Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2016/00146/И |
Дугаар | 166 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 166
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг Хөндлөн гэх газар нутаглах, Цорж овогт Балдандоржийн Отгонбаатар /ЗЕ67090301/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг Хөндлөн гэх газар нутаглах, Богдыншавь овогт Жамъянгийн Ариунболор /ЗЕ62022111/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонбаатар, хариуцагч Ж.Ариунболор, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр Ж.Ариунболорын хүчирхийлэл дарамтанд цаашид хамт амьдрах боломжгүй болсны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд хандалгүйгээр тус шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би 1984 онд нөхөр болох Ж.Ариунболортой ханилан сууж, 1986 онд охин А.Ууганцэцэг, 1987 онд хүү Б.Уранбаатар, 1990 онд хүү Ө.Содномцэрэн, 2001 онд охин А.Үржинханд нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ 2006 онд батлуулсан. Нөхөр маань 1988 оноос эхлэн архи ууж, элдвээр хэлж доромжлон, агсам тавьж, зодож дарамтлах болсон. Хамгийн анх айлд архи ууж ирээд эцэг эхийн минь дэргэд миний толгой, чих рүү цохиж зодон, би зугтан 10-аад км-т айлд очиж хонож байсан. Мөн 1988 онд жирэмсэн байхад зодож байсан. Хүүхэд маань тархины өвчтэй төрж 1 сартайдаа өөд болсон ба үүнийг би нөхөртөө зодуулсанаас болсон байх гэж боддог юм. 1992 онд айлд даалуу тоглож ирээд гэрийн гадаа архины шилээр зодож байсан, 1999 оны өвөл архи ууж, агсам тавьж, гэрээс хөөсний улмаас би хөдөө хээр хонож, 2 хөлийн минь таваг хөлдөж байсан. 2000 онд бага охиноо тээж байх үед архи авч өг гэж намайг мотоцикльтой сундлан давхиж яваад унаж тархи толгойны өвчтэй хүүхэд төрсөн. 2000-2016 оныг хүртэл Ж.Ариунболор намайг байнга доромжилж, долоо хоногт 4-5 удаа архи ууж, чулуу шидэх, базах, чимхэх, үсдэх, гэр орны эд зүйл шидэх зэргээр зоддог. Мөн үр хүүхдүүдтэйгээ байнга муухай, хэрцгий хүйтэн хөндий харьцдаг. Түүний уусан архины өрийг төлж, түүний гаргаж буй ааш хэрцгий догшин авираас болж зөвхөн би биш, гэр бүлээрээ байнгын айдас түгшүүртэй, сэтгэл зүйн таагүй байдалтай хямралтай байдаг болсон. Амьдралын энэ асуудал, дарамт хүчирхийллийг би олон жил тэсэж тэвчсэн нөхрөө засрах байх, өөрчлөгдөх байх гэж олон жил итгэж, найдаж байсан. Би 2016 оны 4 дүгээр сард л анх удаа цагдаагийн байгууллагад бэрээрээ дамжуулан хандсан юм. Үүний улмаас холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бидэнтэй уулзаж, 2016 оны 4 сарын 20-ны өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 139/ШЗ2016/00513 дугаартай Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай захирамж гарсан боловч ирж элдвээр хэлж доромжлон хамгийн сүүлд л гэхэд 1 кг гаруй ноолуур байсныг аваад явсан. Өртэй байгаа одоо боль гэхэд миний зүүн хацар орчимд цохичихоод ноолуур аваад явсан. Тэрээр одоо хоттой хонийг чинь харлуулна бүгдийг нь авна гэдэг. Тэвчээр минь барагдаж, гомдож цөхөрч, үр хүүхэд, өөрийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал, амгалан тайван байх үүднээс гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гарган ийнхүү хандаж байна. Иймд Ж.Ариунболороос гэрлэлт цуцлуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ариунболор архи уухаараа үглэж, загнаад хэцүү байдаг болохоор гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан юм. 15 настай охин Үржинхандыг өөр дээрээ авна. Үржинхандад тэтгэлэг тогтоолгохгүй, бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрээд хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч Ж.Ариунболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өгсөн нэхэмжлэлийг уншсан. Зарим зүйл нь худлаа байна лээ. Би архи уудаг. Бид хоёр мууддаг боловч байнга мууддаггүй. Хөл нүцгэн гүйлгэсэн гэдэг нь үнэн. Архи уугаад нэхэмжлэгчийг жоохон айлгасан юм. Тэгсэн зугтаагаад хөл нүцгэн гарч гүйгээд манай ахынд очиж хоносон байсан. Тэгсэн хөлийнх нь өсгий хайрагдчихсан байсан. Нэхэмжлэгчийн сална гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Манай бэр гээд нэлээн хэл амтай хүн байдаг юм. Тэр жил манайхтай айл байж байгаад хүүхдээ өмөөрч надтай муудаад нүүсэн юм. Тэгсэн нөхөртэйгөө муудаад бүх малаа зарчихаад манайд хавар ирсэн. Бид хоёр ноолуурнаас болоод муудсан. Тэгээд би нэхэмжлэгчийг айлгасан чинь гараад зугтаасан. Манай хүү ирээд намайг цохисон. Нэхэмжлэгч бид хоёрыг хорихоор нь би чамаас болж байгаа юм гээд цохичихсон чинь хацар луу нь цохичихсон юм. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд та нар хоорондоо муудсан юм байна гэсэн чинь бэр орхиж болохгүй гэж хэлснээ намайг заазуур барьсан гэж худлаа хэлээд байхаар нь би согтуу ч байсан тэгсэн, бас лоом ч барьсан гэж хэлсэн. Тэгсэн чинь лоом, заазуур хоёр хураагаад аваад явсан. Цагдаа бид нарыг очиж мэдүүлэг өг гээд мэдүүлэг өгсөн. Бүгд худлаа мэдүүлэг өгсөн байсан болохоор эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан. Бид 2 эд хөрөнгийн маргаангүй. Эд хөрөнгөө хуваагаад авсан. Надад оногдох эд хөрөнгийг хотод байдаг охин маань авахаар болсон. 15 настай Үржинханд ээжтэйгээ хамт амьдрахаар болсон. Гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар нь хариуцагч Ж.Ариунболороос гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна. Тус маргаан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон буюу хариуцагч Ж.Ариунболорт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2-т заасан арга хэмжээ авагдсан байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Отгонбаатар, Ж.Ариунболор нар нь 1985 оны 5 сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 сарын 6-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 1986 онд охин А.Ууганцэцэг, 1987 онд хүү А.Уранбаатар, 1990 онд хүү А.Содномцэрэн, 2001 онд охин А.Үржинханд нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн баталгаа /хэргийн 3-р хуудас/, А.Үржинхандын төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдаан дээр эвлэрээгүй бөгөөд цаашид хамт амьдрах хүсэл эрмэлзэл, бодолгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж, охин А.Үржинхандыг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг хариуцагчаас гаргуулахгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурьдахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Балдандоржийн Отгонбаатар, Жамъянгийн Ариунболор нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт зааснаар 2001 оны 3 сарын 29-нд төрсөн охин Ариунболорын Үржинхандыг төрсөн эх Б.Отгонбаатарын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Ариунболорын Үржинхандад тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР