Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 188

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Б.Чимгээ,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А холбогдох эрүүгийн 1906 00062 0099 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Э.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.А нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хэрлэн" нэртэй ресторан дотор хохирогч З.Нямбаатарын толгойн тус газар шилэн лонхоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч З.Нямбаатарын өгсөн мэдүүлэг /хх-7-8, 9/, гэрч Ч.Бадрахын өгсөн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Б.Хулангийн өгсөн мэдүүлэг /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Э.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Э.А нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хэрлэн" нэртэй ресторан дотор хохирогч З.Нямбаатарын толгойн тус газар шилэн лонхоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Нямбаатарын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа Сансарын тунелын дээд талын “Хэрлэн” ресторанд болсон юм. Би тэр арга хэмжээндээ гадуур ажилтай явж байгаад оройн 20 цаг 30 минутын үед очсон. Тэр үед манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ эхэлсэн байсан. Мөн манай байгууллагын ажилчид ихэнх нь согтсон байсан. Тэгээд байгууллагынхаа даргатай зурагт самбарын өмнө зураг авахуулаад байж байтал үүдэн дээр манай байгууллагын ажилчид буюу хүргэлтийн албаны залуучууд, хувцас борлуулалтын албаны залуучуудтай зодолдсон. Захирал болон гүйцэтгэх захирлын хамт салгасан. Зодоон намжихаар өөрийнхөө сууж байсан 5 дугаартай ширээ рүү явж байтал зүүн талын ширээн дээр цахилгаанчин Ч.Бадрах гэдэг залууг хүмүүс зодож байсан. Тэгэхээр нь би араас нь барьж аваад өөр рүүгээ татсан. Тэгтэл миний толгойн тус газар руу шилээр 1 удаа цохисон. Тэгээд би Ч.Бадрахыг чирээд багана түшүүлээд зогсож байтал манай ширээний хүмүүс чиний хүзүүг дагаад цус гойжоод байна... ...Би тус газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Э.А гэх залуу архины шилээр Ч.Бадрахыг цохих гэж байгаад намайг цохисон байсан.” /хх-7-8, 9/ гэх мэдүүлэг,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирогч З.Нямбаатарын гаргасан: “...Миний бие З.Нямбаатар нь Э.А гэх иргэнд үүссэн хэргийн дагуу нэхэмжилсэн төлбөрийг барагдуулсан тул өөр бусад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй.” /хх-41/ гэх хүсэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бадрахын өгсөн: “...Намайг Э.Алтан-Өлзийтэй хэрүүл маргаан хийж, зодолдоод байж байхад манай ажлын хүмүүс салгаад хойш татаж авсан. Намайг эргээд явж байхад араас З.Нямбаатар толгойгоо бариад араас ирэхэд толгой нь хагарсан байсан.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хулангийн өгсөн: “...Арга хэмжээ үргэлжилж байхад би текний хэсэгт зогсож байгаад сууж байсан ширээ рүү ирэхэд манай ширээнд сууж байсан Э.А хэн нэгэнтэй зодоон хийсэн байдалтай ширээн дээрээс шил аваад барьсан байхыг хараад араас нь цамцнаас нь татахад Э.Алтан-Өлзй над руу эргэж хараад “намайг тавь” гэж хэлсэн.” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.А яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. З.Нямбаатарын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-12/ гэх дүгнэлт, 

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

Шүүгдэгч Э.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.А согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хэрлэн" нэртэй ресторан дотор хохирогч З.Нямбаатарын толгойн тус газар шилэн лонхоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.А ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.А нь хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсаныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Э.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.А 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС