Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0171/З/Т |
Дугаар | 221/МА2019/0111 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0111
2019 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2019/0111 | Улаанбаатар хот |
Н.У-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн төлөөлөгч Р.Б-н гаргасан давж заалдах гомдлоор, Н.У-н нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц”ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларах боломжтой бүхий л нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлээгүй, цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн нягталж дүгнээгүй, хэргийн бодит байдалд хэт хийсвэр дүгнэлт хийсэн. Хуулийн дагуу өмчлөх эрх олж авсан шударга өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
...Хэргийн нөхцөл байдал болон хэрэг 1 дүгээр хавтас 217-219 дэх хуудас баримтаас харахад 2015 оны 12 дугаар сарын 7, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд гарсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна. Уг захиргааны хэрэг маргааны хянан шийдвэрлэх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх иргэний хэрэг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүх тэр талаар тодруулаагүй, шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үйлчилчхээр байна. Мөн дээр дурдсан иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа мөн хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар дууссан байна.
Хэрэг 1 дүгээр хавтас 96 дахь хуудаст авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт хаягласан албан бичгээс харахад 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32015/07686 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж бүхий №18627308811656 тоот гэрчилгээтэй 8200 м.кв газар эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсныг захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье гэсэн байдаг.
Манай компанийн тухайд уг газрыг, “Б” ХХК-ийн хувьцааны эрхийн хамт 145 сая төгрөгөөр худалдан авсан. Ингэж худалдаж авах үед нэхэмжлэгч Н.У-н нэр уг газрын эзэмшлийн гэрчилгээн дээр бүртгэлгүй байсан.
Иргэн, хуулийн этгээд буюу компани нь иргэний эрх зүйн харилцаанд биө дааж оролцдог, иргэний эрх зүйн харилцааны тухайд бие даасан эрх, үүрэгтэй, эд хөрөнгөтэй субъектууд юм. Нэхэмжлэгч Н.У-н иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харахад гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон иргэд хоорондын дундын эд хөрөнгийн маргаан гэж харагддаг.
Энэ харилцаанд компаниудын хооронд хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ, болон бусдын эд хөрөнгийн эрхийг онцгойлон анхаарч шүүх шийдвэрлэх ёстой. Манай компани уг газрын 145 сая төгрөгөөр худалдан авахаас гадна дахин тэр хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн болно.
“Т” ХХК нь Д.Н/90%/, Б.Э /10%/ хувьцаа тус тус эзэмшдэг компани болох хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Нэхэмжлэгч Н.У нь Б.Э-н 10 хувь эзэмшдэг компанийн хөрөнгийн хэмжээнд маргаж байгаа гэж ойлгож байна. Гэтэл өөрт ногдох хэсгээ тогтоох иргэний шүүхийн маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хэр хэмжээний эд хөрөнгө өөртөө авах гээд байгаа нь тодорхойгүй байдлаас улбаалан хуулийн дагуу шударгаар /зарын дагуу/ худалдан авсан газар, түүнд оруулсан. Хөрөнгөөрөө бодитой хохироод байгаа гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон шүүхийн шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.
Гуравдагч этгээдийн хувьд худалдан авч буй газраа өөрийн хэмжээнд эрхийн зөрчилгүй талаарх мэдээллийг авсны үндсэн дээр худалдан авч, шударга өмчлөгч болсон хэмээн үзэж байна. Уг газар шүүхийн шийдвэрээр хориг тавигдаагүй байсан. Түүнийг худалдан авагч мэдэх боломжгүй “Б” ХХК, “Ц”ХХК-ийн хувьд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө худалдан авч байгаа итгэл үнэмшил нь хуульд зааснаар хамгаалагдах ёстой хэмээн үзэж байна.
Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, хариуцлагагүй байдлаас болж шударгаар хөдөлмөрлөж байгаа жирийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг ноцтойгоор хохироож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож буй хэргийн 2 дугаар хавтас 76, 80, 81, 84 дэх хуудаст авагдсан баримтаас Нийслэлийн болон дүүргүүдийн өмчийн харилцаа газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газруудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бичиг хүргэгдсэн эсэх баримт тогтоогдохгүй байна. Шуудан хүргэгчийн бичиг хүргэсэн гэх баримтын хамгийн арын хэсэгт /утсаар/ гэсэн тэмдэглэгээ байгааг шүүх анзаарч дүгнээгүй байна. Хэний эрх ашиг хэний үйлдлээс болж ноцтой хохирч байгааг шүүх анхаарах хэрэггэй.
Мөн хэргийн 2 дугаар хавтас 173 хуудаст авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны албан тоотоос харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/28702 тоот албан бичиг манай ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэж байгаагаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан нь илэрхий гэж үзэж байна.
...Тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Н.У-с Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц”ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Н.У-с Б.Э, “Т” ХХК-д холбогдуулан гаргасан “Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0172347 дугаар гэрчилгээтэй, 8200 м.кв талбай бүхий газартай холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгүүдээр тус захирамжийн биелэлтийг хангах мэдэгдлүүдийг холбогдох захиргааны байгууллагуудад хүргүүлж байснаас хамгийн сүүлд тус албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/28702 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авчээ.
Гэтэл анхан шатны шүүх “хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр хууль бус” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжуудаар “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б” ХХК-д, улмаар “Ц”ХХК-д шилжүүлэх үед дээр дурдсан Н.У-н нэхэмжлэлтэй, Б.Э, “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэг шийдвэрлэгдэж, “Т” ХХК-ийн эзэмшлийн 8200 м.кв газартай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамжийн үйлчлэл дууссан байж болох нөхцөл байдлыг шалгаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар холбогдох баримтуудыг цуглуулж, тал бүрээс нь харьцуулан, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Н.У нь Б.Э10 хувийн хувьцаа эзэмшдэг “Т” ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар маргаж буй иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримтуудыг цуглуулах нь “Т” ХХК-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжуудын улмаас нэхэмжлэгч Н.У-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.
Иймээс гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан “...иргэний шүүхийн маргаан хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулж, шүүхийн шийдвэрт дүгнээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байх тул холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Ц”ХХК-ийн төлөөлөгч Р.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН