| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0089/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/98 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/98
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзийгийн шүүгдэгч А овгийн Х.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827002240102 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .......... гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....... регистрийн дугаартай, А овгийн Х.Б
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар 18 шинэс мод бэлтгэсэн нь үнэн. Модоо Хужирт сум руу оруулж байгаад Б.А байцаагчид баригдсан гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х.Бийг зөвшөөрөлгүй 18 ширхэг шинэс мод тээврийн хэрэгслээр тээвэрлээд явж байхад нь Хужирт сумын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.А илрүүлэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Ц, Б.А нар Х.Б-ийн хашаанаас тухайн мод ачсан тээврийн хэрэгслийг нь чирч Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авч ирж модыг буулгасан байсан. Би тухайн зөвшөөрөлгүй бэлтгэсэн 18 ширхэг хуурай шинэс модонд хэмжилт хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Х.Б нь ..... улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр модыг тээвэрлэсэн байсан. Модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн гэж байсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Х.Б хохирол төлбөрийн актаар тогтоогдсон 453 600 төгрөгөө төлчихвөл надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ ...Х.Б байгаль экологид учруулсан хохирол нөхөн төлбөрөө бүрэн барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Б.А над руу гар утсаар залгаж Х.Б гэдэг хүн эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэхээр нь би Хужирт сумын 5 дугаар багт Б.А дээр явж очиход тэр Х.Б гэдэг хүний хашаанд орчихсон хамт байж байсан. Х.Б нь зөвшөөрөлгүй 18 ширхэг шинэс мод бэлтгэсэн байсан. Х.Б хэлэхдээ тухайн модыг Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Хуурай шинэс мод байсан. Зөвшөөрөл аваагүй. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газарт ордоггүй... гэжээ /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Х.Б нь ..... улсын дугаартай цэнхэр өнгийн Киа бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан түүнийг зогсоож шалгахад тэр зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан... гэжээ /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би энэ тээврийн хэрэгслийг 2015 оны 12 дугаар сард Бат-Өлзий сумын иргэн н.Н гэж хүнд 2 500 000 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш н.Н гэх хүн нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм. Н.Н бид хоёрын хооронд ямар нэгэн өр зээл мөнгөний үлдэгдэл тийм асуудал байхгүй... гэжээ /хх-ийн 62 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...2017 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Х.Б гэх хүнд зарсан. Мөнгөний өгөө аваа байхгүй. О гэх хүнээс худалдаж аваад шилжүүлж чадаагүй... гэжээ /хх-ийн 63 дугаар хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Х.Б бид хоёр 2018 оны 09 дүгээр сард машины наймаа хийсэн. Тэр надад машинаа зарсаныхаа дараа 2018 оны 10 дугаар сарын дундуур машинаа өгч байгаач хөдөө явчихаад ирье гээд гуйгаад аваад явсан. Тэгсэн маргааш нь модтой сумын төвд орээд цагдаад баригдсан гэж надад хэлсэн. Намайг нутгийн иргэд Баваа гэж дууддаг... гэжээ /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ...Хужирт сумын 3 дугаар багийн иргэн Х.Б-ид Сум дундын ой ангийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08 тоотоор ойд учруулсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ болох 151200 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 453 600 төгрөгөөр нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв... гэсэн 15/04/336/04 дугаартай нөхөн төлбөрийн акт /хх-ийн 70 дугаар хуудас/,
Хохиролд 453 600 төгрөг төлсөн төлбөрийн баримт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч Х.Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь шүүгдэгч Х.Б-оос нэхэмжилсэн зүйлгүй болох нь хохирогчийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ , төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.М-нх болох нь тогтоогдож байх тул уг машины үнэлгээгээр 1 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, мөн 18 ширхэг шинэс модыг худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн мөнгөн бүс, мөнгөн аяга 1 ширхэгийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Х.Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Х.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн мөнгөн бүс, 1 ширхэг мөнгөн аяга 1 ширхэгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Хужирт сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд битүүмжилж, иргэний нэхэмжлэгч О.А-т хариуцуулсан 134 000 төгрөгийн үнэлгээтэй, 18 ширхэг шинэс модыг худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150 000 төгрөгийн үнэлгээтэй, 1 ширхэг цахилгаан хөрөөг улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Х.Б-оос гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА