Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/97

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Д.Ж

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Хохирогч: С.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Ж.Д-д холбогдох эрүүгийн 1727000000008 дугаартай,  146/2018/0013/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, ..... регистрийн дугаартай, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ......... багт оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж.Д

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Ж.Д нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд буюу 1 нас 1 сартай  М.Г-ыг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд буюу 1 нас 1 сартай  М.Г-ыг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д нь мэдүүлэхдээ: ...Би нөхөртөө хандаад би хүүхэдтэйгээ энд үлдээд яахав бүгдээрээ хамт явчихаад ирье гэтэл манай хадам аав чи явж яах гээд байгаа юм гээд байсан. Тэгээд хадам аав манай хойд айл руу мах ачихаар явсан. Хадам аав буцаж ирээд дөрөвүүлээ хамт явъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь хадам аавд С.М 2 хүүхдээ аваад явна, тэнгэр хангай муудах гэж байх шиг байна. Би үлдэж аргал түүнэ гэж хэлээд хоёр хүүхдээ хувцасыг нь өмсүүлсэн байсан. Аавыгаа дагаад байхаар нь би хүүхдээ гэрээс тэврээд гарсан. Тэр үед манай хадам аав гэрээс гарч ороод тамхиа татаад машинаа асааж унтраагаад байсан. Би том хүүхдийнхээ хувцасыг өмсүүлээд бага хүүхдийнхээ хувцасыг өмсүүлэх гээд памперсыг нь хийж байтал хадам аав машинаа асаагаад байсан. Машины ард талын дугуйны тэнд аавыгаа хараад хүүхэд маань гэдийсэн. Хадам аав машиныхаа дугуйгаар хүүхдийн зулай дээгүүр нь гараад явсан. Намайг хүүхдээ авах хооронд талийгаачийн толгой дээгүүр машины дугуй шүргээд гараад явсан. Аав нь бууж ирээд хүүхдээ авсан. Тэгээд би нөхөртөө одоо ээжид чинь юу гэж хэлнээ гээд орилж байтал манай хадам аав эхнэртээ очоод намайг хүүхдээ машины араас шидээд алчихсан гэж хэлсэн байсан. Хадам ээж тэр үед байхгүй байсан. Оторт явсан байсан. Хадам ээж ирээд намайг учир зүггүй толгой тархигүй цохиод байхаар нь тухайн үед сандраад миний буруу гэж хэлсэн. Намайг анх байцаалт өгөх гээд Хархорин сумын цагдаа дээр ирэхэд манай хадам ээж олгой ургаад Өвөрхангай аймагт байсан. Тэр үед манай нөхөр хадам ээж, аав руу утсаар яриад байсан. Тэгээд манай хадам ээж надад утсаар ингэж хэлсэн. Миний хүү жирэмсэн хүн ял авдаггүй юм. Хүүхдээ шидсэн гэж хэлээрэй гэсэн. Манай нөхөр бас надад хоёулаа үгээ нийлүүлье манай тэрэг оролцуулаад яахуу гэж хэлсэн. Тэгээд л би энэ хүмүүсийн үгээр ороод хүүхдээ шидсэн гэж худал хэлсэн гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М нь мэдүүлэхдээ: ...Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг Олон нуурын гол гэдэг газар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай хойд айлын н.А гэх залуу хонь зарж борлуулах гэж байгаа гэж хэлсэн. Манай эхнэр н.А-ийн эхнэртэй хамт гол дээр юм угааж байсан. Би н.Аийн эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд эхнэрээ аваад гэртээ ирсэн. Аав сумын төв явах гэж байсан. Тэгээд хэн нь явах уу гэсэн чинь аав намайг яв. Машины ойр зуурын юмаа янзал гэсэн. Ж.Д-г хоцрох уу гэсэн чинь хамт явах гээд уурлаад байгаа юм шиг байсан. Аав айл руу яваад 5 хонь машины чиргүүл дээр ачаад эргээд манай гэрийн гадаа ирээд зогссон. Намайг явах гэж байхад манай талийгаач охин гэрийн гадаа ирж байсан. Би охиноо ээжтэйгээ үлд гээд гэртээ оруулаад орхисон чинь араас дагаад гараад ирсэн. Би охиноо эргээд гэрт оруулаад зүүн орон дээрээ тавьчихаад гарсан. Намайг гарах гэж байтал эхнэр намайг 2 хүүхдээ аваад яв. Би аргал түүлээ гэсэн. Тэнгэр эвгүй үүл гараад бороо орох гэж байсан. Тэгэхээр нь би хөхүүл хүүхэд аваад явж яах юм гэж хэлсэн. Тэгээд машинд суухад аав машин асаасан. Намайг хүүхдээ эхлээд гэрт оруулахад аав гэрийн гадаа тамхи татаад зогсож байсан. Сүүлд нь машинд суусан байсан. Би машинд ороод суутал 5 настай хүү маань машины буруу тал руу хараад ааваа цонхоо онгойлгоё гэсэн. Манай 5 настай хүү машины цонхоор хараад ээж дүүг тэврээд гараад ирлээ гэж надад хэлсэн. Эргээд харах гэтэл Ж.Д ганцаараа зогсож байсан. Тэгээд би аавыг зогсоорой хүүхэд шидчих шиг боллоо гэсэн. Машинаас буугаад иртэл охин маань хагас хойшоо харсан байдалтай хажуулдаад хэвтэж байсан. Яагаад ийм зүйл хийж байгаа юм гэж хэлтэл өөрөө мэдэлгүй ийм зүйл хийчихлээ гэсэн. Аав манай 5 настай хүүхэдтэй хамт машинаас бууж ирсэн. Би аавыг түргэн дуудаарай гэж хэлээд аав манай 5 настай хүүхдийн хамт мотоцикльтой түргэн дуудахаар явсан. Тухайн үед манай талийгаач түр зуур ухаантай байсан. Түргэн дуудахаар яваад ирэх хооронд охин өнгөрсөн байсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.

Гэрч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би гэрийн гадаа баруун талаар машинтай зогсож байхад манай бэр С.М-ыг хүүхдээ аваад яв гээд С.М-т өгсөн. Тэгээд буцаагаад оруулж өгчихөөд намайг явъя гээд байхаар нь би машинаа хөдөлгөөд явсан. Тэгсэн гэнэт машины араар охиноо шидчихлээ ааваа зогсоорой гэж хэлсэн. Машины араас унасан учир яг хаана ач охин унасныг харж чадаагүй. Хүүгийн араас очиж харахад ач охины тархи нь хагарсан байсан.  Эмнэлэг дуудахаар хойшоо айл руу давхисан. Буцаад ирэхэд ач охин өөд болчихсон. Ач охиныг зүүн талын орон дээр тавьчихсан байсан гэжээ.  /1 хх 27-28 хуудас/

Гэрч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Намайг хонин дээр байж байхад манай нөхөр буцаж ирээд манай бэр М.Г-ыг шидээд алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бол гэж асуусан чинь манай бэр гэрээсээ гарч ирээд шууд шидсэн гэж хэлсэн. Манай бэр тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ууртай байсан гэж ярьж байсан. Учир нь С.М-ыг явуулахгүй гэж ярьж байсан гэж манай гэр бүлийн хүн надад хэлсэн. Манай бэр Ж.Д нь манай хүүг гадагш явах гэхээр дандаа араас нь юм шидэж явуулахгүй гэж яриад байдаг байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой С.М-ын гэрт нөхрийн хамт ирсэн. Тэгэхэд манай хүү С.М гэрийнхээ гадна 5 настай хүүгийнхээ хамт уйлаад сууж байсан. Намайг ирэхэд С.М нь ээж ээ энэ хүүхэн миний хүүг алчихлаа гэж хэлээд эхнэр Ж.Д-г зааж байсан. Тэгэхээр нь би Ж.Д дээр очоод ямар учраас гэж хэлэхэд Ж.Д миний мунхагаас боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тухайн хэрэг болох үед Ж.Д-гийн ээж Б.Дарь эгч манай гэрт ирээд болсон явдлын талаар хэлээд цуг хүргэн С.М-ынд очсон. Тухайн үед очиход Ж.Д уйлаад сууж байсан. Хадам ээж нь танай охин чинь хүүхдээ гаргаад шидчихсэн гээд байцгааж байсан. Тухайн үед цагдаа нар ирээд явсны дараа гэрт Ж.Д бид 2 орон дээр зэрэгцээд сууж байсан чинь Ж.Д-гийн хадам аав Ж.С аав нь охиныг дайрчихсан юм уу гэж Ж.Д-гээс асуусан. Тэгэхэд Ж.Д уйлчихсан сууж байсан. Тэгээд Ж.Д тийм гэж хэлээд толгой дохиж байсан. Тухайн үед Ж.С, Ж.Д бид гурав байсан. Тухайн үед Ж.С Ж.Д-гийн мөрний ойролцоо ирээд тэгж асууж байсан. Би Ж.Д-гийн хадмуудыг тохины гайгүй настай хүмүүс болохоор гайгүй хэргийг нь шийдчихэж байгаа юм байлгүй би дундуур нь хов зөөгөөд яахав дээ гэж бодоод тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тухайн хэрэг болох үед би Төв аймгийн Борнуур суманд ажил хийж байсан. Тухайн үед манай хүргэн С.М-ын саахалт айлын н.Нэргүй гэх хүн над руу утсаар яриад танай хүргэний бага хүүхэд нас барчихлаа. Энд ажил явдал гарлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би тэндээс маргааш нь Бүрд суманд ирээд бэр Чимгээг дагуулаад хүргэн С.М-ын гэрт ирсэн. Тухайн үед намайг ирэхэд манай хүргэний ээж н.Тогоо гэх хүүхэн танай охин чинь хүүхэд алчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тэндээ ажил явдлыг нь өнгөрөөчихөөд тэгээд би буцаад Төв аймаг руу ажил руугаа явсан. Намайг ажил дээрээ очоод 10 гаран хоносны дараа манай бэр н.Ч утсаар ярихдаа тухайн ажил явдлын үеэр хадам аав нь Ж.Д-гээс аав нь дайрчихсан юм уу гэж асуугаад Ж.Д тийм гэж хэлж байсан гэж хэлсэн. Энэ талаар мэдэхгүй. Сумын төв рүү эмнэлэгт мэдэгдэх гээд би Ж.Д-гийн хадам аав ээж мөн машины жолооч бид дөрөв явсан. Замдаа ямар нэгэн цагдаад хүүхэд орноос унаж нас барсан талаар мэдүүлэг өгөх юм яриагүй. Харин эмнэлэг рүү орчихоод гарч ирэхдээ орноос унаж нас барсан гэж хэллээ гэж З.С хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд би төвд араас нь цагдаа нартай цуг ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103  дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1064 дугаартай дүгнэлтэнд: 1.Талийгаач М.Г-ын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн шинжилгээнүүдээр талийгаачид гавлын яс баруун зулай, чамархай яс хэсгээс  цөмөрч шахагдан, баруун, зүүн зулай, чамархай, суурь ясыг дайрсан хөндлөн хугарал, суман заадас, титэм заадас, дагзны лямбда заадасны салалт, баруун хацар ясны чамархайн сэртэн, 2 нүдний ухархайн гадна, дотор хана, хамар ясны уг дайрсан суурийн өмнөд хөндлөн хугарал, эрүүний баруун их биеийн дотор ялтасны цуурсан хугарал, аман, хатан хүзүүний их биеийн үйрсэн хугарал, сээрний 5.6-р нугалмын их биеийн хөл хэсгийн хугарал, тархины орой хэсгийн хатуу хальсны доорхи цус хуралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцралт, баруун, зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, баруун дээд зовхины гадна дээд хэсэгт шарх зэрэг гэмтлүүд учирсан байсан нь тогтоогдож байна. Талийгаач М.Г- нь дээрх гавал тархины амь насыг аврах боломж багатай хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

2.Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох, дарагдах, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.ШШҮХ-ийн ШЭШГ-ийн шинжээч эмч нарын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтлүүд толгойгоор арагш савах, толгой мохоо зүйлд дарагдаж шахагдах, мөн портер машины дугуйгаар шүргэх, дайрч шахах үед үүсэх боломжтой юм. Уг гэмтлүүд нь амь насыг аврах боломж багатай гэмтлүүд байх тул гэмтэл авснаас хойш хүүхэд унтаарах, хурхирах зэрэг шинж илэрч болно гэжээ. / 2 хх 58-59 хуудас/

Шинжээч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...талийгаач М.Г-ад 1064 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-рт бичсэн гэмтлүүд үүссэн байсан. Тухайн гэмтлүүд толгойгоор хүчтэй савагдах, хүнд зүйлд дарагдах, шахагдах механизмаар үүснэ гэж үзсэн. Тухайн гэмтлүүд портер маркийн автомашинд дарагдаж, дугуйнд шахагдсаны улмаас үүсэх боломжтой гэж үзсэн. Тухайн гэмтлүүд 1-2 м өндөрөөс унах буюу шидэгдсэн тохиолдолд дээрх гэмтэл үүсэх боломжгүй гэжээ. / 2 хх 62-63 хуудас/ 

Техникийн шинжээчийн №16 тоот актын:

1.Яллагдагч Ж.Д-гийн мэдүүлгийг зам тээврийн осол гэж үзэхгүй.

2.Зам тээврийн осол биш учир 2-3 дугаар асуултад хариулах боломжгүй ...гэх дүгнэлт /1 хх-ийн 122-123 дугаар хуудас/,  

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1 хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-гийн оршин суугаа газрын талаарх Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 76-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-гийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар 1 нас 1 сартай М.Г нь гавлын яс баруун зулай, чамархай яс хэсгээр цөмөрч шахагдан, баруун, зүүн зулай, чамархай, суурь ясыг дайрсан хөндлөн хугарал, суман заадас, титэм заадас, дагзны лямбда заадасны салалт, баруун хацар ясны чамархайн сэртэн, 2 нүдний ухархайн гадна, дотор хана, хамар ясны уг дайрсан суурийн өмнөд хөндлөн хугарал, эрүүний баруун их биеийн дотор ялтасны цуурсан хугарал, аман, хатан хүзүүний их биеийн үйрсэн хугарал, сээрний 5.6-р нугалмын их биеийн хөл хэсгийн хугарал, тархины орой хэсгийн хатуу хальсны доорхи цус хуралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцралт, баруун, зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, баруун дээд зовхины гадна дээд хэсэгт шарх зэрэг гэмтлийн улмаас нас баржээ.

Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1064 дугаартай дүгнэлтээр мохоо зүйлийн цохигдох, дарагдах, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ.

 Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ж.Д /талийгаачийн ээж/, С.М/талийгаачийн аав/, Д.М-ын аав З.С, 4 настай хүү М.Г нар байсан нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М2017 оны 07 дугаар сарын 01-нд мэдүүлэхдээ: /хх 15 хуудас/, ...2017 оны 07 дугаар сарын 31-нд 18 цагийн үед тэнгэр эвгүйхээр нь би адуундаа мордоод 30-40 мин дараа гэртээ ирэхэд охин М.Г өнгөрчихлөө гээд эхнэр тэвэрчихсэн сууж байсан, шалан дээр унасан байна гэж эхнэр хэлсэн... гэх, 2017 оны 08 дугаар сарын 21-нд өгсөн мэдүүлэгтээ /хх 16 хуудас/, ...охин гэрээс 2м гарантай машины хажууд 1 метр зайд байсан тэгээд би машинаас буугаад хартал эхнэр машины хажууд хүүгээ тэврээд зогсож байсан. Эхнэр охиноо шидчихлээ би ямар тэнэг юм бэ гэж хэлж байснаа охиныг надад өгөөд газар суугаад уйлж байсан... гэх, 2017 оны 10 дугаар сарын 03-нд өгсөн мэдүүлэгтээ: /хх 94-95 хуудас/ ...би том хүүгээ аваад бага хүүхэд хөхөө хөхөх юм чинь гэж хэлэхэд аав гэрээс гараад гэрийн урд 3-4 алхамын зайд байсан машины хажууд тамхи татаад зогсож байсан. Намайг гэрээс гарсан чинь манай охин гадна зогсож байсан. Эхнэр хувцасыг нь бэлдээд байж байсан. Би авч явж яах юм хөхүүл юм чинь замд машин тэрэг эвдэрчихвэл яах юм гэж хэлээд гарахад манай охин араас өөрөө дагаад гараад ирсэн. Би тэврээд гэрт орж гэрийн зүүн орон дээр тавьж охиноо аваарай би явлаа шүү гэж хэлээд гэрээс гарч том хүү М.Г-ыг аваад машиндаа суусан. Машинаа асаагаад хөдлөхөд манай банди М.  аав ээж дүүг тэврээд гараад ирлээ гэж хэлэхэд би машины арын цонхоор харахад хүүхдийн орилох дуу гарч эхнэр тонгойсон байдалтай байж байсан. Би аав зогсоорой хүүхэд араас шидчих шиг боллоо гэж хэлээд эргээд нөгөө талын хаалганы цонхоор харахад машины эсрэг тал руу буюу хөл нь машины кузов руу чиглэлтэй толгой гэр лүү чиглэлтэй хажуу тийшээ харсан байдалтай газар унасан байсан... гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд С.М мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарн 31-ний өдөр ...бага охин гадаа байсан. Би гэртээ оруулаад орон дээр тавьсан. Би гарч ирэхэд охин араас ахин гарч ирсэн. Би охиноо оруулж өгөөд машинд суусан. Том хүү ээж гараад ирлээ гэсэн. Би машины цонхоор харахад эхнэр охиноо тэвэрсэн гарч ирсэн байсан. Хүүхэд хашгирах дуу гарсан би аав зогсоорой хүүхэд шидчих шиг боллоо гэж хэлсэн. Хүүхэд 10 минут ухаантай байгаад өнгөрсөн гэх мэдүүлгээр хохирогч С.М тогтвортой мэдүүлэг өгдөггүй, мөн хохирогч Ж.Д-г хүүхэд шидэж байхыг хараагүй, гэрч З.С 2017 оны 08 дугаар сарын 01-нд мэдүүлэхдээ ...хүү С.М-ынд ирэхэд ач М.Г- нас барсан байсан. Юу болсон талаар асуухад талийгаач орноос унасан гэж хэлсэн гэх /хх 19-20 хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 02-нд мэдүүлэхдээ: ...би машинаа хөдөлгөөд явсан. Тэгсэн гэнэт машины араас охиныг шидчихлээ ааваа зогсоорой гэж хэлсэн  ...очиж харахад ач охины тархи хагарсан байсан гэх / 27-28 хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 03-нд мэдүүлэхдээ ...талийгаачийг тэвэрчихсэн гарч ирж байхыг харсан. Өөр зүйл хараагүй гэх мэдүүлэг /хх 96-97 хуудас/-ээр хохирогч С.М-, гэрч З.С нар талийгаач М.Г-ыг Ж.Д шидэж байхыг хараагүй гэж мэдүүлсэн байна.

Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1064 дугаартай дүгнэлтээр 1-2 метрийн өндөрөөс унахад талийгаачид уг гэмтлүүд үүсэх боломжгүй, портер машины дугуйгаар шүргэх, дайрч шахах үед үүсэх боломжтой гэжээ.

Иймд шүүгдэгч Ж.Д талийгаач М.Г-ыг шидэж, алсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн  10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Д талийгаач М.Г-ыг тэвэрч байх үедээ түүнийг газарт унагаснаар хөдөлж буй машины дугуйнд талийгаачийн толгойн оройн хэсэг шүргэгдэж гэмтэл авч нас барсан гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Д-г М.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан болно.

Шүүгдэгч энэ хэрэгт 52 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дах хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ж.Д-д яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт  Ж.Д-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б овогт Ж.Д-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д 52 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Ж.Д  бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА

                    ШҮҮГЧИД                           Г.ЭНХ-АМГАЛАН

                                                        Ц.ДАГИЙМАА