Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 28

 

 

  

        2023          06           20                                    206/МА2023/00028

 

 *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2023/000232 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймгийн Цэцэг ******* ******* ******* ******* *******, Баргад овогт Батаагийн Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******, Даржаагийн Адууч,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумд ******* *******, Шовкогийн Дэлгэр нарт холбогдох“эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4,795,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч  Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1 .Миний бие нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз *******ээр өөрийн эзэмшлийн машин болох 16-34 ХОА улсын дугаартай prius30 маркийн машиныг бариулан Ховд аймгаас Хөшөөтийн чиглэлд явах замд Ховд аймгийн ******* ******* багийн нутагт 1 тооны үхэр мөргөж 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу шалгуулахад малчин *******ийг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж 20 нэгжээр торгуулийн арга хэмжээ авсан боловч *******, ******* нар нь одоо болтол миний тээврийн хэрэгсэлд учирсан 4,795,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул *******, ******* нараас 4,795,000 төгрөгийн нэхэмжилж байна. Миний машины чекний улаан гэрэл нь асаад байсан учраас машинаа оношлуулъя гэж бодож 3-4 хоносон. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас сайн жолооч авч явж машинаа оношлуулах гээд *******ийг миний машиныг бариад яваад өгөөч. Би машинаа оношлуулах гэсэн юм гэж хэлээд машинаа бариулаад явсан. Тухайн үед би өөрөө хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Гэнэт пид пад гэсэн дуу гарахаар нь цочиж сэрээд машинаас гараад буусан чинь машин гэмтсэн байсан. Тухайн үед чи болгоомжтой явахгүй яасан юм гэж хэлээд уйлсан. Энэ осол 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон. Би хууль сайн мэдэхгүй ч гэсэн хуулийн дагуу арга хэмжээ авагдана гэдгийг мэдэж байсан. Ховд аймгийн ******* ******* цагдаа ирээд та гурав хоорондоо тохиролц гэсэн ч ******* тохиролцохгүй байсан учраас хуулийн дагуу явсан. Би ******* гэдэг малчнаас нэхэмжилсэн. Мөн жолооч ч гэсэн хариуцлагагүй явсан учраас хариуцагч нараас хамтад нь нэхэмжилж байна.... Машинд учирсан эвдэрсэн хохирлуудыг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1 .Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй. Тухайн нэхэмжилсэн 4,795,000 төгрөгөөс бүгдийг нь болон 50 хувийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,795,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Оройн цагаар миний аав ******* үхрээ хураасан байсан ба энэ үхэр нь шөнийн цагаар зам дээр гарч дайрагдсан учраас хариулгагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна... Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Мөн дайрагдсан үхэр нь үхчихсэн. Бидний зүгээс хөрөнгөөрөө хохирсон байхад яагаад машины хохирол гэж яриад байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

2.2 Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* намайг гуйж машинаа бариулсан, надад ямар нэгэн цалин хөлс авсан зүйл байхгүй. Замын хөдөлгөөний тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр шөнийн 22 цагаас өглөөний 05 цагийн хооронд гарсан зөрчил аваарыг тухайн малын эзэн малчин хариуцна гэсэн заалт орсон байгаа. Тухайн машиныг өөрөөсөө 400,000 төгрөг гаргаж ******* сумаас Ховд аймаг руу ачуулсан. Малчин Адуучаас төлбөрөө гаргуулаад буцаагаад өгье гээд надаас 500,000 төгрөг зээлж авсан. Миний хувьд 4,795,000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Малчин төлбөр барагдуулна гэсэн ойлголттой байна. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******ийг машин бариад өгөөч гэж гуйхаар нь Хөшөөтийн уурхайгаас Ховд аймаг руу машин барьж ирж машиныг оношлуулсан. Ховд аймгаас 7 цагийн үед буцаж явж байгаад Ховд аймгийн ******* ******* *******ийн хөвөө гэдэг газар гэнэт үхэр гарч ирсэн. Тухайн үед урдаас бас машин гэрлээ шилжүүлэхгүй гарч ирээд гэрлийн гялбаанд орсон. Ойр орчмын замын далангууд нь их өндөр бөгөөд үхэр гарч ирдэг далан нь намхан байсан учраас гэнэт үхэр гарч ирээд осол болсон. Тухайн үед осол боллоо гэж хэлээд Ховд аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгөхөд Ховд аймгийн ******* ******* цагдаагийн утас өгсөн тул залгахад хоёр утас нь хоёулаа холбогдохгүй байсан учраас дахин энэ талаар хэлж залгахад эндээс шинжээчийн бүрэлдэхүүн гаргая гэж байтал хоёр цагдаагийн утас нь холбогдоод ирж хэмжилт хийсэн. Надад хуульд ийм заалт шинээр орсон гэж надад үзүүлж би Ховд аймгийн ******* суманд очиж болсон явдлыг мэдүүлсэн. Би одоогоор энэ мөнгийг төлөх боломжгүй байна.... Үхэр гэнэт орж ирэхээр нь харчхаад тоормос гишгэсэн. Машиныг зогсоох арга хэмжээг өөрийнхөө хэмжээнд авсан... Тэр зам хөдөлгөөн ихтэй зам байсан. Шөнө 11 цаг 50 минутын үед осол болсон. Малчны хариуцлагагүй байдлаас осол болсон гэж үзэж байгаа гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2023/00232 дугаар шийдвэрээр:

 

3.1 Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******аас 4,795,000 (дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга:

 

4.1 Хариуцагч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн гэж харж байна. Учир нь үхэр бол адуу шиг гэнэт гарч ирдэггүй. Зам дээр хөдөлгөөнгүй зогсож байх эсвэл тааваар зам дээр гарч ирэх боломжтой мал юм. Гэтэл үүнийг шууд очиж дайрсан нь *******ийн буруу байна. Ховд аймгийн ******* ******* хэсгийн төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас болж буюу хариуцагч *******ийг дээр дурдсан Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг торгоогүйгээс болж хариуцагч *******ийн эрх ашиг хохирсон буюу *******, Д. Адууч нар хамтран нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх ёстой байсан.

 

4.2 Ховд аймгийн ******* ******* хэсгийн төлөөлөгчийн шийтгэвэрт гомдол гаргах гэсэн боловч шийтгэврийг хүлээн авснаас хойш Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 5 хоногийн дотор Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Энэ хугацаа өнгөрсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заажээ. Үүнээс харвал уг зөрчил 2022.10.18- ны өдөр болсон бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна, иймд *******т шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн.

 

4.3 Мөн дээрх тохиолдолд хүн байсан бол шууд дайраад явахад хариуцлага хүлээхгүй мэт харагдаж байна. Учир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэдэг заалтыг зөрчсөн учраас жолоочийн зөв гэж Монгол улсын хууль, шүүхийн байгууллага шийддэггүй.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2023/00232 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэлийн үнийн дүн 4,795,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

        ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч  ******* нь гэм хорын хохирол 4.795.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт  холбогдуулан   гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор *******ид   холбогдох 223000426 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д заасан зөрчлийн хэргийг материалын шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн байна.

4.Анхан шатны шүүх хариуцагч *******аас гэм хорын хохирол 4.795.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,нэхэмжлэлийн шаардлагын *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар “хариуцагч ******* ******* нар хамтран нэхэмжлэлийн үнийн дүнг  төлөх ёстой.” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

5.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашин  16-34 ХОА улсын  дугаартай  Tоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийг  *******ээр жолоодуулан Ховд аймгийн төвөөс хөшөөтийн чиглэлд зорчиж явах замд ******* ******* багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр 1 тооны үхэр  мөргөсний улмаас уг автомашин эвдэрсэн үйл баримт тогтоогдсон байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар уг  автомашинтай мөргөлдсөн үхрийн эзэн хариуцагч ******* байсан бөгөөд түүнийг зөрчлийн хэрэгт  холбогдуулан  Зөрчлийн 2236000426 дугаартай хэрэг нээж  эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж   2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №0030378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар *******ийг замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7.52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцож, хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба  торгуулийн шийтгэлийг  зөрчилд холбогдогч ******* биелүүлсэн байна.

7. Нэхэмжлэгч нь Тоёото приус-30 загварын 16-34 ХОА улсын дугаартай, тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн, Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагад сар болгон лизингийн 550,000 төгрөг төлдөг, уг машиныг хувь хүнээс урьдчилгаа өгч Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизингээр худалдаж авсан... гэж,

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь “...тухайн тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 1-д зааснаар *******ийг торгосон  боловч энэ хохирлыг арилгахад хамаарахгүй... гэж,

 хариуцагч ******* нь “...малчин ******* малаа хариулгагүй орхисон үйлдлээс болж зам тээврийн осол гарсан... гэж тус тус маргажээ.

8.Харин талууд Тоёото приус-30 загварын 16-34 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,  засмал зам дээр гарсан зам тээврийн ослын улмаас эвдрэл, гэмтэл учирсан талаар маргаагүй  байна.

9.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тоёото приус-30 загварын 16-34 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслийн мэдээлэл бүхий лавлагаагаар Бэрс финанс ХХК буюу банк бус санхүүгийн байгууллага байна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, Зөрчлийн хэрэгт  *******ийг хохирогчоор тогтоож,  түүнээс авсан мэдүүлэг, Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-д захиалагчийг төлөөлөгч ******* авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан бусад нотлох баримтаас үзвэл ******* нь Тоёото приус-30 загварын 16-34 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг  эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

Мөн хариуцагч тал нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бэрс финанс ХХК буюу банк бус санхүүгийн байгууллага, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар, татгалзлалын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д “Өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл бүхий лавлагаагаар Тоёото приус-30 загварын 16-34 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бэрс финанс ХХК буюу банк бус санхүүгийн байгууллага болох нь тогтоогдож байх  боловч дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч *******ийг уг маргаан бүхий тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч ******* нь  өөрийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах  эрхтэй  байна.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хариуцан арилгах үүрэгтэй.”, ”Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээдэг.

Иймээс эрх нь зөрчигдсөн этгээд буруутай этгээдээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

12. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з-д зааснаар замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд нь хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг зохицуулжээ.

Тухайн өдөр автомашинд дайрагдсан үхрийн эзэн,малчин  ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з-д заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан  болох нь    зөрчлийн   хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул ******* нь нэхэмжлэгч Б. Бямбацэцэгийн эзэмшлийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын  хохирлыг арилгах үүргийг хүлээх нь дээрх Иргэний хуулиудад нийцнэ.

13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлж хэргийн бодит байдлыг зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.Харин хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх   засах  боломжтой тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Хариуцагчийн давж заалдсан гомдолд *******ийн эзэмшлийн Тоёото приус-30 загварын  16-34 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  учирсан хохирлыг *******  хамтран хариуцах ёстой гэж дурдсан боловч түүний  буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн  уг тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зөрчлийн 2236000426 дугаартай хэргийн материалаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

15.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцсэн,  үндэслэл бүхий болсон байна шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж, хариуцагч талаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2023/00232 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “497 дугаар зүйлийн 497.1,” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонцэцэг түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54960 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА