Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01197

 

 

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01197

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А- нь Б ХХК-ийн Салхит төслийн ХАБЭАБО-ны хэсгийн ХАБЭА-н ахлах инженерээр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан. Харилцагч компанийн ажилтнуудтай зүй, бусаар харьцсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үйлдлүүдийг гаргаагүй учраас ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Б ХХК-ийн Салхит төслийн ХАБЭАБО-ны хэсгийн ХАБЭА-н ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь тус компанитай гэрээт компани болох В ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнуудтай зүй бусаар харьцсан, мөн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 11.3, 11.3.4, 11.3.7, 11.3.9-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

А- нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Салхит уурхайн бүсэд өөрийн ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байсан, мөн Салхит уурхайн бүсэд харуул хамгаалалтын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг В ХХК-аас Захиргаа, хүний нөөцийн хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 49 тоот зөрчил илрүүлсэн тухай албан бичиг, албан бичигт оруулсан фото зураг, мөн харуул хамгаалалтын албаны ажилтнуудын тавьсан шаардлагыг үл биелүүлж, маргаж байгаа тухай бичлэг зэргээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл бүрдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалд харилцагч компанийн ажилтнуудтай зүй бусаар харьцсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн дүгнэсэн байдаг.

Дээрх 2 зөрчил нь ажилтны зан байдлын хувьд ёс зүйн зөрчилд хамаарах зөрчил тул компанийн дэргэдэх Ёс зүйн хороо-гоор зайлшгүй авч хэлэлцэж, үнэхээр дээрх зөрчлүүдийг гаргасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай.

Харилцагч компани болох гэрээт харуул хамгаалалтын В ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот зөрчил илрүүлсэн гэх албан бичиг, түүний хавсралтыг анхан шатны шүүхээс зөрчил гаргасныг нотолж байна хэмээн шууд нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ямар нэгэн асуудал, зөрчлийн шинжтэй үйлдэл, хэрэг маргаан гараагүй талаар В ХХК-ийн уурхайн Сэргэг гэрээт харуул хамгаалалтын албаны тус өдрийн илтгэх хуудсаар нотлогддог бөгөөд уг илтгэх хуудсанд гэрчээр мэдүүлэг өгсөн Г-, Д- гарын үсэг зурсан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Б ХХК-ийн Салхит уурхайн шуурхай хурлын тэмдэглэлд ч тус өдрийн үйл явдлын талаар огт дурдагдаагүй, яригдаагүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх Б/267 дугаар тушаалд заагдаагүй зөрчил буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 56 секундын бичлэг, "В ХХК-аас Б ХХК-д хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот албан бичиг, гэрч Г-, Д- нарын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үйл явдлын талаарх мэдүүлэг зэргийг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

А- хариуцсан ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20:51 цагт өөрийн и-мэйл хаягаас 6 албан тушаалтны и-мэйл хаяг руу В ХХК-тай байгуулсан Харуул хамгаалалтын гэрээ-ний зарим зүйл заалт зөрчигддөг байдал удаан хугацаанд үргэлжилж байгаа талаар болон саналаа хавсаргаж явуулсан, үүнийг В ХХК-ийн захирал Д.Ууганбаяр мэдчихсэн, маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тэрээр 88119293 дугаарын утаснаас залгаж заналхийлснийг шүүхээс үзлэг хийж баримтжуулсан. Гэрээт харуул хамгаалалтын В ХХК-ийн захирлын өс хонзонгоос болж ажлаасаа халагдсан болохыг шүүхээс дүгнээгүй, үзлэгийн тэмдэглэлийг үнэлээгүйд гомдолтой байна.

А- нь ажлын байранд согтууруулах ундаа огт хэрэглээгүй, уурхайн ажлын цаг өглөө 8:00-20.00 цаг, ажлын цагийн үргэлжлэх хугацаа нь 10 цаг, цайны завсарлага 2 цаг байхаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны маргаан бүхий үйл явдал нь ажлын цаг дууссаны дараа оройн 22:45-23:00 цагийн үед постны хашааны гадаа болсон болох нь нотлогддог.

Сэргэг харуул хамгаалалтын албаны ажилтны согтуурал шалгах тандах багаж үлээлгэхэд 0,17%-ийн согтолттой гарсан гэдгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн эсэх нь эргэлзээтэй. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-ын 2.5-д Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ." гэж заасан. А-ын амьсгал дахь спиртийн агууламж 0,17% гарсан гэж хэрвээ үзвэл энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлд тооцогдох уу гэдэг нь эргэлзээтэй, үүнийг ажил олгогч ч шалгаж тогтоогоогүй, анхан шатны шүүх ч нотлох баримтаар үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А- уурхай руу согтууруулах ундааны зүйлийг тээвэрлэж оруулсан, биедээ авч явсан, хэрэглэсэн нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн В ХХК-ийн албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогддог.

Хөдөлмөрийн гэрээний 11.3, 11.3.7, 11.3.9 дэх заалтуудыг баримтлан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн учраас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд заавал ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх шаардлагагүй.

А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг Б ХХК-ийн гүйцэтгэх захирал гаргасан. Иймд В ХХК-ийн захиралтай холбоотой асуудлаар гомдолд дурдсан нь үндэслэлгүй.

Б ХХК 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Уурхайн дотоод журам-ыг баталсан. Уурхай 24 цагаар үйл ажиллагаа явуулж, 2 ээлжээр ажиллахаар тусгасан. Тодорхой цаг, хуваарийн дагуу ажилладаггүй. Иймд нэхэмжлэгчийн ажиллаагүй байсан, ажлын цаг дууссан гэх тайлбар үндэслэлгүй. Ажлын байр болон ажлын цагт үйлдсэн зөрчилд хамаарна.

А-ын согтолтын зэрэг 0.17 гарсан бөгөөд энэ нь Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам-д хамаарахгүй. Харин Уурхайн болон Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг ойлгоно гэжээ. Иймд уурхайн бүсэд нэгэнт нэвтэрсэн бол ажилтан ажлын байрны хамаарах бүсэд орсон гэж үзнэ. Дээрх үндэслэлээр Б ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 тоот тушаал үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А- нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Б ХХК-ийн Салхит уурхайн ХАБЭАБО-ны хэсгийн ХАБЭАлбаны ахлах инженерийн албан тушаалд ажиллаж байсан,

3.2. А- нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, харилцагч компанийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан,

3.3. Б ХХК-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.3.4, 12.3.8, хөдөлмөрийн гэрээний 11.3, 11.3.7, 11.3.9 дэх заалтуудыг үндэслэн ажилтан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

 

4. Ажил олгогч Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилтан А-ыг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, харилцагч компанийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцжээ.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд Ёс зүйн хороотой холбоотой зохицуулалт тусгагдаагүй, Ёс зүйн хороо ажилладаг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэх нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилж зааж, ажилтанд танилцуулсан байх ёстой байдаг.

Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.3.7, 11.3.9-т ажилтан харилцагч компанийн ажилтнуудтай зүй бусаар харьцсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох талаар харилцан тохиролцож тусгасан байна.

 

4.2. А- нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлын байр болох Салхит уурхайн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж харуул хамгаалалтын албаны ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцэж зүй бусаар харьцсан үйлдлийг Б ХХК нь Салхит уурхайн бүсэд харуул хамгаалалтын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг В ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 49 тоот албан бичиг, албан бичигт хавсаргасан фото зураг, бичлэгт үндэслэн зөв тогтоосон байна.

Тухайлбал, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А- нь 22:45 минутад уурхайн бүсэд нэвтэрч шинэ кемпийн зүүн талын гал тогооны хаалгаар орж амрах байрны үүдэнд зогсоход ээлжийн ахлах Д-, хамгаалагч Е- нар очиж үзлэг шалгалт хийхэд эсэргүүцсэн, бүлгийн дарга Ё-, хамгаалагч Ж-нар ирж 1 литрийн архи 10 шил, 114 ширхэг лаазтай пиво байсныг баримтжуулж, хураан авсан ба согтолтын хэмжээг тодорхойлоход А- нь 0.17% согтолттой байсан, хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэж зүй бус харьцсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Г-, Д- нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй /хх 38-41, 119-129/.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар А- нь Б ХХК-нд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, ажил олгогч нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир В ХХК-ийн захирал Д.Ууганбаярын өс хонзонгоос болж ажлаасаа халагдсан, үзлэгийн тэмдэглэлийг үнэлээгүй гэж нэхэмжлэгч маргаж буй нь хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

 

4.3. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон асуудал нь ажлын бус цагаар уурхайн бүсийн гадна болсон, хэрэв 0.17% согтолттой гарсан гэж үзвэл энэ нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-д заасан үзүүлэлтэд хүрэхгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хангахгүй.

Учир нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаар тушаалын хавсралтаар баталсан Уурхайн дотоод журам-ын 6.1-д уурхайн бүсийн үйл ажиллагаа долоо хоногийн өдөр бүр 24 цагаар тасралтгүй үргэлжлэх болохыг заасан тул энэ хугацаанд тухайн уурхайн бүсэд ээлжээр ажиллаж буй ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг сахих үүрэгтэй.

Түүнчлэн зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.3.9-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэж заасан нь согтолтын зэрэг тодорхой хувь хэмжээнд хүрэхийг заагаагүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардана.

 

4.4. Б ХХК-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаартай тушаал нь утга агуулгын хувьд нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан зөрчилд хариуцлага тооцсон шинжтэй байх тул 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4.5. Иймд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үйлдлийг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсоныг харгалзан анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж, дээрх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн заалтыг хэрэглэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт гэснийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ