Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Ганчимэг,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Лд холбогдох эрүүгийн 1838007810398 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр Хорголын-Бэрхэт гэх газраас иргэн Б.Б15 тооны хонь хулгайлан 450.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг,

2018 оны 05 дугаар сарын 16-ны үед  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэр Хорголын-Бэрхэт гэх газраас иргэн Б.Б15 тооны хонь хулгайлан 450.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Н69 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлан 4.290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Б гэдэг айлын сүргээсээ тасарсан 15 тооны бог малыг шарилын хажууд явахад нь туугаад явсан. Мөн Б.Н гэдэг хүний 69 тооны бог малыг авсан байсан. Тэр хонинуудаа Долзод гэдэг хүнээр маллуулж байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

      Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нутгийн Б.Н гэдэг эгч утсаар яриад манайх өнөөдөр эр сувай хонио алдаад сумын төвөөс оллоо. Манай нутгийн Пүрэв-Очирын хүү П.Л нь тууж ирээд Долзод эмгэнийд өгөөд маллуулж байхад нь хонио авлаа. Танай алдсан хонь бас энд үлдэх шиг боллоо. Улаан будагтай чихэндээ ногоон утастай 15 төлөг Долзод гуайн хашаанд үлдлээ. Чи ирж үзээрэй гэж хэлэхээр нь ...хонийг үзтэл манай хонь зүс тэмдгээрээ мөн байсан. Би Долзод гуайгаас энэ хонийг хэн, хэзээ авчирч өгсөн талаар асуухад П.Л гэдэг залуу одооноос 1 сарын өмнө тууж авчирч өгсөн. Мал авч байгаа юм та хариулж байгаарай, би хонь мал нэмж авна. Тэгэж байгаад хөлсийг нь өгнө гэж хэлсэн юм гэсэн. Миний хувьд алдсан хонио зүсээр нь буцаагаад авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

      Хохирогч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Нурууныхаа голд хөндлөн ногоон будагтай 1 шүдлэн ямаатай хонь туусан мотоцикльтой залуу ирээд явсан. 20000 төгрөгөөр хонь хариулж өгөөч, хонь худалдаж авч байгаа юм гэж байсан. Тосон багийн залуу байсан гэж байсан ...тэр залуу хонь хулгай хийснээ хэлэхгүй байхаар нь бид нар гадуур хонио хайгаад нар жаргахын өмнөхөн сумын төвийн хойшоо хонь байхаар нь очиж хартал манай хонь зүс, эм тэмдэгээрээ таарч байсан. Манай хонийг толгой дээр нь улаан будгаар шинээр тэмдэглэсэн байсан... Долзод эмгэнтэй үлдээд асуутал Тосон багийн нэг айлын хүү, нэрийг нь мэдэхгүй байна өглөө тууж ирээд хонь маллаад өгөөч, өдрийн нэг хонь өгье гэхээр нь би хонийг нь маллаж байна гэхээр нь би хэн гэдэг хүн юм бол нэрийг нь Дааж гэдэг үү гэж асуутал тийн, тийн гэж хэлсэн. П.Л хулгайлаад Долзод гуайгаар маллуулж байсан юм билээ. Би хонио бүрэн бүтэн тоолж авсан...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-13 дугаар хуудас/,

        Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Манай ээж Б.Н утсаар яриад эр сувай хонио алдчихаад олохгүй байна. Наранчимэгээс асуутал сумын төв рүү чиглээд хонь туусан мотоцикпьтой хүн хогийн мөргүү доогуур яваад өнгөрсөн гэж хэллээ. Сумын төвөөр хайгаарай, ээж нь уулаар хайж явна гэж ярьсан. Тэгээд дэлгүүрүүдийн үүдээр зар хараад явж байтал Энхдалайн гуайн дэлгүүрийн хаалган дээр төлөг авна гэсэн зар байхаар нь уншаад утас руу нь залгатал Тосон багийн Дааж гэж дууддаг П.Л төлөг авч байгаа гэж хэлэхээр нь уулзъя гэж хэлээд цагдаад ирж мэдэгдчихээд уулзаад манай хонь мал алга болсон байна, чи авсан уу гэж асуутал аваагүй гэж байсан. Би сумын төвийн ойролцоо хонио хайгаад явж байтал ээж над руу залгаад манай хонийг сумын төвийн дээд талд хүн хариулаад явж байна, одоо хүрээд ир гэж хэлсэн...П.Л хонь авсан гэдгээ хүлээгээд би авсан гэж ээжид хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/,

        Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Тосон багийн Пүрэв- Очир гэдэг айлын хүү нь би нэрийг нь сайн мэдэхгүй зүс таньдаг залуу намайг сумын төвийн ард хонинд явж байтал мотоцикльтой ирээд манай хашаанд хэдэн хонь тууж ирээд хашчихлаа. Би Агар багаас худалдаж авсан юм. Хонь мал авч байгаа юм. Та хоньтойгоо нийлүүлээд маллаж байгаарай, би хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд хашаандаа ирж хартал 15 төлөг хашсан байсан. Тэр хонь нь хондлой дээрээ улаан будагтай, чихэндээ ногоон утастай нэг айлын хонь болов уу гэмээр бүгд ижилхэн тэмдэгтэй төлөгнүүд байсан...1 сарын дараа 5-р сарын дундуур ... хонь ямаагаа хариулаад сумын төвийн хойно явж байтал урд нь 15 төлөг авчирч үлдээсэн залуу мотоцикльтой ирээд дахиад хэдэн хонь худалдаж авлаа. Танай хашаанд хашчихлаа. Та нэг эр хонь гаргаж идээрэй гэж хэлсэн. Тэгээд хашаандаа очиж, авсан хонийг хартал 67 эр хонь, 1 охин төлөг, 1 шүдлэн ямаа нийт 69 тооны мал хашсан байсан ...бүгдийг нь толгой дээр нь улаан будгаар тэмдэглээд тууж гаргаад сумын төвийн хойно хариулж явтал оройхон нар жаргахаас өмнө мотоцикльтой 2 хүн ирсэн. Тэгтэл 3-р багийн Б.Н гэдэг хүн бууж ирээд шууд хонь тоолоод байхаар нь чи юунд хонь тоолоо вэ, манайд ченжийн хонь ирсэн маллуулж байгаа юм гэж хэлтэл ченжийн хонь бишээ, манай хонь байна, би хонио хулгайд алдсан гэж хэлсэн ...сумын цагдаа нөгөө залууг дагуулж ирсэн. Тэр залуу уйлаад Б.Нээс уучлаарай гээд уйлж байсан ...15 төлгийг маргааш нь мөн 3-р багийн Б.Б гэдэг хүн манай алдсан хонь мөн байна гээд аваад явсан ...69 тооны бог авчирч өгөхдөө нэг эр хонь гаргаж шөл уугаарай гэж хэлж байсан ...П.Л гэдэг залууг манайхыг сумын төвд цөөхөн хэдэн хонь, ямаа малладаг болохоор авчирч өгч байгаа юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,

        Гэрч Х.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Манай хүү П.Л Б.Нийн хонийг туугаад гандангийн малчин Долзод гуайгаар маллуулж байсан юм байна лээ. Б.Н гуай тоо ёсоор нь 60 гаруй хонь тоолж ялгаад туугаад явсан. Маргааш нь Б.Б хонио очиж авч байна гэж дуулдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/,

        Гэрч П.М-й мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Хонинд явж байтал ногоон дээлтэй, мотоцикльтой хүн ирээд мэнд мэндээд хонь худалдаж авсан юм та хэд хоног маллаж өгөөч, өдрийн 20000 төгрөгний хөлс өгнө гэж байсан. Би хүний хонь байтугай өөрийнхөө хэдийг яаая гэж байна гэж хэлсэн. Тэр залуугийн тууж явсан хонь манай гэрийн урд гол дээр харагдсан ... 1 хар шүдлэн ямаатай, бусад нь бүгд хонь байсан. Нуруун дээр будагтай баримжаагаар харахад 80-аад хонь байх шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-29 дүгээр хуудас/,

        Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…П.Л гэдэг залууг аав Пүрэв-Очирын хамт цагдаагийн кабоны гаднаас суулгаад Долзод гуайнд очсон. Тэгээд Б.Н гуай өөрийнхөө хонийг ялгаж аваад хүү Нямдоржийн хашаанд аваачиж хашина гээд явсан. Долзод гуайн хонинд сүүлний уг дээр ногоон будагтай 15 төлөг П.Лг урьд тууж ирсэн гээл үлдсэн. Маргааш нь Б.Б гуайн хонь байсан гэж дуулдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-35 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 46 дугаар хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтэд:

  1. П.Л нь одоогийн сэтгэцийн байдлаар сэтгэцийн болон сэтгэл санааны ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй гэж үзлээ.
  2.  П.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдаж хянах чадвартай байсан эсэхийг  одоо тогтоох боломжгүй, хавтас хэргээс болон тухайн үеийн эмнэлгийн баримт бичигтэй уншиж танилцсан болно.
  3. П.Л нь болсон хэргийн талаар өөрт шүүмжлэл султай эмх замбараагүй ярьж байгаа нь сэтгэл санааны цочирдлын байдалтай холбоотой байх магадлалтай.
  4. П.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ шаардлагагүй гэх дүгнэлт /ХХ-ийн 93 дугаар хуудас/,

     Хохирогч Б.Н, Б.Б нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 165 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007810398 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч П.Л нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 165 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Н, Б.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838007810398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч П.Лбусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч П.ЛЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн 1838007810398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР