Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 05

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А овогт Д.С-д холбогдох эрүүгийн 1818008590556 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овогт Д.С /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18:52 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн хашаа доторх 1 давхар тоосгон барилгын 73 дугаар лангууны тавиур доор байсан иргэн О.А-ийн бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бараа дотогшоо оруулахдаа “манай лангууг харж байгаач” гээд Д.С-г 73 дугаар лангуу дээрээ үлдээсэн. Тэгээд би буцаж ирэхэд Д.С хогийн цэг рүү тойроод явсан. Тэгтэл манай ширээн доор байсан улаан хайрцагтай орлогын мөнгө болох 600.000 төгрөг алга болсон байсан. Би хайрцагтай мөнгөө олж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч О.А-гийн мэдүүлэг /хх-ийн 14-17/,

- О.А-гийн эхнэр Уянга ирээд “С ах чинь өнөөдрийн орлогоо алдчихлаа” гэж хэлсэн гэх гэрч Х.О-гийн мэдүүлэг /хх-ийн 20/

- ...Д.С “ээжээ би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С ахын лангуунаас бэлэн мөнгө хулгайлсан юм...” гээд бэлнээр 600.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би тэр мөнгийг нь О.А-д уучлалт гуйгаад буцааж өгсөн гэх гэрч Т.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 22/,

- Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “АПУ” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, хяналтын камерын бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7/,

- ...73 дугаар лангууны мөнгө байсан гэх газрыг 5 дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.С-гийн үйлдлийн улмаас хохирогч О.А-д 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн мөнгийг буцааж өгсөн, хохирогч нь санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.А-гийн өгсөн “...Би хайрцагтай мөнгөө олж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/, гэрч Т.Э-гийн өгсөн “...Тэгэхээр нь би тэр мөнгийг нь О.Ад уучлалт гуйгаад буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хх-ийн 39/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.С-гийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18:52 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн хашаа доторх 1 давхар тоосгон барилгын 73 дугаар лангууны тавиур доор байсан иргэн О.А-гийн бэлэн 600.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 76/18 дугаартай магадалгаа /хх-ийн 24/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, худалдаа үйлчилгээний “..................” ХХК-нд зам талбайн үйлчлэгч ажилтай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, Нийгмийн даатгалын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2963 дугаартай албан бичиг /хх-ийн 35/, худалдаа үйлчилгээний “................” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18/624 дугаартай тодорхойлолт /хх-ийн 36/-оор тус тус нотлогдож байх ба шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.С-г дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР