Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2016/00154/И |
Дугаар | 165 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 165
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга /Б.Баатарсүрэн/-ын хүсэлттэй Б.Ганцэцэг /ЗЕ85080701/-ийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баатарсүрэн, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус багийн 2-р багийн иргэн Б.Ганцэцэг 31 настай, эмэгтэй, ам бүл 4-үүл ээж, хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Дундын гуанз гэдэг газар амьдардаг. Б.Ганцэцэг нь төрөлхийн оюуны хомсдолтой, бичиг үсэг огт тайлагдаагүй, өөрийн ээж Б.Батцэрэнгийн асрамжинд байдаг. Б.Ганцэцэг нь 2016 оны ээлжит УИХ болон орон нутгийн сонгуульд санал өгөх эрх зүйн чадамжгүй. Иймд Сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн дүгнэлт болон багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүсэлтийг хүлээн авч Б.Ганцэцэгийн сонгуульд санал өгөх эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын засаг дарга Б.Баатарсүрэн нь тус сумын 2-р багийн иргэн Батсүрэнгийн Ганцэцэгийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар тус хүсэлтийг хуульд заасан эрх бүхий этгээд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Батсүрэнгийн Ганцэцэг нь бие даан амьдарч чадахгүй, бусдын асрамжинд байнга байх ёстой болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганцэцэгийн сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийг шинжээчээр томилсон. Тус эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд ....’’Б.Ганцэцэг нь төрөлхийн оюун ухааны хүндэвтэр хомсдолтой, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамжгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байна’’ гэжээ.
Иймд Б.Ганцэцэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Баасангийн Батцэрэнг тогтоож, тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чойдог овогт Батсүрэнгийн Ганцэцэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Чойдог овогт Баасангийн Батцэрэн /ЗЕ58051407/-г тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР