Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 2019        01          30                                             37

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Хохирогч Ж.Б

Шүүгдэгч Н.С, Ц.Б, Л.Б нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Ц.Б, Бурд овогт Л.Б, Боржигон овогт Н.С нарт холбогдох 1821006630396 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 1-5 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Шанд” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 69 хувийн группэд байдаг, ..................... регистрийн дугаартай, Бурд овогт Л.Б.      

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1976 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 12-25 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг “Хөх нуур” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, Хатиган овогт Ц.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1972 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг “Хөх нуур” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ..................... регистрийн дугаартай, Боржигон овогт Н.С.

 

 Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Жавхал” гэх газраас Ц.Б, Н.С нартай хамт иргэн Ж.Бийн эзэмшлийн алдуул мал болох 21 тооны хонийг завшиж, 1670000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Жавхал” гэх газраас Л.Б, Н.С нартай хамт иргэн Ж.Бийн эзэмшлийн алдуул мал болох 21 тооны хонийг завшиж, 1670000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Жавхал” гэх газраас Л.Б, Ц.Б нартай хамт иргэн Ж.Бийн эзэмшлийн алдуул мал болох 21 тооны хонийг завшиж, 1670000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хонь Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Жавхал” гэх газар байдаг. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цасан шуурга болсон. Тэр цасан шуурганд манай малчин хониныхоо талыг алдсан. Би сумын төвд 10 дугаар сарын 26-ны өдрийн шөнө очсон. Би хониныхоо араас мотоциклтай хүн явуулсан. Өөрөө явах гэхээр машин маань цасанд суугаад явж чадахгүй байсан. Сурагласаар байгаад Ц.Бийн гадаа олон хонь байгаа талаар сонссон. Тэгээд би хонио авсан. Миний багцаагаар 700 гаруй хонь байсан. Энэ хониноос маань 46 хонь дутсан. Тухайн үед цагдаад би өргөдөл бичиж өгсөн. Энэ хүмүүс талыг нь авсан, талыг нь аваагүй гээд байгаа. Би үлдсэн хонио нэхэмжлэх саналтай байна. Цасан шуурга болоход намрын хонь тарга хүч сайн болохоор бөөнөөрөө явдаг. Энэ хүмүүсийг хэлмэгдүүлчих вий гээд хажуу талын айлаар явсан. Ганц нэгээрээ тасарсан хонь хурга байхгүй. Чоно нохой байхгүй. Ийм учраас үлдэгдэл хонио нэхэмжилж байна гэв” гэжээ.

 

Гэрч Х.Арсланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим адуундаа яваад гэртээ харьж байтал манай гэрээс баруун хойд зүгт Л.Б, Н.С ах хоёр морьтой 20 гаран тооны хонь туучихсан, Ц.Б ахын хонь уруудсан байна гээд туугаад явж байсан. Танай хонинд нийлүүлчих үү гэхээр нь тэг тэг гээд нийлүүлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа Н.С ах, Л.Б нар ирээд намайг байхгүйд хонио имнээд явсан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Б ах манайд ирээд 7 хонийг нь аваад үлдэгдлийг нь Л.Б, Н.С хоёр ирж авна гээд явсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Л.Б, Н.С ах хоёр ирээд үлдэгдэл 14 хонийг цэнхэр мотоциклтой ирээд аваад явсан. ...Ц.Б ах сүүлд ирэхдээ надаас “хонь авах уу” гэхлээр нь би “яасан гэж хонь авах юм бэ?” гэсэн чинь “буруу гарын хонь байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм бол авахгүй, та нар хурдан ирж үлдэгдэл хонио ав” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ : “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хонь авна гэж хавар мөнгө өгсөн айлуудаасаа хонио авахаар Б.Энхболд гэх хүний хамт 75-48 ДОА улсын дугаартай Портер маркийн авто машинтай сумаас зүүн урагш “Шанд” гэх газраас Ц.Б гэх айлаас 4 тооны хонио авах гээд очтол Ц.Б өөрөө байхгүй аймагт байгаа гээд эхнэр, хүү бас нэг өвгөн байсан. Тэгээд эхнэр хүү хоёр нь надад 4 тооны хонь барьж өгсөн. Тэгээд би цааш яваад Өсөхбаяр, Цэндээ, Өгөөмөр гэх 3 хүнээс 7 хонь, 2 ямаа авч ирсэн. Тэгээд сум руу орж явтал цагдаа зогсоогоод ажил дээр ирж уулз гэсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр иртэл манай сумын Ж.Б ах ирсэн байсан. Тэгээд Ц.Бийн гэрээс ачсан 4 хонины 2 хонь нь зүүн чихийг нь хайчилсан, баруун чихийг нь урдаас нь догол им шинээр тавиад цус гарсан хонийг хараад манай алга болсон хонь байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хонийг Ж.Б ахад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

-Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/

- Гурванзагал сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 15-17, 61/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Л.Б, Ц.Б, Н.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Жавхал” гэх газраас хохирогч Ж.Бийн өмчлөлийн 21 толгой алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага  хэмжээнээс дээш хохирол буюу 1670000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08-09 цагийн орчимд намайг гэртээ байж байхад Н.С ах ганцаараа ирээд урагшаа 700-800  тооны хонь явган шуурганд уруудаад явж байна. Ц.Бийг хонь хөөгөөд ирж байгаа гэж хэлсэн юм. Ингээд Н.С ах бид хоёр морьтой манай гэрээс урд зүгт 3 орчим км зайд хонь хөөгөөд ирж байсан. Ингээд бид гурав уулзаад тав, таван хонь ялгаж авъя гэж ярилцаад мориороо хонь тасалсан чинь 21 тооны хонь тасарсан юм. Ингээд Н.С ах бид хоёр манай хүргэн Арсланбааатарынх руу туугаад 5 орчим км явсан. Ц.Б олон тооны хонийг туугаад гэр рүүгээ явсан. Хөдөө хонио орхиод Арсланбаатар ахын гэр рүү орсон чинь эхнэр нь байсан бөгөөд Арсланбаатар ахын хонь гэрийнхээ хойд талд байсан болохоор тууж явсан 21 тооны хонийг нийлүүлж орхисон юм...” гэж /хх-ийн 44-46/, шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.С, Л.Б гурвуулаа тав, таван хонь авах уу? гэж хэлэхээр нь зөвшөөрч авахаар болсон. Ингээд Н.С Л.Быг дуудахаар яваад удаагүй тэр хоёр морьтой ирээд нийт 21 тооны хонь тасалж аваад Н.С, Л.Б хоёр туугаад явсан юм...” гэж /хх-ийн 36-38/, шүүгдэгч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Бийн гэрээс урд зүгт 4-5 км орчим зайд “Тэнгэр хар” гэх газарт уруудаад явж байхад нь буцааж эргүүлээд Ц.Бийнх руу туугаад явсан юм. Туугаад явж байх замдаа Ц.Б бид хоёр хонь тасалж авъя гэж ярилцаад Л.Быг дуудахаар болоод би Л.Бын гэр рүү явсан. Ингээд би Л.Бын гэрт очиж Л.Быг аваад Ц.Бийн хонь тууж явсан газарт очоод нийт 21 тооны хонь тасалсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, түүнийг давхар нотолсон хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цасан шуурга шуураад хонь ямааныхаа талыг буюу 700  гаруйг уруудуулаад алдсан юм. Тэгээд олдохгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай гэрээс урагш 20 орчим км зайд Бархаан буюу Ц.Б гэх хүн тогтоогоод байж байхад нь очиж авсан. Тэгээд гэртээ авч ирээд бүртгэхэд 46 хонь дутаж байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Х.Арсланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим адуундаа яваад гэртээ харьж байтал манай гэрээс баруун хойд зүгт Л.Б, Н.С ах хоёр морьтой 20 гаран тооны хонь туучихсан Ц.Б ахын хонь уруудсан байна гээд туугаад явж байсан. Танай хонинд нийлүүлчих үү гэхээр нь тэг тэг гээд нийлүүлсэн. ... Ц.Б ах сүүлд ирэхдээ надаас “хонь авах уу” гэхлээр нь би “яасан гэж хонь авах юм бэ?” гэсэн чинь “буруу гарын хонь байгаа юм аа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд цагдаагийн хэсэг дээр иртэл манай сумын Ж.Б ах ирсэн байсан. Тэгээд Ц.Бийн гэрээс ачсан 4 хонины 2 хонь нь зүүн чихийг нь хайчилсан, баруун чихийг нь урдаас нь догол им шинээр тавиад цус гарсан хонийг хараад манай алга болсон хонь байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгч Л.Б, Ц.Б, Н.С нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Хохирогч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...нийт 46 тооны хонь алдсан, энэ 21 тооны хонины хувьд маргах зүйлгүй, харин үлдэгдэл 25 хонийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байх боловч энэ хэрэгт шүүгдэгч нарыг  бусдын 21 тооны алдуул малыг завшсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд  прокуророос  шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн   хүрээнд явагддаг тул хохирогчийн дээрх 25 хонины үнийг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй /хохирогчид 12 тооны хонь, дансаар 950000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Бын ....................... регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Бийн ............... регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Сийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Ц.Б, Бурд овогт Л.Б, Боржигон овогт Н.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Б, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Н.С нарыг тус бүр  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Б, Н.С нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.    

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 4 хурга, 5 төлөг, 3 хязаалан нийт 12 тооны хонь, дансаар 950000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Бын ................... регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Бийн ......................... регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Сийн ........................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б, Ц.Б, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР