Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 30

 

 

  2023          06           20                                     206/МА2023/00030

 

Атмор ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2023/00172 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж, Рокмон бюлдинг оффис төв 203 тоотод байрлах, “Атмор” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг 11-33 тоотод байрлах, “Динатос” ХХК-д холбогдох 

“Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэн/онлайнаар/ хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Манай компани 2021 оны 08 сарын 30-ны өдөр “Динатос” ХХК-тай бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах №АТ/НЖ-01 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Динатос” ХХКнь Говь алтай аймгийн Жаргалант сум, Алтай сум, Цогт Баянтоорой, Цогт сум, Төгрөг сумуудад Кос Оникс цэвэрлэх байгууламж болон Атмор септик системийн суурилуулах ажил гүйцэтгүүлсэн.

Гэрээний дагуу системийг хүлээлгэн өгснөөс хойш “Динатос” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд 67,810,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д "захиалагч нь нийлүүлэх тоног төхөөрөмж болон суурилуулах ажлын үнийг гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлэгчид шилжүүлээгүй хоног тутамд 0,3% -тай тэнцэх алдангийг төлнө гэж" гэж зааснаар төлбөр төлөх гэрээний хугацаа нийт 397 хоног хэтэрсэн, алданги 80,761,710 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 33,905,000 төгрөгийналданги тооцсон. Иймд, 2021 оны 08 сарын 30-ны өдрийн Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ №АТ/НЖ-01 тоот гэрээний төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Тус компани нь “Атмор” ХХК-тай 2021 оны 08 сарын 30-ны өдөр АТ/НЖ-01 тоот дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах, угсарч суурилуулах гэрээ байгуулсан. Тус ажил Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Шинээр баригдаж байгаа дотуур байр, Төгрөг сумын шинээр баригдаж буй дотуур байранд хийгдсэн. Бид ажлыг хүлээн авч, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр улсын комисс ажиллуулахаар урьдчилсан шатны техникийн комисс ажиллуулсан боловч тус 2 дотуур байрны гадна талд хийгдсэн Бохирын септик системийн ажил барилгын норм дүрэм зөрчсөн, хөлдөлтийн түвшинд хийгдээгүй, мөн суулт үүссэн, дээд тагны хүзүүвч хазайж ханарсан байдалтай гүйцэтгэгдсэн байгаа тул хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан нь бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Манай компани нь гэрээний дагуу үндсэн төлбөрөө хүлээн зөвшөөрч байна. Мөн дээрх тоног төхөөрөмжийн угсарч суурилуулалттай холбоотой тус ажлын гүйцэтгэл санхүүжилт батлагдаж орж ирээгүй байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2023/00172 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Динатос” ХХК-иас Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 (Нэг зуун нэг сая долоон зуун арван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Атмор” ХХК-нд олгож,

3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Атмор” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Динатос” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666,525 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “Атмор” ХХК-нд олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д "Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна." гэж заасан байна.

Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримт гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэх, түүнчлэн хариуцагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах эсэхийг асууж тодруулаагүй, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүгч авч хэлэлцээгүй, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй, түүнчлэн талуудыг үнэн зөв, үндэслэл бүхий мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авах шүүх хуралдаан даргалагчийн үүргээ гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, үндэслэл бүхий мэтгэлцэх зарчмаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж, 16 дугаар зүйлийн 14-т заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндсэн ноцтой зөрчигдөж байна.

4.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Нэхэмжлэгчээс гэрээний 5.1-д зааснаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 67,810,000 төгрөгт ногдох алданги 33,905,000 төгрөгөөр 37 тооцож нэхэмжилжээ. "...нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 67,810,000 төгрөгийн хоногийн 0,3 хувиар тооцож, 33,905,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй" гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн "Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ”-гээр гүйцэтгэгч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон тухайн төхөөрөмжийг суурилуулах ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон.Анхан шатны шүүх дүгнэхдээ "нэхэмжлэгч "Атмор” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна." гэж үндэслэлгүй дүгнэсэн.

4.3 Талуудын хооронд байгуулагдсан "Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ"-ний хавсралт 2 буюу Гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл, үнийн задаргаа хэсгийн 1.3.2-т "Тоног төхөөрөмж ажлын талбай дээр суурилуулалт хийгдэн хүлээлгэн өгсний дараа захиалагч акт үйлдэн хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор багтаан гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ" гэж заасан байх бөгөөд захиалагч болох "Динатос" ХХК-ийн зүгээс акт үйлдэн хүлээн авсан зүйл байхгүй, Учир нь гүйцэтгэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангаагүй, бодитоор харвал суулт болон хазайлттай, барилгын сууриас 15 м зайтай байх барилгын норм, дүрмийг зөрчсөн учраас захиалагчийн зүгээс акт үйлдэн хүлээн авах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгчид удаа дараа мэдэгдэж байсан.

4.4 Гэтэл нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн "Дууссан ажлын акт" гэх баримтууд нь хариуцагч буюу "Динатос" ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн болон баталгаажуулсан баримт биш, "Атмор" ХХК-иас үйлдсэн баримт бөгөөд ажлын үр дүнг хүлээн авсан инженер гэх гарын үсэг нь манай "Динатос" ХХК-ийн албан тушаалтан биш, манай компанид ямар ч хамааралгүй гуравдагч этгээдээр гарын үсэг зуруулж авсан. Тухайн "Дууссан ажлын акт"-ын огноо болох 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж тухайн өдрөөс эхлэн алданги тооцож нэхэмжилж, шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх болон хүлээн авах акт нь гэрээний хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйлдэгддэг талуудын гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж шүүгч хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг үнэлэн хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 2-ын 1.3.2-т зааснаар акт үйлдэж хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор багтаан гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажил хүлээлгэн өгсөн гэх өдрөөс алданги тооцож нэхэмжилсэн бөгөөд шүүх алдангийг буруу тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “Атмор” ХХК нь хариуцагч “Динатос” ХХК-нд холбогдуулан “Атмор” ХХК, “Динатос” ХХК-ийн хооронд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №АТ/НЖ-01 дугаартай “Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу “Атмор” ХХК нь цэвэрлэх байгууламж болон Атмор септик системийг суурилуулах ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг “Динатос” ХХК-нд хүлээлгэн өгсөн. “Динатос” ХХК нь төлбөрөө бүрэн төлөөгүй тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг нийт 101,710,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч “Атмор” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Атмор” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Атмор” ХХК, “Динатос” ХХК-ийн хооронд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №АТ/НЖ-01 дугаартай “Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ” болон гэрээний хавсралтууд зэрэг нотлох баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.

 

4. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “Атмор ХХК, Динатос ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Атмор ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг улсын комисс урьдчилсан байдлаар хүлээж авахаас татгалзсан. Мөн дээрх ажлын санхүүжилт удааширч хугацаандаа орж ирээгүй” гэж тайлбарласан байна.

 

5. Хариуцагч “Динатос” ХХК нь өөрийн татгалзлын үндэс болсон нотлох баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцээгүй байна.

 

6. Шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Атмор ХХК нь гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн тул  гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болон алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэгч “Атмор” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

7. Хариуцагч “Динатос” ХХК нь “шүүх алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй,  хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

7.1 Хэргийн 20 дугаар талд хариуцагч “Динатос” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баяржаргалд эрх үүрэг тайлбарлан өгсөн баримтад гарын үсэг зурсан, 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн болон 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус хуралдаан даргалагч шүүх хуралдааны оролцогчдод эрх үүрэг тайлбарлан өгсөн талаар тэмдэглэлд тусгагдсан, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Динатос” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баяржаргал нь өмгөөлөгч авах тухай хүсэлт гараагүй, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу?” гэх хуралдаан даргалагчийн асуултанд “байхгүй” гэж хариулсан байна.

Иймээс “хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүгч авч хэлэлцээгүй” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

 

7.2 Хариуцагч талаас “нэхэмжлэгч  Атмор ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн, чанар,  доголдол болон ажлыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тухай” гомдлын шаардлага гаргаж байсан талаар өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан “дууссан ажлын акт” гэх баримтыг хуурамч гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул “шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн захиалагч Динатос ХХК нь гүйцэтгэгч Атмор ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж дүгнэж манай компаниас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

7.3 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “Атмор ХХК, Динатос”ХХК-ийн хооронд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №АТ/НЖ-01 дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ болон гэрээний хавсралтууд, дууссан ажлын акт, ажлын гүйцэтгэлийн тайлан зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагч тал эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч мэтгэлцээгүй байна.

Шүүх зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн, талуудын шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байхад хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд нотлох баримт гарган өгч мэтгэлцээгүй байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг  үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” хуульд үүргээ биелүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Харин талуудын хооронд байгуулсан “Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ”-ний хавсралтаас харахад нэхэмжлэгч нь 500,886,708 төгрөгийн бараа материалыг хариуцагч талд худалдаж, уг тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар тохиролцсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг нэмж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

9. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,475 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2023/00172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний өмнө “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,475 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР