Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, Э.Баасандэмбэрэл, Э.Ганбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн  эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай Г.Э-д холбогдох эрүүгийн 1923000000104 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, Э.Баасандэмбэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй,  Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт Г-ын Э,  

Г.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02-04 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Хөдөө аж ахуйн хэсгийн 11-1002 дугаартай иргэн А.Ш-ын хашаанд Ц.Ч-тай “айлын хоймор голлож суулаа гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, түүний хүзүүний хэсэгт буюу мөрний дээд талд, хүзүүний урд төвөнхийн доод талд тус тус хутгалж онц харгис хэрцгийгээр алсан,

мөн дээрх цаг хугацаанд иргэн А.Ш-ын гэрт хохирогч Б.И-ийн толгойн тус газарт хутгаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

түүнийг хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 10 жилийн хорих ял дээр 720,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 48 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 48 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э гаргасан гомдолдоо: “Гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтуудаас зөрж байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй. Гэрт хогийн саван дотор гялгар уутанд дуссан цус гэдэг нь илэрхий харагдаж байхад 2 ширхэг дусал цус (хатсан) хогтой хамагдаж хогийн саванд хаягдсан цус байсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөнжлийн углаанд илэрсэн И-ийн цус нь цацарсан хэлбэртэй биш 3 газарт арчигдсан (гүн бохирлогдсон) гарын алга дарам цусны ул мөр байдаг. И нь гэрт цусаа хөнжлөөр арчиж үүсгэсэн байх магадлалтай хавтаст хэрэгт цус болсон хөнжлийн даавууны зургийг оруулаагүй ямар үйлчлэлээр болсон тухай тогтоогоогүй (прокурор нь Э миний цус хөнжлийн даавуунаас илэрсэн гэж “худал” хэлж байсан) түлээний савны хажуу тал руу урссан 3-н дусал цус (гэрч) “тэр хэсэгт зог”-тусахын хооронд хутганаас нь газар ойрхон тусна гэж байхгүй дээрээс доош дусалт байх боломжгүй ба хажуугаас үсэрсэн цус түлээний саванд наалдаж урсана.

Хэргийн гурван гэрч О.Г, Б.И, А.Ш нарыг энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж байна. Байцаагч надаас мэдүүлэг авахдаа тулган сүрдүүлж мэдүүлэг авсан гурван гэрчийн мэдүүлгийг уншуулж чи хутга авсан, хаанаас авсан чиний хурууны хээ хутганаас илэрсэн /хурууны хээ байхгүй байдаг/ гэж тулгаж мэдүүлэг авсан. Би байцаагчид хутга аваагүй энэ гурав худлаа ярьж байна би хүн амьтан хутгалаагүй алаагүй, энэ хүмүүс адилхан хоригдож байгаа биз дээ гэсэн, үгүй энэ гурав гэрч хоригдоогүй гэсэн. Тэгээд би гайхаад тийм бол өмгөөлөгч авч мэдүүлэг өгье гэхэд байцаагч 2-3 цагийн дараа ирэхдээ “хошууч цолтой хүнтэй хамт ирж нөгөө хүн нь чи мэдүүлгээ өгч өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй мэдүүлэг угаасаа авдаг чи яасан хутгаа хаанаас авсан хурдан мэдүүлгээ өг гээд дарамталж, цохиулаад ухаан алдсан. Ухаан алдсанаас хойш юу ч мэдэхгүй босч ирээд санаанаасаа зохион хутаг авсан болж мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхгүй бол яаж ч магадгүй гэж би айсандаа өгсөн. Өмнө нь мэдүүлэг аваагүй байж цагдан хориод тулган сүрдүүлж мэдүүлэг авсан.

Тэр шөнө би толгойдоо цохиулж зодуулж ухаан алдаад өглөө Шинэбаярыг хатгахад сэрсэн гэтэл намайг талийгаач Ч, И нарыг хутгалчхаад 5 минутын дараа юу ч болоогүй юм шиг унтаад өгсөн мэтээр Г мэдүүлдэг. Үнэхээр хоёр хүн нэг нэгнээ хутгалцсан бол амандаа ус балгасан юм шиг дуугүй байна гэж байхгүй шүү дээ, хүн хутганд гараа эсгэх өргөс ороход яаж ойр дуу тавьдаг билээ дээ дуугүй байна гэж байхгүй. Талийгаач бид хоёрын хооронд ийм зүйл болсон бод ядаж талийгаач ойр байгаа нутгийн ах нараасаа тусламж гуйж орж ирнэ шүү дээ, тэрний оронд хол байх ээж, эхнэрлүүгээ утсаар ярьж тусламж гуйхгүй нутгийн ах нараасаа тусламж гуйх байсан. Үнэхээр би энэ хэргийг үйлдсэн бол үнэнээ хүлээн уучлалт гуйх байсан. Хийгээгүй хэргийн төлөө хорих ял сонсож байгаадаа үнэхээр гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие Г.Э өмгөөлөгчөөр оролцсон цагаас эхлэн тухайн хэргийн газар байсан гурван гэрчийн утсанд болон бусад байдлаар мөрдөн шалгах нууц ажиллагаа хийж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөгч, хяналтын прокурор, Завхан аймгийн ерөнхий прокурорт гаргасан ба хяналтын прокурор миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Миний хувьд хэргийг прокурорын шатанд иртэл мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байсан ба прокурорын шатанд хэргийн материалтай танилцахад мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар нэг ч боодолтой, нууцлалтай зүйл байгаагүй, мөн уг ажиллагаагаар илрээгүй гэсэн нэг ч тогтоол шийдвэр байхгүй, шүүхийн хэлэлцүүлэг дээр дурдагдаагүй болно. Прокуророос хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж байгаа мэтээр хэргийн оролцогчийг төөрөгдүүлэн цагдан хорих шалтаг болгож хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөвтгөөгүйд гомдолтой байна. Таван удаа шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шүүх прокурорын саналд дурдсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдэж байгаа нь хэргийн ээдрээ төвөгтэй байдал үүсгэж байна гэж хүлээн аваагүй цагдан хорих хугацааг удаа дараа сунгаж байсан. Тодруулбал, 2 дугаар хавтас 69 дэх тал доороосоо 2 дахь мөрнөөс прокурорын санал цагдан хорих хугацааг сунгах тухай 2019 оны 12 дугаар сарын 31-ний 5/09 ... яллагдагч Г.Э өмгөөлөгч Б.Алтангэрэлээс мөрдөгчид болон прокурорт удаа дараа гаргасан “нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” хүсэлтүүдэд дурдагдсан асуудлуудыг шалгах зорилгоор хэрэгт нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж амь хохирогч Ц.Ч-ын амь насыг хэн хохироосон болохыг хөтөлбөргүй тогтоолгох шаардлагатай байна. ... Г. Э-ыг хорьж мөрдөх 2-р хугацааг ... сунгах саналыг... гаргаж байна гэжээ.

Мөн хавтасны 71 дэх тал анхан шатны шүүх шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар захирамжаар прокурорын саналыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан. 75 дахь хуудасны арын нүүрний 10-р мөрд прокурорын цагдан хорих хугацааг сунгах тухай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/09 саналд ...яллагдагч Г.Э өмгөөлөгч Б.Алтангэрэлээс мөрдөгчид болон прокурорт удаа дараа гаргасан хүсэлтүүдэд дурдагдсаны дагуу амь хохирогч Ц.Ч-ын амь насыг хэн хохироосон болохыг хөдөлбөргүй тогтоох зорилгоор хийгдэж байгаа “нууц мөрдөн шалгах ажиллагаа”-ны явц, үр дүнтэй холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцаж, хэрэгт хавсаргаж болох шаардлагатай нотлох баримтыг хавсаргах эсэх асуудлыг шийдвэрлэх ... нэг бүрчлэн шалгаж тогтоох шаардлагатай байна ... гээд шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал оруулсан.

77 дахь талд мөн прокурорын 05, 5/09 дугаар тогтоолын саналын дагуу таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан. 82 дахь тал арын нүүрнээс 13 дахь мөрнөөс прокурорын цагдан хорих хугацааг сунгах тухай 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/09 саналд ...яллагдагч Г.Э-ны өмгөөлөгч Б.Алтангэрэлээс мөрдөгчид болон прокурорт удаа дараа гаргасан хүсэлтүүдэд дурдагдсаны дагуу амь хохирогч Ц.Ч-ын амь насыг хэн хохироосон болохыг хөдөлбөргүй тогтоох зорилгоор хийгдэж байгаа “нууц мөрдөн шалгах ажиллагаа”-ны явц, үр дүнг эрх бүхий албан тушаалтнаас холбогдох эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, нууц ажиллагаа”-ны материалаас хэрэгт хавсаргаж болох шаардлагатай /маш нууцаас бусад/ нотлох баримтыг хавсаргах эсэх асуудлыг эрх бүхий албан тушаалтанд танилцуулж шийдвэрлүүлэх... гэсэн саналыг гаргасан.

84 дэх тал анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны 10 тоот захирамжийг прокурорын дээрх саналын дагуу шийдвэрлэж Г.Э-ыг хорьж мөрдөх хугацааг дахин сунгасан. 3 дугаар хавтасны 20 дахь тал анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний 22 тоот гомдол хянан шийдвэрлэх тухай захирамжийн тодорхойлох хэсэгт “хэрэгт ээдрээ төвөгтэй байдал байхгүй гэж мэтгэлцэж байгаа ч тус хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаж байгаа гэдэг нь яллагдагчийн өмгөөлөгч, прокурорын аль алины тайлбараар тогтоогдож байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааг Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан журмаар хийх ба уг хуульд нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж заажээ. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг нотлохын тулд мөрдөн шалгах нууц ажиллагааны явц үр дүнгийн талаар нотлох баримтыг буюу хэрэгт ээдрээ төвөгтэй байдал үүсгэж байгаа нотлох баримтыг оролцогч нарт танилцуулах шаардлагагүй бөгөөд /хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаж байгаа үндэслэл нь/ хэргийн ээдрээ төвөгтэй байдал гэж үзнэ... гээд өмгөөлөгчийн яллагдагчийн хорьж мөрдөн хугацааг сунгасан захирамжинд гаргасан гомдлыг хангахгүй орхисон Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.

4  дүгээр хавтас 20 дахь талд 4-6 дахь мөр хүртэл 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ... улсын яллагчийн тайлбарт “Нууц мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсэн цагдаа дээр нууц мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байгаа. Би чамайг танилцаарай гэж хэлсэн, чамайг танилцсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэж шүүх хуралдааны явцад улсын яллагч шүүгдэгчийн өмгөөлөгч надад хандаж тайлбарласан. Ийнхүү хэргийн оролцогчийн “нууц мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” хүсэлтийг хангасан дүр үзүүлж цагдан хорих хугацааг удаа дараа сунгаж хэргийн оролцогчдыг төөрөгдүүлэн хуурсан нь анхан шатны шүүх хуралдаан дээр ил болсон.

Г.Э нь 2019 оны 10 сарын 30-наас 31-нд шилжих шөнө өөрийн биед хөнгөн гэмтэл авсан. Уг гэмтэлд холбогдуулан эрүүгийн хэргийг үүсгэсэн. Гэтэл уг хэргийг хэрхэн шалгаж, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Г.Э-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг үндсэн хэргээс тусгаарлаагүй атлаа хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаасан эсэх нь тодорхойгүй буюу ямар үндэслэлээр хаасан эсэх нь одоог хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэрчүүдийн эхний мэдүүлгүүд өөрчлөгдөж эрс зөрүүтэй байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүртэл гомдол гаргасан. Гэрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч Ж-ийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй цаг хугацааны хувьд зөрүүтэй.

Шинжээч томилсон тогтоолуудыг танилцуулалгүй шинжилгээний дүгнэлтүүдтэй хамт танилцуулж хэргийн оролцогчийн шинжээч томилсон тогтоолтой танилцах, нэмэлт асуулт тавих шинжээчээс татгалзах үндсэн эрхийг зөрчсөний улмаас Г гэрчийн дээлний гадна тал нь энгийн хүнд мэдэгдэхүйц цус мэт зүйлээр бохирлогдсон байхад зөвхөн дээлнийх нь дотор талаас шинжилгээ авсан. Мөн гэрт байсан хөнжлийн даавуу гурван хэсэг газар алга дарам цус мэт зүйлээр бохирлогдсон байхад зөвхөн нэгнээс нь шинжилгээ авсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган тогтоогоогүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг зөрүүтэй талаар дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол /4 дүгээр хавтас, 11 дэх тал/ 6 дугаар мөрнөөс шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлээс Улсын яллагчаас тодруулъя гээд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд яагаад засвар орсон юм бэ гэхэд, улсын яллагчаас Алтанцоож мөрдөгч “баруун” гэж бичихийг “зүүн” гэж бичсэн байсан үүнийг зассан утга найруулганд өөрчлөлт орохгүй мөн хэрэгт ач холбогдолгүй байх гэж бодож байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлээс тэмдэглэл үйлдэдгүй юм уу гэхэд, улсын яллагчаас баруун зүүн солих зүйл дээр тэмдэглэл үйлдээд байх шаардлагагүй, үг үсгийн алдаан дээр тэмдэглэл үйлддэг гэв... гэсний дараа өмгөөлөгч Баасандэмбэрэлийн энэ зөвхөн баруун зүүнийг зассан асуудлыг яриагүй, хогийн саванд туссан цус байна өгүүлбэрийг арилгаж зассан байна гэсэн яриаг тэр чигтээ шүүх хурлын тэмдэглэлд бичигдээгүй, шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл хоёр зөрүүтэй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Г.Э өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл би шийтгэх тогтоол, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 39.8 дугаар зүйлийн 1.9 дахь заалтуудыг зөрчсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдлын талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэхүү хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар захирамжинд урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх боломжгүй хэмээн хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч би Г-ийн дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан бохирлогдсон хэсгүүд шинжилгээнд хамрагдаагүй тул нэмэлт шинжилгээ хийлгэх саналаа дахин илэрхийлж, мөн гэрч Жавзмаагийн мэдүүлэг гэрч М, Б, хохирогч М, цагдаагийн жижүүрийн мөрдөгч Билгүүн, Б нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгааг, Ж-тай утсаар ярьсан гэж мэдүүлсэн гэрчүүдийн тоо Ж-тай холбогдсон дуудлагын түүхтэй нийцэхгүй эргэлзээтэй байгааг тайлбарлаж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн.

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны талаар удаа дараагийн хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэл, өмгөөлөгч нараас гарч буй хэргийг прокурорт буцаах саналын үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдахгүй орхиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг  зөрчсөн нь тус хуулийн 39.8 дугаар  зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.

Мөн тус хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх байтал шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д олгосон эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг үл харгалзан зарим эд мөрийн баримтыг шалгаж хяналгүй орхигдуулж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.2-т заасан талуудын тэгш байдлыг ханган мэтгэлцүүлэх зарчмыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байгааг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдааг засч зөвтгөөгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Мөн тус хэрэгт хяналт тавьж буй прокуророос татгалзаж буй үндэслэлээ шүүх хуралдаанд оролцогч, танхимд ажиглаж буй ард иргэдэд ч тодорхой ойлгогдохоор тайлбарласан байтал шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоолд огт тусгалгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гаргасан гомдолдоо: “Хохирогч миний бие гаргасан өргөдлийг давж заалдах шатны хурлаар нэг бүрчлэн нарийвчлан хэлэлцээгүй, ор мөр төдий хандсанд харамсаж байна. Шүүгдэгч Г.Э оногдуулсан ял хэтэрхий хөнгөдсөн. Ялын зүйлчлэл тохироогүй, хөнгөрүүлэх шалтгаан байгаагүй. Хохирлын дүнг бодит баримтаар нарийвчлан тогтоогоогүй. Өмгөөллийн зардлыг үгүйсгэсэн, нөхөн төлөхийг авч үзээгүй. Төлбөр нөхөн төлөх хугацааг тогтоогоогүй. Хэзээ, ямар хэмжээгээр төлөх нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8-д заасныг илтэд ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өргөдлийн талаар авч хэлэлцээгүй болохыг тодотгож, хуулиар олгосон эрхийг илтэд зөрчиж байна. Иймд миний давж заалдах шүүх хуралд гаргасан өргөдлийг шийдвэрт нийцүүлэн нэг мөр болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч Б.Алтангэрэл, Э.Баасандэмбэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, түүнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, цогцос олдсон газар зэрэг нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаас өөрөөр бусад нотлох баримтуудаа няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн дүүрэн эргэлзээгүй нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нотлох баримтуудыг үнэлэхдээ шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаараагүй. Гэрт нь үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн нотлох баримтыг авч үзэхэд хохирогчийн биед гүрээний артер венийн судас тасарсан байдаг. Тухайн цаг хугацаанд цус олгойдож, цус гадагшилдаг бөгөөд хивс дээр ийм ул мөр байдаг. Шинжээч томилж шинжилгээ хийхдээ тухайн цусыг олон газраас авч шинжлүүлэхгүй, хэний цустай тохирч байна гэдэг ерөнхий асуулт тавьсан байдаг. Тухайн үед Г.Э-ны духны гэмтлээс цус гарсан бөгөөд энэ цус нь холилдсон байдлыг ялгаж, салгах ийм байдлаар шинжилгээ хийгдээгүй. Цусны ул мөр дээр шинжээчийн дүгнэлт гарах ёстой. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн шүүхийн дүгнэлт нь гадаа хохирогчийг Г.Э хутгалчхаад ороод ирсэн гэдэг. Гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэн гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн үйлдлээр Г.Эы биед гэмтэл учирсан гэж дүгнэдэг. Хутга барьж гараад хохирогчийг гэмтээсэн бол Г.Э-ны биед учирсан гэмтлийг хохирогч тийм гэмтэл авсны дараа учруулах боломж нөхцөл байхгүй. Цогцос олдсон газар нь мухар, нуугдмал, завсраар ордог булан байгаа. Гүрээний судас нь гэмтсэн хүн тухайн газарт очсон асуудал эргэлзээтэй. Тухайн газраас гутлын ул мөр олдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Г гэрчийн ул мөр болох нь тогтоогдсон. Г нь эргэж орж ирээд унтаж байхад нь аваад явсан гэж мэдүүлдэг ба тухайн үедээ хууль хяналтын байгууллагад дуудлага өгөөгүй зөрүүтэй нөхцөл байдал байгаа. Эдгээр байдлаас үзэхэд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, зөрүүтэй байдлыг нарийвчлан шалгаагүй. Гэрч Ж шөнө утсаар ярьсан, хүн хутгалчихлаа гэсэн талаар мэдүүлдэг. Гэтэл ямар хүн, хэн ярьсан гэдгийг таньсан уу, үгүй юу гэдэг ажиллагаа байхгүй. Эх сурвалж, хаана байгаагаа хэлээгүй байдаг. Гэрч Ж-ийн өндөр залуу гэж өгсөн мэдүүлгийг үндэслэж Г.Э-ыг холбогдуулан шалгасан. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль сануулж мэдүүлэг авсан, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй байдаг. Шинжээчийн мэдүүлэг, хохирогч нас барахаасаа өмнө шүүгдэгчийг шууд заасан нотлох баримтууд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Ц.Ч нь Завхан аймгийн Улиастай сум, Чигэстэй багийн хөдөө аж ахуйн хэсгийн 11-1002 тоотын хажуу талын хашаанд нас барсан, Б.И нь нь мөн сар, өдрийн 30-наас 31-нд шилжих шөнө А.Ш-ын гэрт гэмт халдлагад өртсөн үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст Г.Э-ыг хүнийг санаатай алах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд Г.Э-ыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Шүүгдэгч Г.Э-ны үйлдэлд дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдоогүйн гадна хохирогчийн хүзүүний зүүн тал, хүзүүний зүүн урд талд төвөнхийн доор хэсэгт ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хоёр шарх илэрсэн хэдий ч түүний үхлийн шалтгааныг шинжээч эмч “амь хохирогч нь хүзүүний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас том судас тасарч цус алдалтын шоконд орж нас барсан байна” гэж дүгнэсэн /хэргийн 1 дүгээр хавтас, 228-230 дахь тал/ зэргээс үзэхэд хэргийн зүйлчлэлийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан хуулийн зүйл хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-аас 15 жил хорих ялаас 10 жилийн хорих ялыг шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж дүгнэж, сонгон хэрэглэснийг хөнгөдсөн хэмээн үзэх үндэслэлгүй байна.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай юм.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох 12,468,020 төгрөгийг хоёр шатны шүүх шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, энэ зүйл хэсэгт заагаагүй бусад зардлыг хохирогч нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг хохирогч нэхэмжлээгүй, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүтэй холбогдох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлж болно.

Тэгвэл одоогийн байдлаар хүний амь насыг мөнгөөр үнэлсэн хуулийн зохицуулалт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 40 сая төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч гомдол гаргаагүй байхад магадлалд гаргасан мэтээр тусгаснаас гадна хуулийн шаардлага хангаагүй шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гомдлыг /гарын үсэггүй, шүүгдэгчид танилцуулаагүй, хэргийн 4 дүгээр хавтас, 62-63 дахь тал/ давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн мөртлөө хэрхэн шийдвэрлэсэн талаар магадлалын тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулжээ.

Г.Э-д холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангалттай шалган тодруулж нотолсноос гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул хэргийг прокурорт буцаахыг хүссэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хэргийг буруу зүйлчилсэн, ял хөнгөдсөн, хохирлыг дутуу гаргуулсан талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, Э.Баасандэмбэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН