Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 08

 

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

     Иргэдийн төлөөлөгч: Л.Ичинноров,

     Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

     Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

      Хохирогч: Д.Д,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

     Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.О-д холбогдох 1835002780232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д монтёр ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн 11-53 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:................., М овог Б.О.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

      Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-53 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч, эхнэр Д.Д-тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хохирогчийн зүүн нүдэнд шил орж  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч Б.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

     Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-53 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эхнэр Д.Д-тэй маргалдаж байхдаа гэрийн хаалганы шилийг хага цохиход хохирогчийн зүүн нүдэнд шил орж, хараагүй болгосон болох нь хохирогч Д.Д-гийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр миний нөхөр Б.О гэрт байж байгаад 17 цагийн үед айлын цахилгааны утас янзалж өгнө гээд гараад явсан. Нөхрөө явсны дараа би бага охиноо унтуулах гээд хэвтэж байгаад зүйрмэглэж байтал О орж ирээд “Үхсэнээ хийгээд унтаад байгаа юм бэ? Пизда минь босохгүй юм уу?” гээд уурлаад эхлэхээр нь “Чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би хүүхэд унтуулах гээл хэвчихлээ” гэхэд О “Чамаас болж миний ээж үхэх гэж байна. Чамайг энд чинь алчих уу?” гээд дайрахаар нь “Чи ээжийн гэрт очсон юм уу? Чамд юу гээд хэлчихсэн юм бэ?” гэж асуухад намайг хараагаад, дарамтлаад байхара нь би нөхөртөө гомдоод уйлаад сууж байгаад “Чи надад утсаа өгчих. Би ээжтэй ярьж намайг яаснаас болж бие нь муудаад байгааг асууя” гэхэд утсаа өгөөгүй. Би гэрээс гараад хажуугийн айлын нэг хүнээс утсыг нь гуйж аваад хадам ээжийнтэй хамт байдаг хадам дүү Б.Б руу залгаад “Ээжийн бие өвдөөд байгаа юм уу? Юу болсон юм бэ?” гэж асуухад “Ээж хөдөө явж ирээд бие нь өвдөөд байна” гэж хэлээд утсаа тасалсан. Би гэртээ орж ирээд нөхрөөсөө утсыг нь гуйсаар байж аваад Бын энхэр Золбаяр луу залгаад ээжийн бие яагаад өвдсөнийг асуухад “Хөдөө явж ирэхдээ гайгүй байсан” гэж хэлэхээр нь би нөхөртөө ээжийн бие гайгүй гэж байна гэхэд намайг уурлаад хараагаад байсан. Тэгж байгаад гэрээс машины түлхүүр аваад гарахаар нь ээжийнхээ гэрт очоод дахин ээжээсээ янз бүрийн үг сонсож ирээд бөөн хэрүүл болох байх гэж бодоод хоёр хүүхдээ дагуулж гараад машинд суусан. Тэгээд нөхрийгөө хаашаа явах гэж байгааг нь асуухад “Цахилгаан тасарч дуудлага өгсөн айл руу очиж ажлаа хийнэ” гэхээр нь хамт очно гээд 2 хүүхэдтэйгээ машинд суугаад  Улаангом сумын 3 дугаар багт байх 48 айлын орон сууцны урд очоод манай нөхөр нэг орц руу ороод их хурдан гарч ирсэн. Манай нөхөр “одоо хаашаа явах юм бэ?” гэхээр нь “Гэртээ харъя. өөр хаачдаг юм бэ?” гэхэд манай нөхөр ээжийн гэр лүү явна гэхээр нь би “Чадахгүй. Хэрүүл маргаан болно. Гэртээ харина” гэхэд манай нөхөр гэр лүү явахдаа намайг хараалын үгээр хэлж янз бүрээр доромжлоод “Онхолдож үхэцгээх үү?” гэх зэргээр сонин сонин зүйл яриад байсан юм. Тэгээд нөхөртэйгээ хэрэлдэж маргалдсаар гэртээ ирээд хашаа руу машинаа оруулаад би 2 хүүхдийн хамт машинаас буухад манай нөхөр машинаас буугаагүй. Тэгэхээр нь би нөхрийгөө “Машинаас буу. Одоо яах гэж байгаа юм бэ?” гэхэд “Гарч явна” гэхээр нь би нөхрийгөө “Чи архидах мөрөөрөө явган гарч архи уу. Машинтай битгий гар” гэхэд манай нөхөр уурлаад машиныхаа түлхүүрийг сугалаад авахаар нь би машины бичиг баримтыг нь аваад гэрлүү орж явтал манай нөхөр “Хутга аваад ир” гэхээр нь миний айдас хүрээд 2 хүүхдээ гэр лүү дуудаж оруулаад дотроос нь түгжиж байтал манай 7 настай хүү гэрт 2 хутга байсны нэгийг нь нуугаад  нөгөөг нь нуух гээд гүйж байтал нөхөр хаалган дээр ирээд “Хутга аваад ир гэсэн яасан бэ?” гэхээр нь би нөхрөөсөө чи хутгаар яах гэж байгаа юм гэхэд  машинд юм хийх гэж байна гээд уурласан тэгэхээр нь би нөхрийгөө “Хутгаар биш багажаар машин засдаг юм” гэхэд манай нөхөр хаалганы цаанаас “Та нарыг гаднаас чинь юмаар хүлж байгаад гэрлүү бензин цацаад шатаана” гээд бид нарыг дарамтлаад орилж байгаад намайг гэрийн хаалганы дотно талын бариулаас татаад байж байтал гэнэт манай нөхөр гэрийн хаалганы зүүн талын цонхны шилийг хүчтэй цохиод хагалаад гар нь орж ирээд надад хүрэлгүй гараа татаад авсан. Цонхны хагалсан шилний хэлтэрхий миний зүүн нүд рүү ороод зарим нэг нь миний магнай /дух/ хэсгийг зүсэж цус гарахад манай 2 хүүхэд миний хөлнөөс бариад уйлаад байсан. Би нүүрээ дараад сууж байтал манай нөхөр хаалга онгойлоод орж ирээд намайг “Хохь чинь пизда минь. Ингээд үх” гэх зэргээр хэлж намайг эмнэлэг рүү хүргэж өгөөгүй. Би 2 хүүхдээ аваад гэрээс гарч гүйгээд өөрийн төрсөн дүү Хын гэрт очоод тэндээс машин унаа олж эмнэлэгт хүргүүлж маргааш нь Онош нэртэй эмнэлэгт хэвтэж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Миний бие гэмтсэн зүүн талын нүд юм харахгүй хэвээр байгаа. Би хэрэг болсон өдрөөс хойш О-иас тусдаа өөрийн 3 хүүхэдтэйгээ Улаангом сумын 5-р багт хувийн байр түрээлслэж амьдарч байсан. Намайг тухайн байранд байхад манай гэрт 4 удаа согтуу ирж хаалга үүд нүдэж намайг болон хүүхдүүдээ ална, би наадах байранд чинь орж боож үхнэ, чи худлаа битгий жүжиглээд бай, хаалгаа тайл, тайлахгүй бол хаалгыг чинь эвдэж орно гэх мэтээр харанхуй шөнө 00 цаг өнгөрч байхад ирж агсам согтуу тавьж байсан. Мөн тухайн байранд байх хугацаанд над руу утсаар ярих, хүнтэй хардаад байгаа ч юм шиг, заналхийлээд ч байгаа юм шиг утсаар захиа бичдэг байсан юм. Тэгээд би Улаангом сумын 5-р багаас нүүгээд Улаангом сумын 7-р багт байх авга ах Маамуу / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна / -гийн хашаанд байх жижиг байшинд нүүж очсон юм. Би өөрийн хамгийн том хүүхдээ 2018 оны 11-р сарын эхээр Бөхмөрөн суманд байх аав ээж рүүгээ явуулчихсан. Хүү Э, охин О нарын хамт авга ахынхаа хашаанд байх байшинд амьдарч байхад манай нөхөр Очирдарь 2018 оны 11 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна нэг шөнө над руу утсаар яриад “Би Тариалан суманд ажлаар явж байгаад орж ирж байна. Танайд очиж хоноё” гэхээр нь би нөхөртөө чамайг согтуу байгаа бол хонуулахгүй. Чи гэртээ очиж хоно” гэж хэлчихээд утсаа унтраагаад байж байтал шөнө 02 цагийн үед нэг хүн хашаа даваад манай байшин руу ирээд үүдэн дээр уначихаар нь би гэрлээ асаагаад хартал манай нөхөр О ганцаараа согтуу газар хэвтэж байхаар нь гэртээ оруулж хонуулсан юм. Тэгээд маргааш нь босоод манай нөхөр “Та нартай хамт байхгүй бол чадахгүй юм байна. Намайг эндээ байлгаач” гэж гуйсан тэгэхээр нь би нөхөрөө өрөвдөөд “Чи энд байна гэж бодож байвал битгий архи уугаарай. Чамайг архи уугаад ирвэл энд байлгахгүй” гэж хэлсэн тэрнээс хойш манай нөхөр 7 хоног архи уугаагүй ба 8 дахь хоног дээр нь согтуу ирэхээр нь би тухайн үед нөхөртөө юм яриагүй тэгээд маргааш нь манай нөхөр дахин согтуу ирэхээр нь “Чи хүүхэд аваад ирнэ гэсэн яасан бэ?” гэхэд манай нөхөр “Чи өөрөө ав пизда минь” гэж уурлаад түүнээс болж бид хоёр маргалдаад гэр оронд агсам тавиад манай гэрт байсан гутал оёдог багажийг авч явна гэхээр нь би өгч явуулахгүй гэж байтал манай хашаанд байдаг авга ах М орж ирээд О-ийг аргалаад аваад гарсан. Тэгээд тэр өдрөө хоноогүй ба маргааш нь О 18 цагийн орчим шал согтуу ирэхээр нь би “Гэрээс яв. Чамайг байлгахгүй” гэхэд О “Та нар ах дүүгээрээ нийлж намайг шоронд явуулах гэж байна” гээд агсам тавиад намайг хэл амаар доромжлож байгаад явсан юм. Мөн манай нөхөр М ахын байшинд байхаас нь өмнө над руу утсаар захиа бичээд байсан ба тэр захиа нь “Чи намайг шоронд явуулах гээд байгаа юм уу? тэгвэл би чамд мөнгөн торгууль өгч чадахгүй. Чи өөрөө шийд” гэсэн утгатай. Чи миний ээжээс уучлалт гуйх ёстой гэсэн захиа" над руу бичиж намайг дарамтлаж байсан.  О 2011 оноос архи ууж ирээд ямар ч шалтгаангүйгээр намайг зоддог байсан. Намайг шөнө оройн цагаар гэрт гадны хүн байхгүй үед зоддог байсан. Зодох болгонд нь би ямар нэгэн хэмжээгээр гэмтэл авдаг байсан. Энэ талаар О-ийн ээж, эгч нарт хэлэхээр тоодоггүй, намайг буруутгаад л өнгөрдөг байсан. Намайг зодохоо болих байх гэж найдаад энэ талаар өөрийн аав, ээждээ хэлдэггүй байсан. О-иар маш олон удаа зодуулж байсан болохоор хэзээ, яаж зодуулснаа нэг бүрчлэн санахгүй байна. Би бүр тэсэхээ байхаараа цагдаад мэдэгдэг байсан бөгөөд 2 удаа баривчлагдаж байсан. 2017 оны хавар согтуу ирээд намайг сүхээр цохиж ална гэхэд би гэрээс зугатаж гараад хажуу талын Насан гэдэг айлын хашаа руу зугатааж ороход араас сүхээ шидэж байсан. 2017 оны намар над руу хутга шидэж байсан. Тэр хутга нь ир хэсгээрээ намайг оноогүй юм. Хадам ээж Буянаа миний талаар янз бүрийн зүйл О-д хэлэхээр тэр үгэнд уурлаад намайг зоддог юм. О миний эмчилгээ хийлгэхэд гарсан бүх зардлыг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн учраас надад гомдол байхгүй. Хуульд заасан ялын доод хэмжээг нь оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-55, 56-р тал/,

      гэрч С.А /Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүдний эмч/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2018 оны 8 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажлын өрөөндөө хүмүүст үзлэг хийж байтал Д.Д гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Үзлэг хийх үед Д.Д-ий зүүн нүд юм харахгүй байна гэж хэлсэн. Тэгээд харааг нь хуруу тоолж шалгахад харахгүй байсан. Био микроскофны ард суулгаж нүдийг нь харахад эвэрлэг бүрхүүл дээр шинэ шархтай, шархан дээрээ оёдолтой, хиймэл болортой, болор нь хагас мултарсан гэмтэлтэй байсан. Д.Д-гийн зүүн нүдний эвэрлэг, солонгон бүрхүүл, болор гэсэн 3 зүйл рүү гадны ямар нэг зүйл нэвтэрч дээрх 3 зүйл нүдний эдийг гэмтээж, нүдний эвэрлэг рүү нэвтэрсэн шархаар солонгон бүрхүүл хавчигдаж, нүдний болорыг гэмтээж болор нь цайсан байсан. Д-гийн зүүн нүдэнд үүссэн гэмтэл нь гадны хүчний үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бөгөөд ямар нэгэн өвчинөөс шалгаалж уг гэмтэл үүсдэггүй юм. Д.Д-гийн зүүн нүд юм харахгүй байгаа нь тогтоогдсон учир аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарын зөвлөгөөнөөр оруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоож групп /халамжийн тэтгэмж/-т оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/, 

      гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байх манай нөхөр бид хоёр хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал манай доод талын О гэх айлд хүмүүс хэрэлдэж, зодолдоод эмэгтэй хүн, хүүхэд уйлаад, эрэгтэй хүн том том дугараад байсан. Тэгээд тэр өдөр Д, О нар гэртээ юм хийгээд амбаараа цэвэрлээд байгаа бололтой юм гаргаад, мод хагалаад байж байгаад үдээш хойш нь гэнэт хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд орой 17-18 цагийн үед намайг жорлон орж байтал Д хүүхдийн хамт надаас гар утас асуухаар нь гэрт байгаа талаараа хэлсэн. Тэгээд Д манай гэрт орж ирээд надаас гар утас аваад хэн нэгэн рүү яриад намайг ирээд авчих гээд хэлж байсан хэн рүү ярьсныг мэдэхгүй байна. Би гэрээс гараад харж байтал Д хашаан дотроо суугаад уйлж байтал нөхөр нь битгий уйлаад бай гээд нуруу руу нь өшиглөж харагдсан. Тэгээд тэд нар гэр лүүгээ ороод дахиад эмэгтэй хүн, хүүхдүүд уйлаад байсан удалгүй Д дахин манай гэрт орж ирээд манай утсаар яриад гараад явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. О согтуу ирсэн үед хэрүүл маргаан гарч, зодоон болж эхнэр, хүүхэд нь уйлж байсныг би 2-3 удаа сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р тал/,

     гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “О-ийнх манай хажуу хашаанд ирж буугаад 3-4 жил болж байна. О согтуу үедээ гэр орондоо агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байдаг. О эхнэрээ зодоод гэрээс нь хөөгөөд манайд орж ирэхэд нь амбаартаа нэг хонуулж байсан. Тэр үед О согтуу манайд ирээд эхнэрээ асуугаад хайгаад байсан. Мөн согтуу ирээд эхнэрээ сүх барьчихсан хөөж байхад нь би сүхийг нь булааж авахад нь эхнэр нь зугатааж манай гэр рүү орж байсан. О согтуу ирээд эхнэрээ зодох үед манай гэр рүү зугатааж ирж цагдаа дуудах юм уу? Манайх цагдаа дуудах явдал 3-4 удаа гарч байсан. Д-гийн өөрийнхөн хэлснээр О толгой, нүүр, гар, хөл рүү нь гар, хөлөөрөө зоддог гэж байсан. Нүд, нүүр, нь улайж, хавдсан зүйл анзаарагддаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р тал/,

     гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “....2018 оны 7 дугаар сарын 29-ний орой байх би гэртээ байж байтал Д.Д эгчийн хүүхэд манайд ирээд ээжийн нүднээс цус гараад байна. Таныг ус аваад гараад ир гэж байна гэхээр нь би гэрээс ус аваад гарахад Д.Д эгч манай гэрий гадна сууж байсан. Тухайн үед манай дүү Б манай гэрт байсан ба бид хоёр Д.Д эгчийн нүүр гарыг угаалгасан. Д.Д эгчийг гэрийн гадна байхад нь  харахад зүүн нүдний дээд талд язарч цус гарсан байдалтай, зүүн нүдний хар хэсэг нь цайчихсан байсан. Тэгээд юу болсон талаар Д.Д эгчээс асуухад нөхөр Б.Отай хэрэлдэж маргалдаж байгаад хутга авна гэхээр нь хутгаар яах гэж байгаа юм бэ? гэж асуухад хутга авч юм хийнэ гэхээр нь айгаад гэрийн хаалгаа цоожлоод дотроос нь хаалгаа татаад зогсож байтал О ах гараараа гэрийн хаалганы жижиг шилэн цонхыг хагалахад зүүн нүдэнд хагарсан шилний хэлтэрхий орсон. Тухайн үед нүд нь гэмтэж мөн цус гараад байхаар нь Б.О ахыг эмнэлэг рүү явъя гэхэд тоохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлэхээр хүүхдүүдээ аваад гараад ирсэн гэж хэлсэн. Манай дүү Б бид хоёр Д эгчийг аваад эмнэлэг  рүү явсан. Нүд нь гэмтэлтэй байна гээд маргааш нь Онош нэртэй эмнэлэгт хэвтэж нүдний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 68-72-р тал/,

    гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 07 сарын 29-ний орой Улаангом сумын 10-р багт байрлах өөрийн төрсөн эгч Д.Х-ын гэрт байж байтал 19 цагийн үед бүрэнхий болж байтал тэдний хашааны гаднаас манай эгч Д.Д-гийн хүүхэд орж ирээд “Ээжийн нүднээс цус гараал байна. Аав гэрийн хаалганы шил цохиод хэлтэрхий нь ээжийн нүд рүү нь орчихлоо” гэхээр би тэдний гэрээс гараад төрсөн эгч Д.Д-гийн биеийг харахад нүдний хөмсөг орчим газраас цус гарсан, нүдэнд юм тороод байна гэхээр нь харахад нүдний цөцгий дотор 3 удаа зурагдсан байдалтай байсан. Тэгээд манай эгч Д.Д нь аймгийн Онош гэх хувийн эмнэлэгт хэвтэж нүдээ эмчлүүлээд дараа нь Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж нүдээ үзүүлээд ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,

     гэрч С.П /Онош эмнэлэгийн нүдний эмч/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Д нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай “Онош” эмнэлэгт зүүн нүдэндээ гэмтэл авсан гэх үндэслэлээр хэвтэн эмчлүүлсэн. Д.Д нүд гэмтсэн шалтгаанаа гэрийн хаалганы цонхны шил хагараад шилний хэлтэрхий зүүн нүд рүү орсон гэсэн. Д.Д-гийн нүдний гэмтлийг үзэхэд зүүн нүдний эвэрлэг бүрхүүл урагдаж, нүдний солонгон бүрхүүл хавчуулагдсан, болорын масс нь цайсан байсныг мэс засал хийж зүүн нүдний эвэрлэг бүрхүүл дээр 8 оёдол тавьж болор суулгасан”  гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,

      Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1210 дугаартай: “Үзүүлэгч Д.Д-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Д.Д-гийн биед зүүн нүдний эвэрлэг рүү нэвтэрч урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын цайлт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Гэмтлийн улмаас  зүүн нүд бүрэн хараагүй болсон байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 105-106-р тал/ ,

      шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 7 дугаар 29-ний өглөө босоод эхнэр Д-тэй амбаар сав, машинаа хамтдаа янзлаад байж байсан. Тэгж байгаад дуудлага өгсөн айл утсаар яриад би ганцаараа машинтайгаа очиж янзлаж өгөөд замдаа өөрийн ээж болох Б-гийн гэрээрээ ороод гарахад ээжийн бие нь өвдсөн байдалтай хэвтэж байсан тэгээд намайг ороход манай ээж “Миний бие өвдөөд байна. Танай эхнэрээс боллоо” гэж хэлсэн. Энэ өдрөөс хэд хоногийн өмнө манай ах дүү нар хот хөдөөнөөс ирээд бид нар нуурын хөвөө зугаалгаар явсан ба тухайн үед манай эхнэр Д ээж Б-г машинд суулгаж явсан. Буцаад миний машинтай Улаангом руу би машинаа бариад ээж урд талын суудал дээр манай эхнэр арын суудал дээр суугаад явж байтал гэнэт Д “Бие эвгүй боллоо. Би машин барина” гээд надаас жолоо аваад машин бариад явж байхад нэлээн хатуу яваад донслогоод байсан. Ээж урд нь ходоодны хагалгаанд орсон бие нь муу учир зөөлөн яв гэж хэлээд тэр явдал өнгөрсөн юм. Тэгээд тэр явдалаас болж манай ээжийн бие өвдөөд надад хэлээд би ээжийн гэрээс гараад гэрт иртэл манай эхнэр Д хүүхдээ аваад орон дээр унтаж байсан. Би гэрээс гарахдаа Д-д хувцасаа угааж бай гэж хэлчихээд гарсан чинь унтаж байхаар нь уур хүрсэн ба манай ээж надад танай эхнэрээс болж бие өвдлөө гэж хэлснийг бодоод уурлаад “Чамаас болж ээж үхэх гэж байна” гэхэд Д “Чи ээж дээрээ очсон юм уу? Ээж чинь нуур явснаас хойш зүгээр л хөдөө яваад ирсэн биз дээ” гээд бид хоёр маргалдсан ба тухайн үед би эхнэрээ зодоогүй.  Бид маргалдаж байтал Нефтийн байранд урд өдөр нь дуудлага өгсөн хүн залгаад би тийшээ машинаараа явах гэхэд манай эхнэр машинд хүүхдүүдтэйгээ суучихсан юм. Тухайн үед манай том хүү Бөхмөрөн суманд зуныхаа амралтаар явсан байсан ба 2 жаахан нь гэрт байсан. Тэгээд бид нар Нефтийн байрны гадна нөгөө дуудлага өгсөн айлын хаалга цохиход хаалгаа тайлахгүй болохоор нь буцаад харьсан юм. Тэгээд би хашаанд ирээд эхэлж машинаас машины копудыг сөхөөд аккумлятороос шингэн гоожсон байсныг цэвэрлэх гэж байтал манай эхнэр Дарьсүрэн машин дотор сууж байгаад машины урд хайрцганд байсан бичиг баримт аваад 2 хүүхэдтэйгээ гэр лүү ороод хаалгаа хаагаад авчихсан. Тэгээд би аккумлятороо цэвэрлэхийн тулд надад хутга хэрэгтэй байсан учир би хутга авахаар гэр лүү очоод гэрийн хаалга татахад манай эхнэр хааалга цоожлоод авчихсан байсан. Тэгэхээр нь би гаднаас “хутга аваад өг” гэхэд манай эхнэр чи хутгаар яах гэж байгаа юм гэж надаас асуухаар нь хутгаар машины аккумляторын толгой цэвэрлэнэ” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр хаалгаа тайлж өгөөгүй тэгээд миний уур хүрээд хаалганы хоёр талаас маргалдаж эхэлсэн юм. Тэгээд би маргалдаж байгаад гэрийн хаалгыг гаднаас онгойлох гээд гараа гэрийн тотгоор оруулахад гарын хурууг манай эхнэр мушгихад нь би гараа татаж аваад  хаалганы баруун гар талын цонхны жижиг шилийг баруун гараараа цохиход миний баруун гар шуу хүртлээ цонхноос цааш орсон. Би баруун гартаа бөгж зүүчихсэн байсан учир цонхны шил хагалах үед шил  Д-гийн нүд рүү үсэрч орох шиг болсон ба зүүн нүдний орчмоос цус гараад байсан. Би тухайн үед эхнэрийн нүд нь гэмтсэн гэж бодоогүй. Тэгээд манай эхнэр зүүн нүдээ дараад  ёолоод эхэлсэн. Би гэрийн хаалга онгойлгоод гэрт ороод байж байтал эхнэр нүд эвгүй болчихлоо утсаа өгчих гэхээр нь би утсаа өгөөгүй.  Тэгтэл манай эхнэр 2 хүүхдээ дагуулаад  дээд талын айл руу орох шиг болсон ба тэр айлаас дахин эргэж ирээд гэрээс 2 хүүхдээ дагуулаад явчихсан юм. Би гэртээ үлдсэн ба 30-40 минутын дараа цагдаа ирээд намайг авч явсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

   Увс аймгийн Прокурорын Газраас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ .

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-2.5 дахь  хэсэгт д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд энэ зүйлийн 2.1-д: “ энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт  “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ”гэсэн шинжийг тус тус хуульчилжээ.    

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж зааснаар эхнэр нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарахаар хуульчилсан байна.

   Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.  

      Шүүгдэгч Б.О, хохирогч Д.Д нар эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж үзнэ.       

     Шүүгдэгч Б.О-ийн эхнэр Д.Д-г зодох үйлдэл нь байнгын шинжтэй болох нь хохирогч Д.Д-гийн “О 2011 оноос архи ууж ирээд ямар ч шалтгаангүйгээр намайг зоддог байсан. Намайг шөнө оройн цагаар гэрт гадны хүн байхгүй үед зоддог байсан. Гадны хүн байгаа үед зоддоггүй байсан. Зодох болгонд нь би ямар нэгэн хэмжээгээр гэмтэл авдаг байсан. Энэ талаар Оийн ээж, эгч нарт хэлэхээр тоодоггүй, намайг буруутгаад л өнгөрдөг байсан. Намайг зодохоо болих байх гэж найдаад энэ талаар өөрийн аав, ээждээ хэлдэггүй байсан. О-иар маш олон удаа зодуулж байсан болохоор хэзээ, яаж зодуулснаа нэг бүрчлэн санахгүй байна. Би бүр тэсэхээ байхаараа цагдаад мэдэгдэг байсан бөгөөд 2 удаа баривчлагдаж байсан. 2017 оны хавар согтуу ирээд намайг сүхээр цохиж ална гэхэд би гэрээс зугатаж гараад хажуу талын Насан гэдэг айлын хашаа руу зугатааж ороход араас сүхээ шидэж байсан. 2017 оны намар над руу хутга шидэж байсан. Тэр хутга нь ир хэсгээрээ намайг оноогүй юм”, гэрч М.Н-гийн “О-ийнх манай хажуу хашаанд ирж буугаад 3-4 жил болж байна. О согтуу үедээ гэр орондоо агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байдаг. О эхнэрээ зодоод гэрээс нь хөөгөөд манайд орж ирэхэд нь амбаартаа нэг хонуулж байсан. Тэр үед О согтуу манайд ирээд эхнэрээ асуугаад хайгаад байсан. Мөн согтуу ирээд эхнэрээ сүх барьчихсан хөөж байхад нь би сүхийг нь булааж авахад нь эхнэр нь зугатааж манай гэр рүү орж байсан. О согтуу ирээд эхнэрээ зодох үед манай гэр рүү зугатааж ирж цагдаа дуудах юм уу? Манайх цагдаа дуудах явдал 3-4 удаа гарч байсан. Д-гийн өөрийнхөн хэлснээр О толгой, нүүр, гар, хөл рүү нь гар, хөлөөрөө зоддог гэж байсан. Нүд, нүүр, нь улайж, хавдсан зүйл анзаарагддаг байсан” гэх мэдүүлгүүд болон Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай Шийтгэвэр /хх-ийн 157-158-р тал/-ээр тус тус тогтоогдож байгаа тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

    Хохирогч Д.Д шүүгдэгч Б.О-ийн үйлдлийн улмаас зүүн нүдний эвэрлэг рүү нэвтэрч урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын цайлт гэмтэл учирч зүүн нүд бүрэн хараагүй болсон бөгөөд уг гэмтэл нь хүнд зэргийн гэтмэлд хамаарах гэмтэл болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1210 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

   Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Д-гийн эсрэг биеийн хүчээр түрэмгийлсэн үйлдэлийг идэвхитэй хийх явцдаа өөрийн довтолгоонд саад болж байгаа хаалганы шилийг цохиж хагалахад шилний хагархай хохирогчийн зүүн нүдэнд орж, нүдний эвэрлэг рүү нэвтэрч урагдсан шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, болорын цайлт гэмтэл учирч зүүн нүд нь бүрэн хараагүй болсон байна.

    Шүүгдэгч Б.О нь хаалганы шилэн цонхыг хагалахад шилний хагархай хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах боломжтойг мэдсээр байж, уг шилийг санаатайгаар зориуд хагалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

     Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэснийхээ дараа хохирогчид эмнэлэгийн болон бусад тусламжийг үзүүлэхгүй байгаа явдал нь шүүгдэгч хор уршгийг хүсэж, энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэний илрэл юм.

     Иймд шүүгдэгч Б.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

        2. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

   Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-53 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д монтёр ажил эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нотлогдож байна.

     Хохирогч Д.Д шүүгдэгч Б.О-иас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв. 

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.О-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын  доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.             

       Шүүгдэгч Б.О-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

      Шүүхээс шүүгдэгч Б.О-д хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.      

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч М овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д  3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.О-д  оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.О-ийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

       5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.О-д  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.ГАНСҮХ

ШҮҮГЧ                                              Б.ГАНТӨГС

                                                                                                            П.ДОРЖБАЛ