Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 46

 

 

 

 

                                                  Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1015 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1393 дугаар магадлалтай Л.Б-д холбогдох эрүүгийн 2008006370766 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, малчин, ял шийтгэлгүй Э овогт Л-ын Б

Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түрийвчтэй бэлэн 400,000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1015 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 1393 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Т, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б гаргасан гомдолдоо: “Би найз охин Т-ийн гэрт хулгай хийх сэдэл, санаа, зорилготой очоогүй, миний бие Т-тэй уулзах зорилготой байсан. Гэрт нь орохдоо мөн Т-ийг хүрээд ирэх болов уу гээд хүлээж байсан. Үнэхээр хулгай хийх санаа, зорилго байсан бол яах гэж гэрт нь хоноод өглөө нь гараад явах билээ. Хэрвээ би Т-ийн гэрт нэвтэрч ороод юу ч авахгүйгээр гарсан бол намайг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйл “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэх байсныг олж мэдлээ. Ямар нэг хулгайлах сэдэл, зорилгогүй бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн ороод хэсэг хугацааны дараа бусдын эд хөрөнгийг авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Хулгай хийх бодол санаа байсан бол түрүүвч, кулон, гинж, мөнгийг нь олон сараар өөртөө хадгалаад байхгүй, гэмт хэргийн нотлох баримт хэмээн шууд худалдан борлуулах нь ойлгомжтой. Анх гэрчээр өгсөн мэдүүлгийг миний эсрэг ашиглаж байгаад гомдолтой байна. Иймд гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн сэдэл, зорилго, үйлдэлдээ туйлын их харамсаж, гэмшиж байгаа болон дээрх үйлдлийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйл “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус өөрчлөн, эрүүгийн ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Л.Б нь найз охин Т-ийн гэрт хулгай хийх сэдэл, санаа, зорилготой очоогүй, уулзах зорилготой байснаа мэдүүлдэг. Ямар нэг хулгайлах сэдэл, зорилгогүй бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн ороод хэсэг хугацааны дараа бусдын эд хөрөнгийг авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Нэгэн хийсвэр жишээ А бол K-POP урсгалын үнэнч бишрэгч бөгөөд Солонгосын алдарт С-ын хамтлаг Монгол улсад ирэхэд хамтлагийн гишүүдээс гарын үсгийг авах зорилгоор зочид буудлын өрөөнд нууцаар нэвтэрч орсон боловч хамтлагийн гишүүд байгаагүй тул оронд нь хамтлагийн гишүүн С-ын өрөөсөн оймсыг нь дурсгал болгон хадгалахаар аваад явсан. Дээрх тохиолдолд орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол хохирлын хэмжээ хамаагүй гээд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Яагаад анхдагчаар үүссэн сэдэл, зорилго болон хожим үүссэн сэдэл, зорилгын хүчин зүйлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйл “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, оймс хулгайлсанд нь гээд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж болохгүй гэх ямар учир шалтгаан байна. Дахин хэлэхэд Л.Б нь огт хулгай хийх сэдэл, зорилготой Т-ийн гэрт ороогүй гагцхүү Т-тэй уулзах хүсэлтэй л байсан. Хулгай хийх бодол санаа байсан бол түрүүвч, кулон, мөнгө, гинжийг нь олон сараар өөртөө хадгалаад байхгүй, гэмт хэргийн нотлох баримт хэмээн шууд худалдан борлуулах нь ойлгомжтой. Үнэхээр Л.Б нь орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийх сэдэл, зорилготой байсан бол гэрчийн мэдүүлгээ анх хохирогч түрүүвчээ караокед мартаад явсан миний бие тэр үед түрүүвчийг авсан зэрэг өөрт ашигтай мэдүүлэг өгөх боломж нөхцөл байсан. Гэтэл хулгай хийх сэдэлгүйгээр хохирогчийн гэрт нэвтрээд, сүүлд хулгайлах сэдэл, зорилго үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Иймд гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн сэдэл, зорилго, үйлдэлдээ туйлын их харамсаж, гэмшиж байгаа болон дээрх үйлдлүүдийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа Л.Б-ыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн шийтгэх тогтоол, магадлалыг өөрчлөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түрүүвчтэй мөнгө, эд зүйлүүдийг авч явсан бөгөөд 3 сарын дараа уг хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдсанаар эд зүйлүүдийг буцааж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б бид хоёр хамт амьдардаг байсан, гэрт нь нэвтрэх эрхтэй гэж мэдүүлдэг боловч хохирогч нь “хамт амьдарч байгаад бид хоёр 2019 оны 08 дугаар сард салсан, Л.Б-д гэртээ орох, эд зүйлийг нь авах ямар ч зөвшөөрөл өгөөгүй” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр олгосон бүрэн эрхийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б (хэргийн 210 дахь тал), хохирогч Л.Т (хэргийн 202 тал) нар дангаар, мөн шүүгдэгч Л.Б нь өмгөөлөгч Б.Болдбаатартай хамтран (хэргийн 203-204 дэх тал) тус тус давж заалдах гомдол гаргасан байна.

Эдгээрээс шүүгдэгч Л.Б-ын дангаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргаагүй мөртлөө мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд танилцуулаагүй (шүүх хуралдааны тэмдэглэлд зөвхөн хохирогч Л.Т-ийн гомдлыг уншиж танилцуулсан тухай тусгагдсан, хэргийн 217-220  дахь тал) буюу уг гомдлыг огт хэлэлцээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын (хэргийн 220-222 дахь тал) удиртгал хэсэгт шүүгдэгч Л.Б нь гомдол дангаар гаргасныг дурдаагүй уг магадлалын тодорхойлох хэсэгт түүний гомдлын үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.5-д заасны дагуу тусгаагүй, гомдолтой холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгт гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг заагаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх журмыг зөрчсөн болон мөн шүүхээс гаргах шийдвэрт хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1393 дугаар магадлалыг хүчингүй болгож, Л.Б-д холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН