Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р баг, Баяндулаан гэх газар нутаглах, Хавхчин овогт Чимэдцэеэгийн Энхжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оноос аав, ээжийгээ даган Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр урагдсаны улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1978-1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Чимэдцэеэ овогтой Энхжаргал нь 1978 оны 05 дугаар сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 сарын 20-ны өдрийн 3 дугаар тушаал, 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 267/15, 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 173/15 тоот лавлагаанууд, гэрч Д.Хүрэлийн Би 1961 оноос эхлээд нэгдэлд ажилд орж мал малладаг байсан. Ч.Энхжаргалын аав ээж нь нэгдлийн малчин байсан. Ч.Энхжаргал нь хүүхэд байхаасаа л аав ээждээ туслаж нэгдлийн мал малладаг байсан. Тэгээд 1980 оноос эхэлж нэгдэлд ажилд орж үнээ саах, хонь хариулах, ямаа самнах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Ч.Энхжаргал нь 1985 онд хүнтэй сууж өрх тусгаарлаад гэр бүлийн хүний хамт нэгдлийн суурь мал маллаж байгаад 1990 онд нэгдэл тарахад бид бүгд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг, гэрч В.Бямбадоржийн Ч.Энхжаргал нь 1980 оноос 1990 он хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан. Энхжаргалын аав нь нэгдлийн тоо бүртгэгчийн ажил хийдэг байсан. Аав, ээжийгээ дагаад нэгдэлд тасгийн үнээ сааж, эмчилгээний цэгийн малчин зэрэг ажлуудыг хийж байсан. 1984 онд хүнтэй суугаад гэр бүлээрээ нэгдлийн суурь мал маллаж байсан. Тэгээд 1990 онд хувьчлал бий болж нэгдэл тарах үед бид бүгд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч Ч.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чимэдцэеэ овогтой Энхжаргалыг 1978 оны 05 дугаар сарын 01-ээс 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

 

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

 

7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ