| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0037/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 39
2019 01 31 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ц.Бод холбогдох эрүүгийн 1921000000021 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “Дархинт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ..................... регистрийн дугаартай, Сартуул овогт Ц.Б.
Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархинт” гэх газар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр А.Оын толгойн тус газарт галын хайчаар цохиж “тархи доргилт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй...” гэв.
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр...Ц.Б, Даваахүү нар сумын төв рүү яваад ирэхдээ Одбаярыг дагуулаад ирсэн. Ингээд тэр 3 архи уугаад байж байхад нь би Одбаярт хандаж “чи одоо манай нөхөртэй архи уухаа болиоч” гэж хэлээд би Одбаярыг гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд манай нөхөр Ц.Б нь Одбаярыг өмөөрч “чи хүн цохилоо” гэсэн. Тэгэхээр нь би гал түлэх гэж байсан модоор Ц.Бын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход Ц.Б уурлаж миний толгой руу галын хавчиг төмрөөр нэг удаа цохисон. Ингээд миний толгой өвдөөд байхаар нь цагдаад мэдэгдсэн. Ц.Б миний толгойн орой хэсэг рүү хавчиг төмрөөр хүчтэй цохисон. ...Би нөхөртэйгээ өөрийн сайн дураар эвлэрч байна. Мөн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч О.Даваахүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сумын төв ороод “Сод” гэх дэлгүүрээс 1 шил архи аваад манай гэрээр ороод хөрөө аваад, хойшоо явж Одбаярыг аваад гурвуулаа Ц.Б ахын гэрт очсон. Тэгээд авсан архиа ууж байхад Ц.Б ахын эхнэр А.О архи уулаа малдаа явсангүй гээд уурлаад байсан. Тэгээд байж байгаад гэнэт А.О Ц.Бын толгой руу модоор цохиход нь Ц.Б ах галын хайчаар А.Оын толгойд цохихоор нь А.О нь гэрээсээ гараад гүйхээр нь би А.О эгчийн араас яваад эргээд гэрт нь авчирсан. Тэгээд та хоёр эв зүйгээ ол гээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд: “1. А.Оын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 16/
-Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархинт” гэх газар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эхнэр А.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн толгойн тус газарт галын хайчаар цохиж биед нь “тархи доргилт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “...Манай эхнэр А.О нь найз Одбаярт хандаж “чи дандаа хүн уруу татаж архи уулгалаа” гэж, мөн надад хандаж “чи малаа харсангүй, архи гударлаа” гэж уурласан. Тэгэхээр нь би Одбаярыг өмөөрч А.Од хандаж “чи Одбаяраар худаг ухуулж ажил хийлгэдэг байж яах гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь А.О гал түлж байгаад нэг ширхэг түлээний мод бариад миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би уурлаж галын хайчаар А.Оын толгой руу нэг удаа цохисон... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна“ гэж /хх-ийн 22-23/, түүнийг давхар нотолсон хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Манай нөхөр Ц.Б уурлаж миний толгой руу галын хавчиг төмрөөр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч О.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт л А.О Ц.Бын толгой руу модоор цохиход нь Ц.Б ах галын хайчаар А.Оын толгойд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 75 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч А.Оын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь хохирогчийн толгой руу галын хайчаар 1 удаа цохисон шүүгдэгч Ц.Бын гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Бод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бын ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бод мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Бын ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР