| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0008/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 09
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Ц.П-д холбогдох 1935000060007 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 24-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн Жаргалан хороолол 127 тоотод оршин суух Г овогт Ц.П /РД:................. /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө Увс аймгийн Хяргас сумын 4-р багийн нутагт хохирогч Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө Увс аймгийн Хяргас сумын 4-р багийн нутагт хохирогч Ц.Б-ыг зодсон болох нь хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай найз Ч.С, С.Б нар манай гэрт ирж 2 ширхэг 2.5 литртэй Брат нэртэй пиво авч ирж бид гурав хамт уусан. Манай гэрт С.Б манай эхнэр Б.Шавганц бид нар хамт байж байсан чинь Ц.П өөрийнхөө утсаар С.Б руу залгаж манайд хүрээд ир гэсэн. Ц.П манай гэр лүү таксины жолооч Ц.Т-ыг явуулсан. С.Б бид хоёр таксинд суугаад Ц.П-гийн гэрт очсон. Ц.П-гийн гэрт Ч.С, С.Б, А.Б нар байсан бөгөөд бид тавуулаа 3 ширхэг Брат нэртэй пиво байсны 2 ширхэгийг уусан. Уг пивогийг ууж байгаад Ц.П-д би "чи зарж байгаа өвсөө надтай адилхан 7000 /долоон мянган/ төгрөгөөр зарчих гэсэн чинь Ц.П уурлаж би хэдэн төгрөгөөр зарах нь чамд хамаагүй 5000 /таван мянга/-аар зарсан ч миний дурын хэрэг гээд цай ууж байсан аягаараа миний толгой хэсэг газар нэг удаа цохиход миний толгой өвдөж толгойноос цус гарсан. Ц.П-ийд байсан Ч.С, А.Б. С.Б нар бид хоёрын дундуур орж салгаад би цус гарахаар нь гэрт нь цус гоожуулахгүй гэж санаад байшингийнх үүдэнд гарч цусаа гоожуулсан. Ч.С, С.Б нар миний цусыг тогтоохоор нойлын цаас авч ирж, дараад байж тогтоосон. Би С.Б, Ч.С нартай хамт гэрлүүгээ харьхаар явсан. Намайг явж байхад толгой эргээд мөн цус нь тогтсон байсан газраас цус гараад байсан гэртээ хариад эмнэлэгийн байгууллагад хандаж 3 оёдол тавиулж цус тогтоох эмчилгээ хийлгэсэн. Надад нийт 873.000 /найман зуун далан гурван мянган/ төгрөгийн хохирол учирсан. Хяргас сумаас Улаангом сум руу ирж буцах унааны зардал 170.000/ нэг зуун далан мянган төгрөг/, Эмнэлэгт хэвтсэн болон суманд эмчилгээ хийлгэсэний зардалд 173.000 /нэг зуун далан гурван мянган / төгрөг, Миний толгойноос цус гарахад өмсөж явсан куртик, 2 ширхэг цамц, 2 давхар өмд цус болж бохирдсон тул би уг хувцасаа шатааж хаяхад хүрсэн. Уг хувцасны зардалд 150.000/ нэг зуун тавин мянган/ төгрөг, Нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гаднаас хоол цай зөөж идэхэд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгний зардал, аймгийн төвд унаагаар үйлчлүүлэхэд 72.000 /далан хоёр мянган / төгрөг, Одоо цаашид эмчилгээ хийлгэх зардалд 208.000 /хоёр зуун найман мянган/ төгрөгийн зардал гарсан. Уг зардалыг Ц.П надад бэлнээр 173.000 /нэг зуун далан гурван мянган төгрөг/ гаргаж өгсөн. Мөн миний ХААН банкны 5817020332 дансанд 700.000/ долоон зуун мянган / төгрөгийг тушааж өгсөн бөгөөд би хохиролоо бүрэн барагдуулж авсан. Надад одоо Ц.П-гээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08-12-р талд/,
гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “......2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сумын соёлын төвд шинэ жилд орохоор би яваад манай гэрт нөхөр Ц.П Ч.С, А.Б нар хамт хоол идээд сууж байсан. Би шинэ жилд орчихоод гэртээ шөнийн 01 цагийн үед ирсэн чинь манай нөхөр Ц.П гэртээ ганцаараа унтаж байсан. Манай гэр дотор 3 газар цус дуссан байдалтай мөн 2 пиво уусан шинжтэй хоосон сав байсан юм. Гэрийн гадна аяганы дайтай газар цус гарч гоожсон бололтой цас цус болчихсон байсан. Мөн манай гэрийн нэг аяга хагарчихсан ямар нэгэн цус болоогүй байсаныг би гэрийнхээ дотор байсан цусыг угааж арилгаад уг хагарсан аягыг гаргаад хашааны зүүн урагшаа цас руу шидсэн. Ц.П-г дуудаж юу болсон талаар асуух гэсэн чинь сэрэх шинжгүй байхаар нь согтуу байж магадгүй гээд би амарсан. өглөө би босоод нөхөр Ц.П-ээс юу болсон бэ? та нар хоорондоо зодолдсон уу гэж асуухад надад бид нар маргалдсан би нэг цохьсон тэрнээс өөр их асуудал үүсээгүй гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
гэрч Ч.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө хөдөө гэрээсээ шинэ жилийн бэлтгэл хангахаар ирээд найз Ц.П-гийн гэрт би А.Б-тай очиж 2 ширхэг 2.5 литртэй Брат нэртэй пиво ууж байтал гаднаас С.Б, Ц.Б нар ирсэн. Бид нар нийлээд уг пивог ууж байтал Ц.П-д Б чи зарж борлуулж байгаа өвсөө нэг боодлыг нь 7000 төгрөгөөр зарж болдоггүй юм уу. Нэгнийгээ бодооч хоёулаа нэг боодол өвсөө ширхэгийн 7000 төгрөгөөр зарья гэж өвсний үнэ унагааж байна гэх мэтээр хоорондоо хэлцэлдэж, маргалдаж байгаад Ц.Пүрэвсүрэн нэг удаа гараараа Ц.Б-ыг цохьсон. Бид нар та хоёр боль гээд дундуур нь орж салгасан. Ц.Б-ийн толгой хэсэг газраас нь цус гарчихсан байсан юм Мөн Ц.Б-ыг Ц.П гараараа биш аягаар цохиж аяга нь хагарсан байсан. Тухайн аяга нь жижигхэн нимгэн аяга байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
гэрч С.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ц.Б-ын хамт Ц.П-гийн гэрт очсон. Бид нар тэнд 2 ширхэг Брат нэртэй пиво уугаад сууж байтал Ц.П-д Б чи зарж борлуулж байгаа өвсөө нэг боодлыг нь 7000 төгрөгөөр зарж болдоггүй юм уу. Нэгнийгээ бодооч хоёулаа нэг боодол өвсөө ширхэгийн 7000 төгрөгөөр зарья гэж өвсний үнэ унагааж байна гэх мэтээр хоорондоо маргалдаж байгаад Ц.П нэг удаа Ц.Б-ыг цохьсон. Бид нар та хоёр боль гээд дундуур нь орж салгасан. Ц.Б-ийн толгой хэсэг газраас нь цус гарчихсан байсан юм. Мөн Ц.Б-ыг Ц.П гараараа биш аягаар цохиж аяга нь хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-р тал/,
гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед гэрээсээ гарахдаа ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байсан. Харин 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шнийн 01 цагийн үед толгойноос цус гарчихсан гэртээ ирсэн. Би хажууд байдаг хадам ах Ц.Б-ийг дуудаж эмнэлэгт хүргэж цус тогтоох эмчилгээ хийлгэсэн. Манай нөхөр надад намайг Ц.П аягаар зодож намайг гэмтээсэн тэгээд би цусаа тогтоогоод гэртээ ирлээ гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.П-гийн гэрт Ч.С бид хоёр хамт 3 ширхэг Брат нэртэй 2.5 литртэй пиво авч очоод ууж байтал С.Батсайхан Ц Б нар гаднаас орж ирсэн. Бид нар нийлээд уг пивог ууж байтал Ц.П-д Б чи зарж борлуулж байгаа өвсөө нэг боодлыг нь 7000 төгрөгөөр зарж болдоггүй юм уу. Нэгнийгээ бодооч хоёулаа нэг боодол өвсөө ширхэгийн 7000 төгрөгөөр зарья гэж өвсний үнэ унагааж байна гэх мэтээр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Ц.П нэг удаа гараараа Ц.Б-ыг цохих шиг болсон. Бид нар залуучууд боль гээд тэр хоёрт хэлсний дараа Ц.Б-ын толгойн хэсэг газраас нь цус гарчихсан байсан юм Мөн Ц.Б-ыг Ц.П гараараа биш аягаар цохиж аяга нь хагарсан байсан. Тухайн аяга газар хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/,
гэрч Д.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гэрт нь очиход толгойноос нь цус гараад тогтохгүй байсан болохоор эрүүл мэндийн төвд ирж үзлэг, эмчилгээ хийж шархыг цэвэрлэж 3 оёдол тавьж цэвэр боолт хийж эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ бичсэн. Биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, эмчилгээ хийхэд биеийн байдал сайжирсан. Эмнэлэгт хэвтээд маргааш нь өөрийн хусэлтээр Улаангом руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ оношлогоо хийлгэх, гэмтлийн зэрэг тогтоолгохоор явсан. Ц.Б-оос согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
гэрч Ц.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед миний 89331144 утас руу Ц.П-гийн 91907646 утсаар надтай ярьсан. Ц.Пүрэвсүрэн надад та Ц.Б-ын гаднаас 2 хүн аваад манай гадна хүрээд ирээч гэхээр нь би өөрийнхөө машинтай Ц.Б-ын гадна очоод сигнал дарахад Ц.Б-ын гэрээсээ С.Б-тай хамт гарч ирээд Ц.П-гийн гэрийн гадна очоод тэр хоёр буусан. Таксины мөнгийг С.Б надад төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
гэрч Ц.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн дүү Ц.Б 2018 оны 12 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө гэртээ 01 цагийн үед цусаа гоожуулчихсан ирсэн байна гэж Б-ын эхнэр Ш надад хэлсэн. Би өөрийн эхнэр С.Т-ийн хамтаар гэрт ороход толгой хэсэг газраас нь цус нь гоожсон цус тогтохгүй болохоор нь сумын эмчийг дуудаж цус тогтоолгох эмчилгээ хийлгэсэн. Манай дүү Ц.Б тухайн үед өөрийгөө хянах чадвартай ухаантай байсан бөгөөд намайг Ц.П аягаар толгой руу цохиж гэмтээсэн гэж ярьж байсан. Маргааш нь дүү Ц.Б-ыг өөрийн эхнэр Т-ийн хамт өөрийнхөө машинаар аймгийн төв рүү авч явж эмчид үзүүлж эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
Шүүгдэгч Ц.П-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байхад Ч.С, А.Б хоёр манай гэрт ирсэн. Манай гэрт Ч.С мал мах өгсөн тооцоогоо хийхээр ирсэн бөгөөд бид нар 3 ширхэг Брат нэртэй пиво дэлгүүрээс авч ирээд хоол идээд пиво ууж байтал С.Б над руу залгасан. С.Б, Ц.Б-ын гэрт байна намайг ирээд авчих гэхээр нь би таксины жолооч Ц.Т-ыг утсаар дуудаж Ц.Б-ын гэрт С.Б байгаа манай гэрт аваад ирээч гэж хэлсэн. С.Б Ц.Б хоёр манай гэрт 21 цаг 50 минутын үед ирсэн. Ц.Б С.Б нар манайд ирэхдээ халамцуу ирсэн бөгөөд бид нар 3 ширхэг пивоны нэгийг нь ууж байсан. Бид нар уг пивоны 2-ыг нь уугаад дуусгаж байтал А.Б надаас өвс авна машинаар ирнэ гэж ярьсан. А.Б надаас 5500 төгрөгөөр нэг боодолыг нь бодож өвс авахаар болсон. Ц.Б надад чи надтай адилхан нэг боодол өвсөө 7000/ долоон мянга/ төгрөгөөр зарчих гэж хэлэхээр би "хүний өвс болохоор ирсэн үнээр нь борлуулаад өгчихмөөр байна" гэж хэлсэний дараа Ц.Б чиний ченж гэдэг юу байдаг юм. Чамайг гөлөг болгоноо гэж хэлэхээр би "Чамд өвсөө хэдээр зарсан ч яадаг" юм гэсэн Намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар би цай ууж байсан ногоон алаг өнгөтэй шаазан аягыг аваад шидчихсэн. Миний шидсэн аяга Ц.Б-ын зүүн шанаа хэсэг газар очиж тусаад толгойноос нь цус гарсан. Бид хэд яав, юу болов гээд толгойноос нь гарсан цусыг нойлын цаасаар дарж тогтоосон. Ц.Б-ын толгой хэсэг газраас гарсан цусыг тогтоосоны дараа бид нар нэгнээсээ уучлал гуйгаад эвлэрлээ гэж хэлээд С.Б, Ч.С, А.Б, Ц.Б нар гэрээс гараад 23 цаг өнгөрч байхад явцгаасан Би тэд нар явсны дараа гэртээ унтаад өгсөн. Би өглөө босоод Ц.Б-ын хагарсан толгойноос цус гараад тогтохгүй байна гэхээр нь эмнэлэгт очиж Ц.Б-той уулзсан. Би Ц.Б-ын хохирлын бүрэн барагдуулж өгсөн. Ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.П нь хохирогч Ц.Б-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, духанд язарсан шарх, зулгаралт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б нь “Одоо надад Ц.Пгээс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, Улсын яллагч торгох ял санал болгосон зэргийг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ