эрх, үүргийг Булнайн-Ар ХХК К шилжүүлэн авч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оюунчимэгийн захиалгаар баригдаж буй 48 айлын орон сууцны барилгад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл үйлчлүүлэгч тал гэрээний үүргээ зөрчиж, харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлж, удаа дараа шаардлага тавьсны эцэст 2016.6.07-ны өдөр 16.800.000 төгрөгийг, 2016.6.25-ны өдөр 5.600.000 төгрөг, 2016.7.15-ны өдөр 5.600.000 төгрөг, 2016.8.01-ны өдөр 5.600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаар О.Мөнгөнсүх бичгээр баталгаа гарган өгснөөр талууд харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн боловч 2016.7.01-ээс эхлэн үйлчилгээгээ зогсоож хоёр тал ажил хүлээлцэн, төлбөр тооцоогоо нийлсэн. Тооцоо нийлсэн актад үйлчлүүлэгчийг төлөөлж О.Мөнгөнсүх гарын үсэг зурсан бөгөөд 2016.7.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14.700.000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон тул тус мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Булнайн-Ар ХХК /Евролайн ХХК/-тай 2015.9.25-ны өдрөөс эхлэн харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Булнайн-Ар ХХК нь гэрээний хугацаандаа захиалагч болох О.Мөнгөнсүх миний тодорхой хугацаагаар түрээслэн авсан барилгын туслах материалын тооцоог дутаах буюу барилгын хашаанаас алдаж хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь миний өөрийн гарган өгсөн баталгааг хүлээн авахгүйгээр өөрсдөө бичиг бэлдэж ирээд заавал гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй явахгүй гэх байдлаар харьцаж байгаад гарын үсэг зуруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх 27/

Хариуцагч О.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Булнайн-Ар ХХК-тай 2014.9.25-ны өдөр харуул хамгаалалтын үйлчилгээг авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, төмөр зам 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгыг хамгаалуулахаар харилцан тохиролцсон. Булнайн ар ХХК нь хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж барилгын талбайгаас эд зүйлс алдагдах зөрчил гарч байсан учир талууд тооцоо нийлсний дараа 2015.9.25-ны өдөр шинээр байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг шилжүүлэх хүсэлтэй байна. Булнайн-Ар ХХК нь гэрээт хамгаалалтын үйлчилгээний гол нөхцөл болох хамгаалж буй объектоос алга болсон эд зүйлсийг хариуцахгүй гэж маргаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнсүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014.9.25-нд эхлээд 2014.11.18 хүртэл үргэлжлээд өвлийн улирлын улмаас түр зогсолт хийсэн юм. Барилгын ажил 2015.5.15-нд дахин эхэлсэн бөгөөд мөн өдрөөс эхлэн Булнайн-Ар ХХК /Евролайн ХХК/ харуул хамгаалалтын ажлын үүргээ дахин гүйцэтгэж эхэлсэн юм. Барилгын ажлын талбайд Булнайн-Ар ХХК /Евролайн ХХК/ харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэж эхэлсний дараагаар иргэн миний бие Түвшинсайхан цамхаг ХХК-тай барилгын хэв хашмал, дагалдах материал түрээслэх гэрээ байгуулан барилгын хэв хашмал, дагалдах материал түрээсээр авч ашигласан. Хашаагаар хүрээлэгдсэн барилгын талбайд нэвтрүүлэн оруулж ирсэн барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн тоо ширхэгийн бүрэн байдлыг харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч үүрэг хүлээсэн. Гэтэл барилгын талбайгаас алдан дутааж надад хохирол учруулсан. Түвшинсайхан цамхаг ХХК надаас 7.310.200 төгрөгийн барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн нөхөн төлбөрийн дүнг шаардсаны дагуу хариуцагч Булнайн-Ар ХХК /Евролайн ХХК/-иас 7.310.200 төгрөгийн үнийн дүнг шаардаж байна. Гадна булан 2.4 метр 9 ширхэг нэгж үнэ 35 500 төгрөг, нийт үнэ 319.500 төгрөг, дотор булан /15x15/ 5 ширхэг нэгж үнэ 41.500 төгрөг, нийт үнэ 207.500 төгрөг, хомут 94 ширхэг нэгж үнэ 1.500 төгрөг, нийт үнэ 141.000 төгрөг, труба 6 метр 174 ширхэг нэгж үнэ 21.000 төгрөг, нийт үнэ 3.654.000 төгрөг, хэв /200x1200/ 2 ширхэг нэгж үнэ 36.500 төгрөг, нийт үнэ 73.000 төгрөг, хэв /300x1200/ 1 ширхэг 39.500 төгрөг, хэв /400x1200/ 60 ширхэг нэгж үнэ 43.000 төгрөг, нийт үнэ 2.580.000 төгрөг, хэв /450x1200/ 1 ширхэг 48.200 төгрөг, хэв /600x1200/ 5 ширхэг нэгж үнэ 49.500 төгрөг, нийт үнэ 247.500 төгрөг, нийт дүн 7.310.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ./хх41/

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн тоо ширхэгийн бүрэн байдлыг үйлчлэгч тал хариуцах үүрэгтэй талаар Иргэний хуулийн ямар зүйл заалт болон гэрээний аль хэсэгт заасныг хариуцагч тодорхой дурдаагүй байна. Харин талуудын хооронд байгуулсан объект хамгаалах гэрээний 3.1.11 дэх хэсэгт Инженер нярав болон гэрээт ажилчид нь ажлын цаг дуусахад объектын бараа материалыг тоо ширхэгээр харуулд бүрэн хүлээлгэн өгнө. Хэрэв хүлээлгэж өгөөгүй тохиолдолд дутсан, алдагдсан бараа материалыг хамгаалалтын алба хариуцахгүй болно гэж заасан бөгөөд хариуцагч О.Мөнгөнсүх нь сөрөг нэхэмжлэлдээ дурдсан барилгын хэв хашмал, дагалдах хэрэгсэл гэгчийг харуулын ажилтанд тоо ширхэг бүрээр нь хүлээлгэн өгөөгүй болно. Хэзээ, хэрхэн, хаанаас дутсан, хэнд мэдэгдсэн, ямар арга хэмжээ авсан талаарх нэг ч баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, сүүлд талууд ажлын талбай хүлээлцэх акт үйлдэн, ямар нэгэн дутагдалгүй, бүрэн бүтэн хүлээлцсэн тухай баталгаажуулсан бөгөөд мөн харуулын рапортонд энэ тухай тэмдэглэн О.Мөнгөнсүх өөрөө гарын үсэг зурсан нь хэргийн материалд авагдсан байдаг. Иймд О.Мөнгөнсүхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00116 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар О.Оюунчимэгээс 14.700.000 төгрөг гаргуулан Булнайн-Ар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас О.Мөнгөнсүхэд холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул Булнайн-Ар ХХК-иас 7.310.200 төгрөг гаргуулах тухай О.Мөнгөнсүхийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Булнайн-Ар ХХК-ийн төлсөн 231.450 төгрөг, О.Мөнгөнсүхийн төлсөн 131.913 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 550 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 20.800 төгрөгийг тус тус гаргуулан буцаан олгож, О.Оюунчимэгээс 231.450 төгрөг гаргуулан Булнайн-Ар ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн  691 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “359 дугаар зүйлийн 359.1” гэж, “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар” гэж, “нэхэмжлэлийг” гэснийг “нэхэмжлэлтэй хэргийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч О.Оюунчимэгийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны хуралдааны тэмдэглэлд гэрч асуух ажиллагааг заавал хийх ёстой эсэхийг хариуцагчаас асуугаагүй, энэ хүсэлтийн талаар байр суурийг тодруулаагүй нь тодорхой тусгагдсан учир шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх агуулга бүхий ИХШХШТХуулийн 105-т заасан дэг журмыг зөрчсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч нь хүсэлтээ илэрхийлээгүй гэх үндэслэлээр журам зөрчөөгүй гэж үзсэн нь буруу юм. Мөн хариуцагч талын гаргасан гомдлын олон үндэслэлийн нэг болох анхан шатны шүүх нь хуулиар гомдол гаргахаар зохицуулсан байхад уг эрхийгээ эдлэх боломжоор хангаагүй тухай байхад уг гомдлын үндэслэлд тайлбар өгөөгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхисон. Мөн Харуул хамгаалалтын тухай хуулийн 8.2.1-т харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээн тусгаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бусад тооцно гэж тодорхой заасан байдаг. Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 1-т Гэрээт харуул хамгаалалтын 038 тоот тусгай зөвшөөрөл бүхий Евролайн ХХК-ийн харуул хамгаалалтын албан гэж заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх мэдээллүүдийг ганцхан тусгай зөвшөөрлийн дугаар илэрхийлнэ гэж үзсэн нь хуулийг илтэд буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Булнайн-Ар ХХК нь О.Мөнгөнсүх, О.Оюунчимэг нарт холбогдуулан харуул хамгаалалтын төлбөрт нийт 14.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан бөгөөд О.Мөнгөнсүх сөрөг нэхэмжлэл гаргаж, барилгын талбайгаас алдагдсан гэх бараа материалын хохиролд 7.310.200 гаргуулах шаарджээ.  

Анхан шатны шүүх хариуцагч нараас 14.700.000 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянахдаа сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Талууд 14.700.000 төгрөгийн хөлс төлөгдөөгүй үлдсэн болохыг үгүйсгээгүй, харин  “...хамгаалалтад байсан объектоос зарим эд зүйл алдагдсантай холбоотой тооцоо нийлж байж төлнө...”  гэж маргажээ.     

Булнайн-Ар ХХК нь Евролайн ХХК-иас шилжүүлсэн шаардах эрхийг үндэслэн  хариуцагч нараас 14.700.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Евролайн ХХК, О.Оюунчимэг нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “объект хамгаалах” 09/01 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, хамгаалалтын алба нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороонд байрлах орон сууцны барилга дахь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, гэмт халдлагаас хамгаалах, дэг журам сахиулах үүрэг, үйлчлүүлэгч нь сарын 2.100.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.  /хх 6-13/     

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д  нийцжээ.       

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардлага хангасан гэрээ байгуулаагүй, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт буй баримтаар нотлогдоогүй байна. Евролайн ХХК шаардах эрхээ Булнайн-Ар ХХК-нд шилжүүлсэн, Булнайн-Ар ХХК нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй /хх 17/, Булнай-Ар ХХК харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцагчид үзүүлж байсан байна.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосонд О.Мөнгөнсүх гомдоогүй, О.Оюунчимэгийн буюу сөрөг нэхэмжлэл гаргаагүй этгээдийн гомдлоор сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.    

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа нотлох баримтыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн нь буруу биш байна.    

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Оюунчимэгийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 691 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.Оюунчимэгийн төлөөлөгч  Д.Оргилын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 131.913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ