| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0029/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/28 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ж.*******, М., тэдгээрийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарт холбогдох, 178/2019/0029/ индекстэй, 1936000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ******* тоотод оршин суух, 1987 оны 11 сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ард захчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн, ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогогүй, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ / 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ПЭ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******
2.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух хаягтай, одоо Жаргалант сумын Цамбагарав багийн ******* тоотод оршин суух, 1984 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогогүй, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байсан, ПВ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Ж.*******, М. нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 сарын 29-ний орой 21-22 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн тоот хашаанаас хохирогч Ж.ийн нэг тооны эм ямааг бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн...гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн тоот хашаанд болсон байв. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан, төмөр цэнхэр өнгийн даамантай, модон хашаа байв. Хашааны хаалга дотор талаасаа түгжээтэй байв. Хашааны хаалгаар дотогшоо ороход хашаан дотор 2 монгол гэр байх ба хоёр шавар амбаарын дунд төмөр модоор барьсан, 2х1.5 см хэмжээтэй малын хашаа байх ба уг хашааны хаалганд ямар нэгэн цоож байхгүй, уяагаар уядаг байв. Хашааны доод хэсэгт 2 банзны дээд талыг түлхэж эвдсэн байдалтай байсныг тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн авч, хашааны гадна талд 2 ширхэг гутлын мөрийг бэхжүүлэн авч, 1, 2 гэсэн тоогоор тэмдэглэж авав. Ямаа байсан гэх хашааг “А” үсгээр тэмдэглэж... хэргийн газрын үзлэгийг дуусгав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 10-12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт оршин суух хаягтай, одоо Жаргалант сумын Хайрхан багийн тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникчийн мэргэжилтэй ПЮ 61060902 дугаарын регистртэй / овогт ийн ийн өгсөн...2018 оны 12 сарын 29-ний орой 21 цагийн үед манай гэрийнхэн унтаж амарсан байх үед манай охин Н. намайг дуудаж сэрээгээд “ гар чийдэн хаана байна, хашаан дотор хүн яваад байна” гэхээр нь хөргөгчин дээр байгааг хэлсэн. Манай охин гар чийдэн авч гараад малын хашаагаа шалгахад хонь, ямаа бүрэн байна гэсэн. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа ишиг майлах чимээ гарахаар нь гараад харахад 3 ишиг , нэг хонь нь сул байсан. Нэг том эм ямаа алга болсон байхаар нь шууд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Малын хашаанд ямар нэгэн цоож байхгүй, уячихдаг байсан. Ямаагаа олоод авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.ын өгсөн...2018 оны 12 сарын 29-ний орой 20 цагийн үед таксинд явахаар болоод тайлбайн хажуу тал зогсож байтал нэг хүн суухаар нь Тоглоомтой гудамд хүргээд буцаад 6 дугаар сургууль руу эргээд явж байтал нэг хүн гар өргөсөн. Түүнийг зогсоод автал машины урд суудалд суухаар нь арын суудалд суу гэхэд ар талын суудал дээр суусан. Араас нэг эрэгтэй хүн нэг ямаа авчираад машины багаажинд хийсэн. Тэгээд Хишиг-3 дэлгүүрийн урд талд руу очоод нэг хашаанд орчихоод гарч ирээд хүн алга байна гэсэн. Тэгээд Тоглоомтой гудмаар дээшээ явж байгаад машин угаалгын газрын доод талын хашаан дээд очоод дотогшоо ороод “ хүн байхгүй байна” гээд гарч ирсэн. Тэндээсээ дээшээ яваад 4 замын уулзвараар дээшээ явж байгаад гүйдэг даамантай хашааны үүдэнд очоод зогсож байгаад ямаа хөтөлж ирсэн ах нь буугаад хашааруу орж гарч ирээд “авахгүй “гэж байна гээд урд 35000 төгрөгөөр өгөх байсан гээд хоорондоо маргалдаад байж байтал цагдаагийн албан хаагч нар ирээд бид нарыг шалгаад Цагдаагийн газар дээр авчирсан. Би тухайн хоёр хүнийг танихгүй. Тэр хоёр миний машинд суучихаад “ямаагаа зарчихаад ууна, урд айлд өгөх байсан юм, зарах гэсээр байтал таксины мөнгө их гарлаа “ гээд маргалдаж байсан. Надаас ямаа авах уу гэхээр нь би авахгүй гэсэн...гэх мэдүүлэг / хэргийн 21-22 дугаар хуудас /
Шүүгдэгч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 12 сарын 28-нд Монхоогийн гэрт хоноод маргааш өглөө нь зах гараад зах дээр архи уудаг хүмүүстэй архи ууж байгаад Шомбон ахынх руу явсан. Тоглоомтой гудамжаар алхаж байтал ******* / *******тэй / таарсан. Бид хоёр 6 дугаар сургууль руу алхаж байтал нэг хашаанд ямаа майлах чимээ гарсан. Бид хоёр тухайн хашааны дэргэд очоод ямааг авахаар болоод хашааны хоёр ширхэг банзыг сугалаад малын хашаанаас нэг эм ямааг барьж аваад буцаж гараад *******/ ******* машин бариад би машины багажинд ямаагаа хийгээд Хишиг-3 дэлгүүрийн хар замаар урагшаа яваад Сэрчин гэх айлд очоод дааманг нь цохисон боловч хүн гарч ирээгүй. Тэгээд Тоглоомтой гудамжинд байдаг гэх залуугийн гэрт очоод г асуусан чинь хөдөө явсан гэсэн. Тэгээд тоглоомтой гудамжаар дээшээ яваад Ж.******* нэг айл руу ороод асуугаад ирье гээд орсон. Тэр гарч ирээд “авахгүй гэж байна “ гээд байж байтал цагдаа нар ирсэн. Бид нарыг Цагдаагийн газарт авчирсан.Ж. *******/ *******/ бид хоёр архи уухаар болоод явж байгаад хашаанд ямаа майлахаар нь зарж мөнгө хийгээд мөнгөөр нь архи уух санаатай хулгай хийсэн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...гэх мэдүүлэг
Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 12 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Харганы худаг гэх газраас айлын өвс ачаад Ховд аймгийн төвд 20 цаг 30 минутанд ирсэн. Гэрлүүгээ харих гээд явж байгаад Тоглоомтой гудамжны уулзварын дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи аваад худагны дэргэд ганцаараа уугаад гэрлүүгээ явж байтал М. таарсан. Бид хоёр хойш эргээд хамт алхаж байтал нэг хашаанд ямаа майлсан. Бид хоёр тухайн хашааны гадна очиход М. намайг ороод аваад ир гэхээр би үгүй гэсэн. Тэгтэл М. өөрөө ороод нэг хар ямаа аваад гараад ирсэн. М.г ямаагаа аваад гудамжинд байж бай гээд би такси зогсоогоод байж байтал М. ямаагаа авчираад машины арын багажинд хийсэн. Тэр таксины жолоочид доор нэг айлд очоод ирье гээд Хишиг-3 дэлгүүрийн замаар урагшаа яваад нэг айлын хашааны гадна очоод тухайн хашаанд орчихоод гарч ирээд хүн байхгүй байна гээд Тоглоомтой гудамжинд М. нэг айлд ороод байхгүй гээд гарч ирсэн. Дээшээ яваад Өлзийгийн гэрийн гадна очоод “ ямаа авах уу “ гэсэн боловч авахгүй гэхээр нь буцаж гарч ирээд байж байтал цагдаа нар ирсэн. Бид нарыг Цагдаагийн газарт авчирсан. Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. бид хоёр архи уух зорилготой хулгай хийсэн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгож байна... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Өнөрбаатарын өгсөн...2018 оны 12 сарын 29-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хайрхан багийн тоот хашаанаас 1 тооны ямаа хулгайлагдсан гэх дуудлага ирсний дагуу хэргийн газарт ирэхэд нэг настай эмэгтэй “манай хашаанаас нэг ямаа алга болсон, хашааны банз эвдээд орсон байна” гэж байсан. Тэгээд хашаанаас гараад мөрийг нь дагаад дээш өгсөөд явсан боловч засмал зам хүрээд мөр нь алга болчихсон. Эргэн тойронд явж байсан тээврийн хэрэгсэлийг зогсоогоод үзлэг шалгалт хийж байтал ХОҮ улсын дугаартай хар өнгийн ист маркын тээврийн хэрэгслийн арын багажинд хар өнгийн ямаа ачсан тээврийн хэрэгсэлд жолоочийн хамт 2 хүн явж байсныг биеийн байцаалтыг шалгаж үзэхэд Ж.*******, М. гэх хоёр хүн байсан. Тэр хоёр хүн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхаар нь түр саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч тухайн тэр хоёр хүнийг танихгүй зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь авахад хамт явсан бололтой нэг эрэгтэй хүн хаанаас ч юм гарч ирсэн. Тэр хүн ямаа авчираад машины арын багажинд хийчихээд явсан. Тэр хүмүүс намайг энэ ямааг авчих гэхээр нь авахгүй гэж хэлсэн гэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн өгсөн... 2018 оны 12 сарын 29-ний орой бид нар гэртээ унтаж амрах гээд байж байтал манай хашаанд тэжээж байсан ямаа майлахаар нь “ хэн нэгэн хүн ирж байгаа юм болов уу “ гээд гарах гэсэн боловч гар чийдэнгээ хайгаад олоогүй. Тэгээд ээжийгээ сэрээгээд гар чийдэн асуухад”хөргөгчин дээр байгаа” гэхээр гар чийдэнгээ аваад гарч малын хашаан дээрээ очоод малаа бүртгэж үзэхэд нэг ямаа, 3 ишиг, 1 хонь бүрэн байсан. Гэртээ ороод байж байтал 20-30 минутын дараа хонь ямаа майлалдаж,хашааны банз дуугарахаар нь ээжийнхээ хамт гарахад хашаан дотор хашчихсан мал сул явж байсан. Малаа бүртгэж үзэхэд нэг тооны хар зүсмийн ямаа алга болчихсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид нар хөдөөнөөс авчирж тэжээж байсан мал юмаа...гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.гийн өгсөн...2018 оны 12 сарын 29-ний орой Ж.******* манай гэрт ирээд “ ямаа авах уу , би хөлсөндөө нэг ямаа авсан, мөнгөний хэрэг болоод зармаар байна “ гэхээр нь ямааг нь авахгүй гээд хашааны хаалгаа хаагаад гэртээ орж амарсан. Хажуудаа нэг эрэгтэй хүнтэй нэг тооны ямаа аваад явж байсан. Тухайн үед шөнө мал зарах гээд явж байхаар нь хулгайн мал байх гэж бодоод авахгүй гээд явуулсан. Ж.*******, М. нар урьд нь надад мал зарж байгаагүй, манай гэрээр ирж байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 36 дугаар хуудас/
Мал үнэлсэн тухай... эм ямаа -70000 төгрөг...гэх тайлан / хэргийн 38 дугаар хуудас / зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч Ж.*******, М. нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 сарын 29-ний орой 22-23 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн тоот хашаанаас хохирогч Ж.ийн нэг тооны хар зүсмийн 70000 төгрөгний үнэ бүхий ямааг хашааных 2 ширхэг банзыг эвдлэн орж, нууцаар авч, таксиний үйлчилгээнд явж байсан Ш.ын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаажинд хийж архи уух, мөнгө олох зорилгоор бусдад зарж борлуулах гэж яваад эргүүлийн цагдаад баригдаж, ямааг нь хохирогчид буцаан өгсөн хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь хохирогч Ж., гэрч Ш., Т.Өнөрбаатар, Н., Г. нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, малын үнэлгээ тогтоосон тайлан, шүүгдэгч Ж.*******, М. нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.*******, М. нар нь архи уух зорилгоор бусдын нэг тооны ямааг хулгайлахаар тохиролцон, малын хашаанд хашсан, бусдын нэг тооны ямааг гадна хашааных хоёр ширхэг банзыг эвдэж,үйлдлээрээ санаатай нэгдэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан...гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэн үйлдсэн бол... гэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх хуулийн заалтад нийцэж байх тул шүүгдэгч М., Ж.******* нарын хохирогч Ж.ийн хашаанаас нэг тооны ямааг хулгайлан авсан үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М., Ж.******* нарын бусдын нэг тооны малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт үйлдэл нь...бусдын мал хулгайлсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ж.*******, М. нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Хохирогч Ж. нь мөрдөн шалгах ажиллагаанд...хулгайд алдагдсан ямаагаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М., Ж.******* нар нь бусдад төлөх 700000 төгрөгийг төлсөн байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.*******, М. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ / 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 57 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 74-79 дүгээр хуудас дахь 20 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 80-82 дугаар хуудас дахь 2018/ШЦТ/ 112 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 106-113 дугаар хуудас дахь 129 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М. нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байсан нь хэргийн 83-87 дугаар хуудас дахь 73 дугаартай шийтгэх тогтоол,хэргийн 58 дугаар хуудас дахь дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч М., Ж.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын нэг тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгч нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч Ж.т учирсан хохирол 70000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч М., Ж.******* нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч М.г ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.
Шүүгдэгч Ж.*******ийн хувьд засарч хүмүүжих байх гэв.
Шүүхээс шүүгдэгч М., Ж.******* нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг...хүлээлгэх зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ж.*******ийн хувийн байдал болон урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж, шүүхээр удаа дараа торгох ялаар шийтгүүлж байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1936000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М., Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 70000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******өд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******өд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн 1936000000008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М., Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 70000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар...оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүргийг шүүгдэгч М.д хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж,цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА