Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2023/00023

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

  ***ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00291 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***Засаг даргад холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цалингийн зөрүү 1,617,011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “1.1. ...** овогтой *** би ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас тус сумын засаг дарга Сы 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас халагдсан. ... 3 шатны шүүхээр эцэслэн гэм буруугүйг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. ***засаг даргын 2022 оны 12 сарын 15-ны Б/13 захирамжаар ***ийг Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2023 оны 01 сарын 02-ний өдрөөс эхлэн эргүүлэн томилсон байсан.

1.2. Шүүхийн шийдвэр дагуу урьд эрхэлж байсан ажилдаа томилогдон ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын тамгын газрын дарга захирамжийг албан хаагчдад танилцуулахад биологийн багш Б “танд мэдэгдэл өгье” гэхэд хэсэг багш ажилчид босоод гарч явсан. Тэр мэдэгдэлд “*** та Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайдын 243 тушаалаар багтлагдсан ёс зүйн журмын зарим заалтыг зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ сахиагүй тул хамтран ажиллахгүйг мэдэгдье гэсэн ** хүн гарын үсэг зурсан бичиг байсан.

1.3. ... 2022 оны 08 дугаар сарын 24-ний 01 тоот Дорноговь аймгийн “Боловсролын байгууллагын ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлт гэх зүйл гарсныг 9 дүгээр сарын 10-нд шүүхээс ярихад очиж уулзсанаар мэдсэн. Учир нь надаас юу ч асууж тодруулаагүй, би ажилгүй гэртээ байсан болно. Тэгээд энэ дүгнэлтээр сумын засаг дарга шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шүүхэд гомдол гарсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 03-нд гомдлыг хэлэлцэх шүүх хурал болох байсан ч ***засаг дарга С гомдлоосоо татгалзаж, шүүх хуралдаан гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

1.4. Аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд энэ асуудлыг зохицуулан *** намайг боловсролын салбарт өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, ***засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 захирамжаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон. Гэхдээ миний санал хүсэлтийг эцэслэн тохироогүй байж, гэнэт захирамж гаргаж ажлын цаг дуусаж байхад ажил хүлээн авах хүмүүс ирсэн. ... Би ажил амьдралтай байхын тулд захирамжийн дагуу Боловсрол шинжлэх ухааны газарт арга зүйчийн орон тоо байхгүй тул 5-р сургуульд нийгмийн ажилтнаар орохоор болсон хэдий ч 2 дугаар сарын 1-ээс ажилд авсан.

1.5. Иймд *** өөр ажилд шилжсэн мэт боловч, ёс зүйн зөрчилтэй гэсэн дүгнэлттэй засаг даргын захирамж нь цаашид миний нэр төр алдар хүнд, хөдөлмөрлөх эрхэд сөрөг нөлөөтэй байгаа учир ажиллаж, хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж авах хүсэлтэй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цалингийн зөрүү 1,617,011 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дын татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.

2.1. ...Урьд нь ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг шүүхээс шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь одоо гаргаж байгаа асуудалд огт холбогдолгүй байна. Учир нь өөрийн хүсэлтээр Сайншанд сумын 5-р сургуульд ажил эрхэлж, шүүхээс тогтоосон нөхөн олговроо хэсэгчлэн авч хохиролгүй болж байгаа юм.

2.2. ... Сумын засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлж ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрт багш, ажилчдаас гаргасан хүсэлт, цахим орчинд хандсан байдал зэрэгт нөлөөлөөгүй бөгөөд харин багш нараас гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлүүлэхээр зохих шатанд хандсан болно. Мөн аль болох боломжит хандлага гаргаж өөр газар, өөр ажил эрхлэх талаар туслах зорилгоор Боловсролын газарт орон тоо байгаа эсэх талаар албан бичиг илгээж түүний хариуг шаардан авч байсан байна.

2.3. ... Сумын засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны захирамжийн хууль зүйн үндэслэл нь ёс зүйн дүгнэлт байгаа юм. Энэхүү дүгнэлтийг хууль зөрчсөн, эсхүл хүчингүй болгосон талаар өнөөг хүртэл ямар нэг хариу ирээгүй байгаа болно. Ёс зүйн дүгнэлттэй танилцахад хууль болон журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно.

2.4.  Сумын засаг дарга нь нэхэмжлэлд дурдсан дээрх байдал үүсгэсэн бол та нэхэмжлэлийн шаардлагатаа дурдаж хэзээ, хаана яаж дарамт шахалт үүсгэсэн талаар тодорхой дурдаагүй хуульд заасан үндэслэл, нотлох баримт байгаа бол ажил олгогч буруутай байх болно. Харин засаг даргаас өөр хүмүүс дээрх байдал гаргасан бол тэр хүмүүсдээ хандах зүйтэй байна.

2.5. Та өөрийн хүсэлтээр өөр ажилд, өөрөө хүсэлтээ бичгээр гаргаж ажилд томилогдоогүй бол таны эрх зөрчигдсөн, хэн нэгний хүсэлт, дарамт шахалтаар өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм байна гэж ойлголоо. Засаг дарга С танд ажлын санал тавьж та түүнийг нь хүлээн зөвшөөрч Сайншанд суманд ажил эрхэлж байгаа юм байна гэж ойлгосон. 1,617,011 төгрөг төлөхөөс татгалзаж байна.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар ***Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цалингийн зөрүү 1,557,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “4.1. ...***Засаг даргын 2023 оны 1сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “*****ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтууд ***ийг өөр ажилд шилжүүлэх болсон үндэслэлтэй нийцэхгүйгээс гадна захирамжийн 1 дэх заалтанд тус сургуулийн ** багш, ажилчид хамтран ажиллахгүй, ажлаас чөлөөлөгдөх нөхцөл шалтгаанаа илэрхийлсэн гарын үсэг бүхий гомдол мэдэгдлийг хүргүүлж 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажил хаялт зарласан гэж ***ийн буруутай үйлдэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. ***ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаж ороход тус сургуулийн зарим нэг хэсэг багш нар эсэргүүцлээ гаргасан нь хуульд нийцээгүй үйлдэл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт “Хамтын хэлэлцээ”-ний талаар тусгагдсан бөгөөд тухайн бүлэгт тусгагдсанаар хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үйлдвэрчний эвлэл ажил хаялтын зохион байгуулах эрхтэйгээр хуулинд тусгагдсан. Харин ***ийг ажилдаа буцаж орсныг хэсэг бүлэг багш нар эсэргүүцэж, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсан, хэсэг багш нар ***ийг ажилд томилуулан ажиллуулах, ажиллуулахгүй байх асуудлыг шийдвэрлэдэггүй байтал ажил олгогч тал ** багш нарын шударга бус үйлдлийг хориглолгүй ***ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

4.2. ... Аймгийн боловсролын байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлтээр “***ийг боловсролын байгууллагын удирдах ажилтнаар ажиллах боломжгүй, ёс зүйн хэм хэмжээний шаардлагыг хангахгүй” гэсэн дүгнэлтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. *** нь 2021.оны 05 дугаар сарын 06-нд ажлаасаа халагдаад 2023 оны 01 дүгээр сарын 23-нд ажилдаа эргэн орсон. Энэ хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлээгүй байсан байхад ёс зүйн асуудлыг үүсгэж үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байдаг. *** хаана, хэзээ, ямар үйлдлээр багшийн болон боловсролын байгууллагын удирдах ажилтны ёс зүйн дүрмийн ямар/хэд дэх/ зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь харагддаггүй. Ёс зүйн дүрмийн заалтыг үндэслэлгүй шүүхийн шийдвэр, бусдын гаргаж буй гомдолд үндэслээд дүгнэлт гаргаад байвал салбар салбарт дагаж мөрдөх “Ёс зүйн дүрэм”-ийн шаардлага ч байгаад нэмэргүй байдал харагдаж байна.

4.3. Хөдөлмөрийн хуулинд аливаа сахилгын зөрчлийг гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зорчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заагдсан. ***ийг өмнө нь сахилгын шийтгэлээр ажлаас нь халж байсан ба тухайн асуудлыг шийдвэрлэж байх явцад ёс зүйн дүгнэлтийг гаргаж өмнө нь гаргасан тушаал, захирамжтайгаа холбон шинээр илэрсэн нөхцөл байдал гэж ёс зүйн дүгнэлтээр хариуцагч тал гомдол гаргаж байсан байдаг.

4.4. ...*** хөдөлмөрийн харилцаанд орж бусадтай ёс зүйгээ барьж ажиллаж байж алдаа дутагдлыг гаргахаар байтал ямар ч ажил хөдөлмөрөө эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаанд ороогүй байсан хирнээ гэнэт л ёс зүй зөрчсөн гэх асуудал гарч ирж дүгнэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд талуудын хоорондын тэнцвэрт байдал хангагдаагүй, ***т мэдэгдээгүй, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байдаг. Ёс зүйн дүгнэлт нь журмаа зөрчсөн байгаа ба хэзээ гарсан зөрчил дээр дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байдаг. Ес зүйн дүгнэлт гэсэн баримт нь цаг хугацаа хамаарахгүйгээр өмнө нь гарч байсан Засаг даргын захирамжид ч хамаардаг, сүүлд гарсан Засаг даргын захирамжид ч хамаарч байгаа нь сахилгын зөрчлийн хугацааг алдагдуулж, хуулийг илтэд зөрчсөн.

4.5. ***ийг зөрчил алдаа дутагдлыг гаргасны улмаас өөр албан тушаалд томилон ажиллуулахаар шилжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд “өөр ажилд түр шилжүүлэх”-ийг хуулинд зааж өгсөн. Хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээс харахад *** өөрөө тухайн ажилд шилжин ажиллахаар санал гаргасан зүйл харагддаггүй. Хэрэв шилжүүлэн ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 58.2-т зааснаар заавал хугацаа зааж өгөх шаардлага харагдаж байна. Гэвч зөрчил алдаа дутагдал гаргасны улмаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хуульчлагдаагүй. Захирамжаас харахад ***ийг зөрчил алдаа дутагдлыг гаргасан гэж дурдаад үүний улмаас өөр ажилд шилжүүлж ажиллуулахаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдал харагддаг учир захирамжийн үндэслэл тодорхойгүй, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, шилжүүлэн ажиллуулсан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэл болгоогүй, хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгоод байгаа тодорхойгүй, хуулийн үндэслэл нь дурдагдсан зөрчил, шилжүүлэн ажиллуулж байгаатай нийцэхгүй, хүний хөдөлмөрлөх эрх, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн үндэслэлгүй захирамжийг гаргасан нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн.

4.6. ***ийг алдаа зорчил дутагдлаар нь ажлаас халж, өөр ажилд шилжүүлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу тооцоог хийж дуусгавар болгох, 83.6 ... цалин хөлс, олговор, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгох үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т заасан ээлжийн амралтын цалинг олгохоор зохицуулагджээ. ***т 2021,2022 онуудад ээлжийн амралтын олговор олгоогүй нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс ч тодорхой харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв. 

 

5. Нэхэмжлэгч ***ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “5.1. ... Гэрчийн мэдүүлгээс үндэслэх зүйл байхгүй гэж миний хувьд үзэж байгаа.  ...Ёс зүйн дүгнэлтийн талаар надад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй дүгнэлт гаргасан байдаг. ... Ийм дүгнэлт гарсанд үнэхээр гомдолтой байна.

5.2. ... Би тухайн цаг үед халагдах захирамжийг авахаасаа өмнө Отгонбаяр даргад аймагт ажиллаж амьдрах сонирхол байна гэж ярьж байсан нь үнэн. Халагдах саналд хүртэл Отгонбаяр дарга хэлж байсан 07 дугаар сарын 01-ээс халахыг санал болгож байна гэсэн байхад С Засаг дарга тухайн үед 05 дугаар сарын 26-нд намайг шууд халсан. ... Тэгээд Боловсрол шинжлэх ухааны газар намайг томилж байгаа юм бол би тэнд ажиллах ёстой гэж ойлгож байгаа шүү дээ. Боловсрол шинжлэх ухааны газарт орон тоо байхгүй байхад намайг албаар хүчээр шилжүүлсэн. Отгонбаяр дарга намайг ажилгүй байснаас гэж өөр газарт ажлын санал тавьсан, гэхдээ тэр хүнд өөр сургуульд намайг ажиллуулах эрх байхгүй.

5.3. ... Миний нэр хүндэд үнэхээр их халдсан. Намайг ажлаа өгсний маргааш нь бүгд эргээд цахим орчноос устгаж ажилдаа зүгээр ирсэн байсан. ... Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т багшийн ёс зүйг баримталж, багшийн нэр төрийг эрхэмлэн сахих үүрэгтэй гэж байдаг. ... Цаашид ажиллаж амьдрахад нэр төрийн асуудал, сэтгэл зүй үнэхээр хүнд байна.” гэв

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

 

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***Засаг даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлаас халж, цалин хөлсний хэмжээ буурсан тул өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1,617,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /гомдол/ гаргаж,  анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ тухай шаардлагыг “...цалингийн зөрүү 1,557,680 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч ***Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... өөрийн хүсэлтээр Сайншанд сумын 5 дугаар сургуульд ажил эрхэлж, шүүхээс тогтоосон нөхөн олговроо хэсэгчлэн авч хохиролгүй болж байгаа, ... Ёс зүйн дүгнэлттэй танилцахад хууль болон журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй, ... эрх бүхий байгууллага шаардсан гэж байгаа ... шийдвэр гаргагч тухайн хууль тогтоомжийг ойлгосны хүрээнд багаар ярилцаад энэ шийдвэрийг гаргасан,  нэхэмжлэгч аль гомдлоор гаргаж байгаа нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйл болон  бусад хуулийн заалтуудыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ...” гэсэн агуулга бүхий тайлбар, татгалзлыг  /1хх 18-19, 139-141/ гаргажээ.

 

2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А эс зөвшөөрч “1. ... Захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтууд ***ийг өөр ажилд шилжүүлэх болсон үндэслэлтэй нийцэхгүй, 2. ... ажил хөдөлмөрөө эрхлээгүй байсан байхад ёс зүйн асуудлыг үүсгэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан, 3. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэл болгоогүй, хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгоод байгаа тодорхойгүй, хуулийн үндэслэл нь дурдагдсан зөрчил, шилжүүлэн ажиллуулж байгаатай нийцэхгүй, ... нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, 4. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу тооцоог хийж дуусгавар болгох, 83.6 ... цалин хөлс, олговор, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгох үүрэгтэй ба ... ***т 2021, 2022 онуудад ээлжийн амралтын олговор олгоогүй ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч *** нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдол /нэхэмжлэл/ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т зааснаар энэ нь шүүх шууд шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаан тул нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хэрэг, маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ***ийг Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.29-ний өдрийн 136/ШШ2021/00244 дүгээр шийдвэрээр /хх 24-32/ ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосноор ажил олгогчоос түүнийг 2022.12.15-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар /хх 6/ уг ажилд томилж, улмаар 2023.01.13-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар /хх 7/ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо “... ** багш, ажилчид хамтран ажиллахгүй, ажлаасаа чөлөөлөгдөх нөхцөл шалтгаанаа илэрхийлсэн гарын үсэг бүхий гомдол мэдэгдэл хүргүүлж, ажил хаялт зарласан, ... “Ёс зүйн зөвлөл”-ийн ...дүгнэлт  гарсан ...” гэсэн үйл баримтыг дурджээ.

 

Харин уг шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.8, 83 дугаар зүйлийн 83.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дах заалтыг буюу  эрх бүхий байгууллага шаардсан, өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон гэснийг хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгожээ.

 

Эндээс үзвэл хариуцагч буюу ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан эрх бүхий байгууллага шаардсан, өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон гэснийг үндэслэсэн атлаа “...** багш, ажилчид хамтран ажиллахгүй, ажлаасаа чөлөөлөгдөх нөхцөл шалтгаанаа илэрхийлсэн гарын үсэг бүхий гомдол мэдэгдэл хүргүүлж, ажил хаялт зарласан, ... “Ёс зүйн зөвлөл”-ийн ...дүгнэлт  гарсан ...” гэсэн үйл баримтыг дурдсан нь ойлгомжгүй, энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, 79, 80 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг тус тус заасан бөгөөд энд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг агуулга, үр дагаврын хувьд өөр өөрөөр зохицуулсан.

 

Хариуцагч эдгээрээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.8 –д заасныг үндэслэсэн буюу хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх тул энд Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүд тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүд буюу үүний дотор сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үндэслэлүүд хамааралгүй болно.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах шийтгэлийн нэг төрөл бөгөөд энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан үндэслэлүүдээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд ажилтны сахилгын зөрчил гаргасан эсэх асуудал хамааралгүй юм.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд эрх бүхий байгууллага шаардсан гэсэн нөхцөлийг заасан ба энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд эрх бүхий байгууллага гэдэг нь түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд байхаас гадна бусад хуульд заасан эрх бүхий байгууллагууд шаардсан байж болно.

 

Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэх бөгөөд Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар байх ба Сум, дүүргийн засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

 

Хэрэг цугларсан нотлох баримтаас үзэхэд ***Засаг дарга Саас Дорноговь аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга От 2023.01.09-ний өдрийн 01/16 дугаартай албан бичгээр /хх 83-84/ “...захирал ***ийг өөр албан тушаалд томилон ажиллуулахаар чөлөөлөх саналтай байгаа тул холбогдох саналаа ... ирүүлж, тус сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хамтран ажиллахыг хүсч байна.” гэсэн агуулга бүхий саналыг хүргүүлсэн ба Дорноговь аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга *** 2023.01.10-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр /хх 82/ хариуг хүргүүлэхдээ Сайншандад ажиллах ажлын байр, орон тооны талаар дурджээ.

 

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч ***ийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн болон түүний хэрэгжилтийн талаарх баримт авагдаагүй бөгөөд үүнд үндэслэсэн талаар зохигчид мэтгэлцээгүй.

 

Харин хариуцагч буюу ***Засаг дарга албан бичигтээ болон захирамждаа /хх 7/ “...** багш, ажилтнууд ... хэвийн ажиллах баталгаа нөхцөлөөр хангагдах, захирал ***тэй хамтран ажиллах боломжгүй үндэслэлээр ажил хаялт зарласан, ...аймгийн Боловсролын байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 90 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар Оийг “Боловсролын байгууллагын удирдах ажилтнаар ажиллах боломжгүй, ёс зүйн хэм хэмжээний шаардлагыг хангахгүй” гэж дүгнэлт гаргасан” гэсэн үйл баримтыг үндэслэж дурджээ.

 

Гэтэл дурдсан ** багш ажилтны мэдэгдэл эсэргүүцэл буюу нэхэмжлэгч ***тэй хамтран ажиллахгүй гэж үзсэн нөхцөл шалтгаан нь юу болох энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт” –д /хх **-38/ дурдсан үйл баримтуудын талаар өмнө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдагдсан дүгнэсэн, шүүхээс тухайн нөхцөл байдлуудыг нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл буюу сахилга, ёс зүйн зөрчил болохгүй болохыг өмнө шийдвэрлэсэн байхад эдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллага шаардсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу гэрч С /хх 64-66/, Б /хх 67-70/ нараас мэдүүлэг авч тэдгээр нь нэхэмжлэгчийн талаар “... удирдах ажил хийхэд ёс зүйн зөрчилтэй, ... ёс зүй харьцаа хандлагын асуудалтай ...” гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч энэ нь нэхэмжлэгчийг ёс зүй харьцаа хандлагын хувьд тодорхойлох эрх бүхий этгээдүүд биш болохын гадна хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор шаардах эрх бүхий байгууллага гэж үзэхгүй, эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлд гэрчийн мэдүүлэгт дурдсан үйл баримт, агуулга хамааралгүй.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 1.1, 1.2-т зааснаар Ёс зүйн зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага бөгөөд зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, холбогдох хууль тогтоомж болон журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

 

Гэтэл Дорноговь аймгийн Боловсролын байгууллагын ёс зүйн зөвлөл “... цаашид ***ийг боловсролын байгууллагын удирдах ажилтнаар ажиллах боломжгүй, ёс зүй хэм хэмжээний шаардлагыг хангахгүй ...” гэж дүгнэлт /хх 37/ гаргасан байх боловч уг дүгнэлтийг гаргахад үндэслэсэн зарим үйл баримтууд нь өмнө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт сахилгын зөрчил мөн эсэх талаар дүгнэгдсэн байхад дахин хэлэлцсэн, мөн уг ёс зүйн зөвлөлийн гаргасан шийдвэр нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон боловч эгүүлэн аваагүй атлаа түүний ёс зүйн талаар  хэлэлцэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй тул энэхүү дүгнэлтийг шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй болно.  

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул энэхүү Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор эрх бүхий этгээд шаардсан гэж үзэх үндэслэлгүй.

 

7. Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ үндэслэсэн өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон үндэслэлийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.8-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ***ийг ***Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотой тус сургуулийн хэсэг багш ажилчдаас эсэргүүцэл илэрхийлж, улмаар хариуцагчаас нэхэмжлэгч ***тэй өөр ажил албан тушаалд томилон ажиллах талаар санал солилцсон, энэ үндэслэлээр сонсох ажиллагаа явуулсан болох нь тогтоогджээ.

 

Сонсох ажиллагааны тэмдэглэлд /хх 85-90/  “...Анхнаасаа би заавал энд ажиллана гэсэн хүсэл байхгүй ээ, тохирсон ажил байвал татгалзахгүй гэж хэлсэн. ... 5 дугаар сургуульд, хүүхдийн байгууллагад 3, инновац хариуцсан ажилтан байгаа юм байна, тэрнээс гадна 1 арга зүйч байгаа юм байна, би анхнаасаа татгалзаагүй, ...тэр орон тоонуудыг судална, ...саналыг хүлээж авна, би өөрөө бодож шийдье ...” гэж нэхэмжлэгч саналаа хэлсэн нь дурдагдсан,  хариуцагч буюу ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэртээ /хх 7/ “... аймгийн Боловсрол шинжлэх ухаан газрын мэдэлд өөр албан тушаалд томилон ажиллуулахаар шилжүүлж ...” гэж заасан,  мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар /хх 6/ нэхэмжлэгчийг Боловсрол шинжлэх ухааны газрын даргын томилолтын дагуу гэж дурдаад тус сургуулийн нийгмийн ажилтнаар томилсон зэргээс үзэхэд хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д заасан өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон гэснийг үндэслэсэн нь буруу биш гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэл болгоогүй гэсэн байх ба энд заасан хуулийн зохицуулалт агуулгаас үзэхэд өөр ажилд шилжүүлэх үндэслэлийг түр гэснээс гадна энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох агуулгагүй, мөн гомдолд дурдсанчлан ажилтантай өөртэй нь тохиролцох нөхцөл нь өөр ажилд түр шилжүүлэх нэг үндэслэл байхаар заасан тул үүнийг өөр ажилд түр шилжүүлэхэд тавигдах ерөнхий нөхцөл шаардлага гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сэлгэн ажиллаж байгаа тохиолдолд ажилтантай харилцан тохиролцох нөхцөлийг заасан боловч нэхэмжлэгч ***ийг өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа явдал нь сэлгэн ажиллуулж байгаа тохиолдол биш юм.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо ажил олгогчоос нэхэмжлэгчийн 2021, 2022 оны ээлжийн амралтын тооцоог хийгээгүй гэсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй буюу нэхэмжлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтанд дүгнэлт хийх үндэслэлгүйн гадна нэхэмжлэгч энэ талаарх нэхэмжлэлээ тусад нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

Энэ нь түүний шүүхэд мэдүүлэх эрхийг  зөрчихгүй ба хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага болно.

 

10. Нэхэмжлэгчээс  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос цалин хөлсний хэмжээ буурсан тул өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1,557,680 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй тохиолдолд ажил олгогчоос хариуцлага хүлээж цалин хөлсний зөрүүг буурсан хэмжээгээр төлөх бөгөөд ийнхүү дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

11. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Учир нь анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримталсан боловч хуулийг бичвэрийн хувьд буруу бичсэн, улмаар уг зохицуулалт нь маргаанд хэрэглэхэд оновчтой биш зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос цалин хөлсний хэмжээ буурсан үндэслэлээр өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт хамааралтай байна.

 

Харин хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд баримталбал зохих зохицуулалт буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т заасныг баримтлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00291 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт ...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ