Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0325/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1818005910379 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, овогт Н.Б /РД: /, 1989 оны 05 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 шийтгэгдсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баарны гадаа Э.Г-ийнтолгой хэсэгт шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баарны гадаа Э.Г-ийн толгой хэсэгт шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орой би ганцаараа Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй бааранд орсон юм. Би 1 шил пиво аваад баарны текен дээр сууж байсан чинь гаднаас Гантөмөр ганцаараа орж ирээд миний хажуугаар өнгөрч бүжгийн талбай дээр байж байгаад буцаж миний хажууд ирж зогсоод над руу муухай хараад байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “чи намайг таньдаг юм уу?, яагаад над руу муухай хараад байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгсэн чинь тэрээр намайг танихгүй гэж хэлээд хэл амаар өдөөд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би түүний өмсөж байсан цамцнаас нь зуураад гаръя гээд чирсэн. Яг тэр үед баарны хамгаалагч нар ирээд Гантөмөр бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр салаад хэсэг хугацааны дараа би ууж байсан пиво барьж гараад баарны шатан дээрээс бууж байтал Гантөмөр шатан дээр нэг үл таних эмэгтэйтэй юм яриад зогсож байсан. Тэгээд Гантөмөр бид хоёр дахин маргалдаад би гартаа барьж явж байсан пивоныхоо шилээр түүний толгой хэсэг рүү нэг удаа цохисон.

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрт 800000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Э.Г өөс гаргасан өргөдөл /хэргийн 6/,

 

-Хохирогч Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны орой “Queen” бааранд 23 цаг өнгөрч байхад ороод 50 грамм виски авч уугаад зогсож байсан. Хажууд зогсож байсан танихгүй 2 залуу “чи Виски уудаг ямар том юм” гэхээр нь “миний юу уух та нарт ямар хамаатай юм бэ?” гэхэд тэд надтай маргалдах гээд байсан. Тэгтэл зохион байгуулагч Амараа гэж ах салгасан. Би удалгүй уг баарнаас гараад гадна шатан дээр тамхи татаад зогсож байтал араас пивоны шилээр толгой руу нэг удаа цохисон. Би хэн цохисныг нь хараагүй. Тухайн үед танил /Камиляа гэж дуудаг/ минь таарсан байсан юм. Камиляа миний ард зогсож байгаад ямар хүн цохисныг нь харсан юм байна лээ. Тэгээд та нар хүн аллаа гэсэн чинь нөгөө хоёр залуу зугтаагаад алга болсон гэсэн. Намайг манай найз Камиляа эмнэлэг хүргэж өгөөд толгойд оёдол тавиулсан.”гэх мэдүүлэг /хэргийн 9-11/,

 

-“…Э.Г-ийнбиед зүүн чамархайн шарх, зулгаралт, шинж тэмдгийн даралт ихсэлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/,

-Шинжээч эмчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 23-нд би Э.Г ийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгээр зүүн чамархайд босоо байрлалтай, З см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, мэс заслын 3 оёдол бүхий шархтай, шарх орчимд зулгарсан, даралт нь 149/99, судасны цохилт 87 байсан. Зүүн чамархайн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинж тэмдгийн даралт ихсэлт нь бусдад зодуулж зүүн чамархайдаа шарх авснаас мэдрэл сэтгэхүйн талаас ачаалал өгсөнтэй холбоотой үүсч байна гэж үзсэн. Түүнээс 23 настай эрэгтэй хүний даралт ийм хэмжээнд байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, үзлэгийн тэмдэглэл /хэргийн 18-19/,

-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 43-44/,

- Э.Г, Н.Б нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 45/,

-Хохирогчоос гаргасан “Н.Б нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийнбиед “зүүн чамархайн шарх, зулгаралт, шинж тэмдгийн даралт ихсэлт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 14/ нотлогдож байх бөгөөд хохирогч Э.Г , Н.Б нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 45/, хохирогчоос гаргасан “Н.Б нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 46/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.Боос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баарны гадаа Э.Г-ийн толгой хэсэгт шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Б-д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Бт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ