| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0088/Э/Н |
| Дугаар | 2018/ШЦТ/99 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/99
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч Д овгийн Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827001900096 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн .......... багт оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...... регистрийн дугаартай, Д овгийн Д.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын .............. гэх газраас хохирогч Г.М-ын эзэмшлийн хар өнгийн Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.М-т бага хэмжээнээс дээш буюу 1 360 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын 9 дүгээр гудамж 25 тоот хашаанаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар иргэн Д-ы эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч хохирогч Д.Д-т бага хэмжээнээс дээш буюу 480 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа багийн нутаг “Азарын дэрс” гэх газраас хохирогч Г.М-ын эзэмшлийн хар өнгийн Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.М-т бага хэмжээнээс дээш буюу 1 360 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын 9 дүгээр гудамж 25 тоот хашаанаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар иргэн Д.Д-ы эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч хохирогч Д.Д-т бага хэмжээнээс дээш буюу 480 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Би тоглолт үзчихээд таньдаг ахынхаа хүүхдийн найранд очсон. Тэгээд хөдөө гэр рүүгээ харих санаатай Х.Г ахынд очсон. Гэтэл нохой нь дайраад оруулахгүй байсан. Тэгээд мотоцикль нь түлхүүртэйгээ байхаар нь унаад явсан. Гэртээ очтол эхнэр загнаад Х.Г ахтай утсаар ярьж мотоциклио ав гэж хэлсэн. Мөн тэр өдөр Д.Д-ы ногоон өнгийн мустанг маркийн мотоцикль нь хашаандаа хэвтээгээрээ байхаар нь босгоод гишгэсэн чинь түлхүүргүй ассан. Тэгээд би унаад явсан, бинзен нь дуусаад Х.Г ахынд очсон. Д.Д-, Г.М нарын мотоциклийг унаж явахдаа зөвшөөрөл аваагүй. Хоёр мотоциклийг хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэрийн гадаа байсан хар өнгийн Ямаха мотоцикль алга байсан. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би тухайн мотоциклийг 2017 оны 05 дугаар сард 1 790 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо мотоциклийн үнэ 1 700 000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн алдагдсан мотоциклио олсон учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өөрийнхөө эзэмшилд байгаа улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хашаанаас алдсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдээд удалгүй мотоциклио олж авсан явдалд үнэхээр их баярлаж байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийнхөө мотоциклийг бүтнээр нь хүлээн авсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл огт байхгүй. Би хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө босоход гэрийн гадна байсан хүү Г.М-ын хар өнгийн Ямаха улсын дугааргүй мотоцикль алга болсон байсан. Мөрийг нь дагахад Архангай аймгийн Хашаат сумын Цайдам чигтэй мөр байсан. Дугуйны мөр нь бусад хятад мотоциклоос өөр урд дугуй усан хээтэй, хойд дугуй усан хээтэй. Мөрийг нь дагаж явсаар байгаад засмал нийлээд мөрийг нь алдсан. Өглөө хяруу унасан байсан болохоор засмал замын хажуу руу шорон зам руу гарсан гарц болгоныг мөр хайж явсаар байгаад н.М хочит айлд очсон юм. Тэгтэл түүний эхнэр хэлэхдээ манай нөхөр н.М хулгайн хар мотоцикль унаж ирэхээр нь би аваад үлдсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн мотоциклийг унаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 3 хоногийн өмнө манай нөхөр н.Дашзэвэг хүүгийн мотоциклийг гэрийн гадаа авч ирж тавьсан. Түүнээс хойш мотоцикль унаагүй. Тэгээд 09 дүгээр сарын 23-ны шөнө нөхрийг гэртээ орж ирэхэд мотоцикль гэрийн гадаа байсан. Маргааш өглөө нь гарахад мотоцикль нь алга болсон байсан. Тэгээд хүү Д.Д-д мотоцикль алга болсон талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ “Вендо” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцогдож 1 360 000 /нэг сая гурван зуун жаран мянган/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 20-25 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ “Вендо” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн жиших хандлагаар үнэлэв. Уг хөрөнгийн үнэлгээ нь нийт 480 000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 26-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч Д.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.М, Д.Д нар нь шүүгдэгч Д.Д-аас нэхэмжилсэн зүйлгүй болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнээс хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д-ийн Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Д-ийн Д-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчи н төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА