Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2023/00021

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2023/00110 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д,

 

Хариуцагч У нарт холбогдох,

 

хаш хөөрөгний үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “... би 2013 оны 10 сард ***банкнаас 5 жилийн хугацаатай 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан, сард 1,011,000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2015 оны 12 сарын 31-нд тус банкны зээлийн эдийн засагч Д, салбарын эрхлэгч У нар манай гэрт ирж, тухайн сарын төлөлтийг хийхийг шаардсан.  Би бэлэн байсан 200,000 төгрөгийг одоо бэлнээр, үлдэгдэл мөнгийг 1 сард төлчихье гэж гуйхад Д танд  барьцаалах үнэт эдлэл байвал бид мөнгө олоод төлөлтийг чинь гүйцээгээд хийчихье гэж хэлсэн. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно, бид ерөнхий нягтлан бодогчийн сейфинд  хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт ***банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн.  2016 оны 01 сарын 08-нд намайг Ут байхад Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ярьж *** ломбарданд  хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул  хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн.  Цагдаад ирж мэдүүлэг  өгсөн,  ахлах дэслэгч Шийн шаардлагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ хэрэг илрэхгүй байсаар 2021 онд хаагдсан.  Тухайн үед шүүхэд хандсан боловч хэрэг цагдаа дээр байхад нэхэмжлэл хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.  Дээрх 2 хүнээс 28 мм диаметртэй  алтан нуухтай шахмал толгойтой их газрын цагаан хаш хөөрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөгний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгнөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасч 15,880,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

2. Хариуцагч Д, У нарын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...У миний бие ***банк Замын-Үүд салбарын харьяа *** тооцооны төвийн захирлаар, Д миний бие тус банкинд эдийн засагчаар ажиллаж байхад буюу 2015 онд өөрсдийн эрхлэх ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч Гийг зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед нэхэмжлэгч Г зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг *** ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед банкны захирал, эдийн засагч болох миний зүгээс хамт явсан нь жилийн эцэст санхүүгийн тайлан бланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн Г нь өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбарднаас хулгайд алдагдаж эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурдаж. Иймээс Гэд учирсан хохирол *** ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтан буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Гийн 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424.1-д зааснаар хариуцагч Д, У нараас 2 ширхэг, хаш хөөрөгний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

 

хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 237,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д, У нараас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас хөтөлж, чиглүүлсэн асуулт асууж хэт нэг талыг барьсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т тус тус заасныг зөрчсөн. ... Шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь тус хуулийн 81 дүгээр зүйлийг зөрчсөн.

4.1. ...Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шинжээчийн дүгнэлтийг буюу хуурамч нотлох баримтыг үнэлж 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 137/Ш32023/00202 дугаартай захирамжаар дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулчихаад түүнийгээ үнэлсэн зэрэг маш их эргэлзээтэй, нэг талыг барьж ажилласан нь харагдаж байна. Нэхэмжлэгч Гийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлт гэх баримт нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бэхжүүлээгүй, эрүүгийн хэрэгт Гийн алдсан гэж мэдүүлсэн хөөрөгний диаметр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан хөөрөгний диаметр шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн хөөрөгний диаметр зөрүүтэй байхад шүүх үнэлэн шийдсэн нь хэт талыг барьж шийдвэр гаргасан болох нь хангалттай тогтоогдож байна. Хэрэв анхан шатны шүүх хариуцагч нарыг хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа бол шинжээчийн дүгнэлт гаргасан гэх хөөрөг нь нэхэмжлэгчээс хариуцагч нарт өгсөн хөөрөг биш гэж үзэх шууд үндэслэл, нотлох баримт байгаа ба хөөрөгний диаметрүүд зөрүүтэй гэдэг нь хавтаст хэрэгт хангалттай тогтоогдож байгаа болно. ... Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт нь үнэлэгдэж буй хөрөнгийн тодорхойлолт гээд 2023 оны 03 дугаар 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2016 оны шинжээчийн дүгнэлтийг тусгаснаар үндэслэж энэ шинжээчийн дүгнэлт гараад байна. Үүнийг үнэлээд байгаа нь өөрөө хууль бус.

4.2. Шүүх хуралдааны явцад шүүгч нь нэхэмжлэгчээс сануулсан санаа өгсөн асуултууд удаа дараа асууж түүний дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлээс зөрүүтэй худал байж болох мэдүүлэг өгч байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөөгүй байхад өөрийн санаачилгаар өөрчлөн шийдвэрлэж байгаа нь (нэхэмжлэл хүлээн аваад хийгдсэн процесс нь хэрэг хянан шийдвэрлэгдэхэд өөрчлөгдсөн) мөн үндэслэлгүй байна.

4.3.  Мөн нэхэмжлэгч Г зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас өөрийн хөөргөө “***” ХХК-ийн ломбардад хадгалуулахаар өөрийн биеэр авч очин өгсөн болох нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог ба тухайн үед 2-3 хоногийн дараа хөөргөө авна гэж хэлж хадгалуулсан ба харин Г нь хадгалалтын гэрээнийхээ үүргийг өөрөө зөрчин тогтоосон хугацаанд тухайн эрүүгийн хэрэгт алга болсон гэх диаметрийн хувьд зөрүүтэй хөөргүүдээ очиж аваагүйгээс тухайн ломбардад хулгай орж эд зүйлс нь хулгайд алдагдсан. Энэ талаар мөн гэрч Алтаннамар эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Тгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон нэхэмжлэгчийн мэдүүлэг байдаг. Үүнд хөөргөний диаметр нь одоогийн хариуцагч нарын нэхэмжилж байгаа хөөргөний диаметртэй зөрүүтэй байдаг. Хөөрөг нь диаметрээр үнэлэгдэж байдаг. Гэтэл хулгайд алдахдаа 27-той диаметртэй хөөрөг хулгайд алдчихаад 28-тай хөөрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээний компани хөөргөний хугацаа дууссан гэсэн дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилж өмнөх дүгнэлтийнхээ хугацааг нь сунгах байдлаар буюу дахин үнэлгээ гаргасан. Үүнд засвар оруулаагүй 28 диаметртэй гэж үнэлгээг гаргасан. Хадгалалтын гэрээ зөвхөн У, Д хоёрт биш ломбардын эзэн дээр үүсэх байсан гэж боддог. Маш олон хууль бус нотлох баримт байсан учраас шүүх хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн”  гэв.   

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудаст авагдсан Доржмаагийн мэдүүлэг, 145-146 дугаар хуудаст авагдсан Доржнамжимын мэдүүлэг, 152-153 дугаар хуудаст авагдсан Алтаннамарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Г нь *** ломбардад 2 ширхэг хөөргөө барьцаанд тавиагүй, хадгалуулахаар өгсөн болох нь нотлогдож байна. Хариуцагч У, Д нар нь Гийн 2 ширхэг хаш хөөргийг хадгалахаар авч зээлийн төлбөрт 820,000 төгрөгийг өгсөн талаараа маргадаггүй. Гийн хадгалуулахаар өгсөн 2 ширхэг хаш хөөрөг нь үнэлгээнд үнэлэгдсэн 2 хаш хөөрөг биш талаар эсвэл тухайн хоёр хөөрөг нь 15,000,000 төгрөгийн үнэтэй хөөрөг байсан талаар маргаагүй. Зөвхөн *** ломбардад хадгалуулсан. *** ломбард хулгайд алдсан учраас *** ломбард хариуцах ёстой гэсэн тайлбарыг өгч маргадаг, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 15,000,000 төгрөгийн үнэтэй хөөрөг мөн байсан, биш байсан талаар нотолж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргийг өөрсдөө хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, шийдвэрлэлээ. Тодруулбал:

 

1. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу шийдвэрийн үндэслэлд дурдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн гүйцэд, эргэлзээгүй талаас нь тогтоож, тодорхойлоогүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

2. Нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбарын тухайд: Нэхэмжлэгч Г нь хариуцагч Д, У нараас 2 ширхэг, хаш хөөргөний  үнэ 15,880,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч У, Д нар эс зөвшөөрч,  учирсан хохирлыг барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хариуцах ёстой” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424.1-д зааснаар хариуцагч Д, У нараас үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөрөгний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Эаас “...шүүгчээс шинжээчийн дүгнэлт буюу хуурамч нотлох баримтыг үнэлж, дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулж, түүнийгээ үнэлсэн нь эргэлзээтэй,  Гийн шүүхэд гаргаж өгсөн, шинжээчийн дүгнэлт гэх баримт нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бэхжүүлээгүй, Гийн алдсан гэж мэдүүлсэн хөөрөгний диаметр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан хөөрөгний диаметр зөрүүтэй байхад шүүх үнэлэн шийдсэн нь хэт талыг барьж шийдвэр гаргасан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан хэлэлцээд гомдлын дараах хэсгийг хангаж, маргааны бусад үйл баримт болон гомдолд дурдсан бусад нөхцөл байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

5.1. Нэхэмжлэгч Г 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ “...том цагаан хаш хөөрөг 27 мм-н даваа толгойтой, гуулин нуухтай, зэс халбагатай, цулгай, ямар нэг хээр хуар байхгүй, нөгөө жижиг хөөрөг нь 22 мм алтан нуухтай, алтан хажтай шүрэн толгойтой, ясан халбагатай, цагаан хаш хөөрөг, өндрийг нь сайн санахгүй байна, стандарт хэмжээ байдаг яг түүгээрээ байгаа” гэж, хөөрөгний хэмжээг тодорхойлж, мэдүүлжээ.  

 

5.2. Харин Хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ны 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн, 2023 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд эдгээр хөөргийг “...1. Даваа толгойтой 28 мм диаметр, гуулин нуухтай, хагарал, цуурал, толбогүй, их гарын цагаан хаш хөөрөг. 2. Шүрэн толгойтой 23 мм диаметртэй, алтан нуухтай, алтан хажтай, дунд гарын цагаан хаш хөөрөг” гэж 2 хөөрөгний диаметрийг нэхэмжлэгч Гийн мэдүүлгээс зөрүүтэй тодорхойлсны зэрэгцээ 2023 онд эдгээр хөөрөгний хөрөнгийн үнэлгээг, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл дахин хийхдээ дээр дурдсан 2016 онд хийгдсэн үнэлгээний тайланд үндэслэсэн /1 хх 219/ байх тул маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг “***” ХХК-нь үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь тодорхойлж, тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үндэслэл нь шинжээч буюу мэргэжилтэн нь Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн байх ба энэхүү нөхцөл байдал нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байна.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “...шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж, мөн шинжээч нь шинжилгээний үйл ажиллагаанд болон хөрөнгийн үнэлгээ хийхдээ “...хууль дээдлэх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх” зарчмыг баримтална гэж, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус хуульчилсан байна. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуульд “...шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ, дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэжээ.

 

5.4. Шинжээчийн дүгнэлт болох хөрөнгийн үнэлгээний тайлан  үнэн зөв, эргэлзээгүй байх нь улмаар нэхэмжлэгчийн “...хөөрөгний үнэлгээнээс хариуцагч нарын төлсөн 800,000 төгрөгийг хасаж, үлдсэнийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар зэрэг нь  тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой учир тэдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний “***” ХХК маргаан бүхий 2 ширхэг, хаш хөөрөгний зах зээлийн үнэлгээг /2016, 2023/ тогтоохдоо хөөрөгний диаметрийг зөрүүтэй тогтоосныг анхаараагүй, 2016 онд анхдагч шинжилгээ буюу хөрөнгийн үнэлгээ хийсэн, үнэлгээчин, 2023 онд /1хх 192/ дахин шинжилгээ буюу хөрөнгийн үнэлгээг дахин хийсэн нь  холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байх тул шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар: В23-17 хөрөнгийн үнэлгээний тайланг эргэлзээтэй төдийгүй үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Давж заалдах гомдлыг хангасан учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргахад урьдчилан төлсөн, улсын тэмдэгтийн хураамж болох 232, 950 төгрөгийг түүнд буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт нийцнэ.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2023/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА