Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/0104

 

Э.А, Д.И нарын нэхэмжлэлтэй,

ДГА-ийн СШ сумын ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:    Х.Батсүрэн,

            Танхимын тэргүүн:  Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                       Д.Мөнхтуяа,

                                                     Ц.Цогт,

            Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2020/0019 дүгээр шийдвэр,

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

       Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Э.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгч Д.И-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ДГА-ийн СШ сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох” тухай А/109 дүгээр захирамжийн Э.А, Д.И нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Э.А, Д.И нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилдөг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн маргаан бүхий Засаг даргын захирамжаар хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, сургуулийн барилга барих зорилгоор 1 га газарт нийтийн сервитут байнгын хугацаагаар тогтоосон бөгөөд энэ нь байршлын хувьд нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай бүхэлдээ давхацсан. Нэхэмжлэгч нараас “газар өмчлөх боломжгүй болгосон, сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй” гэж маргасан.

3. Анхан шатны шүүх: ДГА-ийн СШ сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох” тухай А/109 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг “...сургуулийн барилга барих хэрэгцээ шаардлага байгаа, хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зорилгыг буруутгах боломжгүй, хуулиар тогтоосон журмын хүрээнд иргэдэд өмчлүүлсэн газарт дахин зохион байгуулалт хийж, нэхэмжлэгч нарт хуулиар олгогдсон боломжийг эдлүүлэх” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

4. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ДГА-ийн СШ сумын ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн сервитут тогтоох” тухай А/109 дүгээр захирамжийн Э.А, Д.И нарт холбогдох хэсгийг “...тухайн газарт нийтийн сервитут тогтоосон бус харин газар өмчлөх эрхийг бүрэн хязгаарласан, өмчлөлийн газрыг төрд шууд буцаан авсан агуулгатай, актыг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг сэргээн тогтоох бус өмчлөх эрхийг дахин хөндөх, зөрчих дараагийн үйлдлийг захиргааны байгууллагад олгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх гомдол гаргасан.

6. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг зөв гэж үзсэнээ түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн. Түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч иргэдийн хууль ёсны ямар ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байгаа юм.

7. Нэхэмжлэгч иргэн газраа өмчлөх боломжгүй болж байна гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон бөгөөд маргаж байгаа иргэдэд тухайн газраас илүү нөхцөлтэй газрыг санал болгож, тохиролцон шинээр газар шилжүүлэн олгохоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн байгааг харгалзан үзээгүй гэжээ.

8. Нэхэмжлэгч нарын тайлбар: Гомдлыг зөвшөөрөхгүй. Газар өмчлөх эрхийг шууд хязгаарласан, Газрын тухай хууль, журмыг зөрчсөн, хууль бус захиргааны акт тул хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Маргаан бүхий захиргааны актаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ЗЗ дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүн амын нийтлэг ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн барилгыг барих зориулалтаар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, Алтан жолоо гудамжинд, 1 га газарт нийтийн сервитутыг байнгын хугацаагаар тогтоосон байна.

11. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно;”, 33.1.4-т “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх” гэж заажээ.

12. Энэ тохиолдолд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сургуулийн барилга барих зайлшгүй шаардлага үүссэн талаар тайлбарласан атлаа нэхэмжлэгч нарын газартай байршил давхцуулах зайлшгүй шаардлага үүссэн /өөр байршилд барилга барих боломжтой эсэх/ талаар болон “газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ” гэдэг үндэслэлийг сонгох болсон шалтгаан, үндэслэлээ тайлбарлаагүй байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх зарчимтай, тухайн тохиолдолд хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

14. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлээр “газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх”-ийн харилцааг /сервитут/ зохицуулсан байх бөгөөд Монгол хэлний их тайлбар тольд “хязгаарлах эрх” гэдгийг эрхийг нь багасгах, хасах, хэмжээ тогтоох гэж тайлбарласан байна. Гэтэл энэхүү маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар нь сургуулийн барилга барих газартай бүхэлдээ давхцалтай учраас тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжгүй болсон буюу газрын зарим хэсэгт, эсхүл тодорхой цаг хугацаагаар хязгаарлалт тогтоогоогүй, газар өмчлөх эрхийг багасгаагүй, харин бүхэлд нь хориглолт тогтоож, хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлж, түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

15. Иймээс анхан шатны шүүхийн “...газарт тогтоох аливаа сервитут нь бусдын газрыг өөрийн өмчлөл, эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн авах биш зөвхөн зохих хязгаартайгаар ашиглах эрх” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны акт нь нийтийн сервитут тогтоогоогүй буюу нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхэнд хязгаартай зохицуулалт хийгээгүй, харин газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон байх тул хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсгийг буруу хэрэгжүүлсэн байна.

16. Түүнчлэн захиргааны байгууллага нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, урьдчилсан мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, газар өмчлөх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, цаашид яаж үргэлжлүүлэн ашиглах, өмчлөх, ямар үйл ажиллагааг газар дээрээ хэрэгжүүлэхийг хязгаарлаж байгаа талаар мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.

17. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

18. Харин анхан шатны шүүхээс “...анги хэтрэлт дүүрсэн, гурван ээлжээр хичээллэдэг зэргээр сургуулийн барилга барих зайлшгүй хэрэгцээ байна, хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зорилгод нийцсэн” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж, захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, уг маргааны тухайд дахин нэмж тодруулах зүйл байхгүй, захиргааны байгууллага хууль зөрчсөн болох нь тогтоогдсон, уг акт өөр бусад үндэслэлээр хууль ёсны болж зөвтгөгдөх боломжгүй тул маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн “түдгэлзүүлснээр нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн талаар дүгнээгүй” тухай гомдол үндэслэлгүй.

20. Давж заалдах шатны шүүхийн “актын биелэлтийг түдгэлзүүлэх нь хариуцагчид захиргааны актын хууль зүйн үндэслэлийг өөрчлөн гаргах боломжийг олгох агуулгагүй” гэсэн дүгнэлт зөв бөгөөд захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргах үндэслэл нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс захиргааны акт өөр үндэслэлээр хууль ёсны болж болохуйц байвал уг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэрэглэх үр дагавартай юм.

21. Анхан шатны шүүхээс энэхүү маргааны үйл баримтад Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байна. Учир нь уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дахин зохион байгуулна” гэж заасан нь маргааны үйл баримтад хамааралгүй, энэ тохиолдолд сургуулийн барилга барих зорилгоор нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг ашиглах болсон тул ялгаатай байна.

22. Хариуцагчийн “маргаж байгаа иргэдэд тухайн газраас илүү нөхцөлтэй газрыг санал болгож, тохиролцон шинээр газар шилжүүлэн олгохоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн байгааг харгалзан үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болохоос захиргааны акт гаргасны дараа шүүхээс харгалзан үзэх үндэслэл биш болно.

23. Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                           Д.МӨНХТУЯА

       Ц.ЦОГТ

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ