Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Р.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч С.Хавдалманан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт холбогдсон  шүүгдэгч  Х.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт холбогдсон шүүгдэгч Р.******* нарт холбогдох эрүүгийн 1836000000204 дугаартай, 178/2019/0025/Э/ индекстэй хэргийг 2019 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

              1. Монгол улсын иргэн,  1980 оны 09 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, аминдаа 11 толгой адуу, 11 тооны үхэр, 124 толгой бог мал, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 280000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,  Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 22- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө  хураахгүйгээр  2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ******* овогт *******ийн  ******* 

              2. Монгол улсын иргэн,1993 оны 10 сарын 15- ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн  суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  яс үндэс казак, боловсрол мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт  амьдрах, Ховд  аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, аминдаа гэр нэг, тэмээ 3,  адуу 35,  үхэр 21, хонь ямаа-860 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 280000 төгрөг, ял шийтгэлгүй, , ******* овогт *******ийн ******* 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг “Долоогийн газар” гэх газраас Б.*******ын нэг тооны үхэр,

Мөн шүүгдэгч  Р.*******тай бүлэглэн 2018 оны 11 сарын 23- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэрээс Д.ийн 2 тооны адуу тус тус хулгайлсан,

Шүүгдэгч Р.******* нь  2018 оны 09 сарын 05- ны өдрөөс 09 сарын 20- ны өдрүүдэд хохирогч С.Хавдалманангаас 100 тооны ямаа зарна гэж хуурч 2840000 төгрөгийг залилан авсан,

Мөн шүүгдэгч Х.*******тай бүлэглэн 2018 оны 11 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэрээс Д.ийн 2 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.*******ы өгсөн... Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг “Алагийн хаяа” гэх газар гэртээ байж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр хээр зүсмийн морио унаад Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг “Долоогийн газар”-т очоод тус газарт байсан  үхэрнүүдээс шар зүсмийн цагаан духтай халзан үхрийг салгаж туугаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Малынхаа хашаанд хийж хонуулаад 11 сарын 26-ны өдөр өөрийн төрсөн ах Х.Халымжантай хамт гаргасан. Тухайн үхрийг өвлийн идшиндээ хэрэглэх гэж хулгайлсан. Ахдаа хүнээс авсан гэж хэлсэн. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдснийг мэдээгүй. Суран хазаартай, эмээлтэй, хээр зүсмийн 4 настай морио унаж явсан.

 2018 оны 11 сарын 23- ны өдөр Р.*******, Т. нар мотоцикльтой ирээд 0.75 литрийн 2 шил Ерөөл архи хувааж ууцгаасан. 17 цагийн үед Р.*******ийн хамт хулгайн гэмт хэрэг үйлдэхээр “Улаан харгана” гэх нэртэй газар очоод 30 орчим тооны адуунаас хар зүсмийн морь, хүрэн гүү зэргийг  барьж аваад гэрлүүгээ очоод хар зүсмийн морио харганаас уяж орхиод, хүрэн зүсмийн гүүг хөтөлж, Буянт сумын төвд очоод Т.******* гэдэг хүнд  450000 төгрөгөнд тооцож өгөөд тухайн гүүг нядалж 26000 төгрөг аваад гэртээ ирсэн. Би урьд нь Т.*******аас 200000 төгрөг зээлсэн байсан тул түүнийгээ хаах гэж хулгай хийж тухайн гүүг аваачиж өгсөн. Р.*******ийн хамт гэртээ очиж амарсан. Өглөө нь босоод Буянт сум яваад 0.75 литрийн архи авчраад Р.*******ийн хамт уугаад сууж байхад Х.ы  эхнэр над руу залгаад ” Зун авсан мориныхоо үнийг авна” гэсэн. Би  “адуу бэлэн байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл Х. эхнэр, хүүхдийн хамт ирэхээр нь хулгайлсан  хар зүсмийн адууг нядалж өгөөд явуулсан. Р.******* тухайн өдөр манайд хоноод маргааш нь явсан. 9 орчим насны баруун чих цуурхай имтэй, зүүн гуян дээрээ араатай гал тамгатай хар зүсмийн морь, 7 орчим насны баруун чих цуурхай имтэй, зүүн гуян дээрээ араатай гал тамгатай, хүрэн зүсмийн гүү байсан. Би тухайн үед үхэр хулгайлах үедээ унаж явсан морио унаад, Р.******* нь Т.Өнөрханы адуунд авчирч тавьсан 9-ийн тоо тамгатай, 6 настай хул зүсмийн морийг зайдан унаж явсан. Т.*******, Х. нар миний өгсөн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Д.ийн хохирол төлөгдсөн. М.*******ын үхрийн үнийг төлөөгүй. Төлж өгнө ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, хувиараа ногоо тарьдаг /  Боржигон овогт Батжаргалын *******ын өгсөн... Би 2018 оны 11 сарын 24-нээс 25-ны өдүүдэд Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Долоогийн газар” гэх нэртэй газраас өөрийн 1 тооны 8 настай үхэр хулгайд алдсан. Миний үхэр ягаан зүсмийн цагаан халзан духтай, баруун чих цуулбар, зүүн чих урдаасаа сэтэлсэн имтэй, зүүн талын эвэр нь улаан будагтай үхэр байсан. Хохирлоо төлүүлж авна. Үхрээ 600000 төгрөгөөр үнэлж байна  ... гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Халымжаны гэрчээр өгсөн... 2018 оны 11 сарын 26-ны өглөө босоод явах гэтэл Х.******* нэг үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь хамт нядалсан. зүсмийн цагаан духтай, зүүн талын эвэр нь улаан будагтай үхэр байсан. Х.******* надад хэлэхдээ “хүнээс авлаа” гэж хэлсэн. Би тухайн үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/

Мал үнэлсэн тухай тайлангаар ... эм үхэр -8 настай – 600000 төгрөг... гэх баримт  / хэргийн 27 дугаар хуудас/

Эд зүйл  хураан авсан буюу хүлээлгэн өгсөн  ... Х.*******ыг байлцуулан “Улаан шар зүсмийн үхрийн арьс байх бөгөөд  2 метр урттай, 1м50 см өргөнтэй, цагаан халзан үхрийн толгойн арьс зэрэгт үзлэг хийж, хүлээлгэн өгсөн... тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 51-53 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Мургажийн өгсөн... 2018 оны 11 сарын 23- ны өдөр Х. гэх залуугаар  Х.*******ы гэрт хүргүүлсэн. Х.******* бид хоёр 0.75 литрийн 2 шил архи ууж байгаад орой 18 цагийн үед Баруун салаа багийн “Улаан харгана” гэх газарт байсан 30 орчим тооны адуунаас хар зүсмийн морь, хүрэн зүсмийн гүү зэргийг Х.******* нь бугуйлдаж барьж аваад Ховд аймгийн Буянт сумын төв дээр очоод Т.*******д хүрэн зүсмийн гүүг 450000 төгрөгөнд тооцож өгөөд, гаргалцаад өгчих гэхээр нь нядалж  өгөөд 26000 төгрөг авсан. Тэгээд 11 сарын 24- ний өглөө  босоод Х.******* бид хоёр мотоцикльтой яваад 0.75 летрийн 2 шил Ерөөл архи аваад ууж байтал ирээд хар зүсмийн адууг нядлуулж аваад явсан. Х.******* надад хэлэхдээ “Х.аас зун нэг адуу аваад идчихсэн түүнийхээ оронд өгч байна “ гэж хэлсэн. Би тухайн өдөр Х.*******ы гэрт хоноод маргааш нь гэрлүүгээ явсан. Бид хоёр хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан. Т.*******, Х. нар тухайн 2 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би Х.Өнөрханы Х.*******д авчирч өгсөн 6 настай, хул зүсмийн морийг зайдан унаж явсан. Цагаан дээсээр хийсэн хазаартай байсан.

2018 оны 09 сарын дундуур С.Хавдалманан буюу Хадан гэх хүнд мал өгнө гэж хэлээд 2840000 төгрөг авсан. Би 40-өөд ямаа худалдана гэж хэлсэн. С.Хавдалманан манайхаас мал, ноос, ноолуур авдаг байсан тул эхлээд 120000 төгрөг, дараа нь 300000 төгрөг авсан. Дахин мөнгө авах гэхэд “ээжтэй  ярьж байж өгнө” гэхээр нь тэдний гэрээс гарч яваад гудамжинд явсан танихгүй эмэгтэйгээр “манайх мал зардаг нь үнэн” гэж яриулсан. Тэгээд нийт 2840000 төгрөгийг С.Хавдалманангаас хуурч худал хэлж авсан нь үнэн. Манайх мал зарах нь худлаа. 2018 оны 10 сарын 03-ны өдөр очоод  10 сарын 13-ны өдөр мөнгөө төлж өгнө гэж бичиг хийж өгөхөд гэрчлэх хүн хэрэгтэй гээд байхаар нь М.ийг дагуулж очиж гарын үсэг зуруулсан. С.Хавдалмананд 2000000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэгдэл 840000 төгрөгийг 7-14 хоногийн дотор төлнө. Д.ийн морины хохирол төлсөн гэж Х.******* хэлсэн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө  үү ...  гэх мэдүүлэг  

Хэргийн газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Ховд сумын Улаан харгана багийн нутаг “Алаг” гэх газар байх бөгөөд иргэн Х.*******ы өвөлжөөнд явуулав.

Х.*******ы өвөлжөө нь мал хаших хашаа 2, өвсний хашаа-1, ишиг хурга хаших хашаа -1 зэргээс бүрдэж байх бөгөөд харгана ашиглан барьсан байв. Өвсний хашааны зүүн тал бага зэргийн өвс байх бөгөөд өвсийг сэрээдэж үзэхэд доороос нь цагаан өнгийн уутанд хийсэн халтар адууны арьс гарч ирсэн ба тухайн арьс гүйцэд хөлдөөгүй байхыг үзэхэд 7 хоног орчим болсон байдалтай байсныг хэргийн газрын үзлэгээр түр хураан авлаа. Мөн тухайн орчимд үзлэг хийж малын хашааны хойноос олдсон сэвсийг малтаж үзэхэд гэдэс дотрыг сэвсэнд нь булж хаясан байх бөгөөд сэвсний доороос үхрийн хоёр ширхэг эвэр гарч ирсэн ба нэг эвэр нь улаан будагтай байсан тул 2 эврийг үзлэгээр хураан авч, үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд малын хашааны урд адуу алсан бололтой цус болсон газар байв. Бор өнгийн адууны гурван ширхэг шийрийг мөн түр хураан авав ... гэх тэмдэглэл / хэргийн 69 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа  багт оршин суух, 1982 онд төрсөн,36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг,  овогт ын ийн өгсөн... Би Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана гэх газраас 2018 оны 11 сарын 20-25-ны өдрүүдэд 2 тооны адуу алдсан. 9 настай, буруу чих цуурхай имтэй,зүүн гуян дээрээ араатай гал тамгатай, хар зүсмийн адуу, 7 настай, буруу чих цуурхай имтэй, зөв гуян дээрээ араатай гал тамгатай, жороо хүрэн гүү зэргийг алдсан. Намайг адуугаа хайгаад явж байтал цагдаа нар таараад надад адууны арьсны зураг үзүүлсэн. Миний алдсан хар адууны арьс мөн байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 72-74 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ы гэрчээр өгсөн... Би 2018 оны 09 дүгээр сард Х.*******д  хүрэн зүсмийн адуу өгсөн. Х.*******  тухайн  адууны орных нь адууг өвлийн идшээр өгнө  гэж хэлсэн. Манай эхнэр 11 сарын 24-ний өдөр Х.******* руу яриад “адуугаа авъя” гэхэд бэлэн байна гэхээр нь тухайн өдрөө эхнэр хүүхдийн хамт очоод 1 тооны хар зүсмийн адууг Х.*******, Р.******* нараар нядлуулж, тээврийн хэрэгсэлдээ ачиж авсан.  Толгой болон арьс үлдэнэ гэхээр нь Х.*******ы гэрт үлдээсэн юмаа.  Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 78-79 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ы гэрчээр өгсөн... Х.******* нь 2018 оны 10 дугаар сард 200000 төгрөгийг 11 сард багтаагаад өгнө гээд зээлсэн. Тэгтэл 11 сарын 23-ны орой 21 цагийн үед намайг Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт гэртээ байх үед Р.*******ийн хамт хүрэн зүсмийн гүү авчираад “ одоогоор мөнгө алга, 450000 төгрөгөөр бодоод авчих “ гэсэн. Би  зөвшөөрөөд Х.*******, Р.******* нараар тухайн гүүг нядлуулаад өөрт байсан 26000 төгрөгийг өгөөд явуулсан. Зөв гуян дээрээ араатай гал тамгатай, хүрэн зүсмийн гүү байсан. Арьсийг нь баруун бүсийн төв зах дээр авчираад өгсөн. Х.******* надад хэлэхдээ миний адуу гээд өгсөн. Хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 81-82 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ы гэрчээр өгсөн... Би Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Алагийн хаяа” гэх газарт байсан Х.*******ыд  2018 оны 11 сарын 17- ны өдөр Р.*******ийн хамт өөрийн 2 үхэр, 1 тугал, 1 морь зэргийг  хүргэж өгөөд хоноод 11 сарын 18-ны өглөө явсан. Р.*******ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан хул зүсмийн 6 настай, зүүн талын гуян дээрээ ташуур, түүний доод талд 9-ийн тоо тамгатай, хул зүсмийн морь миний морь. Би морио 500000 төгрөгөөр үнэлнэ. Р.******* нь Х.*******д туслахаар гэрт нь үлдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 83-84 дүгээр хуудас/

Адуу үнэлсэн тухай ... хүрэн зүсмийн 7 настай, жороо гүү-1500000 төгрөг, 9 настай морь- 850000 төгрөг нийт 2350000 төгрөг / хэргийн 86 дугаар хуудас/

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн... Хар / халтар/ зүсмийн адууны арьс байх бөгөөд уг арьсны дэлний урт 30 см, шанхны урт-46 см, сүүлний урт -91 см, арьсны өргөн 150 см, урт нь 156 см байх ба муудаж үнэр орсон. Үхрийн 2 ширхэг эвэр байх бөгөөд зүүн талын эвэр нь улаан будагтай, баруун талын эвэр нь будаггүй байв. Уг эврийг хэмжиж үзэхэд баруун талын эвэр нь 18 см, зүүн талын улаан будагтай эвэр нь 21 см  байв. Мөн бор өнгийн адууны 3 ширхэг шийр байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 95-97 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 2-11 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникчийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, овогт гийн Хавдалманангийн өгсөн... Би 2018 оны 09 сарын эхээр би бог мал худалдаж авч байсан. *******ын ******* гэх залуу уулзаад надад 50 эм ямаа, 50 эр ямаа нийт 100 мал зарна гээд 2018 оны 10 сарын 01- ний өдөр авчирж өгнө гээд нэг эмэгтэйг ээжийгээ гэж яриулсан. Тэр хүн надад “ манайх мал зардаг нь үнэн “ гэж хэлсэн. Тухайн үед сэрхийг 80000 төгрөгөөр, эм ямааг 50000 төгрөгөөр тооцоод 2840000 төгрөг өгсөн. Мөнгө авсан боловч малаа авчирж өгнө гэсэн хугацаандаа авчирж өгөөгүй. Намайг Р.*******ийн ээжтэй нь очиж уулзахад “ Би чамтай утсаар яриагүй, надад чамд өгөх мал байхгүй “ гэж хэлсэн. Р.******* нь 2018 оны 09 сарын 12- ны өдрөөс 09 сарын 20- ны өдөр хүртэл эхлээд 120000 төгрөг, дараа нь 300000 төгрөг, 320000 төгрөг, 360000 төгрөг, 380000 төгрөг, 500000 төгрөгөөр цувуулж авсан. Мөнгө авсаар 1 сая төгрөг болох үед нь ээжийгээ яриул гэхэд ээж гэж нэг эмэгтэйтэй яриулсан. Надад 2 сая төгрөгийг өгсөн. Одоо 840000 төгрөгийг нэхэмжилж байна. Ял шийтгэлийн хувьд хэлэх санал байхгүй ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд М.ийн гэрчээр өгсөн... 2019 оны 09 сарын сүүлээр С.Хавдалманан  намайг дуудахаар нь очсон. Тэгтэл Р.*******аар “мөнгө авсан нь үнэн” гэх бичиг хийлгэж авсан. Р.*******  нь манай гэрт урьд нь ирэхдээ С.Хавдалмананд мал зарна, намайг мөнгө хэрэгтэй үедээ авч байгаарай гэсэн гэж ярьж байсан. Би мөнгө авсан эсэхийг нь мэдэхгүй. Тэднийх их малтай айл байгаа юмаа... гэх мэдүүлэг / хэргийн 121 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  С.гийн гэрчээр өгсөн...  Р.******* нь манай 4 дэх хүүхэд байгаа юм. Ажилд их сайн, хүнд тусалбал тусалсан шиг тусалдаг. Сүүлийн үед гэрээсээ явдаг болоод байгаа. Манайх 300 ямаа, 15 адуу, 4 тэмээ, 40 хоньтой, банкнаас 3 сая төгрөгний зээл авсан байгаа. Би С.Хавдалманантай мал зарах талаар ярьсан зүйл байхгүй. С.Хавдалмананг зүс танина. Тэр ноос, ноолуур худалдаж авч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 134 дүгээр хуудас/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 11 сарын 25-ны орой 17 цагийн үед гэрээсээ хулгай хийх зорилгоор гарч яваад Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Долоогийн газар” гэх газарт бэлчээрт байсан үхэрнүүдээс хохирогч  Б.*******ын 600000 төгрөгний үнэ бүхий, цагаан духтай, шар зүсмийн 1 тооны үхрийг салгаж туугаад Ховд аймгийн Ховд сумын Улаан харгана багийн Алаг гэх газарт гэрийнхээ гадна аваачиж, нядалж хүнсэндээ хэрэглэсэн,

Мөн Р.*******ийн  хамт 2018 оны 11 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын “Улаан харгана” гэх газар бэлчээрт байсан 30 орчим тооны адуунаас хар зүсмийн морь, хүрэн зүсмийн гүүг бугуйлдаж барьж аваад хар зүсмийн морийг гэрийнхээ гадна харганаас уяж үлдээгээд,  хүрэн зүсмийн гүүг Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух Т.Оралханаас зээлж авсан 200000 төгрөгөнд тооцож, 450000 төгрөгөөр зарахаар тохиролцон, гүүг нь нядалж өгөөд 26000 төгрөг авсан, гэрийн гадна уясан байсан хар зүсмийн морийг  уяатай нь  хонуулаад 2018 оны 11 сарын 24-ний өдөр Х.аас зээлж авсан мориныхоо өртөгөнд өгөхөөр тохиролцож, гэрийнхээ гадна Р.*******ийн хамт нядалж, Х.ы машинд ачуулан явуулсан...

Шүүгдэгч Р.******* нь шүүгдэгч Х.Тэмижаны хамтаар 2018 оны 11 сарын 23- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын “Улаан харгана” гэх газарт бэлчээр байсан 30 орчим тооны адуунаас хар зүсмийн морь, хүрэн зүсмийн гүү зэргийг бугуйлдаж  барьж авч, мөн өдрийнхөө шөнө 21 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Т.Оралхан гэгчийн гэрт очиж, хүрэн зүсмийн гүү Х.*******ы хамт нядалж өгсөн.

2018 оны 11 сарын 24-ний өдөр урьд өдөр бэлчээр байсан адуунаас барьж авсан хар зүсмийн морийг Х.*******ы хамт нядалж, Х.ы машинд ачуулж явуулсан.

Мөн Р.******* нь  С.Хавдалмананд 50 эм ямаа, 50 эр ямаа нийт 100 мал зарна гэж 2018 оны 09 сарын 12- ны өдрөөс 09 сарын 20-ны өдөр  120000 төгрөг, дараагийн өдрүүдэд  300000 төгрөг, 320000 төгрөг, 360000 төгрөг, 380000 төгрөг, 500000 төгрөгөөр цувуулсаар 1 сая төгрөг болох үед нь С.Хавдалмананг  “ээжийгээ яриул” гэхэд нь гудамжинд явж байсан эмэгтэйгээр “ манайх мал зардаг  нь  үнэн “ гэж С.Хавдалмананд хэлүүлж, хуурч нийт 2840000 төгрөгийг  авсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******, Р.******* болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т ... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэжээ.

Хууль зүйн ойлголтоор  “Хулгайлах гэмт хэрэг” гэдгийг... бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ... гэж тодорхойлсон ба шүүгдэгч Х.*******, Р.******* нар бусдын бэлчээр байсан 1 тооны үхэр, 2 тооны адууг өмчлөгчид нь мэдэхгүйгээр нууцаар,шөнө, оройн цагаар,далдуур авч өөрийн өр зээлэндээ өгсөн, мөн хувийнхаа хүнсний хэрэглээнд зарцуулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан “хулгайлах“ гэмт хэргийн... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэх шинжтэй нийцэж байгаа ба бусдын малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан... бусдыг малыг хулгайлсан “ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.*******, Р.******* нар нь бусдын 2 тооны адууг хулгайлахаар ярьж тохиролцон, хамт мориор явж, бэлчээрт байсан адуунаас бугуйлдаж барьж аваад улмаар түүнийгээ бусдад өгөх өрөндөө нядалж өгч үйлдлээрээ санаатай нэгдэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэн үйлдсэн бол... гэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн  гэх хуулийн заалтад нийцэж байх тул шүүгдэгч Р.*******, Х.******* нарын хохирогч Д.ийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авсан үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Х.*******ы хохирогч Б.*******ын бэлчээрт байсан 1 тооны  үхрийг хулгайлан авч нядалж хүнсэндээ хэрэглэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгосон нь үндэстэй.

 Хууль зүйн хувьд “ залилах гэмт хэрэг” – ийг эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авахыг хэлэх ба ирээдүйд эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авахыг ойлгоно... гэж тодорхойлсон ба шүүгдэгч Р.*******ийн ...  100 тооны эр болон эм ямаа зарна...,хохирогч С.Хавдалмананг ээжийгээ яриул гэхэд нь гудамжинд явж байсан танихгүй эмэгтэйгээр  “ манайх мал зарах нь үнэн ” гэж  худал яриулж  хохирогч С.Хавдалманангаас  2840000 төгрөгийг авсан үйлдэл нь ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан... хуурч ... эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол... гэх гэмт  хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Р.*******ийн дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгосон нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.*******ийг бүлэглэн бусдын мал хулгайлсан, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шүүгдэгч Х.*******ыг бусдын малыг хулгайлсан, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Хавдалманангийн шүүгдэгч Р.*******аас 2000000 төгрөг авсан, үлдэгдэл 840000 төгрөгийг төлүүлнэ ... гэх мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******аас 840000 төгрөг гаргуулан хохирогч С.Хавдалмананд олгох. Мөн хохирогч Б.*******ын... мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн... үхрийн үнэ 600000 төгрөгийг гаргуулна ... гэх мэдүүлэгийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 600000 төгрөг гаргуулан хохирогч Б.*******т тус тус  олгох нь зүйтэй гэж үзнэ.

                       Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.*******ыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Р.*******ийг бусдын малыг бүлэглэн хулгайлсан, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х. *******ыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч Р.*******ийг 6 сарын хорих ялаар, мөн шүүгдэгч Р.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих  ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Р.*******ид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Р.*******аас 840000 төгрөг гаргуулан хохирогч С.Хавдалмананд олгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай гэв.

Шүүгдэгч Х.*******ы өмгөөлөгчийн дүгнэлтэд:Шүүгдэгч Х.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, төлөөгүй хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.   

Шүүгдэгч Р.*******ийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.Хохирогч Д.өд төлөх хохирол байхгүй. Хохирогч С.Хавдалмананд учруулсан хохирлын 2000000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 840000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Р.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн ангилалд хамаарч байгаа тул  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүгдэгч Х.******* нь  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 сарын 14- ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,  Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 22- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө  хураахгүйгээр  2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хэргийн 149 дүгээр хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 151- 154 дүгээр хуудас дахь 35 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 163- 164 дүгээр хуудас дахь 133 дугаартай шийтгэх тогтоол болон хэргийн 155- 162 дугаар хуудас дахь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 23- ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор ... бусдын хоёр тооны адуу буюу бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж байсан нь тогтоогдож байна.

Дээрхи баримтаас үзэхэд шүүгдэгч Х.******* нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, гэм буруутайд тооцогдож байсан боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Х.******* нь  2018 оны 11 сарын 25- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг “Долоогийн газар” газраас Б.*******ын нэг тооны үхэр, шүүгдэгч Р.*******тай бүлэглэн 2018 оны 11 сарын 23- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэрээс Д.ийн 2 тооны адуу хулгайлж, 

Мөн шүүгдэгч  Р.******* нь  2018 оны 09 сарын 05- ны өдрөөс 09 сарын 20- ны өдрүүдэд хохирогч С.Хадвалманангаас 100 тооны ямаа зарна гэж хуурч 2840000 төгрөгийг залилан авсан, шүүгдэгч Х.*******тай бүлэглэн 2018 оны 11 сарын 23- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэрээс Д.ийн 2 тооны адуу хулгайлсан ... нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох ...    энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг тус тус  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Х.*******, шүүгдэгч Р.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэстэй байна. 

Шүүгдэгч Х.*******, Р.******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.*******ыг бусдын нэг тооны үхэр, бусдын 2 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ... эрүүгийн  хариуцлагын зорилгыг үндэслэл болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д  6  сарын хорих ял шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн  эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Р.******* анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  хэргийн 148 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ... шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь ял ногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно ... гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заснаар шүүгдэгч Р.*******ид  360 цагийн нийтэд тустай ажилд хийлгэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Р.*******ид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялуудыг  нэмж  нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т тайлбарласнаар ... Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан  гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно... гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлнэ... гэснийг үндэслэн шүүгдэгч Х.*******ы хохирогч М.*******ын бэлчээр байсан 1 тооны үхрийг гэрийнхээ гадна тууж ирэхдээ, мөн  хохирогч Д.ийн бэлчээрт байсан 2 тооны адууг бугуйлдаж барихдаа, улмаар Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух гэрч Т.*******д хүргэж өгөхдөө ашигласан  морь буюу  түүний 500000 төгрөг, хохирогч Д.ийн хоёр тооны адууны нэгийг гэрч Х.д өгөх мориныхоо өртөгөнд өгсөн тул тухайн морины үнэ 500000 төгрөгийг,  мөн нэг  тооны адууг  гэрч С.*******д өгөх 200000 төгрөгний өрөнд өгч  200000 төгрөг олсон тул тухайн 200000 төгрөгийг, хүрэн гүүг нядалж өгөөд 26000 төгрөгийг Х.*******аас авсан тул уг 26000 төгрөг нийт 1326000 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь  зүйтэй гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Р.*******ийн шүүгдэгч Х.*******тай бүлэглэн Д.ийн 2 тооны адууг хулгайлахдаа унаж явсан гэрч Х.Өнөрханы морины үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч Р.*******аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтов. 

Эрүүгийн 1836000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Х.*******, Р.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ, хохирогч нарт учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.*******ы ... 2 тооны  адуу, 3 тооны үхэр, 28 тооны ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 сарын 19- ний өдрийн 5/138 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, шүүгдэгч Р.*******ийн ... 50 тооны эм ямаа, 50 тооны эр ямаа, 1 эм үхэр, 1 морь, 5 эм хонийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 5/134 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг бүлэглэн бусдын мал хулгайлсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 –д заасан,  шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын малыг бүлэглэн хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Р.*******ийг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар шүүгдэгч Р.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тус тус ажил хийлгэх  ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн 1836000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу 500000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 826000 төгрөг, нийт 1326000 төгрөгийг, шүүгдэгч Р.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 500000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 600000 төгрөг гаргуулан хохирогч Б.*******т, шүүгдэгч Р.*******аас 840000 төгрөг гаргуулан хохирогч С.Хавдалмананд тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.*******ид оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******ид тайлбарласугай.

9.Шүүгдэгч Х.*******ы ... 2 тооны  адуу, 3 тооны үхэр, 28 тооны ямаа... зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 сарын 19 - ний өдрийн 5/138 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,  шүүгдэгч Р.*******ийн ... 50 тооны эм ямаа, 50 тооны эр ямаа, 1 эм үхэр, 1 морь, 5 эм хонь... -ийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 сарын 04 - ний өдрийн 5/134 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “  тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Р.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЦЭЦЭГМАА