| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Чимгээ,
Хохирогч Б.Нэргүй,
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.У холбогдох эрүүгийн 1806 09023 2245 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьгана суманд хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын түр оршин суух, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 499 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.У нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах караокед хамт архи ууж байсан Б.Нэргүйгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нэргүй мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний толгой байнга өвддөг болсон. Би “Гэмтэл Согог судлалын эмнэлэг”-т хэвтэж эмчлүүлсэн. Толгой өвдөөд унтаж чадахгүй байгаа тул байнга эм ууж унтдаг болсон. Би томографикийн зураг авахуулах ба цаашид хийлгэх эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажууд байрлах хувийн эмнэлэгт томографикийн нарийвчилсан зургийн 300.000-450.000 төгрөгөөр авдаг юм байна лээ. Шүүгдэгч Д.У хохирлоо барагдуулвал гомдол саналгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Нэрүйгийн өгсөн мэдүүлэг /хх-6-10/, гэрч А.Батсайханы өгсөн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Д.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.У нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах караокед хамт архи ууж байсан Б.Нэргүйгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нэргүйгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн найз Энхбаяр, Д.У нар “Нарантуул” зах дээр ирээд 1 шил 0.75 граммын архи миний машинд сууж уугаад цаашаа А.Батсайханы тээшин дээр очиж дахин нэг шил архи уугаад цаашаа явж караокед орсон. Би их согтсон учир сайн санахгүй байгаа юм. Д.Батсайханы яриагаар нэг харахад Д.У миний дээр гараад суучихсан намайг зодож байсан гэсэн. Маргааш өглөө нь Д.У манайд ирээд “гайгүй юу” гэж асуугаад “нүүр ам чинь гайгүй байна, толгой чинь жоохон хавдсан байна” гэсэн. Тэгээд дахиж архи авч уугаад тэрнээс хойш уулзаагүй. Тэгтэл миний толгой өвдөөд намдахгүй очиж мэргэжлийн зөвлөгөө ав гэсэн. Ингээд 11 сарын 3-ны өдөр буюу өнөөдөр ирж үзүүлэхэд “хэвтэх хэрэгтэй” гээд хэвтүүлсэн. Толгойны өвчин намдахгүй 7 хоног явж байгаа юм. Тэгээд Д.Уртбаяртай яриад “ийм боллоо гэсэн чинь би очиж чадахгүй, согтуу байсан юугаа мэддэг юм, хэзээ хойно юугаа яриад байгаа юм” гэсэн. Д.У энэ мууг яасан ч яадаг юм бэ гэсэн байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна.”/хх-6-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Батсайханы өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Уртбаяр, Энхбаяр, Нэргүй 3 архи уучихсан манай ажил дээр ирсэн. Нэг шил архитай ирсэнийг нь хувааж уучихаад караоекед орсон. Гэтэл Б.Нэргүй, Д.У 2 муудалцаад эхэлсэн. Зэрэгцээд сууж байснаа нэг харахад Д.У Б.Нэргүйг буйдан дээр дарсан дээрээс нь 2 удаа цохиж байсан. Тэр үед нь би гүйж очиж салгаад удалгүй тэр газраас нь гарцгаасан. Толгой нүүр хэсэгт нь цохисон. Би маргааш нь Б.Нэргүйгээс “нүүр рүү чинь цохиод байсан зүгээр үү” гэхэд “зүгээрээ” гэсэн. Тэгтэл тэр өдрийн маргааш нь Б.Нэргүй “толгой өвдөөд байна” гэсэн. Тэр 2-н дэргэд надаас өөр хүн байгаагүй.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Нэргүйгийн биед дух ясны өмнөд ханын хугарал гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6. ГССҮТ-д эмчилгээ хийгдсэн тул архи, сэтгэцэд нөлөөт бодис тогтоох боломжгүй.” /хх-17/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Д.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-29/зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.У 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах караокед хамт архи ууж байсан Б.Нэргүйгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.У ял шийтгэл оногдуулахдаа бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Нэргүй нь эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Уртбаярыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.У нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Б.Нэргүй нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС