Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00774

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 749 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Голомт банк ХХК,

Хариуцагч : С.Урангуа,

Нэхэмжлэлийн шаардлага: 75.047.247 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Содбаярын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2015.3.06-ны өдөр ЗГ/2205104024 тоот зээлийн гэрээ, ЗБ/2205104024 тоот ипотекийн гэрээ байгуулан 70 сая төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч үндсэн зээлд 8.480.000 төгрөг, үндсэн хүү болон торгуулийн хүүд 14.057.527 төгрөг, нийт 23.537.527 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн зээл, хүүг хуваарийн дагуу сар бүр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, төлбөр төлөхөөс зайлсхийж  байна. Иймд  зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлан  үндсэн зээлийн үлдэгдэл 61.520.000 төгрөг, үндсэн хүү болон торгуулийн 13.527.246 төгрөг, нийт 75.047.246 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөр хангаж  өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл, зээлийн хүү төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч торгуулийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.  Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд 1 жилийн хугацаа гаргаж энэ хугацаанд зээлийн төлбөрийг сар бүр графикаар төлөх хүсэлттэй байна. Зээлийн гэрээний хүү өндөр тогтоогдсон, зээлдэгч төлбөрөө төлж чадаагүйд эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн тул хуульд зааснаар хүүгийн хэмжээг багасгаж тогтоолгох хүсэж байна. Түүнчлэн гэрээний 2.1.6-д зааснаар шимтгэлд төлсөн 700.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна, нэмэгдүүлсэн хүүд шаардаж байгаа 500.000 төгрөг үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Урангуагаас  74.347.247 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Барилгачин гудамж, 40 дүгээр байрны ү-2 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах, нэхэмжлэлээс 700.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, С.Урангуагаас 529.686 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 749 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зээлийн гэрээний онцлог нь бизнесийн зориулалттай бөгөөд уг зээлийн хөрөнгөөр Англи улсаас гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авч Монголд авчирсан боловч  эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийг хожимдуулсан. Энэ нь ИХШХШТХ-ийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох шаардлагагүй нөхцөл. Голомт банкнаас олгосон зээлийн гэрээний хүү жилийн 27.6 буюу өндөр байх тул Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүүгийн хэмжээг багасгаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2003 оны 549 дүгээр тушаалаар баталсан Нягтлан бодох бүртгэлийн багц материалын Дансны заавар бүлгийн 1-3.2 зээлийн хүүгийн бүртгэл гэх хэсэгт: зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулан бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана гэж заасныг харгалзан үзээгүй болно. Түүнчлэн, Голомт банкнаас 2016.9.26-ны өдрийн №07/1634 албан бичгээр зээлдэгч С.Урангуад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд “... гэрээг хугацаанаас өмнө цуцлаж байна... зээлийн төлбөрийн үлдэгдэл 61.520.000 төгрөг, зээлийн хүү 12.487.514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүнд 539.272 төгрөг, нийт 74.546.787 төгрөгийг 2016.10.05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах..” гэж дурдсан. Гэтэл 2016.10.06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 75.047.246 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.459 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2016.10.05-ны өдрийн тооцоогоор 74.546.787 төгрөг байсан бол 10.06-ны өдрийн тооцоогоор 75.047.246 төгрөг болгож, улсын тэмдэгтийн хураамж 529.686 төгрөг нэмж нэхэмжилснийг гаргуулж, шүүх гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал маргаагүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

ХЯНАВАЛ :

Голомт банк ХХК нь С.Урангуас нийт 75.047.246,99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх 75.047.246 төгрөгөөс шимтгэлд төлсөн 700.000 төгрөгийг хасаж үлдэх 74.347.247 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.    

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хариуцагч нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 70 сая төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Барилгачин гудамжны 40 дүгээр байрны Ү-2 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

С.Урангуа үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах үндэслэл болно. 

Шүүх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451, 456 дугаар зүйлд нийцсэн байна.         

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тул “...зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр байна...” гэх гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй, энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.    

Голомт банк ХХК нь зээлийн гэрээний 3.1.3-г үндэслэн шаардлага гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг “торгууль” гэж буруу тодорхойлсон байх бөгөөд шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗБ/2205104024 дугаартай ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулах шаардлагыг шүүх хангасан нь  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.    

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 749 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Содбаярын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 529.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ