Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 179

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Э холбогдох эрүүгийн 1806 09889 0079 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа “И март” худалдааны төвийн 5 давхарт хувцас зардаг ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 охины хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, тоотод
оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Л.Э

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 29 тоотод бэр дүү Б.Бат-Өлзийтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Л.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-19/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 29 тоотод бэр дүү Б.Бат-Өлзийтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Өлзийгийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 29 тоотод ирсэн. Гэртээ ирэх үед бэр эгч Л.Э согтуу байсан. Намайг цүнхээ тавих хооронд “юу үнэртээд байгаа бэ” гэж би бэр эгчид хэлэхэд Л.Э нь “би 3 хоног архи ууж байна яадаг юм бэ, чи тэгээд яахын гээд ах руугаа Одбаярт хов хөөх гээд байгаа юм уу” гээд намайг заамдаж аваад хоолойг минь ороолтоор бооход амьсгалж чадахгүй нүд харанхуйлсан. Тэр үед бэр эгчийн төрсөн дүү Тайвка гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна гарч ирээд бид 2-ыг салгах гэж оролдсон тэр үед Л.Э намайг мангасдаж газар хүчтэй унагахад ширээний булан цохиж унасан. Тэгээд би өрөө рүү орсоны дараа миний хойноос өрөө рүү бэр эгч орж ирээд дахиад намайг заамдаж аваад үсдэж аваад хана руу толгойг мөргүүлсэн. Миний үснээс зулгаасан. Миний толгойн дагз хоёр хөлний доод хэсэгт хөхөрсөн миний 2 гарны булчин хэсэг хөндүүртэй цээж хэсэг хөндүүртэй байна. Нийт 150.000 төгрөг нэхэмжилж байна.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,   

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс гаргасан:”...Б.Бат-Өлзий миний бие 150.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан тул нэмж гомдол санал байхгүй.” /хх-32/ гэх хүсэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Бат-Өлзийгийн биед тархи доргилт, 2 хөлийн өвдөг, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-12/ гэх дүгнэлт, 

 

Хохирол нэхэмжилсэн баримт /хх-4/,

Шүүгдэгч Л.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-19/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.Э  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 29 тоотод бэр дүү Б.Бат-Өлзийтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э нь хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсаныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Л.Э 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Э нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС