| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0082/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/92 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/92
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий, Хохирогчийн өмгөөлөгч: Н.Болд, Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Д.Б-т холбогдох эрүүгийн 1827000000091 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .... гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 18 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 18 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овгийн Д.Б /РД:......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд өөрийн эхнэр хохирогч Л.А-ыг үснээс нь зулгааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд хохирогч Г.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд хохирогч Д.Б-ын толгойн тус газарт модоор цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,
Ххирогч Л.А-ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Б-ийн хамаатан Б-гийн найранд очсон. Бид нарыг очиход Б-гийн гэрт гаднаас хүн байгаагүй. ... нэг мэдсэн чинь гэрийн эзэн Б- энэ хэд хэрэлдээд байна гарч Б-ийг ав гэж хэлсэн. Намайг гэрээс гарахад Б-ын толгойг хагалчихсан Б- ширээний хөл барьчихсан хашгираад байсан. Тэгэхээр нь Д ах бид хоёр Б-өөс ширээний хөлийг булааж авсан... намайг гэрээс гарахад Б Д гуайг цохисон байсан. Би Б-ыг аваад Д ахын байшинд орсон. Тэгээд Б-ыг эмнэлэг явъя толгойноос чинь цус гараад байна гэж хэлээд байж байтал гаднаас Б- орж ирээд явъя гэж байна гэж хэлээд миний үснээс чирээд гадаа гарсан. Байшингийн үүдний довжоо дээрээс би ойчсон. Тэгэхээр нь би Б-өөс зугтааж Б-гийн гэрт орсон. Тэр үед гэрт байсан Б-гийн эхнэр миний үсийг яачихсан юм бэ? гэж асууж байсан. Тэгээд үсээ самнаж үзтэл миний үс халцарчихсан байсан. Тэгээд би Б-гийн гэрт байж байгаад өөрийнхөө найз Усжуулахын тэнд байдаг Б-ын гэрт ороод унтсан ...Б- архи дарс хэрэглээгүй байсан ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Д-гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай 5 дахь хүүхэд гэр барьсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ унтаж байтал 22 цагийн үед манай хашаанд улсууд шуугиад байхаар нь би гараад хартал улсууд хоорондоо маргалдаж байсан. Та нар боль гэж хэлсэн миний хэлсэнийг ерөөсөө тоогоогүй. Б гэх залууг Б- зодоод байсан. Тэгээд Б- ширээний хөлөөр Б гэх залууг 3 удаа цохьсон. Тэгээд би Б-ийг барьж аваад салгаад хамт явсан. Би гэртээ орох гээд явж байтал миний араас Б- модоор цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд ухаан орж байтал миний зүүн шанаа руу өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд Б- зугтаагаад яваад өгсөн. Тэгээд манай охин Д.О гэрээсээ ирээд намайг эмнэлэгт авчирч үзүүлсэн. ...Зүүн шанаа хэсэг хавдсан, зулай хэсэг зурагдаж урагдсан, дээд үүдэн шүд ойчсон. Дээд уруул сэтэрсэн 3 оёо тавиулсан, баруун гарын 5 хурууны үеэн дээр модоор цохьсон учир хүндүүр байна...” гэсэн
мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-ын өгсөн: “...Манай аавын ах Дгийн хүү Б- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг "Усжуулах" гэх газарт шинэ гэр барьж найр хийсэн юм. Уг найранд би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Б- болон Б-ийн эхнэр Алтанзул нарын хамт 3-уул очсон
...Б, Б бид гурав төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд найранд ороод ганц шил архи уусан чинь Б- Б-гээс танай аав чинь миний ээж дээр очиж золгодоггүй гэж хэрүүл нэхсэн. Б- согтчихоод агсан тавьсан, Б-гээс хэрүүл нэхсэн тэгэхээр нь би Б-ийг гэрээс аваад гартал Б-гийн аав Д ах гэрээсээ гарч ирсэн. Д нь манай аавын ах 70 гарсан хүн байдаг. Б- чи манай ээж дээр очиж золгодоггүй гээд Д ахыг заамдаад бариад авсан тэгэхээр би дундуур ороод салгасан. Тэр үед Д ах Б-гийн гэрт орсон. Тэгээд Б- бид хоёр гадаа байж байхад миний ар толгой хэсэг рүү Б- модоор цохисон. Тэр үед би газар ойчсон. ...Б миний толгой руу модоор цохьсон тэр шөнө Хархорин сумын нэгдсэн эмнэлэг орж гурван оёдол толгой хэсэгтээ тавиулсан
...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Гэрч Д.О-гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 02 цагт миний төрсөн дүү Б- 80710980 дугаараас залгаад манай аав Д-г хүнд зодуулчихсан байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би аавынд яваад очиход аав орон дээрээ хэвтчихсэн нүүр ам нь нил цус болчихсон байсан. Сэтэрсэн уруулаас нь цус гоожоод байж байсан. Тэгээд эмнэлэг авч яваад түргэний эмчид үзүүлсэн. Эмч үзээд сэтэрсэн дээд урууланд 3 оёо тавиулсан
...Тэгээд ажил цуглахаар цагдаагийн байгууллагад аавыг маань зодсон хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр өргөдөл бичиж өгсөн ...Д.Б манай аавын төрсөн эгч Г.Ц-ийн бага хүү нь цусан төрлийн хамаатан улсууд байгаа юм ...гомдолтой байна, хөгшин настай аавыг минь зодож, бие эрүүл мэндэд нь гэмтэл учруулсанд гомдолтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Л.Л-ийн өгсөн: “...Манай хадам аав ганц бие хүн байдаг. Тэр өдөр буюу хэрүүл маргаан гэрийн гадна болж байхад миний хадам аав гэрт орж ирээд буцаж гэрээс гарсан. Гэрийн гадна мөн Б-т зодуулсан байсан. Хадам аавын уруул нь нүүр хэсэг нь хөх болж хавдсан, толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэрний дараа нөгөө Б- байхгүй болчихсон байсан. Б- ах болон манай хадам аав Д нар эмнэлэгт хандсан. Тэгээд Б-ын ахын толгойноос цус гарч байсан оёдол тавиулсан. Харин миний хадам аавын доод уруул сэтэрсэн байсан тэгээд мөн оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-гийн өгсөн: “...Манай гэрт орж ирээд нээх удаагүй нэг шил архины хугасыг ууж байхдаа Б- надад агсам тавьсан ...Б- Б-ийг аваад гэрээс гарсан ...Манай гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байсан
...аавыг гэрээс гарч ирэхэд Б- нь Б-ыг манай гэрийн баруун талд байсан ширээний хөлөөр цохиж байсныг аав харсан байсан. ...Тэгээд манайхаас гарахад нь Б- аавыг модоор цохисон юм шиг байна лээ. Тухайн үед бол би гэрт дотор өөрийнхөө хүүхдүүдийг аваад байж байсан. ...Тэгээд хэсэг хугацааны дараа миний аав гаднаас хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Нүүр хавдсан уруул нь сэтэрсэн, шүд нь байхгүй болчихсон байсан. Тэгээд Б-ийг байна уу гэж гэрээс гарсан чинь Б- байхгүй явчихсан байсан. Тэрний дараа манай гэрт хоёр цагдаа ирсэн ...намайг Б- цохиж зодсон асуудал байхгүй ...бид нар ах дүүсийн холбоотой хүмүүс болохоор уг ширээг нэхэмжлэхгүй, үнэлэхгүй. Тухайн ширээг Б- эвдэж тэгээд ширээний хөл модоор Б- болон манай аав Д нарыг цохисон байсан. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэрч М.Л-ийн өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай хүн байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 76 настай эрэгтэй бусдад зодуулсан байдалтай өөрийн биеэр ирсэн. Тухайн хүнээс архи үнэртэж байсан. Дээд уруулаас нь цус гараад тогтохгүй байсан. Иймд түүний дээд уруулд анхдагч цэгцлэлт хийж зөвлөгөө өгсөн. Цэгцлэлт гэдэг нь шархыг цэвэрлээд оёдол тавьж боолт хийхийг хэлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Үзүүлэгч Л.А-ын биед тархи доргилт, толгой зүүн зулай хэсэгт үс Үгүйрсэн, баруун нүдний зовхины гадна хэсэг, баруун доод эрүү баруун хацар хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы ар дунд хэсэг, шилбэний гадна доод хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы гадна дээд ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо хучин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. ... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэсэн 646 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/
ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Үзүүлэгч Г.Д-гийн биед тархи доргилт, толгойн оройн баруун хэсэгт зулгаралт, дээд уруулын зүүн дунд хэсэгт шарх, хүзүү хоолойн зүүн урд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. ... Дээрх гэмтэл нь ерөнхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 646 дугаартай дүгнэлт
/хх-ийн 72, 76-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2018
оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Үзүүлэгч Д.Б-ын биед тархи доргилт, толгой дагзны дунд шарх, зүүн духны зүүн дунд хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна доод хэсгээс зүүн гарын шууны ар дээд, доод хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой ...дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 649 тоот дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2,
39-40, 92-93 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6,
43, 95 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-117 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд өөрийн эхнэр хохирогч Л.А-ыг үснээс нь зулгааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд хохирогч Г.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байх .......тоот хашаанд хохирогч Д.Б-ын толгойн тус газарт модоор цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Л.А-, Г.Д-, Б.Б- нарын өгсөн мэдүүлэг
/хх-ийн 23-24, 47, 97-98 дугаар хуудас, гэрч Д.О, Л.Л, Д.Б-, М.Л нарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61, 62-63, 64-65,
66 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх- ийн 100 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар нь гомдол саналгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Д.Б нь 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн
1.8-т зааснаар Д.Бийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэ бүхий 60-61 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн бага оврын ачааны Портер машиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ширээний хугарсан модон хөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн
1.5-т зааснаар Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА