Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 173

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 9-р баг, Уурхайчны 7-321 тоотод оршин суух, Бүлээн овогт Цагаанхүүгийн Баттунгалаг /ЗЮ73112907/-ын  Р.Батсайхан /ЗД69122714/-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баттунгалаг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баттунгалаг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Батсайхантай 1999 онд хамтран амьдарч эхэлсэн. 2003 оны 6 сарын 18-нд хүү Очирбудыг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш хамтран амьдарч байгаад нөхөр Р.Батсайхан маань 2016  оны 3 сарын 27-нд хүнд өвчний улмаас нас барсан. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Иймээс хүү Батсайханы Очирбудад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон учир бид хоёрыг 1999 оны 7 сараас 2016 оны 3 сарын 27-ныг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Баттунгалаг нь Р.Батсайхантай хамтран амьдарч байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагч Ц.Баттунгалаг, Р.Батсайхан нар нь гэрлэлтээ батлуулаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Дундговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 4/545 дугаартай лавлагаагар нотлогдож байх тул Ц.Баттунгалагийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хангаж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ц.Баттунгалаг, Р.Батсайхан нар нь 1999 оноос 2016 оны 3 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан гэдэг нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 5, 19-р хуудас/, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын 2016 оны 5 сарын 24-ны өдрийн ам бүл хаягийн тодорхойлолт /хэргийн 33-34-р хуудас/, гэрч Ч.Эрдэнэцэцэг, Р.Баярмаа, Ц.Лхагвасүрэн нарын мэдүүлэг,  хэргийн 20-р хуудсанд авагдсан Б.Очирбудын төрөлт бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Ц.Баттунгалаг, Р.Батсайхан  нарыг 1999 оноос 2016 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Цагаанхүүгийн Баттунгалаг, Равжихийн Батсайхан нарыг 1999 оноос 2016 оны 3 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ХИШИГДЭЛГЭР