Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 29

 

 

     2023          06           20                                    206/МА2023/00029

 

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2023/00188 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг 1-16 тоотод оршин суух, Алаг адуу овогт Санжжавын Пунцагноровт холбогдох

 

“С.Пунцагноровоос 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 5,283,392 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

 

1.1 С.Пунцагноров нь 2014-2021 он хүртэл Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. С.Пунцагноров нь Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Эрүүл мэндийн газрын цалингийн сангаас 2014-2019 оны хооронд нийт 14,090,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч 8,806,608 төгрөгийг өөрийн цалингаасаа суутган төлж, 5,283,392 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

 

С.Пунцагноровтой утсаар холбогдон өрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд С.Пунцагноровоос 5,283,392 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн газарт олгох шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1 Миний бие С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлага болох 5,283,392 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус газрын дарга Ц.Мягмарсүрэн нь тус байгууллагаас авсан урьдчилгаа цалин болох 4,145,700 төгрөгийг төлөх талаар надад 2022 оны 09 сард мэдэгдсэн. Гэтэл одоо 5,283,392 төгрөгийг төлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Би 2014 оноос хойших урьдчилгаа авсан баримт, цалингаас суутгасан анхан шатны баримттай нэг бүрчлэн танилцаж байж, дээрх нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх эсэхээ шийдвэрлэнэ гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2023/00188 дугаар шийдвэрээр:

 

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Пунцагноровоос 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 4,683,392 (Дөрвөн сая зургаан зуун наян гурван мянга гурван зуун ерэн хоёр)төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт олгож, илүү нэхэмжилсэн 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Пунцагноровоос улсын тэмдэгтийн хураамжид 89,884 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

 

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Эрүүл мэндийн газар нэхэмжлэлдээ 4,145,700 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн гэвч одоо болохоор 5283392 төгрөг болсон гэж худал нэхэмжилсэн үүнийг шүүхийн шийдвэрээр 4683392 төгрөг болгосон нь дутуу тооцоолон хийсэн гэж үзэж байгаа. Иймд миний гомдлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгэл давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлэхдээ: Хариуцагч С.Пунцагноров нь 2014-2021 он хүртэл Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 20-нд ажлаас халагдсан.

 

Хариуцагч С.Пунцагноров нь 2014-2019 оны хооронд нийт 14,090,00 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч 8,806,608 төгрөгийг цалингаасаа суутган төлж 5,283,392 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагчийн гомдолд дурдсан 4,145,700 төгрөгийг санхүүгийн программаас дахин шүүж үзэхэд С.Пунцагноровын 2021 оны 01 дүгээр сарын цалин 564,148 төгрөг, амралтын 573,540 төгрөг, нийт 1,137,688 төгрөгийг суутган авсан байна. Иймд хариуцагчийн гомдолд дурдсанчлан нийт 4,145,704 төгрөгийг С.Пунцагноровоос гаргуулан өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн газар  нь хариуцагч С.Пунцагноровт холбогдуулан  Эрүүл мэндийн газар  нягтлан бодогчоор ажиллаж  байхдаа  цалингийн сангаас  2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 5,283,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын захирамжийн архивын хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 455 дугаар албан бичиг, С.Пунцагноровын 2014-2019 оны цалингийн урьдчилгааны тооцоо, төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Ховд аймгийн Аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/76 дугаар санал дүгнэлт, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох  баримтууд гаргаж өгсөн байх ба эдгээр нотлох баримтууд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан   байна.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийн  надаас 5,283,392 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус газрын дарга Ц.Мягмарсүрэн нь тус байгууллагаас авсан урьдчилгаа цалин болох 4,145,700 төгрөгийг төлөх талаар надад 2022 оны 09 дүгээр сард мэдэгдсэн. Гэтэл одоо 5,283,392 төгрөгийг төлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 2014 оноос хойших урьдчилгаа авсан баримт, цалингаас суутгасан анхан шатны баримттай нэг бүрчлэн танилцаж байж, дээрх нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх эсэхээ шийдвэрлэнэ” гэж маргажээ.

 

5.Анхан шатны шүүх “хариуцагч С.Пунцагноровыг Эрүүл мэндийн газар  нягтлан бодогчоор ажиллаж  байхдаа 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 4,683,392 (Дөрвөн сая зургаан зуун наян гурван мянга гурван зуун ерэн хоёр)төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт олгож, илүү нэхэмжилсэн 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

6.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь ”Эрүүл мэндийн газар нэхэмжлэлдээ 4,145,700 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн гэвч одоо болохоор 5283392 төгрөг болсон гэж худал нэхэмжилсэн үүнийг шүүхийн шийдвэрээр 4,683,392 төгрөг болгосон нь дутуу тооцоолол  хийсэн гэж үзэж байгаа. Иймд миний гомдлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах  журмаар гаргажээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа  цалингийн урьдчилгаанд авсан 5,283,392   төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

 

Гэтэл  энэ хооронд нягтлан бодогч солигдоод түүнээс сүүлд суутгаж авсан мөнгөн дүнг хасахгүйгээр өмнө гаргаж байсан тооцооллоор нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа С.Пунцагноровын цалингийн урьдчилгаа төлсөн баримтуудыг нягтлан үзэж, программаас харахад 4,145,704 төгрөг төлөгдөөгүй нь үнэн байсан” гэж тайлбарласан тул хариуцагчийн гомдлыг хангаж,  шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч С.Пунцагноровын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,884 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2023/00188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4,683,392” гэснийг “4,145,704” төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Пунцагноровын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Пунцагноровын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,884 төгрөгийг зохих данснаас гаргуулж шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР