Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4303

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,  шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 29 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЧГ 88010514 Марга овогт Дашдондогийн  Тэгшбаярын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун  Ард Аюушийн 2-33  тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ 85072971, Отгоо тайж овогт  Дагдангийн  Гантулгад холбогдох

 

Хохиролд 6 874 212  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, хариуцагч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Тэгшбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автын осолд орсон бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор Д.Гантулгыг гэм буруутайд тооцсон.Осол болохын өмнө би Нийтийн зорчигч тээврийн НЧБ ХХКомпанид засварын механикаар, сарын 550 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан бөгөөд ослын улмаас ажил эрхэлж чадахгүй өвчтэй байгаа.Мөн 17-60 УБП улсын дугаартай хюндай верна машиныг ашиглах боломжгүй болгосон бөгөөд уг машиныг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр И.Энхболдтой ярилцан түүний Хас банкин дахь зээлийг төлж машиныг авсан.Би И.Энхболдын зээлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 удаа 742 212 төгрөг төлсөн.Иймд Хас банкинд төлсөн 742 212 төгрөг болон ажилгүй байсан 3 сарын цалин 1 650 000 төгрөгийг нэхэмжилж байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож группт орж 126 500 төгрөг авахаар болсон тул үүний зөрүү 4 482 000 төгрөг нийт 6 874 212 төгрөгийг Д.Гантулгаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Гантулгын буруутай үйлдлийн улмаас Д.Тэгшбаяр автын осолд орж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.Д.Тэгшбаяр осол болохоос өмнө нийтийн зорчигч тээврийн НЧБ ХХКомпанид засварын механикчийн ажил хийдэг байсан бөгөөд нотлох баримтууд хэрэгт байгаа.Д.Тэгшбаяр тухайн үед Энхболдтой харилцан тохиролцож банкны барьцаанд байсан тээврийн хэрэгслийг худалдаж аваад Хас банкны зээлийн төлбөрт 742 212 төгрөг төлсөн бөгөөд нотлох баримт хэрэгт авагдсан байгаа.Иймд Д.Гантулгаас Хас банкинд төлсөн 742 212 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 1 650 000 төгрөг нийт 2 392 212 төгрөгийг нэхэмжилж байна.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан байгаа гэв.

Хариуцагч Д.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид эрүүгийн шүүх хурлын явцад сайн дураараа эвлэрсэн, би Д.Тэгшбаярын баримтаар нотлогдсон хохирлын төлбөрөөс илүү нөхөн төлбөр хийсэн.Д.Тэгшбаяр тухайн үед нийт хохиролоо тооцож надаас 7 250 000 төгрөг авч гомдолгүй гэсэн учраас бид эвлэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Гантулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зам тээврийн осол гаргасны улмаас Д.Тэгшбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь зүүн гарын сарвууны 2 дугаар үе сэтэрсэн хугарал гэж тодорхойлсон.Д.Тэгшбаярт 3 сарын хугацаанд 1 удаа л дээрх оноштой лист байгаа бусад лист нь бөөр, толгойн өвчний улмаас авсан байдаг.Би үүнийг олон улсын өвчин ангилалын номноос татаж авч өгсөн. Д.Тэгшбаярын толгойн зургаас харахад тархины зүүн талд хуучин гэмтэлтэй байсан.Тиймээс 3 сарын хохирол төлөхгүй, бид эрүүгийн шүүх хуралдааны явцад эвлэрч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн байгаа.Ослын улмаас бэртэл аваад 1 сар байсан учраас 1 сарын цалин болон Хас банкинд төлсөн зээлээс 1 сарынх надтай холбоотой гэж үзээд төлөх боломжтой боловч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн тул хохирлыг барагдуулсан гэж үзэж байна.Би сөрөг нэхэмжлэл гаргахгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Тэгшбаяр хариуцагч Д.Гантулгад холбогдуулан Хас банкинд төлсөн 742 212 төгрөг, 3 сарын цалин 1 650 000 төгрөг, цалин группын зөрүү 4 482 000 төгрөг нийт 6 874 212 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр цалин болон группын мөнгөний зөрүүнд 4 482 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Хас банкны барьцаанд байсан Хюндай Верна маркийн 17-60 УБП улсын дугаартай авто машиныг Энхболдоос худалдаж авсан бөгөөд И.Энхболдын төлж байсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 742 212 төгрөг болон 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх 3 сарын цалингийн 1 650 000 төгрөг нийт 2 392 212 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцов.

 

Зам тээврийн ослоос болж Д.Тэгшбаярт учирсан гэмтэл учирсан тул түүний 1 сарын цалин болон Хас банкинд төлсөн зээлээс 1 сарынх надтай холбоотой гэж үзээд төлөх боломжтой боловч би 1 000 000 төгрөгийг илүү өгсөн тул хохирлыг барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Д.Гантулга 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Тоёота Приус маркийн 43-60 УБҮ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Д.Тэгшбаярын жолоодож явсан Хюндай Верна маркийн 17-60 УБП улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, энэхүү ослын улмаас Д.Тэгшбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

Дээрх 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолд-“Д.Гантулга нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улсаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Гантулгыг  хариуцлагаас чөлөөлж, түүнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Тэгшбаярт  7 250 000 төгрөгийг хохирол төлсөн, хохирогч цаашид энэ хэрэгтэй холбоотой эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 14177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд- “Д.Тэгшбаярын биед баруун сарвуу 2 дугаар суурь хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр өвдөгт шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1343 дугаартай шинжээчийн дүгнэлтэд- 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэстэй байна, нийлмэл хэсэгчилсэн уналт, таталт гэсэн өвчтэй хүнд таталтын эсрэг эмчилгээ бичсэн нь үндэстэй байна” гэжээ.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан (удаан)” гэж тодорхойлсон байхад Д.Гантулга нь Д.Тэгшбаярыг зам тээврийн осолд орсноос хойш зөвхөн нэг сарыг л өөрийнхөө буруутай үйлдэлд хамааралтай хугацаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Д.Тэгшбаяр “би гурван сар ажилгүй гэртээ суусан, цалин хөлсөө авч чадаагүйдээ гомдолтой байна” гэжээ.

 

Иймд Д.Тэгшбаярын 3 сарын цалингийн 1 500 000 төгрөгийг Д.Гантулгаас гаргуулах нь үндэстэй байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Гантулгын Д.Тэгшбаярт өгсөн гэх мөнгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд тооцож өгсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нийтийн зорчигч тээврийн НЧБ ХХКомпанийн 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай 268 дугаар тушаалд-Д.Тэгшбаярыг засварын механикийн ажилд томилж 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсугай, Д.Тэгшбаярын үндсэн цалинг 500 000 төгрөгөөр бодож цалинжуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн байх тул нэхэмжлэгчийн сарын цалинг 500 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

 

Харин Д.Тэгшбаярын нэхэмжилж байгаа И.Энхболдоос авто машин худалдаж аваад, түүний Хас банкны зээлийн төлбөрт төлсөн гэх 742 212 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Тэгшбаярын бусдаас авто машины худалдаж авсны төлбөрийн 742 212 төгрөгийг дээрх зам тээврийн ослын улмаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Д.Тэгшбаярын эд хөрөнгөд учирсан хохирлын 1 500 000 төгрөгийг хариуцагч Д.Гантулгаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Дагдангийн Гантулгаас 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Дашдондогийн Тэгшбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 892 212 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Д.Тэгшбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 38 950 /гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тэгшбаярт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

         

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ДОРЖНАМЖИН

                              

                ШҮҮГЧИД                                       Б.АЗБАЯР  

 

                                                                               А.САРАНТУЯА