Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1356

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4 985 410 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч ХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

хариуцагч ХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХэ, түүний өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компани ХХтай 2014/08 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр ХХ нь 2001 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Марк 2 загварын 70-07 УНЛ улсын дугаартай автомашиныг худалдан авч, зээлийн барьцаа болгож тухайн автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэн, зээлийн гэрээ дуусгавар болоход өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлтэй байсан. ХХ нь 2015 оны 7 дугаар сард зээлийн барьцаа болох уг автомашинаар Оросын Холбооны Улс руу түр хугацаанд яваад ирэх хүсэлтээ ирүүлэн манай компаниас итгэмжлэл хийлгэн хилийн чанад руу гарсан ч тухайн автомашиныг Оросын Холбооны Улсын нутагт хулгайд алдсан гэх худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл хэлж эргэн ирсэн. Бид тухайн нөхцөлд зээлдэгч болох ХХг ойлгон хамтран ажиллахыг хичээн зээлийн төлбөрийн хүүгээ cap бүр төлөөд, түргэн хугацаанд боломжтой болсон үедээ үндсэн зээлийн төлбөрөө төлж зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. Гэсэн ч хариуцагч ХХ нь 2015 оны 12 дугаар сараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба төлбөрөө барагдуулахыг утсаар болон биеэр очиж удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 776 200 төгрөг, алданги 251 200 төгрөг, нийт 5 027 400 төгрөгийг хариуцагч ХХгаас гаргуулж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлээс ХХХыг хасч, үндсэн зээлдэгч болох ХХг хариуцагчаар дуудах хүсэлтэй байна. Учир нь ХХгийн нөхөр болох ХХХ нь ОХУ руу яваад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна. Зээлийн гэрээгээр алданги тооцохоор тохиролцоогүй тул өмнөх нэхэмжлэлээр алдангид тооцсон төлбөрийг үндсэн зээлээс төлсөн төлбөрт тооцон зээлийн гэрээний 3.1.4-т заасны дагуу үндсэн зээлд cap бүр 6 хувийн хүүг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцож зээлийн үлдэгдэл 3 865 800 төгрөг, хүү 1 119 610 төгрөг, бүгд 4 985 410 төгрөгийг ХХгаас нэхэмжилж байна.

Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь зээлийн хүүд 2014 оны 7 сарын 21-ний өдөр 240 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 240 000 төгрөг, 9 сарын 18-ны өдөр 240 000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 240 000 төгрөг, 11 сарын 17-ны өдөр 240 000 төгрөг, 12 сарын 19-ний өдөр 240 000 төгрөг, 2015 оны 1 сарын 19-ний өдөр 240 000 төгрөг, 2 сарын 17-ны өдөр 240 000 төгрөг, 3 сарын 17-ны өдөр 240 000 төгрөг, 4 сарын 17-ны өдөр 240 000 төгрөг, 5 сарын 19-ний өдөр 240 000 төгрөг, 6 сарын 29-ний өдөр 240 000 төгрөг, 7 сарын 23-ны өдөр 240 000 төгрөг, 9 сарын 16-ны өдөр 240 000 төгрөг, 10 сарын 26-ны өдөр 480 000 төгрөг, 12 сарын 04-ний өдөр 240 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээгээр тохирсон 5 сарын хугацаанд зээлийн хүүг төлж байгаад 5 сарын эцэст хүү үндсэн мөнгөний хамт төлөх байсан ч 2015 оны 12 сараас эхлэн хүү төлөхгүй, ирж уулзахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх алданги нэхэмжилж байсан ч дараа нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж Иргэний хуулийн 222.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү гэж нэхэмжилж үндсэн зээлийн үлдэгдэл 3 855 800 төгрөг, зээлийн хүү 2014 оны 6 дугаар сарын 16-наас 2016 оны 4 дүгээр сарын 25 хүртэл хугацаанд тооцоход 1 119 610 төгрөг, нийт 5 027 400 төгрөгөөс 41 990 төгрөгийг багасгаж, 4 985 410 төгрөгийг нэхэмжилнэ. Анх нэхэмжилсэн 134 200 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд биш үндсэн зээлээс хасч тооцсон байгаа. Гэрээний 3.3.5-д ч энэ талаар заалт байгаа. Бид Иргэний хуулийн 222.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй. Мөн газрын гэрчилгээг барьцаалаагүй өөрсдөө л сайн дураараа авчирч өгсөн. Бид барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргаагүй. Хүүд 4 079 800 төгрөг, 134 200 төгрөгийг үндсэн зээлд төлснийг зөвшөөрнө. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4 985 410 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан xapиу тайлбартаа:

“Х" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэн авсан. Тус гэрээний 3.3.1-д "Зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон. Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлнө гэж заасан бөгөөд хавсралт 1-д зааснаар нийт 5 200 000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч бидний хувьд дээрх төлбөрөөс 4 214 200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг 5 200 000 төгрөгөөс хасч тооцвол 985 800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Гэтэл зээлдэгчийн зүгээс дээрх төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авч байгаа нь бидний хоорондын тохиролцоонд болоод хуульд нийцэхгүй юм.  Барьцаалан зээлдэх буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй этгээд нь нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байтал бидний төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь бидэнд хохиролтой байна. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр алданги тооцох талаар тохиролцоогүй тул алданги  тооцох ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 232.3-т заасныг, мөн зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” гэж заасан байна. Дээр дурдсан үндэслэлээр 985 800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2014 оны  7 сард зөвшөөрөл авч машинаа ОХУ-руу гаргасан ч 2014 оны 10 дугаар сарын 21-нд машинаа алдаж, одоо Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зээлийн гэрээг 5 сарын хугацаатай хийсэн ч бид машинаа алдсан учир зээлээ төлөх боломжгүй болсон тул хүүг төлж байсан. Энэ хугацаанд 4 200 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Нийт 134 200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Иймд гэрээний дагуу үндсэн зээл болон хүүд 5 200 000 төгрөг төлөх байсан, үүнээс 4 214 200 төгрөгийг төлөөд одоо 985 800 төгрөгийг төлнө. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нэмэгдүүлсэн хүү нэхэх эрхгүй, гэрээний хугацаа сунгагдаагүй учир энэ хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцно уу. Хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлгүй. Барьцааны зүйл алга болсон нь биднээс шалтгаалаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан хариуцагч ХХгаас барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4 521 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 463 610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 388 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХэ давж заалдах гомдолдоо:

Үндсэн төлбөрийн тухайд:

Талуудын хооронд анх 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээний хугацаа 5 cap байсан. Зээлдэгчийн зүгээс гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа өнгөрснөөс хойш нийтдээ 4 214 200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг 4 дээрх 5 200 000 төгрөгөөс хасч тооцвол 985 800 төгрөгийн л үлдэгдэлтэй байх ёстой. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк хүртэл cap бүр төлж байгаа төлбөрийн тодорхой хэсгийг үндсэн зээлээс хасч тооцдог байтал "Х" ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг хэрнээ бидний зээлэнд төлсөн бүх төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүү болон алдангид суутган тооцож байгаа нь шударга бус бөгөөд талуудын хоорондын тохиролцоо болон хуульд нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульчлан заасан байхад анхан шатны шүүх үүнийг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэтрүүлсэн хугацаанд хүү тооцсон түхайд:

Иргэний хуулийн 282.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж зээлийн харилцаанд хүү тооцох тохиолдлыг тухайлан шууд заасан. Гэтэл талууд анх гэрээ байгуулагдсанаас хойш гэрээг дахин сунгаагүй буюу гэрээний хугацаа дуусгавар болсон байхад талуудын тохиролцоогүй цаг хугацаанд хүү тооцож, уг харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэсэг, заалтыг хэрэглэхгүйгээр үүргийн ерөнхий харилцаанд өөрөөр заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм. Түүнчлэн дээр дурдсан Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлдэгчээс төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон бол сард төлөх хүү нь зээлийн үлдэгдэл төлбөрөөс тооцогдох учир мөн тэрхүү хэмжээгээр хүүгийн төлбөр буурах ёстой.

Иймээс дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан 4 521 800 төгрөгөөс 3 536 000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ХХ, ХХХ нараас нийт 5 027 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 4 985 410 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч 4 214 200 төгрөг төлсөн тул 985 800 төгрөг төлнө  гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч "Х" ХХК 4 000 000 төгрөг 5 сарын хугацаатай, сар тутамд 6 хувийн хүүтэй ХХ, ХХХ нарт зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХХгийн өмчлөлийн УНЛ 70-07 улсын дугаартай “Тоёота марк2” маркийн автомашиныг фидуцийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүүгийн талаар талууд тохиролцон гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгөх, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан фидуцийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийн дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.   

 

Хариуцагч нь үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 1 200 000 төгрөг, нийт 5 200 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хариуцагчийн зүгээс 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 4 079 800 төгрөг төлсөн талаарх зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагчаас төлсөн гэх төлбөрийн дүнгийн талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, тэрээр зохигчдын байгуулсан гэрээний хугацаа сунгагдаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн  төлсөн 4 079 800 төгрөгийг хүүнд суутган авч үндсэн зээлийн үлдэгдэлд 3 865 800 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 1 119 610 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Хариуцагч үндсэн зээлийн 4 000 000 төгрөгийг, гэрээгээр тохирсон 5 сарын хүү 1 200 000 төгрөгийн хамт нийт 5 200 000 төгрөг төлөх үүрэгтэй. Түүнчлэн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

 

           Анхан шатны шүүх хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хүлээх үүргийг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

          Хариуцагч тал гэрээний хугацаанд гүйцэтгэх нийт үүрэг болох 5 200 000 төгрөгөөс 4 079 800 төгрөгийг төлж 986 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Ийнхүү зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тохирсон хүү төлөх үүрэг хариуцагчид үүсэх боловч талуудын байгуулсан гэрээгээр тогтоосон зээлийн хүүг хариуцагчийн гүйцэтгэх үүргээ хэтрүүлсэн хугацаанд төлөх “тохирсон” хүү гэж үзэх боломжгүй бөгөөд уг хүүг нэхэмжлэгч тал үндсэн зээлийн хүүтэй адилтгаж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийн агуулгатай нийцэхгүй байна.

        

Зохигчид үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг гэрээгээр тодорхойлохдоо нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож болох тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээд биш болно.

 

Гэвч хариуцагч нь бусдын өмнө мөнгөн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хэтрүүлсэн хугацаанд тохирох хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тодорхойлох боломжтой байна.

 

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийн зохицуулалт нь мөнгөн төлбөрийн үүрэгт төлөх “хүү” нь уг үүргийн шинж байдалд тохирсон байх зорилгыг агуулсан байна. Талуудын хувьд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар хуульд нийцүүлэн тохиролцож, гэрээгээр баталгаажуулж чадаагүй байх боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нэмж тодорхой хэмжээгээр хүү төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэхээр байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсний хүүнд 181 424 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгтэй зөрчилдөхгүй болно. Хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 986 000 төгрөгийг хэтэрсэн хугацаанд хуулиар ногдуулбал зохих 181 424 төгрөгийн хамт нийт 1 167 424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх дээрх хүүгийн хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэгч байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг болон гэрээний нөгөө тал нь гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд тохирсон хүү нэхэмжлэх эрх хуулиар олгогдсон зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4 521 800 төгрөгийг” гэснийг “1 167 424 төгрөгийг” гэж, “463 610 төгрөгт” гэснийг “3 817 986 төгрөгт” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “87 299 төгрөгийг” гэснийг “32 568 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ