Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01239

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01239

 

 

А СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01957 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК, В-д тус тус холбогдох,

2,538,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот тогтоолоор тус байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авах төлбөрийн хэмжээг м.кв талбай тутамд 300-1,000 төгрөгөөр тооцож авахаар гүйцэтгэх захиралд даалгасан. В- 180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд дэлгүүрийн үйл ажиллагааг Б ХХК-аар дамжуулан явуулдаг атлаа сууц өмлөгчийн холбоонд ямар нэгэн төлбөр төлдөггүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд хариуцагч нар оролцох үүрэгтэй. Иймд, сууц өмчлөгчдийн холбооны нэг сарын төлбөрийг 54,000 төгрөгөөр тооцож 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх 47 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,538,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 180 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг тул өөрсдөө хэрэглэсэн зүйлийнхээ төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. В- нь хуулийн этгээдийн хувиар үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү харилцаанд хувь этгээдийн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Хариуцагч нарын хувьд сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнээс 1 л төрлийн үйлчилгээ авдаг ба ямар үндэслэлээр бусад айлуудаас төлбөрийн хэмжээ нь өндөр байгаа талаар нэхэмжлэгчээс удаа дараа тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй. Тус дэлгүүр нь нэг давхарт байрладаг, орц, гарц нь тусдаа, огт цахилгаан шат болон дундын өмчлөлийн орц, гарцыг ашигладаггүй, мөн гадна болон доторх цэвэрлэгээг өөрсдөө хийдэг, хогны төлбөрийг тусад нь төлж, тусдаа ачуулдаг ба харуул хамгаалалт авдаггүй.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үзвэл айл өрхөөс авах төлбөрийн хэмжээ нь 5,000 төгрөг байдаг бол компанийн хувьд 100,000 гаруй төгрөг болж байна. Тэрхүү төлбөрийн хэмжээг тогтоосон гэх баримтыг 93 айлын гэрийн хаягийг бичээд 3 хүний гарын үсгээр баталж, тамга дарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн дэлгүүрийн үйл ажиллагаанд сууц өмчлөгчдийн холбооны ямар нэгэн үйлчилгээг үзүүлэхгүй байж төлбөр нэхэмжлээд байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар төлбөрийг хэмжээг тогтоогоогүй, удирдах зөвлөлийн хурлаар тогтоохдоо Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэсэн хуульд тодорхой чиг үүрэггүй байгууллагын жишиг үнийг харгалзсан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт орон сууцны талбайн хэмжээг харгалзан үнэ тогтоох байтал иргэн, хуулийн этгээдийн өмчилдөг талбайгаар төлбөрийн хэмжээг тооцоод байгаа нь шударга бус. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжилж байгаа сууц өмлөгчдийн холбооны төлбөрийн задаргаагаа тайлбарлаж чаддаггүй, тус 5 төрлийн үйлчилгээний төлбөрийг хэмжээг тус, тусад нь ялгадаггүй шууд 300 төгрөг гэж тогтоосон нь оршин суугчдын эрх ашигт нийцэхгүй байна. Хуульд зааснаар удирдах зөвлөлд сууц өмчлөгчдийн холбооны тарифын хэмжээг тогтоох эрх байгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбооны гаргасан хариуцагч В-, Б ХХК нарт холбогдох 2,538,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: А СӨХ-ны бүх гишүүдийн хурал нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, тус хурлаар айл өрхөөс авах үнэ тарифыг хэлэлцэн батлахын зэрэгцээ, орон сууцны зориулалтай байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас авах үнэ тарифыг Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлөөс тогтоосон жишиг үнэ тарифтай уялдуулан тогтоох үүргийг тус сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд хариуцуулсан.

Гэтэл шүүх сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох эрх Удирдах зөвлөлд олгогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар өөрт олгогдсон эрхээ сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд шилжүүлэн хариуцуулсан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.7 бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэсэн үүргийн дагуу А СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот дугаартай тогтоолоор ... тус байранд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 1 м.кв тутам 300-1500 төгрөгөөр тооцож төлбөр авахаар шийдвэрлэсэн.

Тус сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны зориулалттай байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах төлбөрийг тогтоохдоо сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гаргасан жишиг тариф буюу 2014 оны 06 дугаар тогтоолын хамгийн доод үнийн жишгийг баримталсан байдаг.

Харин айл өрхөөс авах дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг тогтоохдоо Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасныг үндэслэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хувааж, түүнчлэн талбайн хэмжээнд хамааруулан айл бүрээр тооцсон.

Тус сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан А сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот дугаартай тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзсэн ч хариуцагч Д.Норжинсүрэн нь А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр болон бүх гишүүдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор батлагдсан үнэ тарифын дагуу төлбөр төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоож, алдаатай эрх зүйн дүгнэлт өгсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч В-, Б ХХК-д холбогдуулан 2,538,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, байрлах 71а байрыг хамаарах А СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгосон, хариуцагч В- нь Улаанбаатар хот, Баянзүрх, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байр, ** тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг, уг орон сууцанд Б ХХК нь худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулдаг үйл баримт тогтоогдсон байна /хх 6, 30, 33, 38, 65/.

 

3.1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Иймээс 71а байр, ** тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн хувьд хариуцагч В- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргийг хүлээсэн байна.

3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан тарифын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг м.кв-ыг 300 төгрөгөөр тооцсон гэж анх тайлбарласан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот тогтоолыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 0** тоот тогтоолын дагуу айл өрхөөс авах засвар үйлчилгээний зардлыг сард м.кв-ийг 120 төгрөгөөр тооцох талаар нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч Д.Норжинсүрэн орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангах үндэстэй.

Хариуцагч тал дээрх үнийн тарифийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй, мөн А СӨХ-ны бүх гишүүдийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 0** тоот тогтоол нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

3.3. Дээрхээс үзэхэд хариуцагч В-г 1 сард 21,600 төгрөг /180120=21,600/-ийн засвар, үйлчилгээний зардлыг А СӨХ-д төлөх үүрэгтэй гэж дүгнэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч В-гээс 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх 47 сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардал 1,015,200 төгрөг /21,60047=1,015,200/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,522,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ үндэслэлээр В-гийн өмчлөлийн орон сууцанд худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулдаг Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Б ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй учир зохигчийн аж ахуй нэгжид ногдох орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон талаарх мэтгэлцээний байр суурьд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч В-гээс 1,015,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,522,800 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч В-гээс 28,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ