Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/0029

 

Ө.А-ын гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны  

Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                        Д.Мөнхтуяа

            Танхимын тэргүүн:                      Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                          М.Батсуурь                                  

                                                                        Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                            П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал

Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолтой,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалтай,

Гомдол гаргагч Ө.А-ыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Ө.А-т холбогдох маргааны тухай” 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “АО” ХХК, “ТЛ” ХХК-иас “өмгөөлөгч Ө.А нь хамтарч ажиллаж байсан бүх гэрээний мөнгийг дахин нэхэмжилж, түүн дээр алданги тооцуулж, тохиролцоогүй байсан мөнгө урамшууллын дүнг санаанаасаа гаргаж, бидний хувийн мэдээллийг бидний эсрэг ашиглаж, өмгөөлөгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэх гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооноос хянан хэлэлцээд, “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3.Гомдол гаргагч “намайг нотлогдоогүй, тодорхойгүй асуудлаар буруутгасан, өмгөөллийн үйл ажиллагаагаар гомдол гаргагч "АО" ХХК, "ТЛ" ХХК-иудын хуулиар хамгаалагдсан ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй” гэж, хариуцагчаас “Ө.А нь гомдол гаргагч “АО” ХХК захирал Ц.О болон "ТЛ" ХХК захирал Ц нартай өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллахдаа өмгөөллийн үйл ажиллагаа тууштай байх, мэдээллээр ханган ажиллаагүй, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар бичээгүй Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж тус тус маргажээ.

4.Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор “Өмгөөлөгч Ө.А нь анх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа байгуулан, тухай бүр өмгөөллийн хөлс авч, иргэнд хууль зүйн туслалцаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, илт төөрөгдүүлсэн байдал илэрсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “өмгөөллийн өөр үйлчилгээнд буюу өмнө дуусгавар болсон харилцаа (С.Ц-ын нэхэмжлэлтэй, Х.Ц-д холбогдох иргэний хэрэг)-ны дараагаар тусад нь дахин өөр (шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол) эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулсан гэрээнүүд байхад гэрээ давхардуулан байгуулсан, нэг гэрээний үүргийн дүнг шаардаж өмгөөллийн хөлс авсан гэж үзэхгүй, иргэнд хууль зүйн туслалцаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, илт төөрөгдүүлсэн байдал илэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаарыг заавал бичих хуулиар тогтоосон, заавал хэрэгжих ёстой хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон.

6.2.Бусад гаргасан гэх зөрчилд үндэслээгүй, “ТЛ” ХХК-ийн гомдол, тус хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, албан бичгүүдэд дүгнэлт өгөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8.Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “өмгөөлөгч Ө.А нь анх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг дахин 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа байгуулан тухайн бүр өмгөөллийн хөлс авч, иргэнд хууль зүйн туслалцаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, илт төөрөгдүүлсэн байдал илэрсэн” гэсэн үндэслэлээр Ө.А-т сануулах шийтгэл ногдуулжээ.

9.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11.1-д “хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, Мэргэжлийн хариуцлагын хороо зөрчлийг шалгаж тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

10.Тухайлбал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг дахин 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 14-ний гэрээ байхгүй, харин 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ байна. Иймээс хариуцагч нь цаг хугацааны үйл баримтыг буруу үнэлжээ. Түүнчлэн, тухайн 2 гэрээг агуулгын хувьд адил гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байгаа нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 88.3-т “Шийдвэрийн үндэслэл дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.

11.Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 60.1-д “Хянан шалгагч нь хариуцагч зөрчил гаргасныг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл зөрчлийн дүгнэлт үйлдэн, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр урьдчилан тогтоосон дарааллын дагуу томилогдсон Гишүүнд шилжүүлнэ”, 71.1-д “Маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана” гэж заажээ. Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн дүгнэлт үйлдэхдээ “өмгөөлөгч Ө.А-ын гаргасан зөрчлүүд Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14.1.1 зүйл, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16-т тус тус зөрчсөн” гэж бичсэн байгаа хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна.

12.Учир нь, хэдэн сарын хэдний өдөр, ямар зөрчил гаргасан, энэ нь Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчиж байгаа талаар тодорхой дүгнэлт бичээгүй нь буруу болжээ.

13.Тодруулбал, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 14.1-д “Өмгөөлөгч нь хууль зүйн үйлчилгээний зорилго, хүрээ, шийдлийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэнэ. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд түүнд дарамт, шахалт үзүүлж болохгүй” гэсэнтэй холбогдуулаад Ө.А ямар зөрчил гаргасан талаар бичээгүй, мөн дүрмийн 16.1-д заасан үйлчлүүлэгчтэйгээ харилцаа холбоотой байх үүргийн зохицуулалтаас аль зөрчлийг гаргасныг нэрлэн зааж, тодорхой дүгнэлт хийгээгүй тул “тодорхойгүй асуудлаар буруутгасан” тухай өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаарыг заавал бичих” хуулиар тогтоосон, заавал хэрэгжих ёстой хэм хэмжээг зөрчсөн нь тогтоосон” гэж маргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хууль батлагдсан тул 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өмгөөлөгч Ө.А, Х.Ц нарын хооронд байгуулсан гэрээнд Өмгөөллийн шинэ хууль хэрэглэгдэхгүй, харин 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд “...үйлчлүүлэгч нь төлбөрийг ...тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан байх тул Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаарыг гэрээнд тусгах” гэж заасныг зөрчөөгүй, хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

15.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бусад гаргасан гэх зөрчилд үндэслээгүй, “ТЛ” ХХК-ийн гомдол, тус хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, албан бичгүүдэд дүгнэлт өгөөгүй” гэх гомдлын тухайд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын маргаан нэгтгэх 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “өмгөөлөгч Ө.А-т холбогдуулан “АО” ХХК-ийн захирал Х.Ц-аас 4 удаагийн гомдол, “ТЛ” ХХК-иас гаргасан гомдол байх бөгөөд гомдлын утга нэг, ижил асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” гэж гомдлыг нэгтгэсэн байна. Гэтэл Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Ө.А-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн гомдол тус бүрт дүгнэлт өгөөгүй, шийдээгүй орхисон нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 87.2-т “Хариуцагч хэд хэдэн зөрчилд буруутгагдаж байгаа бол асуудлыг зөрчил нэг бүрээр шийдвэрлэнэ. Хэд хэдэн хариуцагч холбогдсон бол асуудлыг хариуцагч нэг бүрээр шийдвэрлэнэ” гэж заасанд нийцээгүй бөгөөд гомдлын үндэслэл тус бүрд дүгнэлт хийж, холбогдох баримтыг нэрлэн заагаагүй тогтоолыг хууль ёсны гэж үзэхгүй.

16.Нөгөө талаар Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөллийн хөлсийг ямар учраас дахин авсан гэж үзсэн үндэслэл бичээгүй, иргэнд хууль зүйн туслалцаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, илтэд төөрүүлсэн ямар үйлдэл гаргасан талаар тодорхой тайлбарлаагүй учир энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

17.Дээрх үндэслэлүүдээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧИД                                                            М.БАТСУУРЬ

                                                                                  Х.БАТСҮРЭН

            П.СОЁЛ-ЭРДЭНЭ