| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З холбогдох эрүүгийн 1806 08445 2055 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 жил 2 cap хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 1 cap баривчлах ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 cap хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б.З .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 15 дугаар гудамжны 585 тоот хашааны гадна согтуугаар хэрүүл зодоон үүсгэн М.Ганзамын толгойн хэсэгт шилтэй пиво, модоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “...Би тухайн үед хохирогчийг шилэн савалгаатай пивоны шилээр цохиогүй. 2.5 литрийн том хуванцар саваар цохьсон. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Ганзамын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Н.Сугарын өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч А.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Б.З урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 15 дугаар гудамжны 585 тоот хашааны гадна согтуугаар хэрүүл зодоон үүсгэн М.Ганзамын толгойн хэсэгт шилтэй пиво, модоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганзамын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед хүүхэдтэйгээ эхнэрийнхээ амьдарч байгаа газар руу очиход эхнэр маань манай ангийн Балжиннямын хамт байхаар нь ойр зуурын юм яриад пиво уугаад сууж байтал гаднаас үл таних 2 залуу пиво барьсан орж ирсэн. Тэгснээ манай найзтай маргалдаад хүүхэд унтаж байхад дээр нь суучих гээд байхаар нь тэр 3-г гаргасан. Тэгтэл гадаа гараад манай найз Балжиннямыг зодоод байхаар нь би салгах гэтэл намхан нуруутай Золоо гэх залуу нь гартаа барьж байсан ууттай пивоор миний толгой руу цохиод уут нь урагдаад пиво нь газар унахад цаашаа гүйгээд хашааны банз авчраад миний толгой руу дахин цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан. Толгой их өвдөж, зүүн талын чих юм сонсохгүй, баруун нүд бүрэлзээд юм харахгүй байсан. Үл таних 2 залуугийн намхан нуруутай Золоо гэдэг нь миний биед гэмтэл учруулсан.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Сугарын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад Б.Золжаргалтай хамт архи уугаад “Алтай” хотхонд Сүрэнгийнд очиход байхгүй болохоор нь Сүрэнг найз Ганаагийндаа байж магадгүй гээд очиход Сүрэн байхгүй, Ганаа 2 хүнтэй пиво уугаад байж байсан. Бид 2 гаднаас 2 пиво авч орсныгоо хамт уухаар болсон. Гэтэл удалгүй Балжинням гэх залуу манай найз Золжаргалыг заамдаж боогоод байхаар нь М.Ганзам салгаад бид 2 гараад явж байтал араас Балжинням ирээд Б.З унагаасан. Гэтэл М.Ганзам намайг унагаад би тэр 2-той зууралдаад байж байтал Б.З гартаа байсан 2 пивоор М.Ганзамыг цохисон. Би тэр 2-т “та нар хоёулаа, би ганцаараа байна одоо больё” гэхэд тоохгүй байхаар нь “Золоо” гээд орилоход Б.З гартаа мод барьж ирээд М.Ганзамын толгой руу цохиод унагасан. Тэгээд бид 2 зугтаад явсан. Миний шанаа шалбарч, толгой жоохон өвдөж, духан дээр хорсож, нүд хөхөрч уруул язарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганчимэгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай хамаатны Балжинням, надтай хамтран амьдарч байсан М.Ганзам 2 манайд пиво уугаад сууж байтал манай найз охин Сүрэнгийн найз залуу Б.З Сүрэнг асуугаад орж ирсэн. “Сүрэнг ирээгүй” гэсэн чинь нэг найзтайгаа 2 том пиво барьж ирснийгээ “уучихаад явъя” гэсэн. Тэгээд тэр 4 маргалдаад зодолдчих гээд л байсан. Тэгээд тэд нар гараад явсан чинь араас нь Балжинням бие засна гэж гараад М.Ганзам араас нь “оруулаад ирье” гэж гарснаа удалгүй 5, 6 минутын дараа Балжинням М.Ганзамыг түшээд ороод ирсэн. Толгойн зүүн хэсэг нь хавдчихсан “хадаастай модоор цохиулчихлаа” гэж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. /хх-37/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Ганзамын биед дагз ясны зүүн хэсгээс хөхлөг сэртэн дайран суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эдийн няцрал, суурийн хөндийд цус хуралт, зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-12/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.З урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-15/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З гаргасан “...Би тухайн үед хохирогчийг шилэн савалгаатай пивоны шилээр цохиогүй. 2.5 литрийн том хуванцар саваар цохьсон.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганзамын өгсөн: “...Золоо гэх залуу нь гартаа барьж байсан ууттай пивоор миний толгой руу цохиод уут нь урагдаад пиво нь газар унахад цаашаа гүйгээд хашааны банз авчраад миний толгой руу дахин цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан.” /хх-5-6/ гэх мэдүүлэг, мөн гэрч Н.Сугарын өгсөн: “...Б.З гартаа байсан 2 пивоор М.Ганзамыг цохисон. Би тэр 2-т “та нар хоёулаа, би ганцаараа байна одоо больё” гэхэд тоохгүй байхаар нь “Золоо” гээд орилоход Б.З гартаа мод барьж ирээд М.Ганзамын толгой руу цохиод унагасан.”/хх-9/ гэх мэдүүлэг зэрэг болон хавтас хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.З 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 15 дугаар гудамжны 585 тоот хашааны гадна согтуугаар хэрүүл зодоон үүсгэн М.Ганзамын толгойн хэсэгт шилтэй пиво, модоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.З хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч М.Ганзам нь эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 3.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Б.З нь 1.800.000 төгрөгийг төлсөн 1.000.000 төгрөгийг төлөхөөр хэлцэл байгуулсан байна. Мөн хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.З 3 жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.З оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч М.Ганзам нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС