Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01207

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01207

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/01323 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 50,587,541 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

ажлын хөлс 29,461,650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Далайжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-аар Сонгино хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр байрлах шинээр баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын сантехникийн ажлыг материалын хамт 2018 оны 07 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтүүлсэн.

Тус барилгын дотор халаалт, сантехникийн системийн ажил гүйцэтгэж, шугам хоолойг угсрахдаа барилгын чанар, стандарт, техникийн шаардлага норм хангаагүй бараа материал ашигласан, стандартын дагуу суурилуулаагүйн улмаас доголдол үүсч РVС шугам хоолой нь задарч ус алдсан. Тухайн доголдол гэмтлийг арилгахыг тухай бүрд нь хариуцагчтай холбогдож хэлж байсан бөгөөд тус компани засварын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас манай А ХХК 58,522,428 төгрөгөөр хувь хүмүүстэй гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгүүлсэн.

Гүйцэтгэгч Б ХХК-аас болж манай компани нэр хүнд, мөнгө санхүүгээр хохирсон. Мөн тухайн гэмтлээс болж оршин суугчид, үйлчилгээний төвд ус алдаж оршин суугчид байнга хохирсоор байсан.

Манай компани гүйцэтгэгч Б ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Гэрээний дагуу чанарын баталгааны 5 хувь болох 8,234,887 төгрөгийн үлдэгдэл бий. Иймд Б ХХК-аас А ХХК-д засварын ажлын хөлс, материалын зардал 58,822,428 төгрөгөөс чанарын баталгааны 5 хувь 8,234,887 төгрөгийг хасч, үлдэгдэл 50,587,541 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ажлын хөлсийг А ХХК-ийн захирал Э-ын 50057099** тоот данснаас болон бэлнээр төлсөн. Мөн тус гэрээний 4.7-д зааснаар барьцаа мөнгө болох 8,000,000 төгрөгийг учирсан хохирол 58,587,541 төгрөгөөс хасаж нэхэмжилсэн болно. Б ХХК-ийн санал болгосон үнээр ажлыг хийлгэсэн бөгөөд ямар нэгэн нэмэлтээр ажил хийлгээгүй тул нэмэлт ажил үйлчилгээний 9,198,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Талуудын байгуулсан гэрээний 3.3-т зааснаар Б ХХК нь барилгын сантехникийн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаанд нь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 2019-2020 онд байранд орсон бүх айлыг орж дуустал манай байгууллага туршилт тохируулга, засвар үйлчилгээг хийсэн.

Ажил хийгдэх явцад тухай бүр нь В ХХК-ийн захирал н.Үүрийнбаяр, мөн А ХХК-ийн Б.Батцоож нарт авах сантехникийн материалаа үзүүлж зөвшөөрсний үндсэн дээр нь худалдан авч байсан. Иймд чанарын шаардлага хангаагүй материалаар сантехникийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй болно.

Хэрэв Б ХХК нь стандартын шаардлага хангаагүй бараа материал ашиглаж ажил гүйцэтгэсний улмаас захиалагч байгууллагад их хэмжээний хохирол учирсан бол гүйцэтгэгч байгууллагыг оролцуулан, улсын мэргэжлийн хяналтын байцаагчаар акт гаргуулж, учирсан хохирлоо баталгаажуулах ажиллагаа хийгдэх ёстой. Гэрээний 5.9 дүгээр зүйлд зааснаар захиалагч баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, доголдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгөхөөр заасан байгаа. Энэ дагуу манай байгууллагад мэдэгдэл ирүүлж байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Гэрээний 4.1-д зааснаар ажлын нийт хөлс 163,197,750 төгрөг, үүнээс бартерын 90,583,763 төгрөг, үлдсэн 74,113,897 төгрөгийг бэлэн авч ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Бартер нь 9 давхрын 3 өрөө байр байсан. Үлдсэн байрны зөрүү болох 12,103,763 төгрөгийг бартерын 1 өрөө байр зарсан мөнгөнөөс авахаар тохиролцсон. Мөн гэрээний 4.7-д заасан гэрээт ажлын чанарын баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 8,159,887 төгрөгийг байршуулсан. Б ХХК нь гэрээнд заасан ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй, дотор ажлын материалын зардал болох 9,198,000 төгрөгийн нэмэлт ажил болох, техникийн давхрын холболт, халаах хэрэгсэл, 1 2 давхарт халаалтын хэрэгсэл мөн 00-н өрөөний холболт ванн, суултуур тавьсан зэрэг ажлуудыг А ХХК-ийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн.

Иймд гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,103,763 төгрөг, гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар байршуулсан 8,159,887 төгрөг, нэмэлт ажлын хөлс 9,198,000 төгрөг, нийт 29,461,650 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 50,587,541 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б ХХК-ийн нэхэмжлэгч А ХХК-аас ажлын хөлс 29,461,650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 887 төгрөгийг, хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 258 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Б ХХК нь барилгын дотор халаалт, цэвэр бохир усны угсралтын ажлыг хийж гүйцэтгэж, сантехникийн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 31- ний өдөр дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 183/008 тоот актаар хүлээлгэн өгснөөр талууд ажлын үр дүнг хүлээлцсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнсэн.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн дотор А ХХК нь гүйцэтгэгч Б ХХК-д холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэж байгаа нь шүүх дээрх хоёр үндэслэлийн алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа нь эргэлзээтэй болсон. Шүүх гомдлын шаардлага гаргах хугацааг буруу тооцож, маргааны гол зүйл болох хэрэгт холбогдолтой нотлох баримтууд болон зохигчид, гэрчүүдийн мэдүүлэг, тайлбарыг үнэлж, дүгнэлгүйгээр гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж хуулийг буруу тайлбарласан.

А ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/20 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /сантехникийн угсралт/ Б ХХК-тай байгуулж 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисст тус барилгыг хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш буюу 2019, 2020 2021 онуудад тус гэрээний 5.2-т заасны дагуу 3 жилийн хугацаанд чанарын баталгааг гаргасан. Хариуцагч Б ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд барилгын дотор халаалт, сантехникийн угсралт, шугам хоолойг угсрахдаа стандартын дагуу суурилуулаагүйн улмаас доголдол үүссэн талаар А ХХК нь хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч манай чанарын баталгааны мөнгө байгаа тул өөрсдөө наад мөнгөөрөө зас гэсэн хариуг өгөөд дахин холбогдож чадаагүй.

Иймээс 2021 онд оршин суугчдын гомдол, зайлшгүй нөхцөл шалтгааны улмаас барилгын дотор сантехникийн ажил хийдэг хувь хүмүүстэй гэрээ байгуулж өөрсдийн зардлаар буюу нийт 58,822,428 төгрөгийг гаргаж, оршин суугчдыг хохиролгүй болгож, үүнтэй холбоотой баримтуудыг өгсөн байтал А ХХК нь доголдлыг хэдийд илрүүлсэн талаараа баримтаар нотлоогүй тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг дээрээ байхгүй байснаас шалтгаалан манай компани 2022 оны 4 сард хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хариуцагчийн сүүлд олдсон хаягаар буюу 2022 оны 10 сард дахин Хан-уул дүүргийн шүүхэд хуулийн хугацаандаа нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх талуудын тайлбар хүсэлтийг үнэлээгүй атлаа, зохигчдын тайлбар, маргаанд огт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэл гаргаж, хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж 2018 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэргийн баримт, талуудын тайлбараар нотлогддог. Гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргаж өгсөн. Энэхүү чанарын баталгаа нь 2021 оны 12 дугаар сард дуусгавар болсон.

А ХХК нь 2021 онд оршин суугчид гомдол гаргасан тул хувь хүмүүстэй гэрээ байгуулж засварын ажил хийсэн гэж тайлбарладаг. Тухайн үед оршин суугчдаас гомдол гарсан бол эхлээд Б ХХК-д мэдэгдээд, эвдрэл гэмтлийн талаар актаар хүлээлцсэний дараа хувь хүмүүстэй гэрээ хийх байсан. Нэхэмжлэгч дур мэдэн хувь хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ хийсэн атлаа уг зардлаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч гомдолдоо 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж хэргийн материалд дурдагдаагүй огноог тусгасан. А ХХК-ийн ерөнхий инженер гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2018 оны 12 дугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг. А ХХК-ийн шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 50,587, 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,103,763 төгрөг, ажлын чанарын баталгааны төлбөр 8,159,887 төгрөг, нэмэлт ажлын хөлс 9,198,000 төгрөг, нийт 29,461,650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой байна.

 

4. Зохигч нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь барилгын дотор халаалт, цэвэр, бохир усны сантехникийн угсралтын ажлыг 45 хоногт багтаан буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, захиалагч А ХХК нь ажлын хөлс 163,197,750 төгрөг төлөхөөр, гүйцэтгэгч нь 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргахаар харилцан тохиролцжээ /хх 9-13/.

 

4.1. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Б ХХК нь барилгын дотор халаалт, цэвэр бохир усны сантехинкийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэснийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж алдаатай дүгнэжээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш гурван жилийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч нь барилгын ажлын гүйцэтгэлийн доголдолын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсгийн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэх зохицуулалтын дагуу ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой учирсан хохирлоо нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

5. Хэдийгээр нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбоотой учирсан хохирол 50,587,541 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байх боловч энэхүү шаардлага нь баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн, эсхүл гүйцэтгэсэн ажилд нь ямар нэг доголдол байвал доголдлыг арилгуулах, ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн биет байдлын болон эрхийн доголдолын үр дагаварыг хариуцдаг.

 

5.1. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.Отгондулам, А.Алтаншагай, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Ганболд, Д.Батчулуун нартай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн орон сууцны дотор халаалтын шугамын ажил нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой шууд холбоотой болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2021 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажлыг нотолсон гэрэл зургийн үзүүлэлт, С.Отгондулам, А.Алтаншагай, Д.Ганболд нарт төлбөр төлсөн дансны хуулга, А.Алтаншагай, Д.Батчулуун нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нь хариуцагчийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлохгүй.

 

5.2. Мөн захиалагч буюу нэхэмжлэгч компани нь хариуцагч болох гүйцэтгэгч компанид доголдлын талаар мэдэгдэх, баталгаат хугацааны дотор доголдлыг арилгуулах, ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдол арилгуулахаар хугацаа тогтоох арга хэмжээг аваагүй нь нэхэмжлэлийг үгүйсгэх нөхцөл болж байна.

Түүнчлэн ажлын үр дүнгийн доголдлыг зохигч баталгаажуулсан, эсхүл бусад этгээдээр доголдлыг тогтоолгосон, хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд дүгнэлт гаргуулсан үйл баримтгүй.

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбоотой учирсан хохирол 50,587,541 төгрөгийг шаардах эрхгүй.

Маргааны зүйлд хамаарах дээрх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж, хамааралгүй заалтыг хассан өөрчлөлт оруулна.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/01323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.2.1 гэснийг хасч, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гэснийг 355 дугаар зүйлийн 355.2.2-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ