Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 48

 

                                               Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Р.Чинбаа, хохирогчийн өмгөөлөгч Т.Одгал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1285 дугаар магадлалтай Д.Г-д холбогдох эрүүгийн 1911023070950 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1965 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй,  

1981 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймгийн шүүхийн 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын 25 жилийн хорих ялаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 512 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Х овогт Д-ийн Г

Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай “утас алга болсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэрийнхээ хогийн шүүрээр толгойн тус газар нь цохиж түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 1285 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г гаргасан гомдолдоо: “Миний бие шүүх ажиллагаанд гүнээ итгэж хууль ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж явсан болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т тусгагдсан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх хуулийг хэрэгжүүлэхдээ хэтэрхий өрөөсгөл байдлаар шууд үнэлэлт дүгнэлтийг өгч, хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд тогтоож өгөхгүйгээр хэтэрхий хайнга хандаж зөвхөн яллах талыг баримталж, хэрэгт мөрдөгч болон прокурор нар нь хуулиа баримталж ажилласан байсан бол одоогийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан.

Энэхүү гэмт хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө үүрийн 5 цагт анх эхэлсэн байдаг юм. Уг хэрэг нь хохирогчоос бусад нь эрүүл ухаан орж сэрцгээсэн үед Э, Н, Б гурав нь хохирогчийг сэрээх гэж оролдон хувцаснаас нь мөнгө хайж халаасыг нь үзээд өмдөндөө шээсэн байхаар нь өшигчин цохиж, зодсон нь хавтаст хэрэгт нотлогдсон толгой болон бусад хэсгийн гэмтлүүдийг авсан байдаг. Тухайн үед би салгах гэж оролдсон талаар мөрдөн байцаагч Б-д мэдүүлэг өгөхдөө ухаанаа хянах чадваргүй согтолттой байсан буюу дарамталж мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. Уг хэргийн холбогдогч нар нь байцаагчтай үгсэн тохиролцож энэ гэмт хэрэгт буруугүй мэт эрх чөлөөтэй амьдарч байгаад нь гомдолтой байна. Миний хамтран амьдрагч М хэрэг болсноос хойш 16 хоногийн дараа гэрч гэх хоёр хүнийг гэрт орж ирэхэд нь байцаагчид мэдэгдсэн ухаангүй согтсон хоёр хүнээс байцаалт мэдүүлэг авсан. Энэ мэтчилэн мөрдөн байцаалт явагдсан талуудыг харгалзан үзэж энэ байдалд хууль зүйн дүгнэлтийг албан ёсоор гаргуулан, шударга шүүхийн өмнө гэм буруутай үйлдэлдээ тохирсон хариуцлагыг тооцуулах хүсэлтэйгээр, гагцхүү чин үнэнийг өвөрлөж дээд шатны байгууллагад илэрхийлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчиж байсан төдийгүй, түүнийг зөвтгүүлж, шударгаар шийдүүлэх хүсэлтэйгээр гомдол гаргасан болно. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Талийгаачийн цогцост хийсэн давтан шинжилгээний дүгнэлтэд “гавал тархины битүү гэмтэл болох зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн...” гэж дурдсан нь талийгаач хэрэг учрал гарахаас өмнөх 18 цагийн орчимд хаана, ямар этгээдүүдтэй байсан, талийгаачийн гавал тархинд гэмтэл учруулахуйц нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоохоор хэргийг мөрдөн байцаалтанд буцаах,

Гэрч Т.У-ийн “...талийгаач хамгийн сүүлд гэрээсээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ гарсан, бид хоёр гэр бүлийн жаахан маргаантай байсан, ...манай дүү надад хэлэхдээ Т ах над руу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр оройхон залгаад намайг ирээд аваач гээд согтуу ярьсан”, гэрч Ц.М-ын “...утасны биллийг нь харахад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө миний таньдаг дугаар алга, тийм болохоор талийгаач 09 дүгээр сарын 01-ний өдөр ирээд би утсыг нь аваад Г руу залгасан...”, гэрч Ч.Т-ийн “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Т өөрөө халамцуу байдалтай ярьсан, ... бид хоёр 13 цаг 30 минутын үед С дээр уулзсан Тулга согтуу явж байхаас гадна 0,33 граммын шилтэй архи талыг нь бариад явж байсан”, гэрч Э.Н-ийн “...ойролцоогоор нэг цаг унтаад сэрэхэд Улаанаа миний хажууд унтаж байсан, тухайн үед ямар ч байсан гэгээ тасарсан байсан...харин Г ахын гэрт байсан найз нь тасраад унтаж байсан...”, дүгнэлтэд нас барах үедээ согтолтгүй байсан талаар дурдсан. Шинжээчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...гадна үзлэг 13 цаг 30-д хийгдсэн. Үүнээс 5-7 цагийн өмнө нас барсан.

Шинжилгээнд ирүүлсэн ягаан бариултай, мөнгөлөг иш, хогийн шүүрний гадаргуугаас гарын мөр илрээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хогийн шүүр нь криминалистикийн шинжилгээгээр хогийн шүүх 130 гр, иш 83 гр жинтэй бөгөөд уг шүүрээр хүний толгойд цохих үед тухайн хүнд ямар гэмтэл учрах эсэх талаар криминалистикийн шинжилгээний арга, аргачлал байхгүй болох нь тогтоогдсон байх тул нийт массын хувьд 213 грамм жинтэй шүүрээр цохиход гэмтэл учрах уу, гэмтэл учрах бол хүний толгойн аль хэсэгт цохисны улмаас ямар төрлийн гэмтэл учрах боломжтой болохыг шинжээч эмч нараар тогтоолгох, яллах дүгнэлтэд гэрийнхээ хогийн шүүрээр толгойн тус газар цохиж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны 1912 тоот дүгнэлтийн 5-д заасан талийгаачийн хамрын зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, хамрын зүүн хажуугийн зулгарал, зүүн чихний дэлбээ, чихний арын нугалаас, хөхлөг сэртэнгийн цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь өндрөөс унах, явганаас унахад үүсэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор бүрэлдэхүүний шинжилгээ хийлгэх, Д.Г нь 1983 онд 0129 дүгээр цэргийн ангиас “олегофрени дебильности” гэсэн онош бүхий 167 тоот магадалгаагаар уг өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэсэн Хилийн бо дотоод цэргийн төв эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас авсан баримтаар нотлогдож байх тул доорх асуудлыг тодруулах зорилгоор шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг дахин гаргуулах,

“Олегофрени дебильности” /оюун ухааны хомсдол/ гэх сэтгэцийн хоёрдмол /оюун санааны болон сэтгэхүйн хам шинж/ шинжтэй өвчний улмаас өвчтөн тухайн үед болж буй үйл явдлын талаар нэгдмэл цогц оюун дүгнэлт хийх чадваргүй, үйл явдал хоорондын дарааллыг зөв тогтоож холбон боловсруулах тал оюун ухааны хөгжил доогуур зэрэг байдлаар ихэвчлэн илэрдэг сэтгэхүйн болон оюун санааны хомсдолт өвчин гэж үздэг байна. Дээрх сэтгэцийн өвчний улмаас мэдүүлэг өгөхдөө зөв оюун дүгнэлт хийсэн гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хэргийн газарт байсан шүүрийг хараад шүүрээр цохисон гээд л хэлчихсэн юм гэж өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзахдаа хэлж байсан. Хэрэв шүүрээр амь хохирогчийн толгойн тус газар цохисон уг хогийн шүүрнээс шүүгдэгчийн гарын ул мөр үлдэх байтал криминалистикийн дүгнэлтээр тухайн хогийн шүүрнээс гарын мөр илрээгүй байдаг. Хэрэг учрал 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарсан бол амь хохирогчийн нас барсан шалтгаан болох тархины цусан хураа үүссэн гэх цаг хугацаа, тархиндаа гэмтэл авсан гэх цаг хугацааны хоорондоо уялдаа холбоо хамаарал эргэлзээтэй байдаг. Гадна үзлэг 13 цаг 30 минутад хийгдсэн, үүнээс 5-7 цагийн өмнө нас барсан талаар шинжээчийн гэрчээр өгсөн мэдүүлгээс харахад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө нас барсан байхаар байдаг. Д.Г-ийн гэрт байсан хүмүүс олон хоног архи уусан, бүгд өдөр болон цаг хугацааны ямар ч баримжаагүй, хэдний өдөр тэдний гэрээс гарч явснаа сайн мэдэхгүй, амь хохирогч бөөлжиж байсан талаар шүүгдэгч хэлдэг, мөн шүүгдэгчийг согтуу байхад нь мэдүүлэг авсан зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг  хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөгч Б нь шүүгдэгч Д.Г болон түүний ар гэрт өмгөөлөгч сонгох, боломж, хугацаа олголгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу хэрэг болсны маргааш сэжигтнээр мэдүүлэг авахдаа Т өмгөөлөгчийг сэжигтэнд тулгаж, байцаалтад оролцуулсан байдаг бөгөөд үүнийг видео бичлэгээр баталгаажуулсан байдаг. Мөрдөгч нь эрх мэдлээ хэтрүүлсэн өөрийн үзэмжээр өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. Тухайлбал 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөгч нь сэжигтнээс мэдүүлэг авахдаа “та сэжигтнээр мэдүүлэг өгөх үү, өмгөөлөгч Т-ыг мэдүүлэг авахад байлцуулах уу” гэж тулгаж байцаалтад оролцуулсан байдаг. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй, энэ удаагийн байцаалтад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү” гэж өмгөөлөгч авах эрхийг тайлбарлахад, Д.Г би өөрөө өмгөөлөгчөө сонгоно гэснээр мэдүүлэг өгөлгүйгээр хойшлуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж заасан. Мөрдөгч нь өмгөөлөгч сонгох хугацаа олголгүйгээр сэжигтэнд өмгөөлөгч тулгаж, хэргээ хүлээсэн мэдүүлэг авсны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч сонгох боломжийг олгож байгаа нь санаатай хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Тухайн үед шүүгдэгч олон өдөр архи уусан, шартсан байсан бөгөөд архинаас өөр зүйл бодох сөхөөгүй, бие нь муу байхад тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан. Миний үйлчлүүлэгч сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн хувьд эрүүл хүн гэхэд хэцүү, олон жил архи уусан хүн байгаа. Мөрдөгч нь худал мэдүүлгийг үнэн болгож баримтжуулах гэж урдаас бэлтгэсэн байдаг нь харагддаг. Тухайлбал сэжигтний мэдүүлгийг камерын бичлэгээр баримтжуулсан, өөрийн хувийн харилцаатай өмгөөлөгчийг байлцуулсан, сэжигтэн ямар мэдүүлэг өгөх гэж байгааг урдаас мэдэж байсан байдаг. Учир нь яллагдагчаар авсан мэдүүлэг, байцаалтад яагаад камерын бичлэг ашигласангүй вэ, өмгөөлөгч яагаад байлцуулсангүй вэ гэдэг нь анхаарал татна. Хэргээ хүлээсний дараа өмгөөлөгч сонгох боломжийг нь олгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Мөрдөгч, прокурор ажлаа амар, хялбараар хийхийг бодно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Өмгөөлөгчөө сонгох эрх нь хүний үндсэн эрх бөгөөд энэ эрхийг хязгаарласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрүүд нь Д.Г-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт үндэслэсэн байдаг. Өмгөөлөгч Тогмид нь байцаалтад суухдаа утсаараа тоглох, оролдох, байнгын орж, гарах, шүүгдэгчээс өмгөөлөх талын асуулт асуухгүй байх зэргээр мэдүүлэг авах ажиллагаанд илт хайхрамжгүй хандаж байгаа нь камерын бичлэгт тусгагдсан байдаг. Сэжигтний гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 126 дугаар дүгнэлт нь гавал тархины битүү гэмтэл болох зүүн зулай, чамархайн хэсгийн хатуу ясан доорх цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн гэж дүгнэсэн. Сэжигтний хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэж шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалт зөрчигдсөн. Талийгаач нас барахад учирсан гэмтлийг хэдэн цагт учруулсан бэ гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх нарийвчлан үнэлээгүй. Шинжээчийн мэдүүлгээр гадна үзлэг 23 цаг 20 минутад хийгдсэн бөгөөд үүнээс 5-7 цагийн өмнө нас барсан байх боломжтой гэж дүгнэсэн. Талийгаач нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд нас барсан байх боломжтой, тархины гэмтлийг 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цаг 30 минутаас 24 цаг 30 минутын орчим авсан байх үндэслэлтэй байгаа. Үүнийг хоёр шатны шүүх үнэлсэнгүй. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1912 дугаар шинжээчийн дүгнэлтэд тархины гэмтлийг 24 цагийн дотор үүсгэгдсэн гэж дүгнэсэн бөгөөд давтан шинжилгээ 18 цагийн өмнө гэж дүгнэгдсэн буюу цагийн хувьд зөрүүтэй. Хоёр дүгнэлтийг харьцуулахад 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутаас 22 цаг 30 минутын хооронд тархины гэмтлийг талийгаач авсан болох нь нотлогддог. Гэмтэл авах үед Б, Э, Н нар хамт байсан бөгөөд Д.Г талийгаачтай маргалдаж шүүрний ишээр цохисон бол гэрчүүд үүнийг гэрчлэх ёстой. Энэ талаар мэдүүлээгүй байдаг. Талийгаач нь 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Г-ийн гэрт ирсэн. Маргааш өглөө нь гэрч М талийгаачийн утсыг авч явсан болох нь түүний мэдүүлгээр нотлогддог бөгөөд утас алга болсноос хойш 1 өдрийн дараа утаснаас болж маргалдах бололцоо байхгүй гэж үзэж байна. Маргалдсан бол гэрчүүдийг байх үед маргалдсан байх боломжтой бөгөөд гэрч нар энэ талаар мэдүүлэх ёстой. Гэрч Д-ийн мэдүүлэгт 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Г-ийн гэрт ороход Б, Э, Н нар хашаанд нь архи уугаад сууж байсан гэдэг. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрний ишнээс Д.Г-ийн хурууны хээ илрээгүй. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачид учирсан гэмтлүүдийн аль аль нь унаснаас болон цохилтоос үүсч болно, эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрний ишээр 50-60 насны хүн 1 удаа цохиход талийгаачид учирсан тархины гэмтэл үүсэх эсэх нь тухайн хүний цохилтын хүчээс хамаарна гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачийн зүүн чихний арын сэртэн хөхрөлт нь зодуулснаас болон цохиулснаас үүсэх гэмтэл гэж шинжээч эмч мэдүүлсэн. 1912 дугаар дүгнэлтэд талийгаач гавал тархины гэмтэл авсан даруйдаа нас бараагүй. Зүүн зулай, чамархай хэсгийн хатуу ясан доорх цусан хураа нэмэгдэж, тархи дарагдах хүртэл хугацаанд амьд байх боломжтой ба үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэгтэй тохирохгүй юм. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, зөвхөн сэжигтний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Д.Г-ийг хогийн шүүрний ишээр цохисон, энэ нь үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэгт хийсэн дүгнэлт болохоос биш, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар талийгаач нь хогийн шүүрний ишээр цохиулснаас болж гэмтэл авсан болох нь нотлогдоогүй. Шүүрний ишний талаар тогтоолд тодорхой бичээгүй. Цохисон үйлдлийн талаар бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй. Гэмтэл учруулсан цаг хугацааг нарийвчлан тооцоогүй. Талийгаачид учирсан бусад гэмтлүүдэд дүгнэлт өгөхгүй байна. Цохилтын талаар туршилт явуулах тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хэргийг шийдвэрлэхийн тулд сэжигтний хэргээ хүлээсэн мэдүүлгийг ашиглаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Одгал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь 55 настай, хохирол төлбөрийг шүүхийн хэмжээнд 10,120,000 төгрөгөөр гаргаж өгсөн боловч 5,680,000 төгрөгөөр хүний амийг үнэлж, хохирол төлбөр төлөгдсөн байгаа. Хохирогч бага насны буюу 11 настай хүүхэдтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүрний ишээр цохиход нас барах боломжгүй гэдэг боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар хангалттай ярьсан байдаг. Амь хохирогчийн хувьд шүүрээр цохигдсон хэсэгт гавал тархи байхгүй, хагалгаанд орсон, гараар цохиход нас барах хэмжээний биеийн байдалтай явдаг байсан талаар мэдүүлдэг. Мөн энэ талаар шинжээчийн дүгнэлтүүд гарч хэрэгт авагдсан. Шүүгдэгчид хорих ялыг хангалттай бага өгсөн, боломжтой гэж үзэж байгаа. Амь хохирогчийн хүүхдийг 18 нас хүртэл сурч боловсрох, боловсролын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр хохирол төлбөр төлсөн бол ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар санал хэлэх боломжтой байлаа. Шүүгдэгч нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлээд байдаг, гарч ирээд гэмт хэрэг үйлддэг буюу нийгэмшихгүй байна гэж үзэж байна. Түүний ар гэрийн зүгээс байр орон сууцаар хангаад, сайхан амьдруулахыг хичээдэг юм билээ. Хохирлыг мөнгө бага байгаа учир нэмж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Шинжээч нарын дүгнэлтийн тухайд нэршил нь давтан гэх боловч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр хохирогчийн тархинд үүссэн, нас барахад хүргэсэн гэмтэл ямар хугацаанд үүссэн байх вэ гэдэг цагийг тодруулахаар хийгдсэн дүгнэлт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн эсэх талаар хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн. Амь хохирогчийн хувьд зүүн чамархайн ясгүй, мэс заслын цооног гаргуулсан. Зүүн зулайн чамархайн хэсэгт нь цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл буюу цусан хураа үүсч, тархи дарагдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэргийн газрын үзлэг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагт хийгдсэн. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э, Б, Н нарын мэдүүлгээр амь хохирогч 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг гэхэд амьд сэрүүн байсан нь тогтоогдсон. Дараа нь амь хохирогчийг гэмтэл аваад унтсан байдалтай байхад нь гэрч Э орж Д.Г түүнийг гэрээсээ хөөж гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагаас 21 цаг буюу цагдаад дуудлага өгөх хугацаанд гэмтэл авч хохирогч нас барсан цагийн байдал тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.Т нь айлын хашаанд нас барсан байдалтай олдсон үйл явдлыг мөрдөн шалгах явцад үүнд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь хянан үзсэний эцэст Д.Г-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Д.Г-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ.

Д.Г-ийг хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 108 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна. (хэргийн 2 дахь хавтас, 232-240 дахь тал)

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 623 дугаар захирамжаар Д.Г-ийг прокурорын дээрх яллах дүгнэлтэнд тусгасан хэргийн хувьд шүүхэд шилжүүлэн, улмаар прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжинд тус тус дурдсан хэргийн хүрээнд хоёр шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь хуульд бүрэн нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Г-ийн сэтгэцийн байдлыг тодорхойлохоор шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байх бөгөөд түүнийг “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах болон мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн шинжээчдийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг Д.Г-той биечлэн харьцсаны үндсэн дээр өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд ингэхдээ үүнд хамааралтай бүх асуудлыг хамааруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулсан ба энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дүгнэлт хийжээ.

Түүнчлэн энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтанд тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноос гадна хоёр шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг өөр этгээдүүдийн хувьд явуулах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн гаргасан “...магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбарыг хүргүүлэх болно” гэсэн бичвэр бүхий гомдол (хэргийн 3 дугаар хавтас, 189 дэх тал) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 40.2 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН