Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р багийн харъяат, одоо Хулд сумын төвд оршин суух Хүнд овогт Баатарын Дээдэнцэцэг /ЗМ89011506/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймаг Дэлгэрхангай сумын 1-р баг, Булган толгой гэх газар нутаглах Балдмаа овогт Гансүхийн Бат-Уянга /ЗД86120516/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дээдэнцэцэг, хариуцагч Г.Бат-Уянга, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Дээдэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Г.Бат-Уянгатай гэр бүл болж улмаар гэрлэлтээ батлуулсан. Бид 2 гэр бүл болоод амьдарч байх хугацаанд 2 охин төрүүлж өсгөсөн. Г.Бат-Уянга өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд одоо тэр хүүхнээ гэртээ авчирч амьдарч байгаа тул бид 2 цаашид хамт амьдрах боломжгүй юм. Урьд нь эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч үр дүн өгөөгүй тул Б.Дээдэнцэцэг миний асрамжинд 2 охиныг үлдээж, гэрлэлтийг цуцлаж, эцэг Г.Бат-Уянгаас 2 хүүхдийн  тэтгэлгийг 18 нас хүртэл гаргуулан авах хүсэлт гаргасан.  Том охин Б.Нандин-Эрдэнэ хариуцагч Г.Бат-Уянгын аав ээж дээр багаасаа өссөн. Надтай хамт амьдрахаараа эмээ өвөөгөө санаад байнга нааш цаашаа явах тул том охиноо аавд нь өгөөд бага охиноо өөрөө авах хүсэлтэй байна. 2 хүүхдээ хоёуланг нь авна гэхээр том охин маань эмээ, өвөөгөө санаад хэцүү байна байх. Мөн Г.Бат-Уянга ч гэсэн хүүхдээ санах байх.

          Иймд хариуцагч Г.Бат-Уянгаас гэрлэлтийн баталгааг цуцлуулж, бага охиндоо 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

          Хариуцагч Г.Бат-Уянга болон үр хүүхдүүд бид нарын хооронд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн маргаан байхгүй. Эд хөрөнгө Г.Бат-Уянгаас нэхэмжлэхгүй гэжээ.

         

           Хариуцагч Г.Бат-Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Дээдэнцэцэгтэй 2009 онд танилцаж, 2009 ондоо  гэр бүл болсон. 2010 онд том охин Б.Нандин-Эрдэнэ, 2014 онд бага охин Б.Наран-Эрдэнэ  нар тус тус төрсөн. Дээрх хугацаанд сайхан л амьдарч байсан. Б.Дээдэнцэцэг нь 2013 оноос эхэлж намайг хуурч миний сэтгэлд сэв суулгасан. Би Б.Дээдэнцэцэгийг засрах байх гэж олон удаа харсан. Тэрээр нэлээд хэдэн удаа сална гэж өөрийн аав ээж рүүгээ явж байсан ч тэр болгонд би амьдрана, 2 охиноо бодъё гэж  буцааж авч ирдэг байсан. Б.Дээдэнцэцэг өнгөрсөн өвлөөс ‘’Г’’ гэгч залуутай сайн болсон гэх шалтгаанаар надаас холдож аав, ээж рүүгээ явсан. Түүнийг эргээд ирэх байх гэж олон сар харсан. Түүнийг өөр хүнтэй болсон явдлыг би тэрний болон өөрийн эцэг эхээс нуудаг байсан. Дээдэнцэцэг ч гэсэн аав, ээжид хэлээгүйд баярлалаа гээд уйлж байсан удаа байгаа. Гэтэл түүний эцэг, эх зөвхөн намайг буруутгадаг. Б.Дээдэнцэцэг нэхэмжлэлдээ 2 охиноо өөр дээрээ  байгаа мэтээр худлаа бичсэн байна. Том охин Б.Нандин-Эрдэнэ минь хөхнөөсөө гараад миний эцэг эх дээр өсөж, одоог хүртэл Дэлгэрхангай сумын төв дээр миний ээж харж хандаж, охин Дэлгэрхангай сумын цэцэрлэгт эрүүл саруул сурч хүмүүжиж байна. Харин бага охин маань ээж дээрээ байдаг нь үнэн. Б.Дээдэнцэцэг сална гэж өргөдөл гаргасны дагуу хавар 2016 оны 03 дугаар сард тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид 2-3 удаа дуудаж уулзсан. Тэр үед би салахгүй, 2 охиноо бодъё гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард өөрөө над руу утсаар 2 охиноо нэг нэгээр нь өөр өөрсдөө авч, эд хөрөнгөө тохиролцож хуваагаад салъя, одоо иймээ тиймээ асуудал байхгүй, 2 хүүхдээ хаяа уулзуулж байя гэж ярьсан. Тэгэхэд  нь би  салах хэрэг байна уу, чи заавал салах гээд байгаа юм уу гэж хэлсэн. Б.Дээдэнцэцэг эцэг эхийн хамт ирж 135 бог мал, 13 тэмээ, 3 адуу  тасдаж аваад явсан. 2015 онд банкнаас 5000000 /таван сая/ төгрөгийг зээлж би ганцаараа төлж барагдуулсан. Уг нь энэ зээл нь бидний нэр дээр хамт хийгдэж авсан зээл байсан. Тэр хүн  мөнгийг нь үрснээс өөр зээлээ хамт даралцаагүй. Би 2 охиноо Б.Дээдэнцэцэгийн асрамжинд өгч чадахгүй. Өөрийн асрамжинд байлгана. 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөхөөс татгалзаж байна. Өөрөө эхэлж сална гэж яриад эцэг эхтэйгээ ирж, мал хөрөнгө хувааж авч явсан хойноо,  хүний итгэлээр тоглоом хийж, ийм утгатай нэхэмжлэл гаргаж байгаад нь гомдолтой байна гэж шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичсэн боловч шүүх хуралд гаргасан тайлбартаа:  Өөр хүнтэй явсан гэдэг нь миний буруу. Шүүхэд өргөдөл өгөхөөсөө өмнө 2 хүүхдээ нэг нэгээр нь аваад салъя гэж Дээдэнцэцэгтэй тохиролцсон байсан тул Дээдэнцэцэг аав ээжтэйгээ ирж мал, эд хөрөнгөө ялгаж аваад явсан. Б.Дээдэнцэцэгийн гэрлэлтийн баталгааг цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 охиноо  Б.Дээдэнцэцэгийн асрамжинд байлгах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Том охин Нандин-Эрдэнэ багаасаа манай аав ээж дээр өссөн тул би өөр дээрээ авч, бага охиноо эх Дээдэнцэцэгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дээдэнцэцэг нь хариуцагч Г.Бат-Уянгад холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Бат-Уянга нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, 2 хүүхдийг Б.Дээдэнцэцэгийн асрамжинд байлгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаж маргаж байжээ.

 Г.Бат-Уянга, Б.Дээдэнцэцэг нар нь 2009 оны 01 сарын 19-ний өдөр гэр бүл болж,  2009 оны 12 сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 01 сарын 31-ний өдөр охин Б.Нандин-Эрдэнэ, 2014 оны 04 сарын 04-нд охин Б.Наран-Эрдэнэ нь төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7, 10-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

            Гэрлэгчид нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон,  шүүх хуралдаан дээр эвлэрэх боломжтойг тайлбарлаж өгсөн боловч цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй бие биендээ итгэл алдсан гэх тул  гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар  бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Б.Дээдэнцэцэг, Г.Бат-Уянга нарын гэрлэлтийг цуцалж, том охин Б.Нандин-Эрдэнэ нь хариуцагч Г.Бат-Уянгын аав ээж дээр өссөн, Дэлгэрхангай сумын цэцэрлэгт суралцдаг бөгөөд аав Г.Бат-Уянга нь өөрийн асрамжинд үлдээхийг хүссэн бөгөөд нэхэмжлэгч Б.Дээдэнцэцэг том охин Б.Нандин-Эрдэнийг аавд нь үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг харгалзан үзэж, 2010 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг эцэг Г.Бат-Уянгын, 2014 оны 04 сарын 04-нд охин Б.Наран-Эрдэнийг эх Б.Дээдэнцэцэгийн асрамжинд үлдээж,  эцэг Г.Бат-Уянгаас Б.Наран-Эрдэнэд, эх Б.Дээдэнцэцэгээс Б.Нандин-Эрдэнэд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь нэхэмжлэгчээс Б.Нандин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тул эх Б.Дээдэнцэцэгээс Нандин-Эрдэнэд тэтгэлэг гаргуулахгүй гэснийг мөн зохигч эд хөрөнгийн маргаангүй  болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 126409 төгрөгийг тушаасан байх тул 98409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28000 төгрөг, хариуцагчаас 98409 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Балдмаа овогт Гансүхийн Бат-Уянга, Хүнд овогт Баатарын Дээдэнцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 31-нд төрсөн охин Балдмаа овогт Бат-Уянгын Нандин-Эрдэнийг эцэг Гансүхийн Бат-Уянгын, 2014 оны 4 сарын 4-ний өдөр төрсөн охин Балдмаа овогт Бат-Уянгын Наран-Эрдэнийг эх Баатарын Дээдэнцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 01 сарын 31-нд төрсөн охин Б.Нандин-Эрдэнэд Г.Бат-Уянга нь эх Б.Дээдэнцэцэгээс тэтгэлэг гаргуулахгүйг дурдаж, 2014 оны 4 сарын 4-нд төрсөн охин Б.Наран-Эрдэнэг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Бат-Уянгаар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Дээдэнцэцэгт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28000 төгрөгийг, хариуцагчаас 98409 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, тухай бүх нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР