Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01241

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01241

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

6,031,534 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. А- нь 1991 оноос 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замд тасралтгүй 31 жил гүйцэтгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/I/453 тоот тушаалын дагуу хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулан ажиллаж байсан.

Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 тоот тушаалаар албан тушаал бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулахдаа хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн А- нь зохих этгээдээр дүгнэлт гаргуулаагүй, Замын даргын 2020 оны А/195 дугаар тушаалыг зөрчин 6,031,534 төгрөгийг илүү олгосон нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж тодорхойлсныг зөвшөөрөхгүй.

В-ы 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдлийг хүлээн авч судалж үзээд, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр дуусгавар болгох тухай тушаалын төслийг бэлдсэний дагуу "УБТЗ" ХНН-ийн замын дарга 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/1/610 дугаар тушаалыг баталж гаргасан.

Уг тушаалын төслийг бэлтгэхдээ "УБТЗ"-ын даргын 1994 оны А/125 дугаар тушаал, 1996 оны А/61 дугаар тушаал, 1999 оны А/72 тушаал, 2008 оны А/33 тушаалууд буюу тухайн үед мөрдөж байсан тушаалын дагуу хуульд нийцүүлэн В-ы төмөр замд тасралтгүй ажилласан жилийг дүйцүүлэн нийт ажилласан жилийг 35.5 жилээр тооцож, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай дурдаж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төслийг бэлдсэн.

"УБТЗ" ХНН-ийн Замын даргын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/195 дугаар тушаалыг 3 дугаар хавсралтыг үндэслээд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, холбогдох тооцоог хийхийг Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч Г--д зөвшөөрсүгэй гэсэн тушаалын төслийг боловсруулж, холбогдох албан тушаалтнуудаар хянуулж, зөвшөөрөл авч, гарын үсгээр албажуулсны дараа Замын дарга Х.Хэрлэн баталсан байхад намайг 6,031,534 төгрөгийг илүү олгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хүний нөөцийн мэргэжилтэн нь тушаал шийдвэрийн төслийг бэлдэх зэрэг хөдөлмөрийн харилцаатай ажил үүрэг гүйцэтгэдэг, харин санхүүгийн үйл ажиллагаанд оролцдоггүй, аливаа ажилтанд мөнгө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Б/IІ/37 дугаар тушаалын агуулга хэсэгт "зохих этгээдээр дүгнэлт гаргуулаагүй" гэж тодорхой бус ойлгомжгүй байдлаар заасан ба аливаа асуудлыг зохих этгээдээр дүгнэлт гаргуулах тухай миний гүйцэтгэж буй ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдаагүй.

"УБТЗ" ХНН-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр цуцалж, мөн өдрөөс албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 "Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй" гэснийг зөрчсөн.

Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэж байхад хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/ІІ/37 дугаар тушаалыг хүчингүй болгон ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын дагуу В-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын төслийг боловсруулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хууль зүйн албаны орлогч дарга болон бусад эрх бүхий хүмүүсээр хянуулж гарын үсэг зуруулсны дараа В-д холбогдох хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан. Хариуцагчийн зүгээс Төмөр замын цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь В-ы тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг олгохдоо төмөр замд тасралтгүй ажилласан жилийг 35 жил 5 сар ажилласан гэж буруу тооцон 2 сарын дундаж цалин 6,031,534 төгрөг илүү олгосон байсныг Дотоод аудитын газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр шалгалт хийхдээ тогтоосон.

Иргэн В- 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар төмөр замын Багануур өртөөнд дагалдан жижүүрээр анх ажилд орсон байдаг. 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын захиран хувиарлах хэлтэст галт тэрэгний диспичерын дагалдангаар томилогдон ажилласан. Ийнхүү ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, төмөр замд нийт 33 жил 3 сар ажилласан. Гэтэл түүнд 35 жил 5 сар ажилласан гэж илүү тооцож мөнгө олгосон. Өөрөөр хэлбэл В-д 1982-1986 оны хооронд сурсан хугацааны өвөл зуны амралтыг хасаж тооцсон гэж нэхэмжлэгч хэлээд 2 жилийг илүү тооцсон.

Нэхэмжлэгч А- албан тушаалаа ашиглаж зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дүгнэлт гаргуулаагүй, мөн нийгэмлэгийн даргын 2020 оны А/192 дугаартай тушаалыг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. А- Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр ажиллаж байсан. А-г албан тушаалын байдлаа ашиглан төсөл боловсруулахдаа бусдад давуу эрх олгосон байна гэж үзээд бусдад илүү олгосон 6,031,534 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Иймд байгууллагад учруулсан хохирол 6,031,534 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаартай Тушаал-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 6,031,534 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 111,455 төгрөг, нэхэмжлэгчийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч А-гаас улсын тэмдэгтийн хураамж 111,455 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тодорхойлсон. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг төлсөн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/Ш32022/19631 дугаартай захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосон атлаа шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг шүүхийн шийдвэрт бичээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаартай А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь үндэслэл болгон хэрэглэж байгаа хуулийг буруу хэрэглэсэн. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.3.8 Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлж, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх заалтыг хэрэглэсэн. УБТЗ ХНН-ийн даргын ямар ч итгэмжлэл хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтэн А-д олгогдоогүй байх тул итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлж, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй.

Мөн Тээврийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол А-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж гарснаар Б/II/37 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт заагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.8-р зүйл заалт үгүйсгэгдэж байгаа болно.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учирсан гэсэн заалтыг хэрэглэсэн боловч ажлын байрны тодорхойлолтод яг тухайлсан ийм заалт байхгүй тул ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн ажил олгогч нь А-д ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, өгөөгүй атлаа ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх заалтыг баримтлан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус. Гэтэл шүүх жишиг ажлын байрны тодорхойлолт гэдэг ойлголтыг шинээр бий болгон А-гийн дараа ажлыг нь авсан н.Цэнгэлсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэглэж байгаа нь хууль бус юм.

Хөдөлмөрийн гэрээний 5.3 дугаар зүйл дээр ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байгаа тул Б/II/37 дугаартай А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал биш ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан тушаал болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ийг тушаалын үндэслэх хэсэгт баримтлаагүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 14.1 зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг эрх бүхий ажилтны шийдвэрээр ногдуулна гэж заасан ба албан тушаал бууруулсан нь хөдөлмөрийн дотоод журамд байхгүй сахилгын шийтгэлийг ногдуулсан.

4.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын УБТЗ ХНН-ийн Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам-ын 4.12-т Захирамжлал, удирдлага зохион байгуулалтын болон хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой баримт бичгийн агуулга нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хууль, эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж, ажилтнаар хянуулан санал авсан байна гэж заасны дагуу В-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төслийг боловсруулж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн албаны орлогч дарга болон бусад албан тушаалтнуудаар хянуулж, гарын үсэг зуруулсны дараа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр В-д холбогдох Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал батлагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь журмын дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад тушаалын төслийг танилцуулж гарын үсэг зуруулсан.

Нэхэмжлэгч нь бие даан тушаал шийдвэр төлөвлөх, дур мэдэн тушаал шийдвэр гаргадаггүй бөгөөд дээрхи гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь бүгд хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтнээс дээшхи албан тушаалтнууд болно.

4.4. Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор А-гийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтэн А- нь тушаал шийдвэрийн төслийг л бэлддэг болохоос санхүүгийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг өөрийн гараар олгох эрхгүй тул 6,031,534 төгрөгийг түүнээс гаргуулж байгууллагад буцаан төлүүлэхийг Хүний нөөцийн албаны даргад даалгаад байгаа нь хууль бус тушаал болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг зөв дүгнэсэн. Тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргаагүй. Дотоод аудитын алба шалгалт хийхдээ В-д холбогдуулан гаргасан тушаалын хууль хэрэглээний хувьд алдаатай гэж дүгнээгүй. Харин В-ы ажилласан хугацааг 2 жилээр илүү тооцож хариуцагч байгууллагаас илүү тэтгэмж олгуулсан. А- энэ байдлыг Засгийн газрын тогтоолыг баримталж тоолсон гэж тайлбарладаг. Улаанбаатар төмөр замаас олгогдож байгаа тэтгэмж нь Засгийн газрын тогтоолоос үл хамаарах ба Улаанбаатар төмөр замын хамтын гэрээнд зааснаар төмөр замын байгууллагад ажилласан жилээс хамааран олгохоор зохицуулсан.

А- нь 16 сараар олгох ёстой мөнгөн дүнг 18 сар болгосон үйлдлийг санаатай хийсэн. Тухайн үед эргэлзээтэй байсан бол төмөр замын төрөлжсөн архиваас лавлагаа В-ы ажилласан жилийн талаар лавлагаа авч, хуулийн албаар бичиг баримтуудыг хянуулж, арга зүйн зөвлөгөө авч дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл А- энэ ажиллагааг хийгээгүй атлаа хууль зүйн албаны орлогч дарга хянасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Орлогч дарга нь тушаал, шийдвэрийн хууль хэрэглээг хянахаас биш ажилласан жил тооцсон аргачлалыг хянахгүй.

Мөн төлбөр төлөхийг хүний нөөцийн албаны даргад даалгасан ба шүүхээр гаргуулаагүй гэх агуулгатай гомдол гаргасан байна. Уг хохирлыг шүүхийн журмаар гаргуулах уу, эсхүл талууд харилцан тохиролцож төлүүлэх нь нээлттэй байдаг. Гэтэл А- түүнд хариуцлага хүлээлгэсэн тушаалтай маргасан тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй.

А-д сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар хохирол төлүүлэх шийдвэр гарсан. Хөдөлмөрийн гэрээний 5.3-д нэрлэн заасан ноцтой зөрчлийг А- гаргасан үйл баримт тогтоогдсон.

А- нь төмөр замын удирдах бүрэлдэхүүний хувийн мэдээлэлтэй хамааралтай архивын нэгжийг үүсгэж, хадгалж хамгаалах үүрэгтэй атлаа түүний ажлын байрны тодорхойлолт байдаггүй. Хариуцагч талаас шүүхэд А-гийн хувийн хэргийг гаргаж өгөхөд ажлын байрны тодорхойлолт байгаагүй бөгөөд уг баримтыг А- устгасан, авсан эсэхийг бид нотлох боломжгүй.

А- нь Улаанбаатар төмөр замын цагдаагийн газарт үндэслэлгүй халсан гэх өргөдлийг гаргасан ба цагдаагийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр В-ы Улаанбаатар төмөр замд ажилласан жилийг буруу тооцсон зөрчил нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохирол 6,031,534 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар А- нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн үйл баримт тогтоогдсон байна /1хх 8, 2хх 178-180, 185/.

 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй. Харин шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын, мөн улсын тэмдэгтийн хураамж хуваарилахад алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч А- нь ажлын үндсэн чиг үүргийнхээ дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн В-д холбогдох тушаалын төслийг боловсруулахдаа түүний төмөр замд тасралтгүй ажилласан хугацаа нь 33 жил 5 сар 21 хоног байхад 1982-1986 оны хооронд Төмөр замын техникум сургуульд суралцсан хугацаанаас 2 жилийг оруулж 35 жил 5 сар гэж тооцсон байна. Үүнээс шалтгаалж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/I/610 дугаар тушаалд В-ы төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг 35 жил 5 сараар тооцож 18 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгожээ /1хх 152/.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт буюу УБТЗ ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1, 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн болохыг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, Улаанбаатар өртөөнд дотоод аудитын шалгалт хийсэн талаарх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тайлан, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Т-63/03/17 тоот акт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/4635 тоот албан бичиг, Монгол даатгал ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1372 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2252 тоот албан бичигт үндэслэн зөв дүгнэжээ /1хх 24-25, 66-93, 101-108, 120-130, 200-203/.

 

5.2. Нэхэмжлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/195 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт буюу УБТЗ ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1, 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5 ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, 5.3.8 өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрх эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх ажилтанд хориглосон сахилгын зөрчилд хамаарч байна.

Ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй ба уг үндэслэлийг давж заалдах гомдолд нэхэмжлэгч заасан. Гэхдээ нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, ийнхүү ажиллахдаа хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг хариуцаж байсан болохоо тайлбарласан, мөн В-ы өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын төслийг боловсруулж батлуулсан үйл баримт тогтоогдсон тул ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй хэдий ч хариуцсан ажлын үүргийн хүрээнд В-д холбогдох тушаалыг боловсруулах үүрэгтэй байсан гэж дүгнэв.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.8-т заасан итгэмжлэл А-д олгогдоогүй, Тээврийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор А-гийн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэгч тал гомдол гаргасан.

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.3.8-т ажилтанд хориглох хэд хэдэн хэм хэмжээг заасан бөгөөд үүнээс эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хамаарч байгаа болох нь УБТЗ ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.4 дэх хэсэгт УБТЗ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр их, дээд сургууль, коллежид нийгэмлэгийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй чиглэлээр удирдлагын албан ёсны тушаал, шийдвэрээр суралцсан бол тасралтгүй ажиллах хугацаанд тооцох зохицуулалтыг зөрчсөн үйлдэл, үүнийгээ хүчин төгөлдөр бус болсон өмнөх төмөр замд тасралтгүй ажиллах хугацааг тооцох журмыг үндэслэж тайлбарлаж байгаагаар тогтоогдсон.

Тээврийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол нь А-г гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг үгүйсгэх баримт болохгүй.

 

5.3. Ажил олгогч нь ажилтны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зөрчлийг Улаанбаатар өртөөнд дотоод аудитын шалгалт хийсэн талаарх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тайлан, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Т-63/03/17 тоот актаар илрүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй.

Мөн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр удирдаж явуулсан хуралдаанаар А-гийн гаргасан зөрчлийг хэлэлцэж, түүнээс тайлбар авч, холбогдох албан тушаалтнууд асуулт тавьж, хариулт авсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

 

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар ажилтны гэм буруу, гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн эрхэд хамаарна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар ажил олгогч нь ажилтан А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

5.5. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан агуулгатай, хөдөлмөрийн дотоод журамд албан тушаал бууруулах шийтгэл байхгүй гэж маргасан.

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд А-гийн албан тушаалыг бууруулан ажил гүйцэтгүүлэхийг тодорхой заасан байна. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар сахилгын шийтгэлийг тодорхойлохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан дээрх шийтгэлийг ажил олгогч ногдуулсан байна. Иймд энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

5.6. А- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн В-д холбогдох тушаалын төслийг боловсруулахдаа УБТЗ ХНН-ийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөгдөж журамд зааснаар холбогдох 5 албан тушаалтнаар урьдчилж хянуулсан байна /1хх 15/.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь тушаалын төслийг хянуулсан, бие дааж дур мэдэн тушаал гаргаагүй гэж гомдол гаргасан.

Ажилтан В-ы төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг 35 жил 5 сараар тооцсон нэхэмжлэгчийн зөрчил баримтаар тогтоогдсон тул бусад албан тушаалтнаар тушаалыг хянуулсан нь түүнийг сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин тухайн тушаалын төслийг хянасан албан тушаалтанд холбогдох асуудал нь энэ маргаанд хамаарахгүй, тусдаа харилцаа гэж үзнэ.

 

5.7. Анхан шатны шүүх ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж зөв дүгнэсэн боловч уг маргааныг шүүх хянан шийдвэрлэх зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан заалтыг хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс 6,031,534 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6.1. Нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1.2-т ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагаас үл хамаарах шалтгаанаар өөрийн албан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, эсхүл хохирол учруулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн зэрэг өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээр УБТЗ-д хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргана, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.

 

6.3. Хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн А- нь хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмыг зөрчсөний улмаас ажил олгогч нь иргэн В-д 6,031,534 төгрөгийн тэтгэмжийг илүү олгосон тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу уг төлбөрийг ажил олгогчид төлөх үүрэг үүссэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1.2-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэл үүссэн, ажил олгогч зохих журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хангахгүй.

 

6.4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ уг маргааныг шүүх хянан шийдвэрлэх зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан заалтыг хэрэглээгүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт 6,031,534 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлээгүйг тус тус залруулах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 50,126,745 төгрөг нэхэмжилснийг шийдвэрийн тогтоох хэсэгт 20,000,000 төгрөг гэж буруу бичсэнийг болон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2022/19631 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон атлаа шийдвэрээр дахин хуваарилж шийдвэрлэснийг тус тус хасах нь зүйтэй.

Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.2.2-т зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч А-гаас 6,031,534 төгрөг гаргуулан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтаас , нэхэмжлэгчийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөг гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ