Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багт оршин суух,   Сайнцаг овогт Маамын Доржмаа /ЗГ66111109/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Доржмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, улсад 20 жил ажилласан. 1982 онд илгээлтээр хөдөө гарч, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-ийн Сангийн далай бригадад 1982 оны 1 сарын 1-нээс эхлэн 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан. 1982 онд нээсэн миний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичигдсэн  Хөдөлмөрийн дэвтэр бол байгаа. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хэдий ч манай сумын нийгмийн даатгалын байцаагч шүүхээр баталгаажуулж, ажилласан жилээ тогтоолгож ир гээд байгаагаас миний бие одоог хүртэл тэтгэврээ тогтоолгож чадаагүй юм. Иймээс хамт ажилласан хүмүүсийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн М.Доржмаа намайг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1982 оны 1 сарын 1-нээс эхлэн 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Эрдэнэдалай сумын болон Аймгийн архивт миний дээрх хугацаанд ажиллаж байсантай холбоотой нотлох баримт, цалингийн баримтууд байхгүй, олдохгүй байгаа болно гэжээ.  

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн иргэн юм байна лээ. 8 дугаар ангиа төгсөөд мал малласан тул  1982 оноос 1990 он хүртэл тухайн үеийн нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байгаа юм гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Доржмаа нь 1982 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч М.Доржмааг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д 1982 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэгийн зөрчилтэй бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал  нь аймгийн Архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 110 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Маамын Доржмаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д 1982 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай хүсэлт гаргасан боловч хүсэлт гаргагч М.Доржмаа нь 1966 оны 11 сарын 11-нд төрсөн тул тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрлөх насанд буюу 16 насыг 1982 оны 11 сарын 11-нд хүрч байна. Мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржмааг 8-р анги төгссөн гэх тул хүсэлт гаргагч нь 8-р ангийг 1983 онд төгссөн байх тул 1982 оны 1 сарын 1-нээс Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д ажиллаж эхэлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэрч Н.Ёндонжамц, А.Батбаяр, Л.Сэтээтэр нарын мэдүүлэг /хэргийн 13-16-р хуудас/-т хүсэлт гаргагчийг 1982 оноос 1990 оныг дуустал хугацаанд “Хөгжил нэгдэл”-д ажиллаж байсан гэх боловч 1982 оны хэдэн сарын хэдний өдөр ажилд орсныг нь тодорхой заагаагүй байна. Хэргийн 9-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-ээс Маамын Доржмаад олгосон хөдөлмөрийн дэвтэрт Нэгдлийн даргын 1983 оны 8 сарын 31-ны өдрийн 96 дугаар тушаалаар “Хөгжил нэгдэл”-д хоньчноор томилсон байх бөгөөд тус дэвтэрт 1983 оны 9 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацааны бичилт нь нэг өнгийн бал /чернилин ягаан өнгө/-аар ажилласан хоног, үндсэн хөлс зэрэг  бичигдэж, олгов 0104 дугаартай дардас дарагдсан байна. Харин 1982 оны 1 сарын 1-нээс 1983 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэлх хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэж дардас дарагдсан боловч бичилтийг хөх өнгийн балаар бичиж, олгов №0404 гэсэн дардас дарагдсан байгаа нь 1983 оны 9 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацааны бичилт болон дардастай тохирохгүй байна. 

Иймд хүсэлт гаргагч М.Доржмаагийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д ажилд орсон огноог нэгдлийн даргын 96 дугаартай тушаал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар /Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг даргын тамгын газрын тэмдгээр баталгаажсан/ зэргийг үндэслэн 1983 оны 9 сарын 1-ний өдөр гэж үзэн ажиллаж байсан байдлыг 1983 оны 9 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаагаар тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг буюу 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1983 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                    ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сайнцаг овогт Маамын Доржмааг 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР