Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1355

 

        Хийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

            2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04394 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХХ-т холбогдох

 

10 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Х нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХХХ-тай “Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ"-г гэр бүлийн гишүүдийг төлөөлөн байгуулсан. Уг гэрээний дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ тоот, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн нийт 482 м.кв талбай бүхий газар болон ХХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 228 м.кв талбайтай, 2 байшинг чөлөөлж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн бөгөөд ХХХ-аас газрын нөхөн олговорт 48 200 000 төгрөг, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговорт 40 014 000 төгрөг, нийт 88 214 000 төгрөгийг бидэнд олгохоор тогтоосон. Ийнхүү нөхөх олговрыг шилжүүлэн авснаас хойш ХХХ-аас томилогдсон Үнэлгээний ажлын хэсэг нь бидний өмчлөлийн газар дээрх 2011 оны 2 сард ашиглалтад орсон мансардтай байшингийн 70 м.кв талбай бүхий, бүрэн тохижилттой мансардны хэсгийг огт үнэлэлгүй орхисныг мэдсэн. Ингээд эхнэр ХХХХХы хамт үнэлгээний ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ХХХХХХаас энэ тухай тодруулахад алдаа гаргасан байна, нэмэлт гэрээ хийнэ гээд гэрээний эх гаргаж өгсөн боловч үнэлгээний ажлын хэсэг өөрсдийн ажилтны буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөлгүй, бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Манай гэр бүлийн өмчлөлийн газар дээр 167 м.кв талбай бүхий мансардтай, 1 өрөөтэй, 25-ын дулаалгатай тоосгон байшин, 61 м.кв талбай бүхий модон байшин, нийт 228 м.кв талбайтай 2 байшинг барьж, бүрэн тохижуулсан бөгөөд эдгээр эд хөрөнгийг бий болгохын тулд их хэмжээний хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан. Бид үнэлгээний ажлын хэсгээс томилогдсон комисст газар болон газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх үед шаардлагатай мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөөр атал эд хөрөнгийг маань огт үнэлэлгүй, иргэд бидний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Үнэлгээний ажлын хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд 1 дэх байшингийн хэмжээг 174.5 м.кв, 2 дах байшингийн хэмжээг 3.5 м.кв, газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээнд газар дээрх үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг 228 м.кв гэж тусгасан атлаа "Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ"-ний хавсралт "Хүснэгтэн тооцоолол"-д 1 дэх байшингийн хэмжээг 97 м.кв гэж зөвхөн суурийн хэсгийн талбайг бичиж, мансардны хэсгийг бүхэлд нь хасч, илтэд алдаа гаргасан ба уг хэмжээг үндэслэн нөхөх олговрын төлбөрийг буруу тооцсон. Ингээд ХХХ-ын дээрх буруутай үйлдлээс шалтгаалан бид зээл авалгүйгээр орон сууц худалдан авах бүрэн боломжтой байсан боловч Худалдаа хөгжлийн банкнаас 15 000 000 төгрөгийн зээл авч, зээл, зээлийн хүүгийн төлбөрт cap бүр 274 000 төгрөг төлж, хохирсоор байна.

ХХХ-ын үнэлгээний ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 167 м.кв талбай бүхий мансардтай байшингийн 70 м.кв талбайтай мансардын хэсгийг огт үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд хариуцагчийн зүгээс уг байшингийн 2.5 м-ийн өндөржилттэй мансардны хэсгийг мансард биш шувуун дээвэр гэж үзэж, 1,01 итгэлцүүрээр өсгөж, тооцсон гэж тайлбарладаг. Гэтэл MNS6058:2009 стандартын дагуу нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн 25-ын дулаалгатай тоосгон байшингийн 2.5 м-ийн өндөржилттэй, унтлагын өрөөний зориултаар ашиглаж байсан хэсэг нь мансард буюу адрын давхар болох нь "ХХХХХХХХ" ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн ХХХХХХХгийн гаргасан тайлан болон шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд дээрх стандартын дагуу үнэлгээний ажлын хэсэг нь 2011 оны 8 сард нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ MNS6058:2009 стандартын 7.5-д заасныг баримтлан мансардын талбайг сууцны нийт талбайн хэмжээнд оруулан тооцох ёстой атал огт үнэлэлгүй, орхигдуулсан байдаг. ХХХ нь үл хөдлөх хөрөнгийг үнэн зөвөөр үнэлсэн бол тухайн байшинг 44 883 631 төгрөгийн өртөгтэйгөөр зах зээлд худалдах бүрэн боломжтой байсан нь "ХХХХХХХХ" ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна. Хариуцагчийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан бөгөөд нэгэнт нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх буюу нэхэмжлэгч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг анхны байдалд нь сэргээх боломжгүй тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 228.1, MNS6058:2009 стандартыг баримтлан ХХХ нь "Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ"-ний дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 167 м.кв талбай бүхий мансардтай байшингийн 70 м.кв талбайтай мансардны хэсгийг огт үнэлэлгүй орхигдуулж, нөхөх олговрыг дутуу олгосон тул үнэлэгдээгүй эд хөрөнгийн үнэ болох 10 500 000 төгрөгийг ХХХ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ-ын тайлбарт:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "гэр бүлийн дундын өмч болох 167 м.кв талбай бүхий мансардтай байшингийн 70 м.кв талбайтай мансардны хэсгийг огт үнэлэлгүй орхигдуулсан гэжээ. Тус байгууллага Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай" гэрээний дагуу иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн нөхөн олговорыг олгохдоо мэргэжлийн үнэлгээчдын ажлын хэсэг газар дээр нь холбогдох хэмжилтүүдийг хийж үл хөдлөх хөрөнгийн бодит хэмжээг тогтоон, чанар байдлыг харгалзан үнэлгээг гаргадаг байсан. Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр талууд харилцан тохиролцон байгуулж талууд гарын үсэг зурж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч ХХХХХХХ үнэн зөвийг гэрчилсэн. Нэхэмжлэгч Хийн дээрх хоёр байшин нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 228 м.кв гэж бичигдсэн байх боловч газар дээр нь очиж хэмжилт хийхэд 1997 онд ашиглалтад орсон 5-ын банзан байшин нь 10/4,5 м хэмжээтэй, 45 м.кв талбайтай байсныг үүдний хэсгийг оролцуулан 53.5 м.кв-аар 25-ын ханатай 2011 оны 2 дугаар сард ашиглалтад орсон байшин нь 10/8,7 м хэмжээтэй, 87 м.кв талбайтай байсан бөгөөд үүдний хэсгийг оролцуулан 97 м.кв-аар нийт талбайг тооцон нөхөн олговрыг олгосон. Үнэлгээний ажлын хэсэг хэмжилт хийж тэмдэглэл хөтлөн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид танилцуулан гарын үсэг зуруулсан байх бөгөөд Х нь байшингийн хэмжээ 10/4,5 м, 10м/8,7 м байна гэсэн хэмжилтийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Мөн хоёр байшингийн нийт үнэлгээ 40 014 000 төгрөгийг ч өмчлөгчид хүлээн зөвшөөрч байсан. Үнэлгээ буруу хийгдэж илт хохиролтой байсан бол нэхэмжлэгч тухайн үед маргах, мөн төсөлд хамрагдахгүй байх эрхтэй байсан. Гэрээг иргэний өгсөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хийсэн тул Хтэй байгуулсан “Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай" гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгө 228 м.кв гэж бичигдсэн болно. Хийн эхнэр ХХХХХ нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагад “Газар чөлөөлж, орон сууцжуулах тухай гэрээ"-нд 228 м.кв тооцсон атал хүснэгтэн тооцоолол дээрээ 25 дулаалгатай тоосгон байшинг 97 м.кв гэж үнэлэн дутуу тооцон нөхөн олговроос 77.5 м.кв төлбөр дутсан, хохирол болох 39 826 809 төгрөг нэхэмжилж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2486 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хариуцагч ХХХ нь иргэн Хт үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговрыг бодит хэмжээнд тулгуурлан зөв тооцоолон олгож гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10 500 000 төгрөг төлөх мөн хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэхүү нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХ-т холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохирол буюу үнэлэгдээгүй эд хөрөнгийн үнэ 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй тухайд:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан 70 м.кв талбайтай мансардны хэсэг тусгагдаагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нэг айлын сууц" БНбД 31-05-05-д зааснаар "Дээврийн давхар /мансард/ нь адрын хөндийн орон зай дахь давхар, түүний нүүрэн тал бүрэн болон зарим хэсгээрээ налуу буюу хазгай дээврийн хавтгай (гадаргуу)-аар байгуулсан дээврийн хавтгай ба нүүрэн талын огтлолцлын шулуун нь дээврийн адрын хөндийн давхарын шалны түвшнээс 1.5 м-ээс илүүгүй өндөрт байх ёстой" гэж заасан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS6058:2009 стандартад зааснаар мансард нь барилгын адрын буюу дээврийн давхарт хамаардгаас гадна мансардны талбайг сууцны ашигтай талбайд оруулан тооцдог.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй "Хувийн сууцны газар дээрх үзлэгийн үнэлгээний ажлын хэсгийн протокол"-ын "Дээвэр хучилт" хэсэгт гагцхүү нэхэмжлэгчийн хувийн сууцны дээврийн чанар байдал, хучилтын талаар тусгасан байдаг ба адрын давхар нь унтлагын өрөөний зориулалтаар ашиглагдаж байсан тул протоколын "Өрөөний тоо" хэсэгт "5 өрөө" гэж тусгагдсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх протоколын "Дээвэр хучилт" гэх хүснэгтэнд зөвхөн дээвэр, түүний хучилтын чанар байдлын талаар тусгасныг "Нэхэмжлэгчийн 25-ын тоосгон, дулаалгатай 167 м.кв талбайтай хувийн сууц нь мансардтай байсан нь тогтоогдохгүй байна" гэж баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2. Хариуцагч ХХХ нь хэдийгээр нэхэмжлэгч Хт 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн "Хувийн сууцны газар  дээрх үзлэгийн үнэлгээний ажлын хэсгийн протокол"-ыг танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч үүнээс хойш 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлт”, “Хүснэгтэн тооцоолол” нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн газар, эд хөрөнгийн үнэлгээ, тооцооллыг нарийвчлан гаргасан байдаг. Ийнхүү хариуцагч нь иргэн Хт газар дээрх үл хөдлөх хөрөнгийн зөвхөн чанар байдлыг үнэлсэн протоколыг танилцуулж, тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн ямар аргачлал журмын дагуу үнэлж, нөхөх олговрын хэмжээг хэрхэн тооцсон тухай огт танилцуулаагүй байдаг. Энэ нь 39 тоот ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэгтэй “Ажлын хэсгийн дүгнэлт'', Үнэлгээний ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ХХХХХХХХын гарын үсэг бүхий "Хүснэгтэн тооцоолол"-оор тогтоогдох ба  эдгээр баримтуудыг иргэн Хт танилцуулсан гэх тэмдэглэл болон нэхэмжлэгчийн гарын үсэг байдаггүй.

Гэтэл шүүх талуудын хооронд “Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ"-г байгуулах гол үндэслэл болох ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг хариуцагч нь нэхэмжлэгчид танилцуулалгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулж, эд хөрөнгийнх нь үнийг илтэд бууруулан үнэлсэн үйл баримтыг огт үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эцэст нь хариуцагч ХХХ-ын шууд буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүдээс тухайн байшинг барьж гүйцэтгэхэд зарцуулсан хүч хөдөлмөр, өмч хөрөнгө нь үнэгүйдэж, гэм xopын хохирол учирснаас гадна нэхэмжлэгч нь зээл авалгүйгээр орон сууц худалдан авах бүрэн боломжтой байсан боловч "Худалдаа хөгжлийн банк"-наас 15 000 000 төгрөгийн зээл авч, зээл, зээлийн хүүгийн төлбөрт cap бүр 274 000 төгрөг төлж, хохирсоор байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХ-т холбогдуулан "газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ"-ний дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 167 м.кв талбай бүхий мансардтай байшингийн 70 м.кв талбайтай мансардны хэсгийг үнэлэлгүй орхигдуулж, нөхөх олговрыг дутуу олгосон гэх үндэслэлээр 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай” гэрээгээр нэхэмжлэгч Х ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 482 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байрлах 228 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 88 214 000 төгрөгт тооцож шилжүүлэх, ХХХ нь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгийн үнийг олгохоор тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

             Нэхэмжлэгч нь дээрх гэрээний талаар “...167 м.кв талбай бүхий мансардтай байшингийн 70 м.кв талбайтай мансардны хэсгийг үнэлэлгүй орхигдуулж, нөхөн олговрыг дутуу олгосон” гэж маргасан нь үндэслэл муутай байна.

 

            Талууд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн шинж байдал, үнийн талаар тохиролцож, 482 м.кв талбай бүхий газрыг 48 200 000 төгрөгөөр, 228 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг 40 014 000 төгрөгөөр, нийт 88 214 000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан, гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь газар, хувийн сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч гэрээний үнэ 88 214 000 төгрөгийг төлсөн, зохигчдын гэрээгээр хүлээсэн үүрэг харилцан биелэгдсэн гэж үзэхээр байна.  

 

Хэргийн 84-90 дүгээр талд авагдсан үнэлгээний тайланд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 228 м.кв талбайтай хувийн сууц буюу 1-р байшинг 174.5 м.кв, 2-р байшинг 53.5 м.кв талбайтай гэж тодорхойлоод үүнээс үнэлгээнд тооцох 1-р байшингийн талбайг 97 м.кв, 2-р байшингийн талбайг 53.5 м.кв гэж тооцоолол хийсэн байх бөгөөд үнэлгээний ажлын хэсэг хувийн сууц, газарт үзлэг хийж протокол үйлдэн гаргасан дүгнэлттэй нэхэмжлэгч Х 2011 оны 8 дугаар сарын 04, 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд танилцаж улмаар хамтран өмчлөгч нарын хамт 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан гэрээний зүйлийг ХХХ-ын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн “ажлын хэсгийн үнэлгээ дүгнэлтийг танилцуулалгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулсан, эд хөрөнгийн үнэлгээг илтэд бууруулсан” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.   

     

Нэхэмжлэгч Х нь хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөөгүй, энэ талаар маргаж байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна “нөхөн олговрыг шилжүүлэн авснаас хойш 70 м.кв талбай бүхий мансардны хэсгийг үнэлэлгүй орхисныг мэдсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

       

Хэргийн 8-11 дүгээр тал дахь “ХХХХХХХХ” ХХК-ийн маргаан бүхий хувийн сууцны мансардны хэсгийг үнэлсэн үнэлгээ нь нэхэмжлэгч Хийн аман зураглал болон хэрэгт авагдсан гэрэл зургуудыг үндэслэн хийгдсэн байх тул бодит байдалд нийцсэн, эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна.

 

Иймд зохигчид газар чөлөөлж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх тухай гэрээний үнийг “88 214 000 төгрөг” гэж харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х нь гэрээгээр тохиролцсоноос илүү үнэ шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэчийн төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                       А.МӨНХЗУЛ