| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2016/0093/З |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 30
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2016/0093/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг дарга нарт холбогдох “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 тоот захирамжуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/175, А/237 тоот захирамжуудаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарт газар эзэмшүүлсэн ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.Газар эзэмшүүлж, өмчлүүлэх тухай засаг даргын шийдвэр гарснаар бидний Үндсэн хуульд заасан эрх маань хэрэгжлээ гэж их баярлаж байсан. Гэтэл газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх олгосон өмнөх засаг дарга А.Энхболдын 2016 оны А/237, А/246 тоот захирамжуудыг одоогийн Засаг дарга С.Насанбат нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/437, А/438 дугаар захирамжуудаар тус тус хүчингүй болгосон нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан бидний газартай холбоотой тогтоолыг хүчингүй болгосон байх тул тус тогтоол эдгээр захирамжуудын нэгэн адил нэхэмжлэгч нар бидний газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ баталгаажуулж гэр бүлийн хэрэгцээний алга дарам газар авсан Дархан-Уул аймгийн иргэн бидний эрхийг Засаг дарга С.Насанбат хэт улс төржсөн, харалган бодлоор үзэж хуулийн дагуу гэхээсээ хувийн сонирхолдоо хөтлөгдөн хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны А/237, А/246 тоот захирамжуудыг хүчингүй болгосон Засаг дарга С.Насанбатын дээрх захирамжууд болон Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгч нар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 тоот тогтоол болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 тоот захирамжуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Даваасүрэн нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд тайлбар гаргаж байх бөгөөд Аймгийн Засаг даргын А/437, А/438, А/440, А/441, А/442, А/443 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан, хуулийн дагуу дахин шийдвэрлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нь Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг
Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь Аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 тоот захирамжуудын А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 дүгээр захирамжуудын А.Даваасүрэн, Ж.Баярсайхан, Д.Самбуу-Ёндон, Б.Чөдөрбат, Д.Хишигсүрэн, Ч.Отгонбаяр, Ж.Золжаргал, Б.Хайдав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын
тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА