Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2023/00022

 

 

 

  Чын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2023/00131 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Чын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Гд холбогдох,

 

Зээлийн 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Чын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, хариуцагч Г, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний бие Ч нь Гд 2021 оны 04 сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Гэтэл уг мөнгийг одоог хүртэл буцаан төлөхгүй байгаа тул миний зээлдүүлсэн 10,500,000 төгрөгийг Ггаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Ггийн тайлбар, татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “...  Миний бие Ч гэх хүнийг танихгүй бөгөөд бидний хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээ хийгдээгүй, энэ талаарх харилцаа огт үүсээгүй, би энэ хүнээ мөнгө зээлээгүй болно. Миний танил Н нь 2021 оны 04 сарын 08-ны өдөр дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө хийгээд тогтох гэсэн юм, мөнгө хожиж хүний ачааны мөнгө олж өгье гэж гуйсан учир би дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. Удалгүй Н нь ах дүүгээр мөнгө орж ирнэ гэсэн бөгөөд миний Хаан банкны *** тоот данс руу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, *** тоот данснаас chinba гэх утгатай 10,500,000 төгрөгийн орлого 10  цаг 22 минутанд орж ирсэн. Энэ мөнгөөр нэхэмжлэгч Н нь өөрөө  цахим мөрийтэй тоглоом тоглож, мөн өдрийнхөө 12 цаг 37 минутад Понги гэх утгатай *** тоот мөрийтэй тоглоомын данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлж тоглосон. Мөн үлдэх мөнгөөр болон миний дансанд байсан 2,500,000 төгрөгөөр, мөн миний мобикомын 2 дугаарыг 10,000,000 төгрөгөөр барьцаанд тавиулж зээл авч тоглож алдсан байдаг. Ч нь  Нын төрсөн ах болохыг миний бие сүүлд мэдсэн бөгөөд миний бие дүү Наас нийт 42,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хангаж шийдвэрлэснээс хойш Н нь намайг удаа дараа дарамталж, ах гэх Ч нь мөн дарамталж мессеж бичих болсон.  Чын төрсөн дүү Н нь тухайн үед миний дансыг ашиглаж Чаас орж ирсэн 10,500,000 төгрөгөөр мөрийтэй тоглосон бөгөөд надад огт хамаагүй,  би зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Чын нэхэмжлэлтэй, хариуцагч Гд холбогдох зээлийн 10,500,000 /арван сая, таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Чын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Чын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Болсон асуудал гэвэл 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г нь надаас 10,500,000 төгрөг дансаараа шилжүүлж авсан бөгөөд энэ мөнгийг шүүх дээр тайлбарлахдаа миний дүү Н надаас авч тоглосон гэж тайлбарласныг шүүх итгэж шийдвэрлэлээ. Н нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ энэ мөнгөнд хамаагүй, Г, Ч хоёрын асуудал гэдэг мэдүүлгийг өгсөн. Г нь бид хоёр эртний танилууд бөгөөд шүүх дээр намайг танихгүй гэж худал тайлбар гаргаж байсан. Бид эртний танилууд бөгөөд бидний хооронд 10,500,000 төгрөг зээлүүлэх асуудалд гэрээ хийж гарын үсэг зурах шаардлага байгаагүй гэж би ойлгож байсан. Би Гд мөнгө өгөхдөө эргүүлж авахгүй нөхцөлтэй өгөөгүй бөгөөд эргүүлж авах шаардлага гаргахад зээлүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэдэг байдлаар хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.” гэв. 

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Чын данснаас Ггийн данс руу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт 10,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, тухайн өдрийн 12 цагт Энхбаяр гэх нэртэй хүний данс руу 18,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэдэгт хэн ч маргаагүй. Г өөрийнхөө дансанд орсон мөнгийг цаашаа яаж зарцуулах нь Ггийн эрхийн асуудал. ... Н мэдүүлэг өгөхдөө би энэ 10,000,000 төгрөгтэй хамааралгүй, би аваагүй шүү гэсэн тодорхой мэдүүлэг өгсөн. Г, Ч нарын хоорондын асуудал шүү гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ... Зөвхөн зээлүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэсэн нөхцөл байдлаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. ...Хугацаа тохироогүй тохиолдолд зээлээ төлөхийг шаардсанаар буцаан өгөх үүрэг үүсэж байгаа. Хоёр хүний хооронд харилцаа үүссэн байна. Энэ харилцааг анхан шатны шүүх дүгнэхдээ буруу дүгнэсэн байна. Цаашилбал үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал харагдаж байна. Г 10,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй юм байна гэж анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

6. Хариуцагч Ггийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Миний бие Ч гэдэг хүнийг мэднэ. Бид хоёрын хувьд амаар болон бичгээр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед миний танил Н нь чи дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө хийгээд мөрийтэй цахим тоглоом тоглоё гээд гуйсан учраас би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ах болон дүүгээс мөнгө орж ирнэ гэсний дагуу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 10 цаг 22 минутад Чинбаа гэх утгатай миний Хаан банкны данс руу мөнгө шилжиж орж ирсэн. Тухайн өдөр тэр мөнгийг 12 цаг 37 минутад Н өөрийнхөө гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглож, чи тэр данс руу хэдэн төгрөг Понгий гэх утгатайгаар шилжүүлээрэй гэсний дагуу би шилжүүлсэн. Тухайн өдөр Чаас миний данс руу орж ирсэн мөнгийг Н төрсөн дүү нь мөрийтэй цахим тоглоом тоглож алдсан.” гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... 7.1. Зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсээгүй нөхцөл байдал харагдаж байна. Энэ нь хэрэгт авагдсан ямар баримтуудаар тогтоогдож байна вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 42.1-д зохиогчдын тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч Ч нь хэргийн үйл баримтаа 3 өөр янзаар тайлбарлаж тодорхойлдог. Яг аль нь зөв гэдгээ дэлгэрүүлж тайлбарладаггүй. ... Энэ хоёрын хооронд ямар үйл явдал болоод ямар харилцаа үүсээд 10,000,000 төгрөг зээлүүлсэн гэдэг нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

 

7.2. ... Чаас Ггийн данс руу мөнгө орсон уу, орсон. Үүнийг үгүйсгэхгүй, 10,500,000 төгрөг орсон баримт нь хэн хэнийх нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэхдээ тухайн мөнгийг буцаагаад Энхбаяр гэх хүний данс руу Понгий гэх утгаар гарсан. Понгий гэж хэн бэ гээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад Н өөрөө гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг хүмүүс Понгий гэж дууддаг гэж мэдүүлсэн. Энэ нь Н юм байна гэж нотлогдож байгаа. ... Энхбаярын дансны хуулга, Нын дансны хуулга, Ггийн дансыг ашигласан гэх хүний цаг хугацааны хуулгуудыг хараад үзэхэд Нын данснаас, Н бусад хүний данснаас, Ггийн данснаас Понгий гэх гүйлгээний утгатай гүйлгээ хийж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. ... Энэ хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүссэнээс ... болоод Ч өнөөдөр шүүхэд хандах асуудал яригдсан. Ч Гд мөнгө зээлүүлсэн гэж байгаа бол 1 жилийн өмнө тэр хоёрын асуудал үүсээд явж байхад нэхэмжлэх эрх нь байхад яагаад нэхэмжлээгүй бүтэн 1 жил өнгөрч байгаа юм.

 

7.3. ...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Чаас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  

 

1. Нэхэмжлэгч Чаас  хариуцагч Гд холбогдуулж ...2021 оны 04 сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн, зээлдүүлсэн 10,500,000 төгрөгийг Ггаас гаргуулахаар”  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г “...бидний хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээ хийгдээгүй, энэ талаарх харилцаа огт үүсээгүй,  ...  Чын төрсөн дүү Н нь тухайн үед миний дансыг ашиглаж Чаас орж ирсэн 10,500,000 төгрөгөөр мөрийтэй тоглосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...нэхэмжлэгч Ч хариуцагч Гд 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлолдогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ч эс зөвшөөрч “ ... Н нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ энэ мөнгөнд би хамаагүй,  Г, Ч хоёрын асуудал гэж мэдүүлсэн  ...бид эртний танилууд бөгөөд бидний хооронд 10,500,000 төгрөг зээлүүлэх асуудалд гэрээ хийж гарын үсэг зурах шаардлага байгаагүй ...би Гд мөнгө өгөхдөө эргүүлж авахгүй гэсэн нөхцөлтэй өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

4. Хэргийн бодит нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэхэд:

 

нэхэмжлэгч Чаас Гд холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 10:22 минутад 10,500,000 төгрөгийг  Ггаас хүссэний дагуу,  мөн түүний  “гаалийн бүрдүүлэлтийн ажил хийж мөнгө олдог,  байнгын орлоготой байдаг, сайн автомашин унадаг  зэрэгт нь итгэж шилжүүлсэн гэж” нэхэмжилсэн бол,

 

 хариуцагч Г Чаас мөнгө шилжиж ирснийг хүлээн зөвшөөрдөг боловч “би Чаас мөнгө зээлээгүй,  дансаа дүү Над нь ашиглуулж мөрийтэй тоглуулсан, ...Нын заавраар тоглоомын дансанд шилжүүлсэн” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан.

 

Маргааны зүйл болох 10,500,000 төгрөг нь нэхэмжлэгч Чын хөрөнгө, хариуцагч Ггийн хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн ХААН банкны харилцах дансанд нэхэмжлэгч Ч шилжүүлсэн нь хэрэгт авагдсан “Буд Ч” нэртэй данснаас “***Г” нэртэй  дансанд “chinba” гэсэн утгатайгаар 10,500,000 төгрөг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 10:22 минутанд шилжсэн нь ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 6/, “***Г” нэртэй ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 22-23, 24-25/ зэргээр тогтоогдсон ба Г өөрийн дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг зөвхөн өөрөө л гүйлгээ хийх буюу захиран зарцуулах эрхтэй.

 

5. Гэтэл анхан шатны шүүх маргааны зүйл болох 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна,  зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болсон ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

 

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болов.

 

6. Өөрөөр хэлбэл: Хэргийн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой харилцаа зохигчдын хооронд үүссэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ч  Гг таньдаг тул түүнд итгэж гуйлтынх нь дагуу 10,500,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч Г нь нэхэмжлэгчийн төрсөн дүү  Над мөрийтэй тоглоом тоглоход зориулж түүнд шилжүүлсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь Ч, Г нарын мөнгө өгсөн, авсан асуудалд хамааралгүй, харин хариуцагч Ггийн хувьд дээрх мөнгийг Над шилжүүлсэн асуудал нь   нэхэмжлэгч Чын эд хөрөнгөө шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болох үндэслэлгүй.

 

Хэрэгт  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны 137/ШШ2022/00256 дугаартай шийдвэр /1хх 26-34/, “...Н, Г нар нь харилцан итгэлцлийн үндсэн дээр сайн дураараа хамтарч мөрийтэй тоглосон” гэж дүгнэсэн тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын Прокурорын газрын 2021-12-20-ны 5/58 /1хх 197-198/, 2021-10-18-ны 5/149 /1хх 202-205/ дугаартай прокурорын тогтоолууд,  хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Нын “ ...Чаас Г худал хэлж мөнгө аваад тоглоомын данс цэнэглэж тоглосон” гэсэн мэдүүлэг /1хх 193-195/ зэрэг нотлох баримтууд авагдсан ба эдгээр нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хамааралтай нотлох баримтууд байна.

 

 Эдгээрээс дүгнэж үзэхэд хариуцагч Г нь нэхэмжлэгч Чаас шилжүүлэн авсан 10,500,000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглох зорилгоор ***  дансанд шилжүүлсэн болох нь үгүйсгэгдээгүй боловч энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч Ч мэдсэн гэх, мөн уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч Г биш Н авсан, зөвхөн түүний банкны дансыг ашигласан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Г нь нэхэмжлэгчээс уг мөнгийг аваагүй, түүнтэй ямар нэг байдлаар харилцаагүй гэх боловч энэхүү нөхцөл байдлыг нотлоогүй болохыг тус тус анхан шатны шүүх анхаараагүй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-т зааснаар тоглоом мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй боловч нэхэмжлэгч Чын хувьд Гд уг мөнгөн хөрөнгийг мөрийтэй тоглоом тоглоход зориулж шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Мөн хариуцагч Г нь уг 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Чаас авах талаар ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, Н ахаасаа мөнгө авч дансыг хэрэглэсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшлийн дансанд орж, энэ тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг зөвхөн хариуцагч Г эдэлнэ.

 

Иймээс зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч нэхэмжлэгчээс хариуцагч Ггийн өмчлөлд 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэггүй болохоо нотлоогүй тул  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэгч Чын хувьд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, хариуцагч Ггаас 10,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч Чаас гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2023/00131 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Ггаас 10,500,000 /арван сая, таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чад олгосугай.” гэж,

 

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ггаас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Чын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан,  эсхүл  хүргүүлснээс

хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       А.САЙНТӨГС